| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00030/Э |
| Дугаар | 00034 |
| Огноо | 2020-04-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 00034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Тд холбогдох 2032000030017 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Сити” гэх зочид буудлын ресторанд тогооч ажилтай, *тоотод оршин суух хаягтай, урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №411 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 05 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг биелүүлэхийг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:*/ Бэсүд овогт Огийн Т.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
О.Т нь 2019 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Сити” нэртэй зочид буудлын №210 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагшаалтанд багтдаг дельта тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-г худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: ... би 2020 оны 09 дүгээр сард Ч.Угтай төрсөн өдрөөрөө танилцсан. Тэгээд 10 сар хүртэл найзалж байгаад Ч.Уг Зүүнхараад ресторан ажиллуулах гэж байгаа гэсэн, мөн надад тогооч хийх санал тавиад бид хоёр ярилцаж байгаад Зүүнхараад ирсэн юм. Тэгээд би ирчихээд уул руу алхаад фитнес хийгээд гадуур агаарт гаръя гэж бодоод тийм байдалтай амьдарч байсан. 12 дугаар сарын 15-ны үед байх. Өглөө эрт урагшаа гол руу алхаад тэгээд буцаж ирэх замдаа цүнхтэй юм олсон. Ширхэнцэг уулын замын эсрэг талаас нь олсон. Тухайн үедээ тэр цүнхийг уудалахад дотор нь 200000 төгрөг байсан. Тэгээд юм бодолгүй ажил дээрээ ирээд үзтэл мөнгө хувцас, тэгээд үл мэдэгдэх зарим зүйлс байсан. Тэгээд хараад шууд зурагтаар өмнө харж байсан болохоор нөгөө “өвс” гэдэг нь мөн байна гэж мэдсэн байгаа. Тэгээд мөнгийг нь авчихаад би 12 дугаар сард угаасаа шинэ жилийн захиалга ихтэй болохоор тэрэнтэй зууралдаж сайн үзэж амжихгүй байсан. Өглөө эрт босоод орой шөнө унтдаг байсан. Тэгж байгаад яг 12 дугаар сарын 29-нд өрөөндөө татаж байгаад баригдсан байгаа... гэв.
Гэрч Ч.Уг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 3 хоногийн өмнө нэг удаа өөрийнхөө амьдардаг 210 тоот өрөөнийхөө унтлагын өрөөндөө байхдаа нэг удаа цагаан өнгийн тамхины цаасанд ороосон өвс татсан. Уг ороосон өвсийг миний хамтран амьдрагч Т надад өгсөн. Би тухайн үед анх удаа тэр өвсийг татаж үзсэн. Тэр үед миний толгой өвдөөд байсан болохоор ахиж татаагүй. Т өмнө нь хэрэглэж байсан эсэхийг мэдэхгүй ч 3 хоногийн өмнө Т надад “өвс татах уу” гэж санал тавьсан. Тэр үед Т бид 2 Тгийн гаргаж өгсөн өвсийг хувааж татсан. Т хаанаас уг өвсийг гаргаж ирсэн гэдгийг мэдэхгүй. Намайг гаднаас өрөөндөө орж ирэхэд Т надад ороосон өвс гаргаж ирээд татуулсан. Тамхины цагаан цаасанд гар аргаар ороосон, цагаан өнгийн шүүлтүүртэй өвс байсан. Уг өвсийг хэрхэн яаж хэн бэлтгэсэн гэдгийг мэдэхгүй. Гэхдээ уг тамхины цаасанд ороосон зүйл мансууруулах төрлийн өвс байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р хуудас/
Гэрч П.Оц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай дарга Ч.Уг нь “Сити” зочид буудлын 209 тоот өрөөнд байдаг. Харин О.Т нь 2019 оны 10 дугаар сарын дундуур байх хугацааг нь сайн санахгүй байна манайд ажиллахаар ирсэнээс хойш манай Сити зочид буудлын 210 тоот өрөөнд байнга амьдарч байсан. Манай дарга Ч.Уг бол заримдаа 210 тоотод орчихсон, заримдаа 209 тоотод ороод л байдаг байсан. 2020 оны 01 дүгээр сар гараад О.Т бие нь өвдөөд байна гээд манай буудлаас гараад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/
Гэрч Э.Эл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай дарга Ч.Уг нь “Сити” зочид буудлын 209 тоот өрөөнд байдаг. Харин О.Т нь 2019 оны 10 дугаар сарын дундуур байх хугацааг нь сайн санахгүй байна манайд ажиллахаар ирсэнээс хойш 2020 оны 01 дүгээр сар хүртэл манай “Сити” зочид буудлын 210 тоот өрөөнд байнга амьдарч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Золзаяагийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №399 дугаартай дүгнэлт: ... 1.2.3.шинжилгээнд ирүүлсэн “Уг ВГ90090406 2019/12/29 4.31” гэсэн хаягтай шээс, Т УХ91042756 2019/12/9” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэх /ХХ-ийн 25-26-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Золзаяагийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №400 дугаартай дүгнэлт: ... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 5.6.Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Shar doctor” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Bon aqua” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-5, 9-12 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 62 дугаар хуудас/, Шүүгдэгч О.Тий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /54 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 57-59 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Т нь 2019 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Сити” нэртэй зочид буудлын №210 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагшаалтанд багтдаг дельта тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-г худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч Ч.Угын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р хуудас/, Гэрч П.Оцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/, Гэрч Э.Элын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Золзаяагийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №399 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 25-26-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Золзаяагийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №400 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-5, 9-12 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгчээс зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, өөрөө хэрэглэх зорилгоор олж авч, улмаар өөртөө байлгаж, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Тг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх шүүгдэгч О.Тд гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгэмд үзүүлэх хор аюул, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс ... О.Т анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн аваагүй ч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Bon-Aqua гэсэн бичиглэл бүхий 500 мл-ийн багтаамжтай цэвэр усны хуванцар саванд байсан ногоон өнгийн ургамал мэт зүйл, Shar Doctor гэх бичигтэй 280мл-ийн багттаамжтай хуванцар саванд байсан ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар уутанд боолттой ногоон өнгийн ургамал мэт зүйл, хүрэн өнгийн цаасан голд ороосон тугалган цаас, ОСВ slim premium гэх бичигтэй хар өнгийн цаасан хайрцагтай гялгар тамхи ороох зориулалттай цаас, ZIG ZAG Slim бичиглэл бүхий гялгар уутанд дотор ОСВ гэсэн бичиглэлтэй шилэн мэт голдоо цагаан өнгийн 2 ширхэг эргэдэг голтой зүйл, www.moon-smoking.com гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн гадаргуутай тамхи ороох зориулалт бүхий цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд хууль журмыг баримтлах, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Огийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Bon-Aqua гэсэн бичиглэл бүхий 500 мл-ийн багтаамжтай цэвэр усны хуванцар саванд байсан ногоон өнгийн ургамал мэт зүйл, Shar Doctor гэх бичигтэй 280мл-ийн багттаамжтай хуванцар саванд байсан ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар уутанд боолттой ногоон өнгийн ургамал мэт зүйл, хүрэн өнгийн цаасан голд ороосон тугалган цаас, ОСВ slim premium гэх бичигтэй хар өнгийн цаасан хайрцагтай гялгар тамхи ороох зориулалттай цаас, ZIG ZAG Slim бичиглэл бүхий гялгар уутанд дотор ОСВ гэсэн бичиглэлтэй шилэн мэт голдоо цагаан өнгийн 2 ширхэг эргэдэг голтой зүйл, www.moon-smoking.com гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн гадаргуутай тамхи ороох зориулалт бүхий цаас зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, О.Тгийн эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, Улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.