| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06808/И |
| Дугаар | 102/2016/06808/И |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 102/2016/06808/И
| 2016 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/05540 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47 хаягт байрлах, хуулийн этгээдийн 2072572 регистртэй, Мобиком корпораци ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 3 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, ЦГ83011377 регистртэй, Зэлэм овогт Ганчулууны Гандалайд холбогдуулан гаргасан,
Үйлчилгээний хэрэглээний болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 532,002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Г.Гандалай нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гарган, 30159574 тоот гэрээ байгуулан, 94080515 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5S-16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Г.Гандалайтай төлбөрийн үлдэгдлийн тооцоог нийлж, хариуцагч 532,002 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь батлагдсан. Хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд төлөлт хийгээгүй. Бид утасны төлбөрийн үлдэгдэл шаардаж байгаа бөгөөд үйлчилгээний буюу ярианы төлбөр шаардаагүй. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 22,000 төгрөгөөр багасгаж, 510,002 төгрөгийн хэмжээнд эвлэрэх талаар ярилцаад, бидний зүгээс 8 сарын хугацаанд төлөх санал хэлэхэд хариуцагч дээрх мөнгийг 2017 оны 4 дүгээр сараас төлөх санал гаргаж, бид эвлэрч чадаагүй. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа учир түүний эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагч Г.Гандалайгаас нэхэмжлэлийн багасгасан хэмжээгээр буюу 510,002 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас бид гэрээг цуцалсан учир үндсэн үнэ болох 1,750,000 төгрөгөөр тооцон шаардаж байгаа гэв.
Хариуцагч Г.Гандалай шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Гар утасны үндсэн төлбөр болох 334,000 төгрөгийг төлөхийг хүсч байна. Ярианы төлбөр болох сарын суурь хураамж 198,000 төгрөгийг төлөх боломжгүй. Төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгана гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Г.Гандалайд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 532,002 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 510,002 төгрөг болгож, 22,000 төгрөгөөр багасгасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 334,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн шаардлагыг төлөх боломжгүй гэх тайлбар гаргасан боловч шүүхэд гаргасан тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй байна. /хх-20/
Түүнчлэн, хариуцагч Г.Гандалай нь энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх-21/
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.Гандалай нь Мобиком корпораци ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 30159574 дугаар бүхий Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний гэрээ, мөн iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ-г тус тус байгуулан iPhone-5s маркийн 1,757,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг 94080515 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг авч, тийнхүү үйлчилгээ авснаар гар утсыг хөнгөлөлттэй үнэ буюу 1,247,000 төгрөгөөр тооцон, сар бүр 33,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай төлөх, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг 24 сарын турш тасралтгүй ашиглах, үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцох зэрэг нөхцөлтэй байхаар харилцан тохиролцож байгуулсан байна. /хх 5-8/
Талуудын байгуулсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 262 дугаар зүйл, Харилцаа холбооны тухай хуульд нийцсэн, гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон ерөнхий нөхцөл, хугацаа, төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй.
Хариуцагч Г.Гандалай нь гэрээний хугацаанд буюу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 1,583,215.98 төгрөг төлөхөөс 1,051,150 төгрөг төлсөн болох нь Харилцагчийн гүйлгээний тооцооллоор тогтоогдсон байна. /хх-9/
iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ-ний 2.1 хэрэглэгч зээлээр худалдан авч буй гар утасны үнийг гэрээний хавсралтад заасны дагуу төлнө, 2.5 хэрэглэгч нь гэрээний хавсралтад заасан гар утасны сар бүр төлөх төлбөрийг үндсэн гэрээний 5.6-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй, 2.6 хөнгөлттэй нөхцлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч iPhone багцаа гэрээний 24 сарын хугацаанаас өмнө гэрээ цуцлах тохиолдолд гар утасны үнийг үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэж зааснаар худалдан авагч Г.Гандалай гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир, гар утасны үнийг хөнгөлөлттэй үнээр бус, харин үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь хариуцагч Г.Гандалайгаас зээлээр худалдан авсан утасны үнийн үлдэгдэл төлбөр болох 510,002 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,610 төгрөгийн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,610 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦГ83011377 регистртэй, Зэлэм овогт Ганчулууны Гандалайгаас 510,002 /таван зуун арван мянга хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,610 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Гандалайгаас 16,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА