Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 5547

 

 

 

   2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/05547

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулган тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн гудамж, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй Цонх Констракшн ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Рокмон бюлдинг ...тоотод байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй, Очир-Ундраа ХХК-д холбогдуулан гаргасан,

Уралдаант шалгаруулалт цуцласныг хүчингүй болгож, уралдаанд шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Б.Э /ШТЭҮ:0358/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.М, өмгөөлөгч Д.О /ШТЭҮ:0620/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Цонх Констракшн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Аймаг бүрд 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж байгаа 315 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг Очир Ундраа ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд уг компани хорооллын цонхны ажлыг хийж гүйцэтгэх Барилгын материал нийлүүлэх ОУ-01\2016 тендер зарласны дагуу тендер шалгаруулалтын урилгыг манай компани 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан юм. Манай компанийн зүгээс тендрийн шаардлага хангасан материалыг цаг хугацаанд нь явуулж, тендрийн баталгаагаа байршуулсан бөгөөд баталгаа байршуулсан оролцогчдоос үнийн саналын хувьд хамгийн боломжит нөхцлийг хангасан байсан боловч Очир Ундраа ХХК нь манай компанийг тендерт шалгаруулаагүй тухай албан тоотыг цахим шуудангаар бидэнд явуулсан. Уг албан тоотод зөвхөн Тус компаниас зарласан Барилгын материал нийлүүлэх ОУ-01\2016 тендрийн Багц №7 буюу PVC вакум цонх нийлүүлэх сонгон шалгаруулалтад танай ирүүлсэн тендер шалгараагүй болохыг үүгээр мэдэгдье гэсэн байсан. Энэ мэдэгдлийн дагуу манай компани яагаад шалгараагүй болохыг Очир Ундраа ХХК-ийн албаны хүмүүсээс тодруулахад ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ-с цонхны зураг буруу ирсэн учир тендрийг шалгаруулаагүй гэсэн хариу өгсөн. Манай компани энэ тендерт Бейрпластикс ХХК-ийн үйлдвэрлэсэн хуванцар бэлдэцээр цонх үйлдвэрлэхээр үнийн саналаа боловсруулан оролцсон бөгөөд энэ талаар тус компани ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ-д албан бичиг явуулж тодруулахад цонхны зураг буруу ирсэн гэдэг нь ташаа мэдээлэл байна гэсэн хариу ирүүлсэн.

Ийнхүү нэгэнт зарлаад, урилгаа зохих оролцогчдод худалдаад, уралдаанаа нээсэн атлаа шалгаруулалтыг хийгээгүй нь уралдаан зохион байгуулагчийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-д Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно, 197.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээг үнэ хаялцаж ялсан этгээдтэй байгуулна, 197.6-д Үнэ хаялцуулах ажиллагааг дуудлага худалдаа буюу уралдааны хэлбэрээр явуулна, 197.8-д Уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцлийг хангасан этгээд байх... гэж тус тус заасан. Тэгвэл Очир Ундраа ХХК нь уралдааны шалгаруулалтаа хийж ялагчийг тодруулаагүй шалтгаанаа ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ руу чихсэн боловч үүнийг нь ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ-иас үгүйсгэсээр байхад одоо болтол уралдаанаа дүгнэж, хамгийн сайн нөхцөл хангасан манай компанитай гэрээ байгуулахгүй байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байгаа үйлдэл тул Очир Ундраа ХХК-иас 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зарласан Барилгын материал нийлүүлэх ОУ-01\2016 тоотт тендрийн Багц №. сонгон шалгаруулалтыг цуцласныг хүчингүйд тооцож, зохих журмын дагуу Цонх Констракшн ХХК-ийг уралдаант шалгаруулалтад шалгарсанд тооцож, түүнтэй гэрээ байгуулахыг Очир Ундраа ХХК-д даалгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул болон өмгөөлөгч Б.Энхзаяа нар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тендрийн үйл ажиллагааг хуульд заахдаа хэн нэгэн дурын этгээд юу ч хамаагүй зарлачиж, бусдад ажил болчихоод болилоо гэж татгалзаад, зорилгодоо хүрэхээс өмнө зогсоохыг хуулиар хориглодог. Энэ нь Иргэний хуулийн 197, 198 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана. Хариуцагч байгууллага чухам юунаас болоод, яагаад шалгаруулаагүй вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. 6-7 компанийн материал, мэдээллийг авч шалгаруулалт зарлачихаад зөвхөн нэг талын сонирхлоор цуцалчихсан. Гэрээний саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсанд тооцогддог. Уралдаанд оролцох дэнчин болгоод төлсөн 2 хувийн үнийн дүн нь ямар нэгэн нэгдсэн дүнгийн хувь байх ёстой шүү дээ. Тэр 2 хувийн дүнг зөвшөөрөөд төлүүлж байгаа тохиолдолд гэрээний гол нөхцөл нь санал байна. Уралдаанд оролцогч санал гаргагчийн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн. Энэ хоёр санал нийлж байгаа тохиолдолд саналаасаа татгалзах эрхгүй. Уралдаан зарлагдсан бол тэр уралдаанд хамгийн боломжтой нөхцөл, уралдаан зохион байгуулагчаас урьдчилан тогтоосон нөхцлөөс хамгийн боломжтойг нь уралдаанд шалгарсан гэж үзнэ. Өөр ямар ч сонголт байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч тендрийн дүнг нууц байх ёстой, далд хийгддэг гэж яриад байна. Гэтэл нэгэнт ийм санал тавиад, түүнийг нь хүлээн зөвшөөрөөд оролцсон компаниудын мэдээллийг авсан бол аль нэг нь шалгарах ёстой. Харин 7-8 компанийн мэдээллийг авчихаад дараа нь давуу байдлаараа тендрээс татгалзаж, хүний мэдээллээс хэрэгтэй мэдээллээ авч, түүн дэрээ үндэслээд дараагийн бизнесээ хийхийг хуулиар хориглосон. Цонх Констракшн ХХК-иас очсон материал дотор техник хэрэгсэл, ийм хэмжээний бараа материал нийлүүлнэ, ийм ийм хүн хүч ажиллана гээд бүгдийг бүрдүүлээд өгсөн байдаг. Мөн шүүхийн заргагүй гэсэн мэдээллээ өөрсдөө баталгаажуулж өгсөн. Аль шүүхээс ямар лавлагаа авах талаар тендрийнхээ зааварчилгаан дээр бичээгүй, харин зарга байгаа юу гэж асуусан асуултанд байхгүй гэж өгсөн байгаа. Тендерт оролцогчдын үүрэг бол өөрсдөө үнэн зөв мэдээллээ өгөх. Энэ үүргээ гүйцэтгээд зарга байхгүй гэдгээ мэдүүлсэн. Гэтэл өнөөдөр шүүхийн тодорхойлолт байхгүй гэдэг байдлаар хандаад нэгэнт зарласан уралдаанаасаа татгалзаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хуульд зааснаар хамгийн боломжит нөхцөлтэй оролцогч шалгарах ёстой. Хамгийн бага үнийн санал тавьсан компани өөрөө дэнчингээ төлөөгүй учир доороосоо хоёр дахь үнийн саналтай байсан Цонх Констракшн ХХК хамгийн боломжит үнийн санал гаргасан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль яриад байна. Гаргаж өгсөн баримт болон тайлбараараа манайх энэ хуулийг үндэслэж шаардлага гаргаагүй гэж хэлээд байгаа. Хариуцагч талаас энэ маргааныг гэрээний маргаан гэж ойлгоод байна. Гэтэл энэ бол гэрээний өмнөх маргаан юм. Саналыг хүлээн авсан бол шалгарах ёстой гэсэн хуулийн шаардлага байгаа гэв.

Хариуцагч Очир Ундраа ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Очир Ундраа ХХК нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас зарласан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, ...дугаар хороололд 315 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. энэхүү ажлын хүрээнд бид өөрийн хөрөнгөөр барилгын зарим туслах ажилбарыг чанарын өндөр түвшинд, стандартын шаардлага хангасан бараа, ажил үйлчилгээ хийх чадвартай мэргэжлийн компаниудаар туслан гүйцэтгүүлэх зорилгоор нээлттэй тендер зарласан юм. Нийт 10 багц бүхий тендерт мэргэжлийн 9 компани оролцсон боловч тендерт оролцсон Багц №10 буюу лифтний тендрээс бусад бүх компаниуд шаардлагад нийцсэн нэг ч материал ирүүлээгүй тул тендрийн үнэлгээний хорооны зүгээс бүх тендрээс татгалзсан. Тендрийн 7 дугаар багц хуванцар вакум цонх нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер-т Тэ-Ён ХХК, Мегапластикс Системс ХХК, Шар Крат ХХК, Цонх Констракшн ХХК, Нанчин Зоригт ХХК-иуд материал ирүүлсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тендрийн материал ирүүлсэн компаниудын төлөөллийг байлцуулан нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан. Тендрийн материалуудыг судлан үнэлж, шаардлагад нийцэх тендер ирээгүй гэж үзсэн тендрийн үнэлгээний хорооны гишүүдийн саналыг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шалгараагүй компаниудад албан тоот явуулан албан ёсоор мэдэгдсэн болно. Цонх Констракшн ХХК-ийг тендерт шалгаруулаагүй үндэслэлүүд: 1.Тендрийн бичиг баримтын шаардлагыг бүрэн хангаагүй. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 3.1.b-ийн заалт буюу гэрээг гүйцэтгэх, удирдах техник хэрэгсэл, боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл ирүүлээгүй, мөн зааварчилгааны 3.1.e-ийн заалт буюу одоогийн ба сүүлийн 2 жилийн хугацаанд тендерт оролцогчийн оролцсон аливаа шүүхийн зарга, маргааны талаарх мэдээлэл байхгүй, тендерт ирүүлсэн санал нь төсөвт үнээс хэт өндөр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1.3-д заасны дагуу шаардлагад нийцсэн тендрийг үнэлэх үндсэн шалгуур нь үнэ бөгөөд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын тендерт шалгарч, захиалагчтай байгуулсан гэрээний үнээс тендерт оролцсон бүх компаниудын үнэ харьцангуй өндөр байсан нь тендрийн ялагчийг сонгон шалгаруулах боломжгүй болгосон бөгөөд ялагч тодроогүйгээс манай компани цаг хугацааны алдагдал хүлээснээс бус бусад оролцогч компаниудын эрх ашиг хөндөгдөж, тэднийг хохироосон зүйл байхгүй болно. Цонх Констракшн ХХК нь тендерт шалгарсан мэтээр буруу ташаа мэдээллийг шүүхэд өгч, дээрх нөхцөл байдлуудыг гуйвуулан тайлбарлаж, өөрсдөө хууль зөрчин, ёс зүйгүй, улайран зүтгэж байгааг нь шударга бус, үнэнд үл нийцсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн тус компани нь манайд нэг ч удаа гомдол гаргаж, албан тоотоор хандаж байгаагүй ч шүүхэд гомдол гаргаж, хохирогч болж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн захиалагч тал болох Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын зүгээс гэрээ байгуулахад өгсөн барилга угсралтын зургийг ажлын явцад түүний зарим хэсэгт, тухайлбал цонхны онгойлтыг өөрчилснөөр гэрээний үнэ, төсөвт өөрчлөлт орох болсон тул энэ асуудлаар захиалагчтай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, гэрээний үнэ, төсөвт өөрчлөлт оруулахгүйгээр цонхны онгойлтыг Каркас зураг ХХК-ийн гүйцэтгэсэн KZ/14.04.06 шифртэй анхны зургаар хийж гүйцэтгэх шийдвэр гарсан нь бидний үйл ажиллагаа, цаг хугацаанд хүндрэл учруулж байсныг уламжлах нь зүйтэй гэж үзэж байна.

Очир Ундраа ХХК нь төрийн өмчит компани бус хувийн хэвшлийн компани бөгөөд өөрийн хөрөнгөөр туслах ажилбарыг гүйцэтгүүлэхээр зохион байгуулсан энэ үйл ажиллагаа нь тендрийн хуулийн 3.1, 4.1.1, 4.1.2-д заасанчлан уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй болно. Очир Ундраа ХХК нь тендрийн хууль дүрэм журмын дагуу явуулсан бөгөөд Тендрийн хуулийн 30.1.1, 30.1.3 дахь заалтыг үндэслэн тендрийн хорооны гишүүдийн шийдвэрээр бүх тендрээс татгалзсан болно. Аливаа маргаан, хэргийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийн өмнө цаг хугацаатай, тодорхой үе шатуудыг дамжиж шийдвэрлэгддэг журамтай. Гэтэл Цонх Констракшн ХХК нь шүүхийн шатнаас өмнөх үе шатуудыг дамжилгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдэл нь тендрийн хуулийн 54, 55, 56 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн байна. Дээрх асуудал шүүхээр хянан шийдвэрлэгдэх хэрэг биш бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэл бий. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй. Тендерт сонгон шалгараагүйн улмаас Цонх Констракшн ХХК-д учирсан хохирол байхгүй. Тус компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, ажил эхлээгүй тул Тендрийн хуулийн 56.2 дугаар зүйл зөрчигдсөн. Иймд дээрх тодорхой үндэслэлүүдээр Цонх Констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, энэхүү хууль бус, үндэслэлгүй үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Хэрэв дээрх хууль бус нэхэмжлэлийн шаардлагын улмаас ямар нэг хэмжээгээр компанийн нэр хүнд болон төлөвлөсөн үйл ажиллагаа саатаж майна компанид хохирол учруулах тохиолдолд бид хуулийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.М нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-иас зарласан тендерт манай компани шалгарч, барилгын ажил хийхээр болсон. Гэтэл Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ буюу захиалагч тал маань төлбөр тооцоо, санхүүжилтээ хийж чадахгүй болсон учир ажил зогссон бөгөөд манай компанийг өөрийн санхүүжилтээрээ уг ажлыг хийж дуусгаад, дараа нь санхүүжилтээ аваач гэсэн санал тавьсны дагуу манай компани өөрийн хөрөнгөө гаргасан. Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг бол ашгийн төлөө байгууллага бөгөөд манай компани өөрсдөө хөрөнгөө гаргасан учраас Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж явуулсан. Бид ашгийн төлөө байгууллага учраас тендер явуулахгүйгээр гүйцэтгэгчийг сонгох боломжтой бөгөөд тэрхүү эрх нь нээлттэй. Үнийн санал бол тендрийн баталгаа болохоос заавал хүлээж авах ёстой санал биш юм. Нэхэмжлэгч талын зүгээс тендерт 3 компани тендрийн баталгаагаа ирүүлээгүй учраас хасагдсан гэж тайлбарласан. Тендрийн процедур дээр тэмдэглэл хийгдээд, дараа нь тендрийн комисс ямар компани нь шаардлага хангасан, хангаагүй эсэхийг шалгадаг болохоос нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг шууд хасагддаг зүйл байхгүй. Цонх Констракшн ХХК-ийн санал болгосон үнэ нь манай төсөвт өртгөөс 5 хувиар хэтэрсэн байсан. Мөн тендерт тавигддаг хэд хэдэн шаардлагуудыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хүчин чадал, шүүхийн материал гэх мэт зүйлийг шаардлага хангасан байдлаар бүрдүүлэн ирүүлээгүй. Бид ганц Цонх Констракшн ХХК-ийг шалгаруулаагүй юм биш, тендерт оролцсон компаниудаас нэг ч шаардлага хангасан компани байгаагүй учраас бид уг тендрийг цуцалсан. Тендрийн материалд ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх талаар тодорхой заасан байсан. Түүний дагуу шалгаруулалтыг явуулсан. Шүүхийн тодорхойлолт бол тухайн компани шүүх дээр ямар нэгэн маргаантай эсэхийг лавлах зорилготой. Тендерт оролцсон бусад компаниуд уг тодорхойлолтыг ирүүлсэн байдаг. Манай компани бол ашгийн төлөө байгууллага боловч бусад байгууллагатай хамтарч төрийн байгууллагын тендерт шалгарсан ажлаа хуваалцаж ажиллая гэсэн хүсэлтэйгээр тендер зарласан юм. Гэтэл харин ч манай компанид сөрөг үр дагавар үүсч, энэ нэхэмжлэл гарснаар манай ажлыг 5 сарын хугацаанд зогсоогоод, бид төрийн өмнө хүлээсэн хугацаат ажлаа хийж чадахгүй үр дагавар үүсээд байна. Тендрийг нээлттэй зарласны дагуу хугацаандаа оролцсон компаниудад мэдэгдэж, тэдний байршуулсан мөнгийг буцаасан. Аливаа тендерт оролцогч нь тендрийн баталгаа гаргаснаар тендерт шалгарчихдаггүй. Тендрийн баталгаа гэдэг бол тухайн ажлыг хийх шаардлагатай барьцаа болгож гарган өгч байгаа дэнчин болохоос тендерт баталгаа гаргасан болгон шалгардаг хуулийн заалт Монгол улсад байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Очир Ундраа ХХК нь хуулиар хориглосноос бусад үйл ажиллагааг явуулах ашгийн төлөө компани гэдэг нь зөвшөөрөгдсөн хуулийн этгээд юм. Хуулийн хүрээнд тендер явуулсан нь хууль бус үйл ажиллагаа гэж үзэхгүй байна. Тендрийн тухай маргаан ихэвчлэн захиргааны хэргийн шүүхээр явдаг. Энэ маргааны хувьд яах аргагүй хувийн компаниудын хооронд явагдсан бөгөөд албан тушаалтантай холбогдоогүй учраас иргэний шүүхээр хэлэлцэгдэж байна гэж үзэж байгаа. Тэгэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хувьд тендрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх талаар маргаж байгаа учраас Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Иргэний хуулийн хэм хэмжээнд заагдаагүй асуудлыг төсөөтэй хэрэглэх журам үйлчлэхээр байна. Яах аргагүй Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу хүмүүсийн ярьдгаар Тендрийн тухай хуулиар зохицуулагдаж, энэ хуулийн хүрээнд яригдах ёстой байх гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж дараахь тайлбарыг гаргаж байна. Очир Ундраа ХХК нь Тендрийн тухай хуулийнхаа дагуу тендрийг нээлттэй зарлаж, бүхий л ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэдэг нь баримтаар нотлогддог. Тендрийг зохион байгуулж явуулахдаа бүхий л баримтуудыг нэг бүрчлэн үзэж, комиссын шийдвэрээ гаргаж албан бичгээр тендерт оролцсон компаниудад хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч тал тендрийн үйл ажиллагааг хууль бус болсон, хууль зөрчсөн гэдэг боловч хууль бус явуулсан гэдгийг нотолсон баримт байдаггүй. Тендрийн үнэлгээний комисс шийдвэрээ гаргаад, Тендрийн тухай хуулийн 30.1.1-д зааснаар тендер зарлагчийн өгсөн зааварчилгааны дагуу шаардлагатай материалыг ирүүлээгүй гэж үзсэн. Тендерт оролцсон бүх компаниудаас татгалзаад, татгалзсан тухай мэдэгдлээ бүгдэд нь өгсөн учраас Тендрийн тухай хуулийн 30.1.3-т зааснаар захиалагч байгууллага тендер зарласныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гээд хуулиар зохицуулсан байхад заавал хариуцлага хүлээлгэх гээд, өөрийгөө шалгаруулуулж гэрээ хийлгүүлэх гээд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тэр дундаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа бол энэ асуудал нь албан тушаалтанд л даалгахаас биш гэрээ бол тэгш эрхийн үндсэн дээр хийгддэг зүйл. Үнэхээр гомдолтой байгаа бол хуульд зааснаар 15 хоногийн дотор гомдлоо гаргаад хариугаа авч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Төслийн ерөнхий захиалагч нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ боловч сүүлдээ санхүүжилтгүй болж Очир Ундраа ХХК өөрөө санхүүжилтээ хариуцсан учир Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-д тендрийн үйл ажиллагаа хамаагүй гэдгээ дахин дахин албан тоотоор мэдэгдсэн учраас Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ыг оролцуулан, төрийн байгууллагатай холбох боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Цонх Констракшн ХХК нь хариуцагч Очир Ундраа ХХК-д холбогдуулан, тус компаниас 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зарлагдсан Барилгын материал нийлүүлэх ОУ-01\2016 тоот тендрийн Багц №7 сонгон шалгаруулалт цуцласныг хүчингүйд тооцож, зохих журмын дагуу Цонх Констракшн ХХК-ийг уралдаант шалгаруулалтанд шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Очир Ундраа ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Очир Ундраа ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий тендрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нээлттэй тендер зарлаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсэгт зааснаар тендерт шалгарах шаардлага хангасан оролцогч байгаагүйн улмаас тендрээс татгалзсан нь хуульд нийцсэн бөгөөд уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар шийдвэрлэх маргаан биш гэж тус тус тайлбарлаж маргасан.

            Очир Ундраа ХХК нь гадаад худалдаа, хайрган болон хатуу хучилттай зам барих, засах, зам талбайн тохижилт хийх, ЦДШ, дэд станцын засвар, угсралтын болон барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ашгийн төлөө, хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас зарласан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 7 дугаар хороололд 315 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2014/2-53 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 14,770,000,000 төгрөгийн Засгийн газрын санхүүжилт бүхий орон сууцны барилга, угсралтын ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн болох нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Очир Ундраа ХХК-д гаргасан гэрээ байгуулах тухай мэдэгдэл, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2014/2-5.. дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2/1/1585 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 24-26, 139-142, 177-193/

            Дээрх гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай зарим барилгын туслах ажилбарыг чанарын өндөр түвшинд, стандартын шаардлага хангасан бараа, ажил үйлчилгээ хийх чадвартай мэргэжлийн компаниудаар туслан гүйцэтгүүлэх зорилгоор Очир Ундраа ХХК нь Барилгын материал нийлүүлэх ОУ-01\2016 10 багц бүхий нээлттэй тендер зарлаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Тендрийн үнэлгээний комисс томилж, тус комиссын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр Багц №7 буюу хуванцар вакум цонх нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг цуцалж, тендерт оролцсон нийт 6 аж ахуйн нэгж байгууллагуудад тендерт шалгараагүй тухай албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэн, мөн өдрөө нэхэмжлэгч Цонх Констракшн ХХК-д сонгон шалгаруулалтад шалгараагүй болохыг мэдэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогджээ. /хх 103, 104, 160-163/

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тендер захиалагч гэж төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгчийг хэлнэ гэж заан, уг хуулийн дагуу тендер зарлах эрх бүхий захиалагчийг тодорхойлсон байна.

Гэтэл хариуцагч Очир Ундраа ХХК нь дээрх хуулийн зохицуулалтад заасан тендер захиалах эрх бүхий тендер захиалагч биш байх бөгөөд үндсэн Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас олгогдсон аливаа зөвшөөрөлгүйгээр, өөрийн санаачлагаар барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох компаниудыг шалгаруулахаар нээлттэй тендер буюу уралдаант шалгаруулалт зарлан, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр, тендрийн захиалагчид олгогдох эрхийг эдлэн тендрээс татгалзсан гэж тайлбарлана.

Хэдийгээр Очир Ундраа ХХК болон Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлд ажил туслан гүйцэтгүүлэх талаар тусгасан ч гэрээний 8.1-д гүйцэтгэгч төслийн менежерийн зөвшөөрснөөр ажлыг туслан гүйцэтгүүлж болох боловч захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гэрээнд заасан ажил, үүргийг бусдад шилжүүлж болохгүй. Ажлыг туслан гүйцэтгүүлэх нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагыг хөндөхгүй гэж зохицуулсан байна.

Гэрээний дээрх заалтаас дүгнэхэд захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Очир Ундраа ХХК-д бусад компаниудаар туслан гүйцэтгүүлэх тухай зөвшөөрлийг төслийн менежерээс бичгийн хэлбэрээр авсан байхыг шаарджээ.

Очир Ундраа ХХК-д төслийн менежер буюу Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлах эрх бүхий бичгийн зөвшөөрөл олгоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Барилгын материал нийлүүлэх ОУ-01/2016 тоот тендерийн Багц №7 буюу хуванцар вакум цонх нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендрийг дээрх хуулийн дагуу зарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Очир Ундраа ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлах эрхгүй, төрийн бус, ашгийн төлөө, хязгаарлагдмал хариуцлагатай хуулийн этгээд байтал мөн хуулийн дагуу тендер зарласан нь дээрх хуульд нийцээгүй байна.

Харин маргаан бүхий Багц №7 буюу хуванцар вакум цонх нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер гэх уралдаант шалгаруулалтыг Очир Ундраа ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулах уралдаан зарласан гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Цонх Констракшн ХХК нь хариуцагч Очир Ундраа ХХК-ийг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.6, 197.8 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж, сонгон шалгаруулалт цуцласныг хүчингүйд тооцож, Цонх Констракшн ХХК-ийг уралдаант шалгаруулалтанд шалгарсан болохыг тооцож, гэрээ байгуулахыг Очир Ундраа ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, иргэний журмаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцсэн бөгөөд шүүхийн харъяалал зөрчөөгүй байна.

Харин хариуцагч Очир Ундраа ХХК нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд барилгын материал нийлүүлэх компаниудад гэрээ байгуулахаар нээлттэй уралдаант шалгаруулалт зарлаж, тэрхүү зарлагдсан уралдаант шалгаруулалтад нийт 6 компани оролцжээ. /хх 110/

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.8 дахь хэсэгт уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцлийг хангасан этгээд байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол үнэ хаялцуулах ажиллагааны хэлбэрийг уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эрх эзэмшигч тогтооно гэж заасны дагуу зохион байгуулагч Очир Ундраа ХХК нь уралдаант шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу бүрдүүлэх материал, үнийн санал зэрэг тавигдах шаардлагыг тодорхойлсон байна. /хх 143-163/

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад уралдаант шалгаруулалтын ялагч нь уралдааны зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцлийг хангасан этгээд байх юм.

Гэтэл хариуцагч Очир Ундраа ХХК-ийн зарласан уралдаант шалгаруулалтад оролцсон компаниудаас шаардлага хангасан материал ирүүлсэн компани байгаагүй учир зохион байгуулагчийн зүгээс уралдаан явуулахаас татгалзаж, оролцогчдын, тодруулбал, нэхэмжлэгч Цонх Констракшн ХХК-ийн төлсөн дэнчинг буцаан олгосон болох нь баримтаар тогтоогджээ. /хх 104/

Мөн Цонх Констракшн ХХК нь уралдаант шалгаруулалтад тавигдсан шаардлагыг бүрэн хангаагүй, мэдээлэл дутуу (тус компанийн боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл, аливаа шүүхийн зарга маргааны талаарх мэдээлэл) ирүүлсэн болох нь зохигчдын тайлбар, тендрийн үнэлгээний комиссын хурлын тэмдэглэл, Цонх Констракшн ХХК-ийн танилцуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Нэгэнт гэрээ байгуулах уралдаант шалгаруулалт зарласан талын тавьсан шаардлагыг хангаагүйн улмаас Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.14 дэх хэсэгт заасны дагуу зохион байгуулагч Очир Ундраа ХХК нь гэрээ байгуулахаас татгалзах буюу уралдаан явуулахаас татгалзах эрхтэй байх тул хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, бараа материал нийлүүлэх компанийг шалгаруулахаар зарласан тус компанийн шаардлагад нийцэх оролцогч байхгүй үед зохион байгуулагч нь уралдаанаас татгалзах эрхтэй бөгөөд түүнийг оролцогчдын аль нэгийг заавал сонгуулахыг шаардах эрх шалгаруулалтын оролцогчдод үүсэхгүй.

Харин Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.15 дахь хэсэгт зааснаар тийнхүү зохион байгуулагч уралдаант шалгаруулалт явуулахаас татгалзсаны улмаас оролцогчид аливаа хохирол учирсан тохиолдолд шууд хохирлыг зохион байгуулагч хариуцахаар зохицуулсан байна.

Иймд дээрх үндэслэлээр 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зарласан Барилгын материал нийлүүлэх ОУ-01/2016 тоот тендрийн багц №7 сонгон шалгаруулалтыг цуцласныг хүчингүйд тооцож, уралдаант шалгаруулалтад шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Очир Ундраа ХХК-д даалгуулах тухай Цонх Констракшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зарласан Барилгын материал нийлүүлэх ОУ-01/2016 тоот тендерийн багц №7 сонгон шалгаруулалтыг цуцласныг хүчингүйд тооцож, уралдаант шалгаруулалтад Цонх Констракшн ХХК-ийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Очир Ундраа ХХК-д даалгуулах тухай Цонх Констракшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.САРАНТУЯА