| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05634/И |
| Дугаар | 5558 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 5558
| 2016 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2016/05558 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, ... тоотод байрлах, хуулийн этгээдийн... регистртэй, Энич Финанс ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, .. дүгээр байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Тээгч тэнүүн мөрөн ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, Боржигон овогт Ня.Д,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэн хотхон ..дугаар байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Харгант цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Боржигин овогт Г.Ч нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,658,000 /дөчин таван сая зургаан зуун тавин найман мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч /ШТҮД-2119/, хариуцагч Г.Ч, хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч гийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Энич Финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн болон Г.Ч нар нь тус ББСБ-тай 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 13/1. тоот зээлийн гэрээг байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн юм. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ...тоот гэрчилгээний дугаартай, Г-.... тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1... дугаар гудамжны ...тоот хувийн өмчлөлийн газрыг барьцаалж, Зээлийн барьцааны гэрээ-г байгуулсан байдаг. Гэтэл дээрх иргэд нь зээл авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 14-нд бид танаас авсан зээлий нмөнгөөр байшингаа барьчихсан, уг барьсан байшиндаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах шаардлагатай байгаа тул газрын гэрчилгээг надад итгэ лүзүүлээд түр хугацаагаар өгнө үү гэсэн хүсэлтийг гарган, ББСБ-ын ажилтнаас гэрчилгээгээ авч яваад өнөөг хүртэл буцаан өгөөгүй. Байгууллагын зүгээс удаа дараа зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардсан мэдэгдлүүдийг болон барьцааны газрын гэрчилгээг буцаан өгөхийг шаардсан мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч зээлдэгчид нь элдэв шалтаг гаргасаар 6 жил болж байна. энэ хугацаанд удаа дараа мэдэгдэл өгч уулзсан боловч өр төлбөрөө барагдуулах талаар тайлбар өгч, хуулийн байгууллагад өгөлгүй, зөвшилцөх замаар шийдвэрлэх санал гаргасаар өдийг хүрээд байна. Зээлдэгч , Г.Чинтөр нарын авсан зээл нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, хүү 21,972,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,686,000 төгрөг, нийт 45,658,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч болон Г.Чинтөр нарын тус байгууллагатай байгуулсан 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 13/10 тоот зээлийн гэрээний дагуу төлөх 45,658,000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарлахдаа:
Н.Д-гийн тус банк бус санхүүгийн байгууллагад хандан гаргасан хүсэлтийн дагуу Г.Ч, Н.Д нартай Энич Финанс ББСБ ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн хоёр зээлдэгч нь гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд хувийн эзэмшлийн газар дээрээ амины орон сууц барина гэдэг үндэслэлээр зээл авсан. Тэр зориулалтаар нь зээл олгосон байдаг. Олголтыг 3 таслаж, 2010 оны 5 дугаар сарын 04, 2010 оны 6 дугаар сарын 04, 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус олгосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан кассын зарлагын баримтуудаар нотлогддог бөгөөд зээлдэгч нар мөнгийг хүлээн авсан байдаг. Зээлийн гэрээ байгуулагддаг өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 06 тоот 700 м.кв талбайтай, Н.Д-гийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Уг газрын гэрчилгээг 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н.Д-н амины орон сууцныхаа гэрчилгээг гаргуулах гэсэн юм гэж хүсэлт гаргасны үндсэн дээр буцааж олгоод, дахин барьцаалаагүй. Мөнгө олгосноос хойш 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Зээл олгосноос хойш тухайн хоёр иргэнд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар нэхэмжлэгч байгууллагаас хэд хэдэн албан шаардлагыг амаар болон бичгээр хүргүүлсэн боловч хариуцагч нар авсан зээлийнхээ өрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлийг авч хариуцагч нар орон сууцаа барьж гэрчилгээ нь хариуцагч нарын нэр дээр гарсан учир зээл авсан зорилго нь биелэгдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү 21,972,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,686,000 төгрөг болсон. Зээлийн үндсэн төлбөр дээр эдгээрийг нэмээд нийт 45,658,000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч нарын байр суурь хоорондоо зөрчилдөж байгаа. Хариуцагч Г.Ч-ийн хувьд уг зээлийг орон сууц барихад зориулж зээлж авсан нь үнэн гэсэн тайлбар өгдөг бол хариуцагч Н.Д-гийн төлөөлөгч зээл аваагүй, зээлийг Г.Ч авч хэрэглэсэн гэсэн тайлбар өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад зээл авсан нь хангалттай нотлогдож байгаа. Хамгийн чухал баримт нь Н.Д, Г.Ч нарын гэрлэлт цуцлалтын асуудлыг шийдвэрлэсэн 2015 оны шүүхийн шийдвэр юм. Энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Н.Д-гийн өгсөн мэдүүлэгт: ... Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын .. дугаар гудамжны ...тоот хаягт байрлах 213 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууц, гаражийг 2010 онд 20,000,000 төгрөгийг зээлж барьсан... гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгээс харахад Н.Д нь хувийн хэрэгцээндээ зориулаад Г.Ч хамт амьдрах хугацаандаа уг хувийн орон сууцыг Энич Финанс ББСБ ХХК-иас олгосон зээлийн хөрөнгөөр барьсан гэдэг нь хангалттай нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чшүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
Зээлийн гэрээн дээр Н.Д, Г.Ч нар нь хоёулаа гарын үсэг зурсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Н. гэдэг хүн Г.Ч гэдэг хүний ятгалганд орж эгчээс нь зээл авсан дүр зурагтай нотлох баримт нэг ч үгүй. Зээлийн зориулалт нь орон сууц барих гэж байгаа юм. Үүнээс үзэхэд зээлдэгч нар нь Энич Финанс ББСБ ХХК-иас 20,000,000 төгрөгийг хувийн орон сууц барихад зориулж авсан болох нь харагдаж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Энэ харилцаа үүссэнтэй холбоотойгоор нэг талаас зээл олгосон бол нөгөө талаас олгосон зээлийг тухайн авсан хэлбэр, хэмжээгээр буцаан төлөх, гэрээнд заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх хангалттай хугацаа олгосон боловч зээлдэгч нарыг тухайн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч Н.Д-ийн хувьд зээл аваагүй гэж тайлбарлах боловч ийм байдлаар аваагүй гэдгээ үгүйсгэсэн баримт гаргаж ирсэнгүй. Огт зээл аваагүй, аваагүй учир зээл төлөхгүй гэж тайлбарлах боловч энэ татгалзлууд нь зөрүүтэй байдаг. Г.Ч, Г.Ч нар намайг шахсаар байгаад гэрээн дээр гарын үсэг зуруулчихсан юм гэж эхлээд тайлбарласан бол сүүлдээ огт гэрээ байгуулаагүй, зээл аваагүй гэж тайлбарлаад байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн зөвшөөрөхгүй байгаа хэмжээнд л тайлбар өгч байна. Тус банк бус байгууллагаас олгосон зээлийг хариуцагч нар төлөөгүй, Иргэний хуульд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар нэхэмжлэлийн шаардлага болох 45,658,000 төгрөгийг хариуцагч нараас, дундаас нь шаардаж байгаа гэж тайлбарлан мэтгэлцэв.
Хариуцагч Г.Ч шүүхэд гаргасан хариу болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие нь Н.Дтэй анх 2008 онд танилцаж, улмаар гэр бүл болж хамтран амьдарсан юм. Ийнхүү хамтран амьдрах болсноор бид өөрийн гэсэн гэр оронтой болъё гэж шийдээд 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Энич Финанс ББСБ ХХК-иас 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ... дугаар гудамжны... тоот хаягт байрлах 215 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, гаражийг барьсан юм. Гэтэл бид энэ зээлээс өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь үнэн юм. Бид зээлийг ингэж их хугацаа алдуулалгүй төлөх болмож байсан боловч Н.Д нь зээл төлөх ямар ч сонирхолгүй байснаас болж зээл болон хүүний маш өндөр төлбөрт ороод байна. Тухайн үед зээлийн зохих хэсгийг төлөх мөнгө байсан боловч Н.Д надад уурласаар байгаад 2012 онд 19,000,000 төгрөгөөр Harrier маркийн машин худалдан авч байсан. Үүнээс хойш зээлийг төлөх хэмжээний орлого байхгүй болсон учраас зээлээр барьсан байшингаа зарж зээлийн төлөхөөр оролдсон буюу зар тавьж, зуучлалын компанид хандаж байсан боловч хашаа байшин зарагдаагүй учир өнөөдрийг хүртэл зээлээ төлж чадаагүй байгаа юм. Мөн үүнээс хойш Н.Д бид хоёр хувийн тохиромжгүй харьцааны улмаас гэр бүлээ цуцлуулах болж, 2015 онд шүүхээр орсон юм. Шүүх 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрээ гаргасан бөгөөд Г.Ч, Н.Д бид хоёрын сууц, гаражийг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг бөгөөд энэхүү хөрөнгийг Н.Д-гийн өмчлөлд үлдээж, түүнээс 10,000,000 төгрөгийг гаргаж надад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Н.Д нь шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа юм. Шүүх шийдвэрээ гаргахдаа зээлээр барьсан хувийн сууц, гаражийн гуравны нэг буюу 33,3 хувь нь надад оногдох ёстой гэж үзсэн байдаг. Иймээс би зээлийн мөнгөөр барьсан сууц, гаражийн хувьд өөрийн өмчлөх эрхтэй хэмжээнд буюу 33 хувийн хэмжээнд банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хариуцах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 15,204,114 төгрөгийн зээлийг хариуцаж төлөх боломжтой бөгөөд үлдсэн хэсгийг Н.Дуламсүрэн төлөх ёстой. Мөн өөрийн хариуцах зээлээс 5,204,114 төгрөгийг 5 сарын дотор хувааж төлөх бол, үлдсэнийг Н.Д нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүрэг болох 10,000,000 төгрөгөө өгсөн даруй гүйцэтгэх саналтай байгаа. Газрын гэрчилгээ буцааж авсны хувьд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахын тулд банк бус санхүүгийн байгууллагаас авсан. Ийнхүү гэрчилгээгээ авчихаад дараа нь ахуйн шаардлагаар Хас банкнаас 10,000,000 төгрөг авсан. Гэрлэлт цуцлах үед 10,000,000 төгрөгийн үлдэгдлийг 3 хүнд адил хувааж хариуцуулсан. Тиймээс энэ 20,000,000 төгрөгийг мөн адил 3 хүнд адил тэнцүү хувааж хариуцуулмаар байна. Зээлсэн мөнгийг намайг хувьдаа хэрэглэсэн гэж Н.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Мөн орон сууц барьсан мөнгийг Н.Д-гийн хамаатан садангаас авсан гэдэг. Гэтэл тухайн үед Н.Д-гийн хамаатан садан гээд байх хүмүүс байгаагүй, төрсөн эгч нь Япон улсад, ганц дүү нь цагдаагийн алба хаагч, цалингаас цалингийн хооронд амьдардаг байсан. 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан хугацаа, байшин барьсан хугацаа хоёрыг харахад цаг хугацааны хувьд ч таарч байгаа гэв.
Хариуцагч Н.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Энич Финанс ББСБ ХХК-иас 20,000,000 төгрөгийн зээл аваагүй. Зээл болон барьцааны гэрээнд Г.Ч болон Энич Финанс ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Г.Ч эгч Г.Ч хоёрын ятгалга, шахалтаар гарын үсэг зурсан. Учир нь тухайн үед Г.Ч тус банк бус санхүүгийн байгууллагад 2006 оны 3 дугаар сарын 01-ний 01/06 тоот тушаалаар аудиторын туслах албан тушаал дээр ажиллаж байсан. Намайг нэг гэрээнд гарын үсэг зураад өг, хэрэгтэй байна гээд байсан. Г.Ч-гийн хувьд ч ажилд ороод удаагүй, гэрлэлтээ батлуулаагүй байхад төрсөн дүүгээсээ зайлуулан миний нэр дээр зээл болон барьцааны гэрээг хийсэн. Уг гэрээнүүд албан ёсоор нотариатаар батлуулаагүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Мөн барьцаалж байсан газар нь Д.Г гэсэн хамтран өмчлөгчтэй байсаар байтал зүгээрээ чи гарын үсэг зурчих гэсэн. Би 20,000,000 төгрөг аваагүй, зарцуулалт ч хийгээгүй гэжээ.
Хариуцагч Н.Ду-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Н.Д нь 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас зээлж аваагүй. Барьцаалсан гэх газарт барьсан орон сууцыг Н.Д-гийн хамаатан садангаас авсан зээлээр барьсан бөгөөд одоо хүртэл энэ зээлээ төлөөд явж байгаа. Г.Ч нь гэрлэлтээ цуцлуулсны дараа өөрийнхөө өр зээлийг эхнэр хүүхэддээ нааж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй гэж бодож байна. 20,000,000 төгрөг зээлсэн цаг хугацаа нь байшин барьсан хугацаатай таардаг гэж Г.Ч яриад байгаа боловч шүүхийн шийдвэр гарсны дараа Г.Ч өөрөө ийм байдлаар тааруулсан байна. Г.Ч-ийн төрсөн эгч Г.Ч нь нэхэмжлэгч байгууллагын 100 хувь хувьцаа эзэмшигч. Н.Д өнөөдөр огт мөнгө аваагүй байхад энэ хүнийг ийм байдлаар хохироож болохгүй. Мөнгө аваагүй байхад авчихсан юм шиг нөхцөл байдалд оруулаад, баримтуудаар нотлогдож байна, та нарын мөнгө аваагүй чинь хамаагүй гэж ярьж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй. Г.Ч өөрөө 20,000,000 төгрөгөө хариуцах ёстой гэж бодож байна. Энэ 20,000,000 төгрөгөөр орон сууц барьсан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн баримтуудын хоёр дээр нь Н.Д-ийн гарын үсэг зурагдсан, мөн давхардаад Г.Ч гарын үсэг зурсан байгаа. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч тал хоёр хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхойлж тайлбарлаж чадахгүй байгаа. Н.Д-ийн хувьд огт мөнгө аваагүй гэдэг бол Г.Ч нь 20,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, төлнө гэж мэдүүлсэн. Хэдийгээр өөрөө бүгдийг нь төлнө гэдэггүй боловч төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрдөг. Г.Ч энэ мөнгийг авчихсан учраас ийм тайлбар өгч байгаа юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэл, гараар бичсэн өргөдөл, хүсэлтүүд бүгд Г.Ч-н гарын үсэг байдаг. Хэрэв Н.Д хамт энэ мөнгийг авсан бол Г.Ч ганцаараа бичиг бичиж өгөөд явахгүй, хамтдаа хүсэлт өргөдлөө бичээд явах байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас Н.Д-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Д өмгөөлөгч Б.Баттөмөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
Өмгөөлөгч миний бие өмнө нь Н.Д, Г.Ч нарын гэрлэлт цуцлалтын хэрэг дээр ажиллаж байсан. Энэ үед Н.Д-ийн шүүхэд өгч байсан тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Г.Ч нар мушгин гуйвуулж, 20,000,000 төгрөг авчихсан юм шиг тайлбарлаад байна. Шүүхийн шийдвэрт Энич Финанс ББСБ ХХК-иас 20,000,000 төгрөг зээлсэн гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Байшингийн хувьд 20,000,000 төгрөгөөр боссон гэж хариуцагч Г.Ч хэлдэг. Гэтэл гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаан дээр Г.Ч нь энэ зээлийн талаар ярихад Н.Д мөн л уг зээлийг аваагүй гэсэн зүйл яригдаад өнгөрсөн. Н.Д гэдэг хүний хувьд мөнгө зээлээгүй гэх нотлох баримтаа бүрдүүлээгүй гэж яриад байна. Тэр нотлох баримтыг цуглуулж өгөөд байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтуудыг бүрдүүлж цаг хугацаа алдаад явах шаардлага байхгүй. Гэрлэлт цуцлуулах асуудал үүсээд л банк бус санхүүгийн байгууллагын өр төлбөрийн асуудал яригдаад эхэлсэн. Түүнээс өмнө огт яригдаагүй асуудал. Н.Ду-д зээлийн төлбөр барагдуулах талаар мэдэгдэл өгсөн гэдэг. Хэрэв мэдэгдэл өгч байгаа бол өгсөн мэдэгдлийнхээ архив албан бичиг хөтлөлтийнхөө дагуу заавал мэдэгдлийг хүлээж авч байгаа хүнээр гарын үсэг зуруулж авах ёстой. Мөн хэн гэдэг хүнд, хэзээ хүлээлгэж өгсөн талаар арын хуудсанд нь тэмдэглэгээ хийгддэг. Энэ тэмдэглэгээ огт хийгдээгүй, зөвхөн өөрсдөө бичсэн мэдэгдлээ хэргийн материалд хавсаргасан байгаа. Н.Д шахсаар байгаад гарын үсэг зуруулсныг мөнгө авсан гэдэг нь нотлогдож байна гээд байх юм. Гарын үсэг зурчихаар мөнгө нь цаасныхаа ард наалдаад ирдэг юмуу? Гарын үсэг зурсан гэдэг бол гарын үсэг зурсныг л хэлж байгаа. Мөнгө өгч авалцсан тухай огт яриагүй. Гэрлэлт цуцлах үед Г.Ч, Н.Д нарын хүүхэд Ч.Ч шүүх хуралдаан дээр оролцоод өөрийнхөө хувийг авсан процесс болсон. Одоо Ч.Ч-н асуудлыг энд ярих шаардлага байхгүй. Ч.Ч-н хувьд хэргийн оролцогч ч биш, нөгөө талаар зээл авсан процесстой холбоогүй гэж тайлбарлан мэтгэлцэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Энич Финанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Д, Г.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,972,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,686,000 төгрөг, нийт 45,658,000 /дөчин таван сая зургаан зуун тавин найман мянган/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.Д нь Энич Финанс ББСБ ХХК-иас зээл аваагүй, Г.Ч-йн шахалтаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол, хариуцагч Г.Ч нь нэхэмжлэгч байгууллагаас зээлж авсан 20,000,000 төгрөгөөр гэр бүлийн хэрэгцээнд хувийн орон сууц, гаражийн хамт барьсан болон зээлийн эргэн төлөлт хийгээгүй болохыг хүлээн зөвшөөрөх боловч, Н.Д-гээс гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын хөрөнгөө гишүүдэд ногдох хэсгээр хуваасан учир зээлийн гэрээний дагуу өөрт ногдох хувиар тооцон төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Энич Финанс ББСБ ХХК нь Н.Д, Г.Ч нартай 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 13/10 тоот Зээлийн гэрээ байгуулж, Н.Д үндсэн зээлдэгчээр, Г.Ч хамтран зээлдэгчээр тус тус оролцож 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэйгээр, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ..дугаар гудамжны .. тоот дахь, улсын бүртгэлийн Г...дугаартай, 700 м.кв талбайтай газрыг 13/10 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан барьцаалуулахаар тохирчээ. /хх 8-10/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хэдийгээр талууд харилцан тохиролцож, Зээлийн барьцааны гэрээ байгуулан, Н.Д өмчлөлийн газрыг барьцаалсан боловч зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу гэрчилгээг Н.Д-д түр буцаан олгосон байх бөгөөд, дахин зээлийн барьцааны гэрээ байгуулаагүй, мөн гэрээний дагуу зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шаардаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. /хх 12/
Нэхэмжлэгч Энич Финанс ББСБ ХХК нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/39 дугаар бүхий Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгогдож, уг зөвшөөрөл нь сунгагдан, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтаар тогтоогдож байна. /хх 4-6/
Хариуцагч нарт Зээлийн гэрээний дагуу 3 удаагийн олголтоор буюу 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 14,000,000 төгрөг, 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг, 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Энич Финанс ББСБ ХХК олгосон болох нь кассын зарлагын ордер, Н.Д-н 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Энич Финанс ББСБ ХХК-д хандаж гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тус тус нотлогджээ. /хх 15-17, 12/
Ийнхүү зээлдүүлэгч Энич Финанс ББСБ ХХК нь зээлдэгч нарт 20,000,000 төгрөг шилжүүлэх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол зээлдэгч Н.Д, Г.Ч нар нь төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй болох нь зээлийн картаар тогтоогдох бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 21,862,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,664,000 төгрөг, нийт 45,526,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.
Үүнийг тайлбарлавал, зээлийн гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,972,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,686,000 төгрөг, нийт 46,658,000 төгрөгийг шаардахдаа 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцон шаардсан боловч зээлийн тооцооллоор үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,862,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,664,000 төгрөг, нийт 45,5626,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 132,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч нарт гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж, 2013 оны 5 дугаар сарын 04, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлснийг хамтран зээлдэгч Г.Чинтөр хүлээн авч, 2013 оны 5 дугаар сарын 10, 2014 оны 7 дугаар сарын 16, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд тус тус зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэх тухай хүсэлтүүдийг гаргаж байжээ. /хх 20-22/
Энэ хугацаанд зээлдэгч Н.Д, хамтран зээлдэгч Г.Ч нар нь гэр бүлийн гишүүд байсан, өөрөөр хэлбэл: тэд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан байх тул энэ өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлэгч Энич Финанс ББСБ ХХК-ийн үүрэг гүйцэтгэх талаар гаргасан мэдэгдлүүдийг Н.Д хүлээн авсан гэж үзнэ. /хх 120-125/
Талуудын байгуулсан зээлийн гэрээ 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс гэрээний дагуу шаардах эрх үүссэнээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд дээрх гэрээний хувьд 2014 онд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна.
Гэвч, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн зүйлийн 79.3 дахь хэсэгт ...хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.. гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч Энич Финанс ББСБ ХХК-иас зээлдэгч Н.Д Г.Ч нарт гаргасан мэдэгдлүүд, тэдгээрийн дагуу зээлдэгчийн зүгээс гаргасан хүсэлтүүд зэргийг үндэслэн гэрээний үүргийн дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Энич Финанс ББСБ ХХК-ийн зүгээс Н.Д, Г.Ч нарыг тус банк бус санхүүгийн байгууллагаас хамтдаа зээл авсан учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч тус бүрт хуваахгүйгээр Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нараас бүхэлд нь гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Хариуцагч Г.Ч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг хүлээн зөвшөөрөх боловч зээлийн төлбөрөөр баригдсан гэх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын _ дугаар гудамжны .. тоот дахь хувийн орон сууц болон гаражийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3985 дугаар шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж үзэн гишүүдэд хуваарилсны дагуу зээлийн гэрээний үүргийг 3 хүн, тодруулбал: Г.Ч, Н.Д, Ч.Ч нар хариуцна гэж тайлбарлах боловч маргаан бүхий зээлийн гэрээг Н.Д, Г.Ч нар байгуулсан учир уг гэрээний харилцаанд оролцоогүй Ч.Чинзориг гэгчид үүргийг халдаах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 132,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 45,526,000 төгрөгийг хариуцагч Н.Д, Г.Ч нараас гаргуулан, нэхэмжлэгч Энич Финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391,240 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсгээр шүүхийн зардлыг хуваарилан, хариуцагч нараас 385,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч... регистртэй, Боржигон овогт Н.Д, ...регистртэй, Боржигин овогт Г.Ч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,526,000 /дөчин таван сая таван зуун хорин зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Энич Финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132,000 /нэг зуун гучин хоёр мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391,240 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 385,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА