| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06591/И |
| Дугаар | 5458 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 5458
| 2016 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2016/05457 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47 хаягт байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй, Мобиком корпораци ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ..дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,... дүгээр байрны ... тоотод оршин суух, ...регистртэй, Боржигин овогт Ш.З-т холбогдуулан,
Үйлчилгээний хэрэглээний болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,113,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ш.З нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, .. тоот гэрээ байгуулан, ... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone-6 plus утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг хассан болно.
Уг гар утас нь тухайн үед шууд худалдаж авбал 1,915,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд зээлээр худалдан авч байсан учир утасны үнийг 1,230,000 төгрөгөөр худалдсан. Үүнээс хариуцагч нь урьдчилгаа 582,000 төгрөг төлсөн. Үлдэх төлбөрийг 11 сарын хугацаанд сар бүр 36,000 төгрөг төлөхөөр график тогтоож гэрээ хийсэн байсан. Энэ нөхцөл нь 99101569 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт хэрэглээг 18 сар тасралтгүй ашигласан тохиолдолд биелэгдэх ёстой, хэрэв гэрээний үүрэг ямар нэгэн байдлаар зөрчигдөөд, гэрээний төлбөр төлөгдөөгүй, гэрээ цуцлагдсан тохиолдолд гар утасны үнийг хөнгөлөлттэй үнээр бус, харин үндсэн үнээр тооцохоор гэрээ байгуулсан. Иймд уг утасны төлбөр 901,000 төгрөг, ярианы төлбөр 312,498 төгрөгөөс барьцаа 100,000 төгрөгийг хасаад 212,499 төгрөг, нийт 1,113,499 төгрөгийг хариуцагч Ш.З-с шаардсан. Гэрээний 9.1 дэх хэсэгт давагдашгүй хүчин зүйл гэдэгт гоц халдварт өвчин гэж заасан байгаа. Манайх хэрэглэгчийг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй болсон гэж ойлгож байгаа. Тиймээс гэрээний 7.1.13 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцласан. Хариуцагч талын тайлбарлаж байгаагаар нэгэнт хариуцагч уг утсыг өөрөө хэрэглээгүй, харин өөрийн ажил төрлөө амжуулж өөр хүнд утас авч өгсөн юм байна. Тиймээс Ш.З тодорхой зорилгоо тухайн үед биелүүлсэн учир давагдашгүй хүчин зүйл гэж үзэхгүй байна. Гар утсыг болзол тавьж хөнгөлөлттэй үнээр худалдсан. Хариуцагч болзлыг биелүүлээгүй учир утсыг үндсэн үнээр шаардаж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 20164707 тоот гэрээт хэрэглэгч Ш.З нь 99101569 дугаарыг 18 сарын хугацаатай, iPhone 6 Plus 1,230,000 төгрөгийн үнэтэй утсыг урьдчилгаа 562,000 төгрөгийг төлж сарын төлбөр 36,000 төгрөгийг төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан байна. 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл графикийн дагуу төлж байтал хүнд өвчин тусч шокын байдалтай 3 сар хэвтэрт байсан байна. Энэ гар утас лизингээр авсныг гэр бүлийнхэн нь Мобиком Корпораци ХХК-ийн санхүүгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн лизингийн төлбөр бөөн нэхэмжлэхийг сануулах тухай мэдэгдлийг авснаар мэдсэн болно. Тухайн үед Ш.З нь шокын байдалтай ухаан санаа алдсан, хүнтэй харьцах чадваргүй байсан, мөн гэр бүл нь хүнд өвчнийг давахын тулд 5 сард төлөх талаар тус компанид охин З.З хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдлийн дагуу 312,507.88 төгрөг дээр 8 сарын лизингийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хувь хүн давашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул гар утсыг хөнгөлөлттэй үнээр нь шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгч компани зөвшөөрөөгүй.
Нэгэнт Ш.З гэж хүнд гэнэтийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, 2 хөлөө тайруулах хэмжээнд орсон, ухаан санаа байхгүй, гар утас авсан аваагүйгээ мэдэхгүй, хүнд үе байсан байгаа. Ш.З-н охин нь бариа заслын аргаар аавыгаа эмчлээд доторх өвчнийг гадагшлуулсны дараа эмнэлэгт хагалгаанд орсон. Энэ нь Ш.З давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.1-д гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн байгаа. Тиймээс энэ заалтын дагуу хариуцагчид давагдашгүй нөхцөл байдал үүссэн гэж үзээд үндсэн төлбөр 901,000 төгрөгийг чөлөөлж өгнө үү. Утасны үнэ 1,230,000 төгрөгөөс 582,000 төгрөг хасагдаж, 648,000 төгрөгийн үлдэгдэл болох ёстой бөгөөд үүнийг төлөхийг зөвшөөрч байна. Хөнгөлөлттэй үнээр шийдэж өгнө үү гэж хүсэлт тавьж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж 648,000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ш.З холбогдуулан, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,113,499 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Талууд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20164707 дугаар Үйлчилгээний гэрээ, мөн Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулан, хариуцагч Ш.Зориг нь нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-иас iPhone-6 Plus маркийн 1,915,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг ...дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг авч, тийнхүү үйлчилгээ авснаар гар утсыг хөнгөлөлттэй үнэ буюу 1,230,000 төгрөгөөр тооцон, сар бүр 36,000 төгрөгийг 12 сарын хугацаатай төлөх, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг 18 сарын турш тасралтгүй ашиглах, үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож нэхэмжлэх, хэрэглэгч нь 2 сараас их хугацаагаар гар утас, төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй бол гар утас, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээс тооцож, нийт төлбөрийг шууд нэхэмжлэх зэрэг нөхцөлтэй байхаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна. /хх 6-8/
Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, ерөнхий нөхцөл, хугацаа болон төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй боловч хариуцагч нь гэрээний хугацаанд хүнд өвчин тусч /чихрийн шижин/, хөдөлмөрлөх чадвараа алдсан учир Үйлчилгээний гэрээний 9.1 дэх хэсэгт заасан давагдашгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлан, Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлвөл зохих үлдэгдэл 648,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг дээрх үндэслэлээр төлөхөөс татгалзаж маргасан.
Үүрэн телефон холбооны iPhone үйлчилгээний гэрээний 6.1 хэрэглэгч нь сонгосон идэвхжүүлсэн үйлчилгээний барьцаа, бүртгэл, суурилуулалт, үйлчилгээний үнэ, хэрэглээний төлбөрийг төлөх үүрэгтэй, 6.4 нэхэмжилсэн төлбөрийг төлөөгүй 3 сар болсон тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь барьцаа төлбөрийг төлбөрт нь суутгах эрхтэй гэж, мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 3.1 хэрэглэгч зээлээр худалдан авч буй гар утасны үнийг гэрээний хавсралтад заасны дагуу төлнө, 3.3 хөнгөлөлттэй нөхцлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол гар утасны үнийг үндсэн үнээс өмнө төлөгдсөн дүнг хасч зөрүү төлбөрийг барагдуулна гэж тус тус зааснаар хэрэглэгч Ш.З гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гар утасны үнийг үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээжээ.
Хариуцагч Ш.З гэрээ байгуулахдаа утасны урьдчилгаа төлбөрт 582,000 төгрөг төлж, гэрээг байгуулснаас хойш буюу 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд графикийн дагуу зохих төлбөрийг хийж байсан боловч үүнээс хойш төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь гэрээний 7.1.13 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлаж, хэрэглэгчийн барьцаа 100,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс суутгасан байна.
Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч буюу худалдан авагч нь ярианы үлдэгдэл төлбөр 212,499 төгрөг, зээлээр худалдан авсан утасны үнийн үлдэгдэл төлбөр 901,000 төгрөг, нийт 1,113,499 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас утасны үнийн үлдэгдлийг хөнгөлөлттэй үнэ болох 1,230,000 төгрөгөөс тооцож, үлдэх 648,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөн, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар давагдашгүй нөхцөл байдал үүссэн учир төлөхөөс татгалзсан.
Тэрээр хариуцагчийг гэрээний дагуу авсан гар утсыг найзынхаа гуйлтаар ажил бүтээх гэж аваад өгсөн бөгөөд гэрээний хугацаанд чихрийн шижин өвчний улмаас шокын байдалтай хэвтэрт орж, хагалгаа хийлгэсэн нь түүний эрүүл мэндэд давагдашгүй шинжтэй нөхцөл бий болсон учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж тайлбарлан, Ш.З-ийн эмчлүүлэгчийн дэвтэр болон фото зургуудыг нотлох баримтаар гаргаж, Н.Э, З.З нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан болно. /хх 28-34/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрээний дээрх заалт дахь давагдашгүй хүчин зүйл гэдэгт гоц халдварт өвчин хамаарах бөгөөд хүнд өвчин туссан байгааг давагдашгүй хүчин зүйл бий болсон гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тайлбарлан мэтгэлцлээ.
Талуудын хооронд байгуулагдсан Үйлчилгээний гэрээний 9.1 дэх хэсэгт Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар, тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт, эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол, тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж тусгасан байна. /хх 7/
Харин талуудын байгуулсан Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээнд давагдашгүй хүчин зүйлсийн талаар тусгаагүй байх бөгөөд Үйлчилгээний гэрээний 8.6 дахь хэсэгт хэрэглэгч болон гуравдагч этгээдийн үйлдэл, эс үйлдэл, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй гэж заасан, мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч Ш.З нь нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө буюу 2011 оноос чихрийн шижин өвчин оношлогдон, тогтмол хугацаанд эмчийн хяналтанд байсан болох нь түүний эмчлүүлэгчийн дэвтрээр тогтоогдож байна. /хх 28-32/
Түүнчлэн, чихрийн шижин өвчин хүндээр туссан гэх нөхцөл байдал нь гэрээний 9.1 дэх хэсэгт хамаарахгүй, өөрөөр хэлбэл, гоц халдварт өвчин биш байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,274 төгрөгийн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,274 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.З-оос 1,113,499 /нэг сая нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун ерэн есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,274 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Зоригоос 31,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА