| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/04385/И |
| Дугаар | 5456 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 5456
| 2016 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2016/05456 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт ... тоотод оршин суух, . регистртэй..., Чүлтэм ургийн овогт Ц.Г,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ..дугаар байрны ... тоотод оршин суух, ... регистртэй, Боржигин ургийн овогт Л.Н холбогдох,
Зээлийн гэрээний барьцаанаас байр чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Ц.Г зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,400,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Найрамдал зуслан дахь ... дугаар байрны .. тоот хаягт байрлах барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Л.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б /ШТЭҮ:0933/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч М.А /ШТЭҮ:0076/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.Г 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Н-с 40,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслан дахь 3 өрөө байраа тавьсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг тухайн үед миний эхнэр байсан Д.Б-аар дамжуулаад төлж барагдуулсан. Нэгэнт зээлээ төлж дууссан учир барьцаанд тавьсан байраа буцааж авах тухай шаардлага гаргасан. Зээлийн гэрээний дагуу сар сард нь хүүгээ төлж дууссан бөгөөд байраа барьцаанаас чөлөөлүүлж авах гэтэл миний хуучин эхнэр Д.Б-тай хуйвалдан янз бүрийн арга хэрэглэж байрны маань гэрчилгээг өгөхгүй өнөөг хүрч байна гэв.
Нэхэмжлэгч Ц.Г хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Н-аас зээлсэн 40,000,000 төгрөгийг хүүгийн хамт Д.Б-аар дамжуулж төлж дуусгасан. Мөнгө төлсөн баримт нь ч байгаа. Л.Н надтай огт уулзаж байгаагүй. Үнэхээр Л.Н-с зээлсэн мөнгийг төлөөгүй бол энэ хугацаанд тэрээр надаас нэхэх, шаардах байсан. Гэтэл огт надаас мөнгө нэхэж байгаагүй. Би 2 жилийн өмнө Л.Н-д холбогдуулж нэхэмжлэл гаргаж байхад шүүх дээр өмгөөлөгчтэйгөө ирнэ гэсэн боловч ирээгүй. Хэрэв мөнгөө надаас аваагүй бол хүрээд ирэх л байсан. Би Л.Н-д 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 27,000,000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөгийг Д.Баясгалангаар дамжуулж өгсөн. Миний хуучин эхнэр Д.Б нь хариуцагчаас байрны гэрчилгээг авч өгнө гэж явсаар байгаад сүүлд би аргаа бараад 2015 онд шүүхэд хандсан. Зээлийн хүүгээ цувуулаад төлж байсан. Гэрээний хугацаа дууссан ч хүүгээ төлж байсан. Үндсэн зээлээ төлөөгүй болохоор 2011 оны 6 дугаар сар хүртэл хүүгээ төлөөд яваад байсан. Гэвч хүү төлж байсан талаар баримт байхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь энэ зээлийн гэрээ 2009 онд байгуулагдсан. 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээд 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаар байгуулсан, хугацаатай зээлийн гэрээ байгаа. Хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгч маань зээлдэгчээс аливаа хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй байдаг. Энэ нь хэрэгт цугларсан баримтаар харагдана. Нөгөө талаар мөнгийг буцааж өгсөн. 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болон мөн оны 6 дугаар сарын 23-ны өдрийн баримтууд байгаа. Эдгээр баримтуудаар зээлдэгч нь 34,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид өгсөн байдаг. Энэ баримтуудын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 40,000,000 төгрөгөөс 34,000,000 төгрөгийг өгсөн нь илэрхийлэгддэг. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн хэлж байгаагаар Л.Н нь зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгөө хэрвээ аваагүй байсан бол шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан ч шаардаагүй байдаг. Энэ нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж харагдаж байгаа ч, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шаардах мөнгийг нь нэхэмжлэгч төлсөн болох нь нотлогдсон гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийг үүргээ гүйцэтгэчихсэн бол барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардаагүй гэдэг боловч хэрэгт авагдсан 2 удаагийн шүүгчийн захирамжаар няцаагдана. Шүүхэд нэхэмжлэл гаргахад Л.Н нь хаягандаа байхгүй гэж тодорхойлолт ирдэг, хаягандаа байсан ч түүнийг дуудахаар ирдэггүй асуудал тодорхой харагдана. Зээлдэгч буюу Ц.Г нь өөрөө харин гэрээний үүрэг дуусгавар болсон гээд зээлдүүлэгчийг хайгаад байсан нөхцөл удаа дараагийн шүүгчийн нэхэмжлэлийг буцаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжууд, хариуцагчийг эрэн сурвалжлуулж байсан шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдоно. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон нь илэрхийлэгдэж байх тул мөн хуулийн 160.3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Га-н үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Л.Н-ийн хувьд үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол Д.Б шүүхэд өгөөд, нэхэмжлэл гаргаад түүн дээр эвлэрээд байгаа нөхцөл байдал нь энэ хүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх нөхцөл байдал харагдахгүй байна. Үнэхээр зээл төлөгдөөгүй байсан бол шаардлагаа гаргах эрх нь сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нээлттэй байсан. Шаардлага гаргах эрх нь 2009 оны 12 дугаар сараас эхлээд 3 жилийн хугацаанд үүсч, 2012 оны 12 дугаар сарын дотор шаардлага гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах эрх нь дуусгавар болсон гэж үзэн, энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж тайлбарлан мэтгэлцэв.
Хариуцагч Л.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг Ц.Г өөрөө гардаж авсан. Нэхэмжлэгчийн эхнэр Д.Б болон охин нар нь надаас мөнгө зээлээд заримыг нь буцаан төлсөн. Миний бие удаа дараа Ц.Г-с мөнгөө нэхэж байсан, мөн миний бие эрүүл мэндийн байдлаас удаа дараа эмнэлэгт хэвтэж гадаадад эмчлүүлж байсан. Ц.Г нь надад 40,000,000 төгрөгийн зээлийг хүүтэй, алдангитай төлөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Л.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Ц.Г нь 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 40,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар надаас зээлж авсан боловч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй атлаа намайг шүүхэд өгч барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлийн гэрээний дагуу Ц.Г-с үндсэн зээлийн төлбөр 40,000,000 төгрөг, 1 сарын хүү 1,200,000 төгрөг буюу 3 сарын хүүнд 3,600,000 төгрөг, гэрээний 5-д алдангийг 0,5 хувиар тооцохоор тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу нийт алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 43,600,000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу алдангид 21,800,000 төгрөг, нийт 65,400,000 төгрөгийг Ц.Г-с гаргуулж өгнө үү. Би 2010 оноос элэгний хатуурал гэдэг оноштойгоор эмчлэгдэж байсан бөгөөд 2011 оны сүүлээр элэгний хорт хавдартай болсон. Энэхүү оношоор миний бие удаан хугацаагаар тогтмол эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд цөөхөн тохиолдолд гадуур буюу гэртээ эмчлүүлэхдээ энэ бүхий л хугацаанд эмийн болон эмчилгээний хүчээр амьд явж байна. Мөн энэ хугацаанд хэд хэдэн удаа яаралтай гадаадад очиж эмчлүүлсэн. Энэ хугацаанд эмчилгээний зардал, эм тарианы зардал гэж маш их мөнгө хэрэгтэй болдог байсан ч Ц.Г-с нэг ч төлбөр хийгдээгүйгээс гадна нэхэхээр өгнө өө гэдэг байсан. Миний бие өвчний улмаас өөрийн бизнесээ ч хийж чадахгүй болж, байнга эмчийн болон эмнэлгийн хяналтанд орсон бөгөөд тиймдээ ч Ц.Г-с мөнгөө нэхэмжилж чадахгүй, эмнэлгээр явсаар өнөөдрийг хүрлээ. Иймд зээлийн гэрээний дагуу 65,400,000 төгрөгийг 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Барьцааны гэрээнд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь ... дугаар байрны ..тоот байраар үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай үйлчлүүлэгч Л.Н-н өвчний түүх бүхий 5 ширхэг эрүүл мэндийн карт байгаа. 1981, 1991 онуудад 3 удаа шарласны улмаас элэгний С вирустэй болсон. 2010 онд элэгний хатуурал оноштойгоор эмнэлгийн хяналтанд орсон. 2013 онд элэгний хатуурал буюу хавдаршсан. 2011 оны сүүлээр өвчин хүндэрч элэгний хавдар болсон учраас Хавдар судлалын эмнэлэг болон 3 дугаар эмнэлгийн хяналтанд орсон байдаг. Энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Ц.Г-н санаачлагаар эхэлсэн. Л.Н нь түүний нэхэмжлэлийн дагуу зайлшгүй оролцох шаардлагатай болсон учир нэг мөсөн зээлийн гэрээний асуудлаа шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй 65,400,000 төгрөгийг Ц.Г-с гаргуулахаар шаардсан. Л.Н нь хүнд өвчний улмаас өөрийн бизнесээ ч хийж чадахгүй болж, байнга эмчийн болон эмнэлгийн хяналтанд орсон. Тиймдээ ч Ц.Г-с мөнгөө нэхэмжилж чадахгүй эмнэлгээр явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Г-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
Талууд зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөг авсан, өгсөн талаар хэн аль нь маргадаггүй. Гол нь уг мөнгийг Ц.Г буцааж өгсөн гэж ярьдаг боловч энэ мөнгийг өнөөдрийн байдлаар буцааж өгсөн баримт байхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангах үндэслэлтэй гэж бодож байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэгч тал ярьсан. 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал ямар байсан талаар нотлох баримтууд гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярихдаа 2011 оны 6 дугаар сард эвлэрлийн гэрээ байгуулаад явж байсан учир эрүүл мэнд нь гайгүй байсан байх гэж байна. Миний үйлчлүүлэгчийн ярьж байгаагаар энэ хоёр хүн 2 жилийн хугацаанд холбоотой байсан бөгөөд энэ хугацаанд Ц.Г болон Д.Б, түүний үр хүүхдүүд нь миний үйлчлүүлэгчээс удаа дараа мөнгө зээлж байсан байдаг. Өнөөдрийн байдлаар энэ гэр бүл миний үйлчлүүлэгчид 400-500 сая төгрөгийн өртэй. Гэтэл нэг ч төгрөг төлөөгүй. Л.Н гэж хүн энэ их мөнгөнийхөө хойноос яагаад хөөцөлдөж явахгүй байгаа вэ гэхээр эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад явж чадахгүй байгаа. Элэгний С вирус бол хоолны дэглэм барих ёстой, эрүүл мэндээ бодох ёстой болдог. Тиймээс энэ байдлаас болоод эмнэлгээр явах зайлшгүй шаардлагатай болсон. С вирус нь эдгэхгүй явсаар 2010 оноос элэгний хатуурал болсон. Энэ үеэс хойш буюу 2010 оноос хойш маш их хагалгаанд орсон. Өнөөдөр Л.Н нь элэгний хавдартай, мөн савны хоргүй хавдартай учир гадуур явж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. Хүний тробозит эс 300-400 байх ёстой байхад Л.Н-х 70-80 байгаа. Үүнийг нэмэгдүүлж байж хагалгаанд орохгүй бол амь насанд нь эрсдэлтэй, аюултай байгаа учраас хагалгаанд орох боломжгүй байгаа. 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс миний үйлчлүүлэгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гэж үзэж байгаа. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан байгааг шийдвэрлэхийг хүсч байна. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө мөнгөтэй ижил хэмжээний мөнгө буюу эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ. Энэ үүргийнхээ дагуу хариуцагч Л.Н гэрээгээр тохирсон 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Ц.Г тийнхүү хүлээн авсан мөнгөө буцааж төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тэрээр Л.Нарантуяагаас 40,000,000 төгрөгийг зээлж авсан бол түүнд л буцааж өгөх ёстой байтал Д.Б гэдэг хүнд өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. Д.Б шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө Л.Н-с 2 удаа зээл авч байсан гэдэг. Тиймээс Л.Н-д баримтаар хүлээлгэн өгсөн гээд байгаа 34,000,000 төгрөг нь өөрийнхөө авсан зээлийн мөнгийг төлсөн хэрэг. Л.Н хувьд Ц.Г-с нэг ч төгрөг аваагүй учраас зээлүүлсэн мөнгөө шаардах эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Л.Н-д холбогдуулан, зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь ... дугаар байрны ..тоот дахь 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Л.Н нь Ц.Га-с зээлийн гэрээний үүрэгт 65,400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Ц.Г 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр хариуцагч Л.Н-ны .. тоотод байрлах 48 м.кв талбай бүхий, улсын бүргэлийн Ү-22... дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалан, мөн өдрөө Барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх, зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгч нь барьцаанд авсан хөрөнгийг захиран зарцуулж, түүний үнийн дүнгээс үндсэн зээл, хүү, алданги, хохирлоо гаргуулахаар харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байх бөгөөд гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг баталгаажуулж, зээлдүүлэгч нь 40,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.Б-н мэдүүлэг, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 3, 4, 7/
Нэхэмжлэгч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, тодруулбал, 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 27,000,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөгийг өөрийн хуучин эхнэр Д.Б-р дамжуулан Л.Н-д хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан, 6,000,000 төгрөгийг бэлнээр, баримт үйлдэлгүй тус тус хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан, барьцаа хөрөнгөөс орон сууцаа чөлөөлүүлэхийг хүссэн.
Харин хариуцагч Л.Н-н зүгээс Ц.Г-йг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, зээлийн хүүд төлөх 3,600,000 төгрөг, алдангид 21,800,000 төгрөг, нийт 64,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хүнд өвчний улмаас буюу элэгний С вирус онош тогтоогдон, улмаар элэгний хатуурал, хавдар болж хүндрэн, эмнэлгийн байнгын хяналтанд орсноор Зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар дуусгасан гэж тайлбарлан, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийг хүсч, гэрээний дагуу дээрх төлбөрийг зээлдэгч Ц.Ганхуягаас гаргуулахаар шаардсан байна.
2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Зээлийн болон Барьцааны гэрээний хугацаа мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээ дууссан өдрөөс хойш 3 жилийн хугацаа буюу 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилнэ.
Харин Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн зүйлийн 79.3 дахь хэсэгт ...хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.. гэж тус тус хуульчилжээ.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.Г нь 27,000,000 төгрөгийг 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, 7,000,000 төгрөгийг 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус тус хариуцагч Л.Н-д хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулсан болох нь гэрч Д.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний дагуу төлөлт хийсэн сүүлийн өдөр болох 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. /хх 153/
Энэ хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч Л.Н энэ хугацаанд буюу 2013 онд элэгний хатуурал нь хавдаршиж, 2016 онд элэгний хавдрын судас боолгох мэс ажилбар хийлгэсэн, улмаар яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг хийлгэх шаардлагатайн улмаас эмчилгээний өмнөх холбогдох бэлтгэл эмчилгээ хийлгэж байгаа, 2013-2015 оны хооронд БНСУ-ын Ханян их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болох нь П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Н-ийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 790 дугаар тодорхойлолт, баталгаат орчуулга бүхий БНСУ-ын Ханян их сургуулийн эмнэлгийн тодорхойлолт, мөн Л.Н-гийн амбулториор эмчлүүлэгчийн карт зэрэг баримтуудаар бүрэн нотлогдож байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. /хх 64-67, 72-142, 144, эмчлүүлэгчийн 2 дугаар дэвтрийн 34 дүгээр хуудсаас хойшхи/
Хэдийгээр хариуцагч Л.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс дээрх 34,000,000 төгрөгийн төлбөрийг Д.Б-с өөр гэрээний харилцааны дагуу төлвөл зохих төлбөрт авсан гэж тайлбарлан, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Зохигчид эвлэрснийг батлах тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргасан боловч, дээрх төлбөрийн баримт нь шүүгчийн захирамжаар баталгаажуулан эвлэрлийн гэрээ байгуулагдсан Л.Н болон Д.Б нарын хоорондын маргаантай шалтгаант холбоо тогтоогдохгүй, хариуцагч тал энэхүү тайлбар татгалзлаа баримтаар бүрэн нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.
Гэрч Д.Б 34,000,000 төгрөгийг төлсний дараа Л.Н-д 6,000,000 төгрөгийг бэлнээр, мөн зээлийн гэрээ байгуулснаас хойш 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгийн хүүгийн төлбөрийг тогтмол төлдөг байсан гэж мэдүүлэх боловч түүний мэдүүлэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.
Зээлдэгч нь зээлдүүлэгчид нийт 43,600,000 /үндсэн зээл 40,000,000, хүү 3,600,000/ төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс 34,000,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул үндсэн зээлээс төлөгдөөгүй 9,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 5 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг 9,000,000 төгрөгт ногдох алдангид 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг зээлдүүлэгч Л.Н нь зээлдэгч Ц.Г-с шаардах эрхтэй гэж шүүх дүгнэн, сөрөг нэхэмжлэлээр илүү нэхэмжилсэн 51,900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй буюу Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Г-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь ... дугаар байрны ..тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Г-йн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэгч Ц.Ганхуягаас зээлийн гэрээний үүрэгт 13,500,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулан хариуцагч Л.Н-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 51,900,000 /тавин нэгэн сая есөн зуун мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 222,450 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА