Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 5416

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/05416

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ...тоотод оршин суух, ... регистртэй, Бөртэ овогт Х.Н ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Н оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Авто такси баазад жолоочоор ажиллаж байсан бөгөөд ажиллаж байсан баримтыг шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй учир тогтоохгүй гэсэн. Улсын төв архив болон Нийслэлийн архиваас шүүлгэж үзсэн боловч манай байгууллагын баримт бичгүүд бүгд шатсан, ирээгүй гээд лавлагаа гаргаж өгсөн. Иймд дээрх хугацаанд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Манай авто такси баазад 17 бригадын 1000 гаруй машин байсны 2 дугаар бригадад би харъяалагддаг байсан. Манай баазын архив шатсан учраас хамт ажиллаж байсан хүмүүс нэг нэгэндээ тодорхойлолт гарган өгч, ажилласан жилээ тогтоолгож байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Н нь “Монгол Такси компани” ББХК-ийн Авто тээврийн баазад 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Х.Н-гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Х.Н нь “Монгол Такси компани” ББХК-ийн Авто такси баазад 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь түүний 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5/, түүнтэй хамт ажиллаж байсан Х.Х, А.Д нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, тэдгээрийг нотлох бичмэл баримтууд /хх 8-11/, гэрчээр асуугдсан тэмдэглэлүүд /хх 17, 18/ фото зураг /хх 15/, архивын сан хөмрөгт “Авто такси бааз” байгууллагын баримт шилжээгүй учир лавлагаа гаргах боломжгүй тухай Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт /хх 6, 7, 23, 24/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Х.Н дээрх албан тушаалд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Бөртэ овогт Х.Нг “Монгол Такси компани” ББХК-ийн Авто такси баазад 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Н-н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.САРАНТУЯА