Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00277

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Сүндаръяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06589 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Сүндаръяагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б.Отгонзулд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Сүндаръяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Азжаргал,

Хариуцагч: Б.Отгонзул,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Отгонзултай 2007 оны 12 дугаар сарын 11-нд гэр бүл болж улмаар 2008 оны 12 дугаар сарын 11-нд хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш бид хоёрын дундаас 2008 оны 9 дүгээр сарын 13-нд охин О.Тэлмэн, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү О.Тэнүүн, 2014 оны 7 дугаар сарын 30-нд хүү О.Цэнгэг нар төрсөн. 2008 оноос хойш хүүхдүүд миний асрамжид байгаа. Би 3 хүүхэд болон нөхөр болох Б.Отгонзултай 7 жил хамт амьдарсан. 2009 оноос архи уун агсан тавьж, зоддог болсон. 2009 оны сүүлээр хэл амаар доромжилж, ойр ойрхон зоддог, гэр бүлээс гадуур харилцаанд ордог эмэгтэй хүнтэй болохоор нь бид салж тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдараад 9 сарын дараа охиноо бодоод буцаад нийлсэн. Тэгсэн ч өөрчлөгдөөгүй, архи ууж агсан тавьж зоддог нь хэвээр байсан. Зодохдоо толгойгоор минь хана мөргүүлж, нүүр рүү өшиглөж хутга барьж “ална” гэж айлгаж байсан. Дунд хүү болох О.Тэнүүнийг төрснөөс хойш зодох нь багасаж хардаж хэл амаар доромжлох нь улам ихэссэн. Бага хүү О.Цэнгэгийг гэдсэндээ 6 сартай байхад нь ээжийн минь гэрт, ээжийн минь хажууд зодсон. 2014 оны 12 сараас хойш хоногоор архи ууж явдаг болсон. 2015 оны 1 сараас хойш гэртээ ирэхээ больсон. 3 хүүхэддээ хоолны мөнгө өгөхгүй би ажилгүй байсан болохоор өөрийн ээжийнд ирж, тэтгэвэрийнх нь мөнгөөр амьдарч байна. Бид дөрвийг ээжийнд ирсэний дараа гэрийн минь хаалганы цоожыг сольж "Та нарын гэх юм юу ч байхгүй. Гэрээс битгий хулгай хийгээд бай" гэсэн. Б.Отгонзул нь архи уудаг, өөр хүнтэй гэр бүлээс гадуур харьцаатай болсон, гэртээ ирэхгүй олон хоногоор алга болдог, үр хүүхдүүдээ анхаардаггүй, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа, согтуу үедээ утсаар залгаж байнга хэл амаар доромжилдог. "Би гэрээслэл бичиж үлдээчихээд амиа хорлож үхлээ, гэрээслэлдээ эхнэр болох намайг үхэлдээ буруутгаж шоронд оруулна, эд хөрөнгө болох хашаа байшингаа 3 хүүхдийнхээ хэнд ч өгөхгүй, ганцхан дүүдээ өгнө" гэж биччихээр чи яахын гэж зандардаг. Эвээр ярилцах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч дандаа согтуу ирж, хэл амаар доромжлоод дайрч давшлаад байсан. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас хамт амьдарч чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн мөнгө нэхэмжилж байна. Би хүүхдүүдээ тэжээн тэтгэхийн тулд үсчиний дамжаанд суралцаж төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгийн талаар бид санал зөрүүтэй байгаа учир ногдох хэсгээ тодорхойлуулж авахыг хүсч байна. Үүнд: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 43-151 А тоотод байрлах 000259371 тоот гэрчилгээтэй, Г-2204021797 улсын бүртгэлийн дугаартай, 338 м.кв газрыг 2014 оны 5 дугаар сард 12 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг газар дээрээ 2014 оны сүүлээр 8x6 харьцаатай нийт 8 000 000 төгрөгийн үнэтэй хувийн сууц барьж ашиглалтад оруулсан. Мөн манайх 2 автомашинтай, “Сонота 2”, “Корса” маркийн машинууд юм. Хоёулаа нөхөр болох Б.Отгонзулын нэр дээр байдаг. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд зөөж ойр зуурын хэрэглээнд унаж хэрэглэдэг. “Корса” маркийн машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. Гэрлэлтээ цуцлуулан, хүүхдүүдэд хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж өгнө үү. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хувьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гэр бүлийн хүн болох Т.Сүндаръяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бодоход амьдралдаа маргалдах, санал зөрөлдөх элдэв зүйл байсан боловч нэхэмжлэлд дурдаж байгаачлан архидан согтуурч, амьдралаа алдан зодож нүдэн өөр хүнтэй болсон гэх зүйлүүд ор үндэсгүй худал юм. Хэрэв тэгэж л их зодож нүддэг байсан бол цагдаагийн байгууллагад хандсан, ядаж эрүүлжүүлэгдсэн баримт байх ёстой билээ. Миний ажлын ачаалал их байдаг, хоногоор орон нутагт суудлын галт тэргэнд хэв журам сахиулах нилээд урт хугацаа шаардагддаг ажил хийдэг билээ. Үүнийг ч манай хамт олон гэрчилнэ. Намайг гэр бүл үр хүүхэддээ хэр зэрэг халамж анхааралтай байдаг талаар миний найз нөхөд сайн мэднэ. Т.Сүндаръяагийн хувьд яагаад үр хүүхдийн ирээдүйн сайн сайхныг бодохгүй шууд салах гэж зүтгээд байгааг ойлгохгүй байна. Бид хоёр салж болно хамгийн гол нь 3 хүүхдийн минь ирээдүйн сайн сайхны төлөө бид хэн хэн нь хариуцлагатай хандах хэрэгтэй. Т.Сүндаръяа нь миний зарим хуваарьт өмчийг өөрийн санааныхаа зоргоор үнэлсэн байна. Миний бодоход арай өөр үнэтэй байх гэж бодож байна. Тэгэхлээр энэхүү нэхэмжлэлд дурдаад байгаа эд хөрөнгийг албан ёсны эрх бүхий байгууллагаар үнэлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Би УБТЗ дахь цагдаагийн хэлтэст ажилладаг, нэг үгээр төрийн байгууллагад ажилладаг, баталгаат цалинтай. Т.Сүндаръяа нь тогтсон ажилгүй, орлогын эх үүсвэр тогтворгүй байх тул 3 хүүхдийг маань чухам хэний асрамжид үлдээх нь шийдвэрлэхэд төвөгтэй тул шинжээч томилуулах нь зүйтэй. Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргахгүй. Нэхэмжлэгч эд хөрөнгийн талаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би автомашинаа шилжүүлж өгөх бодолтой байна гэжээ.

             

                  Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хилчин овогт Төмөрбаатарын Сүндаръяа, Боржигон овогт Баттулгын Отгонзул нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Отгонзулын Тэлмэн, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Отгонзулын Тэнүүн, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Отгонзулын Цэнгэг нарыг эх Т.Сүндаръяагийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Отгонзулын Тэлмэн, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Отгонзулын Тэнүүн, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Отгонзулын Цэнгэг нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, cap бүр эцэг Б.Отгонзулаар тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Сүндаръяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Отгонзулаас 93 744 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан, 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Сүндаръяад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

               Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэнд эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйлчилүүлэгч Баттулга овогтой Отгонзул нь УБТЗ дахь цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажилладаг, ажилдаа нэр хүндтэй албан хаагч билээ. УБТЗ-ын захиргаа ажилчдынхаа ар гэр, ахуй амьдралыг маш их харж үздэг тэдний үр хүүхдийн сурч хүмүүжих ирээдүйд шудрага, боловсролтой иргэн төлөвшүүлэх талаар дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ясли зэргийг нэгээр тогтохгүй ажиллуулдаг. Одоо ч энэ бүхэнд Б.Отгонзулын нэр нөлөөгөөр түүний хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжиж суралцаж байгаа билээ. Б.Отгонзулын асрамжид үлдсэн тохиолдолд цаашид дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, сургуулиа төгсөөд Төмөр замын мэрэгжлээр суралцаж ажиллаж амьдрах бүх асуудал нь нээлттэй гэж үзэх бүрэн үндэстэй байна. Гэтэл Т.Сүндэрьяа нь одоогоор ажилтай гэж байгаа боловч уг ажил нь баталгаа муутай, 3 хүүхдийг цаашид хэрхэн өсгөж хүмүүжүүлэх нь тодорхойгүй бүрхэг харагдаж байна. Б.Отгонзул нь өөрийн биеэр хуралдаанд оролцож 3 хүүхдийнхээ аль нэгийг нь өөрийн асрамжид үлдээх талаар тодорхой санал гаргаж үг хэлсэн байхад  шүүхийн шийдвэрт “Б.Отгонзул нь ямар ч маргаангүй 3 хүүхдийг Т.Сүндэрьяагийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн гэж" худлаа ямар ч яригдаагүй зүйлийг ярьсан мэтээр зохиож бичсэн нь хачирхалтай байна. Иймд анхан шатны шүүхийн хууль бус зохиож бичсэн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцэж хуульд нийцсэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Сүндаръяа нь хариуцагч Б.Отгонзулд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин О.Тэлмэн, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү О.Тэнүүн, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү О.Цэнгэг нар төрсөн байна. /хх-ийн 12-14 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх ямар нотлох баримтыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй боловч хэрэгт шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг нэмж дүгнэх замаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Отгонзул гэрлэлт цуцлуулахгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна. Мөн тэрээр шүүх хуралдаан дээр уг тайлбараа дэмжсэн байхад анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт  түүний тайлбарыг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй гэж алдаатай тусгасан, ийм тайлбар хариуцагч шүүх хуралдаан дээр гаргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Хариуцагчийн тайлбарын агуулгыг шүүхийн шийдвэрт буруу бичсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

 

Б.Отгонзул нь архи уудаг, 2009 оноос эхнэр Т.Сүндаръяаг хэл амаар доромжилдог, зоддог, зодохдоо хана мөргүүлж, нүүр рүү нь өшиглөж, хутга барьж ирж ална гэж айлгаж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасан, хариуцагч уг тайлбарыг эс зөвшөөрч тайлбар гаргажээ. Гэвч Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн  2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох” тухай бичгийн баримтад “хүчирхийлэл нь 2008 онд зодож цохиж эхэлсэн, дараа нь сургалтанд суугаад гайгүй болсон. Тэгээд хэл амаар доромжилж сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрүүд гарч байгаа, хүчирхийллийн давтамжийг 1 сар гэж, “…гэр бүлийн хүчирхийлэл даамжирах  аюултай байж болзошгүй…”, “2015 оны 01 сараас хойш тусдаа амьдарч байгаа …” гэх байдлуудыг тэмдэглэж,

Нийгмийн ажилтан шинжээчийн дүгнэлт хэсэгт: “…хохиролд эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэр илүү голлож байна, энэ нь цаашид даамжирч болзошгүй” гэснийг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүх дүгнэлтээ зөв хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримталж гэрлэлтийг цуцалсан нь хууль хэрэглээний алдаа байх боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Түүнчлэн зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг шүүх баримтлан хүүхдийн нас, хүйс, зохигчдын ахуйн нөхцөл бололцоо, эцэг Б.Отгонзулын ёс суртахууны байдал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “…Т.Сүндаръяа нь удаа дараа тус төвд хандаж үйлчлүүлж байсан” гэх тодорхойлолт, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээнд “…Б.Отгонзулаас Т.Сүндаръяад үзүүлэх сэтгэл санааны, бие мах бодь, эдийн засгийн хүчирхийлэл нь даамжирсан, хүүхдүүддээ мөнгө өгдөггүй, үл хайхардаг, үүнийг таслан зогсоох шаардлагатай” гэсэн байдлуудыг харгалзан үзэж охин О.Тэлмэн, хүү О.Тэнүүн, О.Цэнгэг нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нөгөө талаар хариуцагч Б.Отгонзул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх Хүүхдийн төлөө үндэсний газрыг шинжээчээр томилсон боловч хариуцагч тал нь дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ өөрөө татгалзжээ. /хх-ийн 63 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Харин анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2016/06377 дугаар захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч уг ажиллагааг сэргээгээгүй байхдаа шүүх хуралдааны тов мэдэгдсэн,  түүнчлэн уг товыг мэдэгдэхдээ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаагүй байсан алдаануудыг гаргасан. /хх-ийн 53-67 дугаар тал/

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээхтэй холбоотой ажиллагаанд мөн хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхийг зохигчдод олгоогүй.  /хх-ийн 64-66/,

2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хийсэн шүүх хуралдааны тэмдэглэл 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр огноологдсон нь шүүх хуралдааныг товлосон хугацаанд явуулсан гэдэг нь эргэлзээтэй. /хх-ийн 84-87/,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасан тогтоолд даргалагч гарын үсэг зураагүй байна.  /хх-ийн 44-45/,

Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

 

Том охин О.Тэлмэн нь 7 нас хүрсэн, шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоосон тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүүхдийн санал авах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагагүй  юм.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт  хууль хэрэглээний өөрчлөлтийг  оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын  14-ний өдрийн 101/ШШ2016/06589 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “… 14.1 …” гэснийг  “14.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА                                      

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                        

                                                                                                           Г.ДАВААДОРЖ