Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 876

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          Шүүгдэгч Ц.Б  /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б ийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б ид холбогдох эрүүгийн 2017 2503 1030 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хиад боржигон овгийн Ц.Б, 1968 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монос 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух,

- Архангай аймгийн шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 3000 төгрөгөөр торгох ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 548 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, урьдах тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 6 хоногийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:ХГ68051217/,

 

Ц.Б  нь 2016 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко десерт” ХХК-ийн хажууд иргэн Н.О ын хадам эгч Б ын группийг тогтоолгож өгнө гэж 300.000 төгрөгийг залилан авсан,

- 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн цайны газар түрээслэхээр олж өгнө гэж иргэн Ч.Алтантуяагийн 500.000 төгрөгийг, мөн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 6 хүүхдийг “Шонхор” хүүхдийн зусланд явуулж өгнө гэж 180.000 төгрөг, нийт 680.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Б ийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Ц.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.О  нь гэм хорын хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 1998 онд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 15 жилийн хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй, засрал хүмүүжлийг олон жил зан байдлаараа гэм буруугаа засаж, тамхинаас гараад 11 жил, архи уухаа болиод 15 жил болж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан, хугацаагүй сунгалттай, баруун гар мөрөөрөө тайруулсан, нуруу нугасны протезтой, холын хараа 8 хувьтай. Сардаа группийн 140.000 төгрөг авдаг. Өөрийн төрсөн, насанд хүрсэн үр хүүхэд байхгүй байж байгаад 2014 онд хамтран амьдрагч, эхнэр Доржмаатай танилцаж, 2015 онд анхны хүүхэд маань төрсөн, одоо 2 настай. Эхнэр Доржмаа нь ажилгүй. Миний бие 1 жилийн хорих ял аваад хоригдож байхдаа ухаан сууж, гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Би анхнаасаа бусдыг залилаагүй гэж мөрдөн байцаалтын шатанд гэмт үйлдлээ өмөөрч явсан байна. Энэ байдлыг минь анхан шатны шүүх тогтоогоод хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногуулахгүйгээр тэнсэх зэрэг арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна. Миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг минь харгалзан үзэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялаар хорих ял оногдуулах боломжтой байх тул миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн Эрүүгийн хуульд байдаг боломжоор минь хангаж, хууль ёсны энэрэнгүй шүүхийн шийдвэрт хамруулж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б ийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ц.Б  нь хохирогчид учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн. Хохирогчийн группийг тогтоолгох гэж нийгмийн даатгалын дэвтэрийг үрэгдүүлсэн учраас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаагүй гэж үздэг. Уг бичиг баримт өгсөн хүнээ олохгүй байна. Хэрвээ хүнээ олчих юм бол хохирогчийн бичиг, баримтыг олж өгнө гэдгээ шүүгдэгч өөрөө хэлдэг. Иймд гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлж, 3 жил хүртлэх хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлын арга арга хэмжээ авч өгнө үү. Мөн прокуророос шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох санал гаргасан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хорих ял эдлээд засрана гэхэд биеийн байдал нь тахир дутуу, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хорих байгууллагад дараа болно уу гэхээс засрах үр нөлөөгүй. Тэгэхээр шүүгдэгч Ц.Б ийг заавал хорихгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч нарын хохирлыг барагдуулахад нь илүү гэж үзэж байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан  гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэв.

Ц.Б  нь 2016 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко десерт” ХХК-ийн хажууд иргэн Н.О ын хадам эгч Б ын группийг тогтоолгож өгнө гэж 300.000 төгрөгийг залилан авсан,

- 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн цайны газар түрээслэхээр олж өгнө гэж иргэн Ч.Алтантуяагийн 500.000 төгрөгийг, мөн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 6 хүүхдийг “Шонхор” хүүхдийн зусланд явуулж өгнө гэж 180.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 980.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.О ын мэдүүлсэн “... Ц.Б той 2016 оны 11 дүгээр сард тааралдсан, тэгээд “хаана юу хийж байгаа вэ” гэж асуухад “Коко десерт” ХХК-д менежер, мөн тахир дутуугийн нийгэмлэгт дарга хийж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи ийм ажил хийж байгаа юм чинь мэргэжлээс шалтгаалалах деспонсерт таньдаг хүн байна уу, группт хүн оруулж чадах уу” гэж асуухад “чадна, ямар хүн группт оруулах гэж байгаа юм бэ” гэж асуухад нь “миний хадам эгч байгаа юм, хурдан группт оруулах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Б  “болно, группт оруулах бичиг баримтыг бүрдүүлээд аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын дундуур би хадам эгчийнхээ бичиг баримтыг бүрдүүлээд аваачиж өгсөн. Дараа нь 300.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны хойд талд “Коко десерт” ХХК-ийн хажуу талд автомашин дотор өгсөн. Ц.Б  “би эмчтэйгээ уулзаж байгаад группийн хурлын өдрийг товлохоор чамд хэлнэ” гэж хэлээд явсан ...” /хх-23-26, 27/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Алтантуяагийн мэдүүлсэн “... Ц.Б  2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр манай ажил дээр ирээд “10 жилийн сургуулийн цайны газрыг авч өгье” гээд бэлнээр 500.000 төгрөгийг авсан. Мөн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “хүүхдийн зусланд хүүхэд явуулж өгнө” гээд 6 хүүхдийн 180.000 төгрөгийг бэлнээр авсан. Нэг хүүхдийг 30.000 төгрөгөөр бодож авсан. Уг мөнгийг бас өөрийн ажлын байран дээрээ өгсөн. Би эхэндээ “цайны газар юу болж байна” гэж асуухад “сонгууль болж байна, дарга нар нь өөрчлөгдөж байна, хүлээж бай” гэж хэлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй алга болсон ...” /хх-28-31, 32-34, 35/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Цацралын мэдүүлсэн “... Би хохирогч Ч.Алтантуяагийн эгч юм. 2016 оны хавар дүү Ч.Алтантуяатай уулзахад “цайны газар нээх гээд Ц.Б  гэх хүнд 500.000 төгрөг өгчихсөн байгаа, ажил бүтэх юм бол хамтдаа ажиллана шүү” гэж хэлж байсан ...” /хх-36-37/ гэх мэдүүлгүүд,

 эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-20-22/, шүүгдэгч Ц.Б ийн сэжигтэн, яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б ийн гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгчийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялын дээд хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн  нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

 Мөн шүүгдэгч Ц.Б ийг хохирогч нарт учирсан мөнгөн хохирлыг төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг арилаагүй гэж  дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б  “... хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү ...” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ялыг сонгож хэрэглэсэн, шүүгдэгч Ц.Б  нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан атлаа үүндээ дүгнэлт хийлгүйгээр дахин бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнээд түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн прокуророос Ц.Б ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих  ялын хэмжээ нь “...  хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “... зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хорих ялын доод, дээд хэмжээг урьд байснаас багасгаж тогтоожээ. Мөн тухайн гэмт хэргийг “ ... давтан ...” үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон байна. Иймд Ц.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулсан нь үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б ийн үйлдсэн гэмт хэрэгт түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ хуулийн зохих зүйл, заалтыг баримтлалгүйгээр шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дах заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Хиад Боржигон овгийн Цэндмаажавын Батдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулсугай.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                                     Б.ЗОРИГ

                                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ