Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0559

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Т.К нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр:  “...Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захиргааны актыг цуцлах тухай” А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хохиролд тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83905000 төгрөг, 2019 оны төлбөр 83905000 төгрөг, нийт 167810000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн шүүхэд гаргасан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын баталсан А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, актыг хүчингүй болгох шаардлагыг хангаж, харин Дуут сумын Засаг даргаас хохиролд 167,810,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангахгүй орхисон.

Нэхэмжлэгч “С” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт буюу хохиролд 167,810,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргаж байна.

“С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14066Х дугаартай Ховд аймгийн Дуут сумын нутаг дахь Дуут нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Тусгай зөвшөөрөл авсан үеэс “С” ХХК нь жил бүр хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй зардал гаргах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, байгаль орчныг хамгаалах зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн юм.

Гэвч манай компанийг ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад 2018 оноос эхлэн орон нутгийн захиргааны байгууллагаас хайгуулын үйл ажиллагааг зогсооход чиглэсэн хууль бус шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. Тодруулбал,

2018 онд Ховд аймгийн Дуут сумын засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/298 тоот албан бичгээр компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулахаар олгогдсон талбайн зарим хэсэг орон нутгийн тусгай хамгаалалтын талбайтай давхацсан шалтгаанаар хайгуулын ажил хийхийг хориглосон. Гэвч компанийн хайгуулын талбай нь орон нутгийн тусгай хамгаалалттай талбайтай давхцалгүй байсан. Дуут сумын Засаг даргаас хууль бус шийдвэр гаргасан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаар Шинжээчийн дүгнэлт (хх-146-150), Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

2019 онд Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А/64 дүгээр захирамж гаргаж, компанийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэлгүйгээр цуцалж, хайгуулын үйл ажиллагааг зогсоосон. Тус А/64 дүгээр захирамж нь хууль бус байсан болохыг анхан шатны шүүхээс тогтоож, хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг шийдвэрийг үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа болно.

“С” ХХК нь 2018, 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулах, уг үйл ажиллагааг явуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх ёстой учраас хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт он тус бүрт 83,905,000 төгрөг нийт 167,810,000 төгрөгийг төлсөн юм.

Гэвч дээр дурдсан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын хууль бус шийдвэрүүдээс улбаатай “С” ХХК нь 2018, 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулж чадалгүй, үр ашиггүй 167,810,000 төгрөгийн зардал гаргасан юм. Улмаар уг зардлаа хохиролд тооцож Дуут сумын Засаг даргаас нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс “тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор хуульд заасны дагуу төлсөн төлбөр тул хохирол гэж үзэхгүй” хэмээн тайлбарлан, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, захиргааны байгууллагаас гаргуулах эрхтэй”, 102.1-т “захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасан. Уг зохицуулалтаас хохирлыг тодорхойлоход маргааны байгууллагын хууль бус шийдвэрээс үүдэлтэй буюу хууль бус шийдвэр, хохирол хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой байна. “С” ХХК нь хууль бус захиргааны акт болох А/64 дүгээр захирамж, мөн Дуут сумын Засаг даргын 1/298 дугаартай албан бичгийн улмаас учирсан хохирол 167,810,000 төгрөгийг Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт төлсөн төлбөрөө эргүүлэн авах агуулгаар нэхэмжлэл гаргаагүй, харин тус төлбөрийг захиргааны актын улмаас учирсан хохирол гэж үзэн шаардсан. Гэтэл шүүх төлсөн төлбөрөө буцааж авах гэж байгаа гэдэг агуулгаар үндэслэлгүй дүгнэсэн.

Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлж байгаа эцсийн зорилго нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байлгах агуулгаас гадна түүний хүчин төгөлдөр байдлын хүрээнд хайгуулын үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн үр шимийг хүртэхэд оршдог. Хэрвээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль бус шийдвэр гаргаагүй байсан бол “С” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа бүрэн ашиглах, улмаар тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлж зардал гаргаснаа үр ашиггүй өнгөрөөхгүй байх байсан. Иймд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт төлсөн зардал нь хайгуулын үйл ажиллагааг явуулж чадаагүйгээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч шаардлагаа хохирол гаргуулахаар шаардсан байхад хохиролтой холбоотой Иргэний хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж, дүгнэлт хийгээгүй. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар “хохирол"-ын агуулгыг шууд зохицуулаагүй харин энэ харилцааг ишлэх байдлаар буюу Иргэний хуулиар нөхөн зохицуулдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгахаар, мөн 229 дүгээр зүйлийн 229.1-т үүрэг бүхий этгээд нь эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан байна. Хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй нь анхан шатны шүүх хохирлын шаардлагыг шийдвэрлэхдээ бүрэн дүүрэн, бүх талаас нь үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүйг харуулж байна. Захиргааны актын улмаас бодитойгоор 167,810,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог (2 хх-134).

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх ... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Хариуцагч Дуут сумын Засаг дарга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хохирол шаардсан асуудалд маргадаггүй, хохирол биш гэх байр суурийг илэрхийлж байгаагүй бөгөөд гагцхүү нэхэмжлэл гаргах хугацаатай холбоотой асуудлаар л маргаж ирсэн. Иймд анхан шатны шүүх хохирлыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Тиймээс “С” ХХК-ийн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 167,810,000 төгрөгийг Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас гаргуулах шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захиргааны актыг цуцлах тухай” А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, харин үлдэх шаардлага болох хохиролд тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83905000 төгрөг, 2019 оны төлбөр 83905000 төгрөг, нийт 167810000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт төлсөн зардал нь хайгуулын үйл ажиллагааг явуулж чадаагүйгээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй гэх гомдлын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөр төлж байгаа нь хуульд заасан үүргээ биелүүлсэн үйлдэл бөгөөд үүнийг нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн /маргаан бүхий захиргааны актын/ улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй.

Тодруулбал, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн маргаан бүхий А/64 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталсан Дуут сумын Засаг даргын шийдвэрийг цуцалсан нь хууль бус, уг хууль бус актын улмаас хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөр нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор төлсөн, тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа буюу тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой байгаа тохиолдолд уг төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэх боломжгүй.

Харин анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх заалтыг шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан боловч Тогтоох хэсэгт баримтлаагүй байх тул хуулийн заалт нэмсэн өөрчлөлт оруулав.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү төлсөн байх тул түүний илүү төлсөн 926800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “49.1” гэсний дараа “102 дугаар зүйлийн 102.1” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 926 800 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ