| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00037/Э |
| Дугаар | 00039 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 00039
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ад холбогдох 2032000000038 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио станцын операторчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хорих 413 дугаар ангид хамгаалалтын ажилтан ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овогт Батбаярын А. /РД:*/
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Төмөр замын 41 дүгээр байрны № 05 тоотод эхнэр О.Хатай маргалдан түүний цээжин хэсгийг хутгаар зүсч, мөн цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн …. ... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа бууж ирчихээд эхнэр О.Ха, найз Бх, Мт нарын хамт Гбын гэрт очсон. Тэнд очоод 2 шил архи уусан. Тэгээд эхнэр О.Ха явъя гэхээр нь би явахгүй гэснээс болж бид хоёр маргалдаад би аяга авч шидсэн чинь эхнэрийг оноогүй. Тэгээд эхнэр намайг орхиод яваад өгсөн байсан. Би тэгэхээр нь орхиж явлаа гэж уурлаад гэртээ алхаж ирээд хутга аваад эхнэрийг айлгах гэсэн боловч ноцолдох явцад эхнэрийн биеийн цээжин хэсэг зүсэгдсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч О.Хагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Архи нь талдаа орж байтал Бх би больчихлоо одоо харьлаа гээд машиныхаа арын суудал дээр унтаад өгсөн. Мт бид хоёр явлаа дараа уулзъя гээд нөхөр Бхг аваад явсан. А, Чж, Гб бид дөрөв архиа дуусгалгүй Гбын гэрт очсон. Тэнд үлдэгдэл архиа уугаад арай дуусгалгүй Гб согтоод унтаад өгөхөөр нь би өөрийн нөхөр Аыг гэртээ харья гэтэл А би архиа ууж дуусгаагүй байна гэж уурлаад ширээн дээр байсан аяга аваад над руу шидсэн. Тухайн үед Аын шидсэн аяга намайг оноогүй. Би Аыг Гбын гэрт орхиод машинтайгаа гэр лүүгээ явах замдаа Мтын дугаар луу залгаад Бх та хоёр яасан чи хаана байна гэж асуусан. Мт хэлэхдээ Бх согтоод унтчихлаа би машинаа гражид хийчихээд явж байна гэхээр нь Гбын гэрт А явахгүй гэж уурлаад аяга над руу авч шидэхээр нь Гбынд орхиод гараад ирлээ би чамайг очиж авъя гээд Мтыг байрных нь гаднаас суулгаад бид хоёр манай гэрт ирсэн. Гэрт манай хоёр хүүхэд байсан. Гэрт ирэхэд 22 цаг болж байсан. Мт бид хоёр том өрөөнд цай уугаад сууж байтал хаалга тогшихоор нь онгойлготол А үгийн зөрүүгүй орж ирээд гал тогооны өрөөнд орж шургуулганаас бор иштэй хутга аваад чамайг алчихъя алсан байхад үсрээд 15 жилийн ял авна 7 жил суучихаад гараад ирнэ гэж дайрахаар нь би чи наад хутгаар яах гэж байгаа юм бэ гээд хутгыг нь салгах гээд ноцолдох үед хутга нь миний баруун хөх зүүн гарын бугалганд шүргэж өнгөц зүсэгдсэн. Миний баруун бугалга цээж баруун гарын арын хэсэг хөхөрсөн байсан. Тэгтэл Мт босч ирээд Аыг хүүхэд чинь уйлаад байна хутгаа өг гэж хэлээд хутгыг нь авсан. Тэр хооронд би гарч утсаар цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд Аыг авч явсан........ Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/
Гэрч О.Чжгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Ууж дуусгаагүй архиа авчирч миний нөхөр Гб, А хоёр уусан. Ха нөхөр Аыг одоо орой болчихлоо гэртээ харья гэж хэлэхэд А архиа ууж дуусаагүй байна гээд хоорондоо маргалдаад А Ха руу ширээн дээр байсан аяга аваад шидсэн. А Хаг үсдээд цамцнаас нь зуураад байсан. Гб бид хоёр салгатал Ха Ааас зугатаагаад машинтайгаа яваад өгсөн. А манайд үлдээд 40 орчим минут юм ярьж сууж байгаад гэртээ харилаа гэхээр нь би машинаар хүргэж өгье гэхэд би алхаад явчихна гээд явсан гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/
Гэрч Р.Мтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Удалгүй Ха өөрийнхөө машинтай ирээд бид хоёр уулзахад Ханаа А надад агсан тавиад зодох гээд байхаар нь би гараад зугатаасан гэж ярьсан. Тэгээд Ханаа бид хоёр гэрт нь очоод удаагүй байж байтал хаалга тогшоод Ханаа хаалга онгойлгоход А орж ирээд шууд гал тогооны өрөөний шүүгээнээс хутга аваад Ханааг ална гээд дайрсан. Чамайг алчихсан байхад 15 жилийн ял авна гээд дайраад ноцолдсон. Энэ үед Ханаагийн цээжин хэсэгт хоёр удаа зүсэгдсэн байх шиг байсан. Ханаа газар суугаад миний буруу гээд уйлаад гуйсан. Би Ааас хутгыг нь авч нуусан. Ханаа гэрээсээ гараад зугатаасан. Удалгүй цагдаа нар ирээд Аыг аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 47 ...... Дүгнэлт:
1.О.Хагийн биед баруун хөх, зүүн гарын бугалганд шарх, баруун гарын бугалга, цээж, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, толгойн хуйх, баруун гарын сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, баруун гарын бугалга, цээж, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, толгойн хуйх, баруун гарын сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 33-34 дүгээр хуудас/
Б.Аын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 43 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 44 дүгээр хуудас/
Б.А нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 47 дугаар хуудас/
Хохирогч О.Хагийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан бид хоёр өөрсдийн хүсэлтээр эвлэрч хохирол гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 58 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Төмөр замын 41 дүгээр байрны № 05 тоотод эхнэр О.Хатай маргалдан түүний цээжин хэсгийг хутгаар зүсч, мөн цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанр хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Аын хохирогч О.Хагийн цээжин хэсгийг хутгаар зүсч, цохиж зодсон үйлдэл нь намайг орхиод ирлээ гэсэн хоорондын таарамжгүй харцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч О.Ха нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн шилэн аяга 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхгийг хохирогч О.Хад буцаан олгох, модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Тугчин овогт Батбаярын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн шилэн аяга 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхгийг хохирогч О.Хад буцаан олгох, модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.