Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ч , Ц.О , Т.Б , У.Ж  

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Э.Одончимэг,

          Шүүгдэгч У.Ж , Т.Б , тэдгээрийн өмгөөлөгч А.Ариунаа,

          Шүүгдэгч Ц.О ын өмгөөлөгч Л.Ганчимэг,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 996 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Одончимэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Ч.Ч , Ц.О , Т.Б , У.Ж  нарт холбогдох эрүүгийн 2015 2602 0982 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Цагаангууд овгийн Ч.Ч, 1990 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, эгч нарын хамт Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, Наран гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44 дүгээр гудамжны 57 тоотод оршин суух,

- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЖЕ90022179/,

 

2. Булнай овгийн Ц.О, 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар баг, Шарга гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 43 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РП89091316/,

 

3. Равдан овгийн Т.Б, 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 34 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 960 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:ЕО89092279/,

 

4. Ухаанууд овгийн У.Ж, 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 42 дугаар гудамжны 10а тоотод оршин суух,

-  Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЖЬ90092416/,

 

Ч.Ч , Ц.О , Т.Б , У.Ж  нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Күйн” /Queen/ баарны орчимд насанд хүрээгүй хохирогч Б.М , Б.Т  нарыг алгадах, цохих зэргээр амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн заналхийлэн довтолж, “Самсунг” загварын гар утас, бугуйн цаг, савхин куртик, пүүз, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж 385.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.Ж  нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 64 дүгээр байрны 17 тоот орон сууцанд нэвтэрч Э.О ын эзэмшлийн эд зүйлийг хулгайлж 3.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Ч , Ц.О , Т.Б  нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, У.Ж ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч У.Ж  нарт холбогдох хэрэгт өмгөөлөгч А.Ариунаагаас “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалт “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар ...” мөн хуулийн 6.17 дахь заалт “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй тухай гомдол ...”, 

Өмгөөлөгч Л.Ганчимэгээс “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” тухай хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулжээ.

Яллагдагч У.Ж  нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй зөрчилтэй байх бөгөөд тэдгээрээс мэдүүлэг авахдаа нэр бүхий яллагдагч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 7.7 дугаар зүйл, 7.8 дугаар зүйлүүдэд заасан яллагдагчийн эрх, мөн хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг тус тус танилцуулаагүй байна. Тухайлбал нэр бүхий яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг танилцуулалгүй зөвхөн мөн хуулийн 7.4 дүгээр зүйл, 7.5 дугаар зүйлд заасныг танилцуулж тэдгээрээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг анхаарах нь зүйтэй.

Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Одончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тус прокурорын газраас яллагдагч Ч.Ч  нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгчийн захирамжид “хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж үзсэн байна. Үүнд “яллагдагч У.Ж  нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй, зөрчилтэй байх бөгөөд тэдгээрээс мэдүүлэг авахдаа нэр бүхий яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 7.7 дугаар зүйл, 7.8 дугаар зүйлүүдэд заасан яллагдагчийн эрх, мөн хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг тус тус танилцуулаагүй, зөвхөн мөн хуулийн 7.4 дүгээр зүйл, 7.5 дугаар зүйлд заасныг танилцуулж, тэдгээрээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж үзнэ. Нөгөөтэйгүүр уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг анхаарах нь зүйтэй. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.” гэснийг доорх үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол ойлгомжгүй, зөрчилтэй гэсэн шүүхийн заалтын хувьд, юуг, ямар үндэслэлээр ойлгомжгүй гэж дүгнэсэн, хэрхэн, ямар үндэслэлээр, юутай, хэрхэн зөрчилдөж байгаа талаарх дүгнэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... прокурор нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана.” гэж заажээ. Дээрх хэргийн хувьд, хяналтын прокурор Ч.Бурмаа нь У.Ж  нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг үйлдэхдээ, яллагдагч нарын бусдын эд хөрөнгийг авахаар “алгадах, цохих” зэргээр хүч хэрэглэн довтолж, “ална” гэж заналхийлсэн үйлдлийг амь биед аюултай аргаар хүч хэрэглэн заналхийлэн довтолсон гэж өөрийн дотоод итгэлээр үнэлэн тогтоолдоо тодорхойлон тусгасныг “ойлгомжгүй, зөрчилтэй байна” гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.” гэжээ.

Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дүгээр тушаалын хавсралтаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг баталж мөн өдрөөс эхлэн одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.”, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэжээ. Тушаалын хавсралтын “Хоёр” дахь хэсгийн “Мөрдөгчөөс гаргах эрх зүйн хэлбэрийн жагсаалт МША/56”-д байгаа “Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн маягтыг Улсын Ерөнхий Прокуророос баталж өгсөн ба дээрх хэрэгт мөрдөгч нь уг батлагдсан маягтын дагуу яллагдагч нараас мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн ба маягтыг мөрдөгч, прокурор дур мэдэн өөрчлөх, нэмэлт оруулах, засварлах эрхгүй юм.

Улсын Ерөнхий прокуророос баталсан тэмдэглэлийн маягтад тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дахь заалт нь мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн эдлэх эрх, үүрэгтэй холбоотой заалт байх ба уг заалтуудыг танилцуулсан байна. Мөн маягтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийг удирдлага болгон яллагдагчаас мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэж, байцаалт авахын өмнө өмгөөлөгч авах эсэх, мөн өмгөөлөгчгүй байцаалт авахад татгалзах зүйл байгаа эсэхийг нь асууж, лавласны дараа байцаалтыг авсан нь хуульд нийцэж байна.

Харин шүүгчийн захирамжид заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7, 7.8 дахь заалтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцоход эдлэх, эрх үүрэгтэй холбоотой заалтууд байна.

3. Дээрх хэргийн тухайд, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201526020982 дугаартай хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба прокурорын байгууллагаас шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу У.Ж  нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд хэргийн дугаараар тогтоолын дугаарыг олгож мөрдөн байцаалтын ажиллагааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу явуулсан тул урьд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг шинээр батлагдан мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэсэн ойлголттой дүйцүүлэн хэрэглэх нь зүйтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

           Шүүгдэгч У.Ж , Т.Б  нарын өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5, 8 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах саналтай байна ...” гэв.

          Шүүгдэгч Ц.О ын өмгөөлөгч Л.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

          Шүүгдэгч У.Ж  тус шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “... Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна ...” гэв.

          Шүүгдэгч Т.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тайлбар байхгүй, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлмээр байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Ч.Ч , Ц.О , Т.Б , У.Ж  нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хуульд зааснаар эдлүүлээгүй, танилцуулаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах”, 7.5 дугаар зүйлд “мэдээлэл авах”, 7.6 дугаар зүйлд “өмгөөлөгчтэй харилцах”, 7.7 дугаар зүйлд “гомдол, хүсэлт гаргах”, 7.8 дугаар зүйлд “шүүх хуралдаанд оролцох” гэж заасан эрхүүдийг эдлэх, мөн хуулийн 7.9 дүгээр зүйлд “яллагдагчийн үүрэг” хүлээх зэрэг хуулинд заасан яллагдагчийн эрх, үүргийг хуульд зааснаар танилцуулаагүй байгаа нь яллагдагч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор “Улсын ерөнхий прокурорын баталсан маягтын дагуу яллагдагч нараас мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн, маягтыг прокурор дур мэдэн өөрчлөх, нэмэлт оруулах засварлах эрхгүй” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичиж тайлбарлаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийг маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан боловч тухайн маягтад хөтлөгдөн яллагдагчийн эрх, үүргийг хязгаарлах нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй.

 Түүнчлэн прокурор, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 733 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Ч  нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасан байхад захирамжийн заалтыг биелүүлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байгааг анхааруулж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр бүрэн гүйцэд шалгах нь зүйтэйг тэмдэглэж байна.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн мөрдөгчийн саналд Ч.Ч  нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байхад өөр хүн буюу Сүхбаатарын Доржбат гэгчийг яллагдагчаар татах саналыг прокурорт гаргаж зөрчилтэй баримт үйлдсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Харин эрүүгийн хэрэг бүрт заавал хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна гэсэн зохицуулалт хуульд байхгүй бөгөөд яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн асуудлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө үйлдэгдсэн буюу тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар “Эрүүгийн хэрэг үүсгэх тухай”  мөрдөн байцаагчийн тогтоол гарсан байх тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг” нээх шаардлагагүй гэж үзэв.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Одончимэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 996 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Одончимэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Ч , Ц.О , Т.Б , У.Ж  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                                   Б.ЗОРИГ

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ