Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 5539

 

 

       2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/05539

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс ...үйлдвэрийн байранд байрлах, хуулийн этгээдийн ...регистртэй, А хоёр бетон зуурмаг ХХК-ийн

            Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Арвис Интернэшнл ХХК, тус компанийн захирал Ё.О-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч А хоёр бетон зуурмаг ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани Арвис Интернэшнл ХХК-д холбогдуулан бэлтгэн нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн үлдэгдэлд 103,920,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан боловч тус компани Сүхбаатар дүүрэгт байрладаггүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 181/Ш32016/05177 шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл тус компанийн захирал Ё.П нь Арвис Интернэшнл ХХК-ийг өөрийн төрсөн дүү Ё.О шилжүүлсэн байх бөгөөд Ё.О /РД:.../ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын гудамжны ..-ийн ..тоотод оршин суудаг боловч манай компани энд байдаггүй гэсэн шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай компани 103 сая төгрөгөө нэхэмжлэх боломжгүй байгаа тул Арвис Интернэшнл ХХК-ийн хаягийг тодруулах шаардлагатай болсон.

Ё.О-ын утас 99180496 бөгөөд Ё.П нь шүүх цагдаагийн асуудлаас шалтгаалан түр хугацаагаар компаниа шилжүүлсэн бөгөөд Ё.П-ийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч А.С дээр явагдаж байгаа болно. Иймд тус компанийн хаягийг тогтоолгох тухай эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч А хоёр бетон зуурмаг ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Арвис Интернэшнл ХХК, тус компанийн захирал Ё.О-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            А хоёр бетон зуурмаг ХХК болон Арвис Интернэшнл ХХК-ийн хооронд бетон зуурмаг зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, худалдан ававгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бэлтгэн нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн үлдэгдэл 103,920,475 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2016/05177 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Арвис Интернэшнл ХХК-ийн хаяг тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

            Хүсэлт гаргагчийн тайлбар, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар Арвис Интернэшнл ХХК нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул А хоёр бетон зуурмаг ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Арвис Интернэшнл ХХК, тус компанийн үүсгэн байгуулагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Арвис Интернэшнл ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж буй газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн Ерөнхий газар, Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэс гүйцэтгэнэ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх тухай хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Арвис Интернэшнл ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж буй газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А хоёр бетон зуурмаг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Арвис Интернэшнл ХХК-ийн захирал гэх Ё.О-ын РД:...., мөн тэрээр ... дугаар эзэмшдэг болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА