Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 110/2020/0063/З |
Дугаар | 221/МА2021/0570 |
Огноо | 2021-10-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0570
Ж.Х-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, Н.Н нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ж.Х-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Манай компани нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт дэвсгэрт байрлах газарт ашигт малтмалын ашиглалтын МV-021083 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тус тусгай зөвшөөрлийн талбайд иргэн Ж.Х нь 0065262 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр 0.07 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг юм.
Ж.Х нь газар эзэмших хугацаандаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ”, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.
Түүнчлэн Ж.Х нь өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлэн хашаа барьж, зөвшөөрөлгүй газрын хэвлийд нүх суваг ухаж, манай компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон бүрэн эрхэд ноцтой халдаж байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн манай компани нь Ашигт малтмалын ашиглалтын МV-021083 тоот тусгай зөвшөөрлийн талбайд гүний уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, гүний уурхайн үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар батлуулсан. Батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу гүний уурхайн үйл ажиллагаанд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хэрэглэх юм. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлд 8.1.3-т зааснаар аймгийн Засаг дарга нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй байхаар зохицуулсан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 313 дугаар тогтоолоор батлагдсан “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм“- д тэсэлгээ хийх газраас хамгаалах аюулгүй бүсийн радиусыг 1200 метр хүртэл зайтай байхаар тогтоосон байдаг.
Түүнчлэн, тус компани нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19/30 дугаартай “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр агуулахыг байнгын ашиглалтад хүлээн авах, аюулгүйн бүс тогтоосон акт”-аар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Цагаан овоот уул далд уурхайн бүсэд 10 тоннын тэсрэх материалын агуулахыг ашиглалтад оруулсан. Гэтэл тус компанийн уурхайн 1 дүгээр ам буюу тэсэлгээний үйл ажиллагаа явуулах цэгийн аюулгүйн бүс дотор иргэн Ж.Хт гэр бүлийн хэрэгцээнд зориулж 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгогдсон нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг зөрчиж байна.
Нэхэмжлэгч Ж.Х маргаан бүхий газарт гарааш гэдэг байдлаар байшин барьж, доор нь нүх ухсан байсныг олж мэдээд хууль хяналтын байгууллагад хандсан асуудал байгаа. Түүнчлэн иргэн Ж.Х-ын зүгээс манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлох газар гаргаж өг гэсэн шаардлага удаа дараа тавьж байгаа болно.
Мөн Ж.Х нь газар эзэмших гэрээ гэдэг зүйлийг огт байгуулаагүй, Газрын тухай хуульд газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй хүнд газар эзэмшүүлэхийг хориглодог. Гэтэл Ж.Х гуай газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байхгүй учраас Ж.Х газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй юм. Иргэн Ж.Х нь өөрийн өвөлжөө гэх газартаа газар ухсан байсан, зөвшөөрөлгүй газрын хэвлийг ашиглаж байсан болох нь шүүхийн үзлэгээр нотлогдож байгаа. Энэ үйлдлийн гэмт хэргийн шинж нь нотлогдоогүй байсан ч зөрчлийн шинж нь хангалттай нотлогдсон байна гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар Ж.Х гуай хууль бусаар газрын хэвлий ухсан нь хангалттай нотлогдож байна. Нэхэмжлэгч зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй байна.
Гэтэл анхан шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй, хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх учиртай.
Нөгөөтэйгүүр ийнхүү нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасанд нийцэх юм.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаар захирамжаар Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ын 5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.Х-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсан” эсэхийг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргах ...” гэж заасанд нийцэхгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.Х нь тухайн газрыг 2 жил дараалан ашигласан эсэх, хэрэв ашиглаагүй бол тэр нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн эсэх, мөн газрын хэвлийг зөвшөөрөлгүй ашигласан эсэхийг аймгийн Засаг даргаас тогтоох ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон, тодруулбал хариуцагчаас “...нэхэмжлэгч нь өөрийн өвөлжөөний газартаа газрын хэвлий ашиглах үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулсан, газрыг зориулалтын бусаар ашигласан” гэсэн тайлбараас өөр баримт гаргаж мэтгэлцээгүй, энэ үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан нөхцөл байдлуудыг тогтоосон үндэслэлд хамаарахгүй бөгөөд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын тогтоолоор хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж алтны агууламжтай чулуу олборлож байсан гэх нотлох баримт байхгүй тул таамаг байдлаар хэрэг нээх үндэслэлгүй болохыг дурджээ.
Нэхэмжлэгчээс “...уг газраа зориулалтын дагуу 2003 оноос хойш ашиглаж байсан, ..., гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос өмнө энэ газар дээрээ малын хашаа хатгаж, өвлийн сууц, гарааш болон зоорь барьсан байсан” гэж тайлбарлан маргасан, шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт малын хашаа, өвлийн сууц, гарааш барьж, зоорийн давхрын нүх ухсан болох нь тогтоогдсон байхад хариуцагчаас “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэж байсан бол нэхэмжлэгчээс тэр талаар тодруулж, газар эзэмшихтэй холбогдуулан тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаарх нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалт нь гэрээнд заасан зориулалтын дагуу гэрээ байгуулагдсанаас хойш газраа 2 жил дараалан ашиглаагүй байхыг ойлгохоор байх боловч “газрыг гэрээнд заасан зориулалтаар ашигласан эсхүл ашиглаагүй” эсэхийг тогтоох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчид мөн үүнийг нотлох баримт байхгүй учраас хэзээ, хэнтэй байгуулсан, ямар гэрээнд заасан, ямар зориулалтын дагуу Ж.Хыг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь тодорхойгүй, маргаан бүхий актын үндэслэл нь нотлогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн зөрчил гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр урьдчилан тогтоогдсон тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн, газар эзэмшигч нь удаа дараа зөрчил гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан эсэхийг харгалзаж Засаг даргаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор зохицуулсан байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.Х нь зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраас хэтрүүлэн газар ашиглаж, газрыг зориулалтын бусаар ашигласан зөрчил гаргасан болохыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалгаж тогтоож, дүгнэлт гаргаагүй байхад газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэж үзэж, улмаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрэн гүйцэд тогтоогдож, хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй байх” гэсэн хуулийн зохицуулалт нь уг аюулгүй бүс тогтоохоос өмнөх газар олголтод хамаарахааргүй байна.
Учир нь гуравдагч этгээд “Э” ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр Цэнгэл сумын Цэнгэл нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй болж, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/523 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай буюу тэсрэх дэлбэрэх бодис хадгалах агуулахын байршлын бүсэд дахин газар эзэмших эрх олгохгүй байхаар болсон боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрх түүнээс урьд 2003 онд үүссэн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг зөвтгөх боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ