| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0354/Э |
| Дугаар | 345 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 345
2020 04 13 2020/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
шүүгдэгч, хохирогч: Б.О/өөрийгөө өмгөөлж/;
шүүгдэгч, хохирогч: Э.Н/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О, Э.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.О
2. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Н
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Онь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 12-ны оройн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжны 15 тоотод хашааны гадна хохирогч Э.Н-г гэр бүлийн хүнийг цохилоо гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Э.Ннь 2020 оны 03 дугаар сарын 12-ны оройн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжны 15 тоот гэрийнхээ
гадна хохирогч Б.О-г гэрийн үүдэн дээр архи согтууруулах ундаа хэрэглэж чимээ шуугиан гаргалаа гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдах явцдаа зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулд шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Э.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.О-нмэдүүлэг /хх-ийн 21-23/, хохирогч Э.Н-нмэдүүлэг /хх-ийн 26-28/, гэрч Э.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 34-36/, гэрч Э.Нацагдоржийн мэдүүлэг /хх-ийн 31-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 41-42, 46-47, 51-52/, Б.О-няллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7/, Э.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-14/, Б.О-нхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 58-63, 65/, Э.Н-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 66-77/, Б.О-нхүсэлт /хх-ийн 82/, Э.Н-ийн хүсэлт/хх-ийн 81/ зэрэг болно.
Шүүх ийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О, Э.Н нар нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34-15 тоот хашааны гадна “согтуугаар гэрийн үүдэнд чимээ шуугиан гаргасан”, эхнэрийг маань зодлоо” гэсэн шалтгаанаар өөр хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.О-н/хх-ийн 21-23/: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэртээ хөдөөнөөс ирсэн Гомбоцогт ахтай 0,75 литрийн архи хувааж
уусан. Хөдөөнөөс ирсэн мах авахаар 2 хүн ирсэнийг гаргаж өгөх гээд хашааны үүдэнд ярилцаж байтал хажуу айлын залуу гарч ирээд “чимээ шуугианаа болиоч
гудамжнаас зайл” гэхээр нь манай эхнэр “чамд ямар хамаатай юм, бид нар
хашааныхаа үүдэнд байна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу хүрч ирээд манай
эхнэрийг “яв зайл” гээд түлхэхэд нь манай эхнэр “яах гээд байгаа юм бэ” гээд
түлхсэн. Нөгөө залуу манай эхнэрийн гуя ташаа хавьцаа өшиглөсөн. Би “чи яаж
байна” гээд бариад авахад манай эхнэр хажуугаар орж ирэхэд
эхнэрийг дахиад нэг удаа өшиглөсөн. Бид хоёр зууралдаад тэр залуугийн
хашааны үүдэнд очиход миний нүүр рүү 2 удаа цохисон. Би газар унахад хөл гар руу 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Жаргалтуяагийн /хх-ийн 34-36/: “... нөхөр Б.О-н хамт гэртээ байж байхад 12 цагийн орчим малчин ах хөдөөнөөс ирсэн. Манай нөхөр Гомбоцогт ахын хамтаар 0,75 литрийн архи хувааж уусан. Нөхрийн хамт гэрээсээ гаргаж өгөхөөр хашааны үүдэнд гараад юм яриад байж байтал эсрэг талын хашааны залуу “та нар юундаа шуугиад байгаа юм, зайлцгаа” гэж хэлэхээр “чамд ерөөсөө хамаагүй, хашааныхаа үүдэнд байна” гэж хэлэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гээд хүрээд ирсэн.
Би тэр залуутай хэрэлдэхэд намайг 2 удаа өшиглөж унагаасан. Манай нөхөр тэр залуутай барьцалдаад авсан. Тэр 2 салсан чинь манай нөхрийн нүд хавдаад нөгөө залуугийн дух нь язарсан байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,
Б.О-нбиед “баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулд шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3607 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 41-42/,
Э.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11-14/: “...гэртээ ороод ганц хоёр минут болсон чинь гараад ир гээд хаалга нүдээд цохиод эхлэхээр нь дүү бид хоёр гараад очтол эхнэр нь дахиад хэрүүл хийж эхэлсэн. Манай дүүгийн толгой руу эхнэр нь гараа атгаж байгаад цохихоор нь миний уур хүрээд эхнэрийнх нь бөгс рүү амбаардах маягаар өшиглөсөн. Тэгээд би нөхөртэй нь зодолдсон. ...Би хашаа руугаа орох гээд явж байтал Б.Охойноос гүйж ирээд хашааны төмөрнөөс барьж байгаад намайг өшиглөсөн. ...Би “чи миний толгой хагалчихлаа” гэж хэлээд заамдаж байгаад мөргөж цохиход хөмсөгнөөс нь цус гоожсон...” гэх мэдүүлгээр,
хохирогч Э.Н-ийн /хх-ийн 26-28/: “...зах гарч юм авчихаад 17:00 цагийн үед гэртээ ирэхэд нөгөө “Хонда инсайт” машин манай хашааны үүдэнд зогсчихсон байсан. Би машинаасаа буугаад “Хонда инсайт”-ын жолооч залууд “энд битгий архи уугаарай, жаахан урагшилчих” гэж хэлсэн. ...Нөгөө согтуу 4 хүн хашаанаасаа гарч ирээд “явна, явахгүй” гээд хоорондоо хэрэлдээд байхаар “нохой битгий хуцуулаад бай, гэртээ ор, үр хүүхдээ унтуулмаар байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар
хоорондоо хэрэлдсэн. ...манай дүүгийн толгой руу эхнэр нь гараа
атгаж байгаад цохихоор нь миний уур хүрээд эхнэрийнх нь бөгс руу амбаардах
маягаар өшиглөсөн. ...Тэр залуу хойноос босож ирээд хашааны төмрөөс барьж байгаад намайг өшиглөсөн. Гутлын өсгий нь миний зулай руу өшиглөх шиг болсон...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Нацагдоржийн /хх-ийн 31-33/: “... ах Э.Н-ийн хамт хүнсний зүйл аваад 17 цагийн орчим гэртээ ирэхэд ...хашааг таглаад машинаа зогсоосон байсан. ...ах ЭНямдорж буцаж гараад “та хэд манай хашааны үүдэнд битгий зогсоод бай, нохой хуцуулаад байна” гэж хэлсэн. Тухайн үед нэг залуу “чи энэ гудамжиндаа том юм уу” гээд ахтай маргалдаж эхэлсэн. Эхнэр нь гэх эмэгтэй гарч ирээд “чи энэ
гудамжиндаа юундаа томроод байгаа юм бэ” гээд согтуу орилж чарлаад байсан. ...Эхнэр нь гэх эмэгтэй буцаж гарч ирээд хаалга нүдээд амгалан тайван байдал алдагдуулаад хэрүүл хийсэн. ...эхнэр нь намайг барьж аваад толгойны дагз руу нэг удаа цохисон. Тэр үед ах өмөөрч бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Нөхөр нь эхнэрээ хамгаалж ах руу дайраад хашааны төмрөөс зуурч байгаад ахын толгой хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
Э.Н-ийн биед “...духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3626 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 46-47/,
Б.О-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-7/: “...хүмүүсийг гаргаж өгөх гээд хашааны үүдэнд ярилцаад байж байтал харалдаа айлын залуу гарч ирээд “чимээ шуугианаа болиоч, гудамжнаас зайл” гэж хэлэхээр нь манай эхнэр “чамд ямар хамаатай юм, бид нар хашааныхаа үүдэнд байна” гэж хэлсэн. ...нөгөө залуу хүрч ирээд манай эхнэрийг яв, зайл гэж хэлээд түлхсэн. Тэгтэл манай эхнэр “чи яах гээд байгаа юм” гэж хэлэхэд манай эхнэрийн гуя ташаа хавьцаа өшиглөсөн. ...Миний нүүр рүү 2 удаа цохиход би газар унасан. ...би босож ирээд хаалганы төмрөөс нь зүүгдэж байгаад тэр залууг нэг удаа нүүр, толгой орчим хэсэгт өшиглөсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө болон гэрч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолсны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.О, Э.Н нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.О-н“...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 82 дугаар талд,
хохирогч Э.Н-ийн “...Б.Обид 2 эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч Б.О, Э.Ннарыг бие биендээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.О, Э.Ннарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Э.Ннар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.О-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
-шүүгдэгч Э.Н-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Э.Ннар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.О, Э.Ннар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Э.Ннарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ