Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 00037

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд        

         Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

         Улсын яллагч Н.улсболд

         Хохирогч Э.Об

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Од холбогдох  1932001870004 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Улаангом суманд 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их тугтан овогт Гэрэлдамбын О. /РД:*/

 

            Шүүгдэгч Г.О нь иргэн Э.Обоос Бэрс финанс банк бус санхүүгийн байгууллагад байгаа зээлийн төлбөрийг төлнө, түүнийг төлөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад Гялс төгрөг банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өгнө гэж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1430000 төгрөгийг Бэрс финанс банк бус санхүүгийн байгууллагын 5034924926 дугаарын дансанд шилжүүлэн авч улмаар Гялс төгрөг банк бус санхүүгийн байгууллагаас 4500000 төгрөгийн зээл авч тухайн зээлийн мөнгөнөөсөө Э.Обт буцааж өгөлгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1430000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Оын өгсөн …... 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Э.Об эгчээс 1430000 төгрөг аваад Бэрс финанс банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлсөн. Мөнгийг нь буцааж 2020 оны 01 дүгээр сард төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогч Э.Обын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр О эхлээд 7.5 сая төгрөг яаралтай өгөөч гэж гуйхаар нь би өгсөн. Гэтэл дахиад 300000 төгрөг дутчихлаа гээд авсан. Ингээд тэр өдөр нийт 7.8 сая төгрөгийг авсан. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дахин 1430000 төгрөгийг авсан. О надаас авсан 7.8 сая төгрөгийг Дг гэдэг хүнд өгсөн гэсэн. Би Дгд өгөөгүй учир Оаас л мөнгөө нэхнэ. Би Оаас 4.5 сая төгрөгөнд тооцож нэг машин авсан. Бэлэн 1491000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Х.Дггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…….. 2019 оны 09 дүгээр сарын орчим байх хугацааг нь сайн санахгүй байна 7800000 төгрөг зээлээ дараад буцааж өгнө гэж хэлээд авсан. Тухайн 7800000 төгрөгийг бэлэн мөнгөөр Мандал суманд Оаас авсан. Надад зээлсэн мөнгийг О цааш нь хүнтэй яриад хүүтэй мөнгө хүнээс зээлж авсан байх. Хэн гэдэг хүнтэй юу гэж ярьж мөнгө авсныг нь мэдэхгүй. Мөн би урьд нь Оын эгчээс 5000000 төгрөг зээлээд түүнийгээ өгсөн. Мөн 2000000 төгрөг нэмж өгч Обт өгөөрэй гэсэн чинь О өгч чадаагүй шүү банкны мөнгөндөө хийсэн шүү гэж байсан.... Би От өөрийн эзэмшлийн Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг 5.5 сая төгрөгөнд бодож өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 2300000 төгрөгийг бэлнээр нь өгнө гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Г.О нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 33 дугаар хуудас/

Г.Оын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 36 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 37 дугаар хуудас/

Хохирогч Э.Обт 1491000 төгрөгийг төлсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Хх-н 76 дугаар хуудас/ зэрэг болно.

 

             Шүүгдэгч Г.О нь иргэн Э.Обоос Бэрс финанс банк бус санхүүгийн байгууллагад байгаа зээлийн төлбөрийг төлнө, түүнийг төлөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад Гялс төгрөг банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өгнө гэж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1430000 төгрөгийг Бэрс финанс банк бус санхүүгийн байгууллагын 5034924926 дугаарын дансанд шилжүүлэн авч улмаар Гялс төгрөг банк бус санхүүгийн байгууллагаас 4500000 төгрөгийн зээл авч тухайн зээлийн мөнгөнөөсөө Э.Обт буцааж өгөлгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1430000 төгрөгийг залилан авсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.О нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шунахай сэдэлттэй шууд санаатай тодорхой үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн  прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.Обоос 7800000 төгрөгийг авсан боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан үйлдлийн аргаар залилан мэхэлж авсан болох нь тогтоогдохгүй байх тул Г.От холбогдох 1932001870004 дугаартай хэргээс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Э.Обоос 7800000 төгрөг залилсан гэх зарим хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн № 02 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан ба уг тогтоолыг оролцогч нараас эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй учир уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Иймд хохирогч Э.Об нь шүүгдэгч Г.От өгсөн 7800000 төгргнөөс 4.5 сая төгрөгөнд тооцож Хонда сивик маркийн 65-82 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан ба үлдэх 3300000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх рэхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Г.О нь хохирогч Э.Обоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авсан 1430000 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Их тугтан овогт Гэрэлдамбын Оыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Хохирогч Э.Об нь 3300000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.