Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 341

 

 

  

      2020       04          13                                   2020/ШЦТ/341

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Я.Мөнхзаяа;

шүүгдэгч, хохирогч: Б.С /өөрийгөө өмгөөлж/;

шүүгдэгч, хохирогч: О.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.С, О.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, компьютер график, дизайнер мэргэжилтэй, Улсын Их дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт   урьд ял шийтгэлгүй, О.Ц

 

2. Монгол Улсын иргэн,1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй, “Макс молл” худалдааны төвд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт   урьд ял шийтгэлгүй, Б.С

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч О.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 2020 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 49 тоотод хохирогч Б.С-той хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож хохирогч Б.С-н биед хамар ясны хугарал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зулгаралт, зүүн зовхи, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, тохой, шуу, өвдөг, нуруу, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Б.С нь 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 2020 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 49 тоотод хохирогч О.Ц-тэй хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож хохирогч О.Ц-гийн биед тархи доргилт, мөр, бугалга, ар нуруу, шуу, хамрын нурууны цус хуралт, шилбэ өвдөгний арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч О.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.С /хх-ийн 12-13/, хохирогч О.Ц/хх-ийн 15-16/, гэрч Ц.Батцэцэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Энхзул /хх-ийн 19-20/, гэрч О.Бөхбилэг /хх-ийн 21-22/, гэрч З.Цэрэндэжид /хх-ийн 23-24/, гэрч З.Оюунболор /хх-ийн 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 28-29, 33-34/, Б.С-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, хохиролтой хобоотой баримтууд /хх-ийн 76-77, 79-81/, О.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, Б.С-нхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 54-55, 57-60/, О.Ц-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-62, 64-67/, Б.С-нхүсэлт /хх-ийн 82/, О.Ц-нхүсэлт /хх-ийн 83/ зэрэг болно.

 

Шүүх ийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ц , Б.С нар нь 2020 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 43 дугаар байрны 49 тоот гэртээ өмнө буудалд 3 залуутай орж байсан талаараа сөхөж ярьсны улмаас өөр хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

  хохирогч Б.С-н/хх-ийн 12-13/: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ “Corporate” /Корпорейт/ зочид буудлын хүлээн авалтын танхимд болсон. Шөнийн 03 цагийн үед О.Ц, Батцэцэг нарын хамт гэр лүүгээ явсан. ...гэнэт О.Цөмнө нь болсон асуудал чамаас болсон янхан, гичий гэж хэлээд ...толгой руу цохисон. Би “чи яагаад ингэж хэрүүл хийж явдаг юм бэ, би ямар тэр залууг чамайг цохь гэж хэлсэн биш, бүгдээрээ уугаад хоорондоо ярилцахгүй шууд буудалд орсноос ийм зүйл болсон биз дээ” гэж хэлээд бид 2 хэрэлдэж, зодолдсон. Миний хамар, нүүр хавдаж, хөл, мөр, гар хөхөрсөн. Мөрөн дээр бол үзүүртэй зүйлээр цохисон мэт гэмтсэн байсан. Хамар цөмөрсөн байсан. ... Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт томограф толгойны зургаа 120.000 төгрөгөөр авхуулсан. “Эм Жи Жи” чих, хамар, хоолойн эмнэлэгт очиж хамраа 35.000 төгрөгөөр үзүүлсэн.  Хамарны зүүн талын жижиг яс нь цаашаа цөмөрсөн, чихэгдсэн байна гээд 100.000 төгрөгөөр татуулж эмчлүүлсэн. 1 дүгээр эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт 16.000 төгрөгөөр үзүүлсэн. Хамрын цацлага, эм 240.000 төгрөгөөр тус тус авсан. Нийт эмчилгээний зардал 311.000 төгрөг болсон. О.Цнадад эмчилгээний зардал гээд 280.000 төгрөгийг төлчихсөн. Надаас уучлал гуйсан. Бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

                Б.С-нбиед “хамар ясны хугарал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зулгаралт, зүүн зовхи, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, тохой, шуу,  өвдөг, нуруу, баруун шуунд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1258 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 28-29/,

 

    О.Ц-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 52-53 “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шинэ жилээ тараад ...Б.С, Батцэцэг бид 3 гэртээ хүргүүлсэн. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад урьд өмнө буудалд 3 залуутай орж байсан талаараа сөхөж ярихад Б.Суурлаж “чи намайг янхан гэж бодоо юу” гээд босож ирээд намайг үстсэн. Бид 2 хоорондоо зодолдсон. Бараг 1 цаг гаран хоорондоо маргалдаж, хэрэлдэж бие биетэйгээ үстэлцэж, зодолдоод унтаж байсан Батцэцэгийг сэргээгээд яасан талаараа Батцэцэгтэй яриад сууж байхад гаднаас цагдаа орж ирээд Батцэцэг, Б.Сбид 3-ыг аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

    хохирогч О.Ц-н/хх-ийн 15-16/: “...2020 оны 01 дүгээр сарын 06-нд “Corporate” /корпорейт/ зочид буудалд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Шинэ жилийн арга хэмжээ 02:20 минутад дуусаад захирал Б.С, Батцэцэг бид 3-ыг гэрт оруулж өгчихөөд явсан. ...Би Б.Сд “миний найз хаа явсан газраа биеэ зөв авч явж бай” гэж хэлэхэд “чи одоо юу гээд байгаа юм бэ, намайг янхан гэж бодоо юу” гэж хэлээд над руу шууд дайраад үсдээд доош дараад балбаад эхэлсэн. Би Б.Сод зодуулчихаад шууд захирал Энхзул, ах Бөхбилэгт рүү залгаад “Б.Со бид 2 муудалцаад намайг зодчихлоо” гэж хэлсэн. ...хөл, гар, мөр, нуруу, бие хөхөрсөн. Хамар, чихний хэсгийг хумсаараа урж самардсан. Хөлний шилбэ бүдэг хөхөрсөн. ...Б.Сгараараа цохиж, хөлөөрөө өшиглөж надад гэмтэл учруулсан. ...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-нд “Натур” эмнэлэгт толгойн компьютерт томографийн зураг 120.000 төгрөгөөр, цахилгаан бичлэг 40.000 төгрөгөөр хийлгэсэн. 2 нэр төрлийн эм, 1 сарын хэрэглээг 205.000 төгрөгөөр авсан. Нийт эмчилгээний зардалд одоогийн байдлаар 365.000 төгрөг орсон. ...Б.Сд эмчилгээний зардал болох 280.000 төгрөгийг өгсөн. Б.С бид хоёр бие биенээсээ уучлал гуйсан. Бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр, 

 

О.Ц-н биед “тархи доргилт, мөр, бугалга, ар нуруу, шуу, хамрын хурууны цус хуралт, шилбэ өвдөгний арьсны зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1273 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 33-34/,

 

Б.С-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 50-51/: “...байгууллагын шинэ жилийн арга хэмжээ дуусаад захирал, менежер Цэрэндэжид нар Батцэцэг, О.Цбид 3-г гэрт хүргэж өгсөн. ...О.Цөмнө нь 3 залуутай үүссэн толгой руугаа цохиулсан асуудалд намайг буруутгаж дотроо санаж явснаа архи уугаад согтоод надад хэлээд бид 2 хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдсон. Тэгээд бид 2 хоорондоо зодолдож дуусаад цус амаа цэвэрлээд цагдаад дуудлага өгнө гээд байж байтал гаднаас цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Энхзулын /хх-ийн 19-20/: “...О.Ц2020 оны 01 дүгээр сарын 07-

ны шөнийн 01:30-02:00 цагийн хооронд залгаад “Б.Снамайг зодчихлоо” гэж хэлсэн. Би өөрсдөө хоорондоо учраа ол гээд утсаа салгасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Бөхбилэгтийн /хх-ийн 21-22/: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө дүү О.Ц...миний утас руу залгаад “намайг хүн зодчихлоо” гэж манай эхнэр Цэрэндэжидтэй ярьсан байсан. ...О.Ц-тэйөглөө уулзахад хуйх, дух нь хавдсан байсан. Орой гэртээ очоод харахад хөл, нуруу, гар нь энд тэндээ жижиг жижиг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Батцэцэгийн /хх-ийн 17-18/: “...2020 оны 01 дүгээр сарын 06-нд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. ...Б.Сшагнуулаад бид нар бүгд л маш их баярлаж ууцгаасан. Би архи даахдаа муу учраас нилээн муудаад тасарчихсан байсан. ...байгууллагын менежер, захирал хоёр Б.С, О.Цбид 3-ыг тэр 2-ын түрээсэлдэг байранд хүргэж өгсөн гэсэн. Би ороод л шууд орон дээр нь тасраад унтаад өгсөн байсан. Нэг харсан чинь цагдаагийн ажилтан гэрт ирчихсэн харагдаж байсан. ...Би хэрхэн, яаж, хэзээ ирснээ санахгүй байна. Тэр 2-ыг хоорондоо маргалдаж, зодолдсон талаар мэдэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлгээр,

 

гэрч З.Цэрэндэжидийн /хх-ийн 23-24/: “...Б.С, О.Цхоёулаа л архи ууж согтсон байсан. ...Гэр лүүгээ өөрсдөө явж орцгоосон. Батцэцэг тасарчихсан Оюунболор бид хоёр гэр лүү нь өргөж оруулан орон дээр нь тавиад унтуулсан. ...Тэдний биед гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар  өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө болон гэрч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.С, О.Цнарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.С-н“...О.Ц-тэйэвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 82 дугаар талд,

 

хохирогч О.Ц-н“...бид 2 эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Б.С, О.Цнарыг бие биендээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.С, О.Цнарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, О.Цнар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

-шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, О.Ц нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.С, О.Ц нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, О.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ