| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00020/Э |
| Дугаар | 00036 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00036
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Пд холбогдох 1932002190006 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 24, 31-ний өдрүүдэд хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Сүмбэр суманд 1985 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар
- 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан
- 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Содномцэрэнгийн П. /РД:*/
Шүүгдэгч С.П нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг хүнхэр хүр гэдэг газарт бэлчиж байсан иргэн М.Дбын 4 тооны адууг хулгайлж 24000000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газраас иргэн
Т.ЭОын 2 тооны үхрийг хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Пын өгсөн ......... 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг баянгол сумын Гонир 3 дугаар баг Хүнхэр хүр гэдэг газар бэлчиж байсан 4 тооны адууг хулгайлж Төв аймгийн Сүмбэр суманд байх өөрийн хашаанд аваачсан. Тэгээд эхлээд хоёр адууг нь янзлаад Дэнжийн мянгын захад танихгүй хүнд өгсөн. 2 хоногийн дараа үлдсэн хоёрыг нь алаад Дэнжийн мянгад аваачиж нэг ченжид өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой Сэлэнгэ аймаг Орхон сумын нутаг Мангирт гэх газраас 2 үхрийг морьтой явж байгаад хөөж өөрийн хашаанд авчраад уячихсан байж байгаад цагдаад баригдсан. Хоёр үхрийг нь зүсээр нь эзэнд нь буцааж өгсөн. 4 адууны хохиролд 24 сая төгрөгөнд тооцож 11 тооны адуу нэг портер машин өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч М.Дбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Миний хулгайд алдагдсан 2 үрээ бол хоёулаа хурдан морьд байсан юм. Хүрэн үрээ нь болохоор хязаалан насны үрээ байгаа юм. Дааган наснаасаа эхлэн уралдаж сумандаа 2 удаа айрагдсан аймгийн бүсийн уралдаанд нэг удаа айрсагдсан, аймгийн улсын баяр наадамд нэг удаа айрагдсан, овоо тахилгын наадамд нэг удаа аман хүзүүдсэн, мөн хоёр удаа аймгийн наадмаар наймаар давхисан хурдан хүлэг байсан юм. Харин бор зүсний үрээ болохоор шүдлэн насны үрээ байсан бөгөөд энэ жил уяж уралдуулаад сумын улсын баяр наадмаар түрүүлсэн, бүсийн уралдаанд айрагдсан, аймгийн баяр наадмаар зургаагаар давхисан хурдан хүлэг юмаа. Иймд би 2 үрээгээ нэгийг нь 15 сая төгрөгөөр үнэлж байна. Хоёр байдасны тухайд бол удам угшил сайн байдаснууд байсан болохоор нэгийг нь 3 сая төгрөгөөр үнэлнэ. Ингээд нийт 4 адуугаа 36 сая төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /Хх-н 24-25 дугаар хуудас/
Хохирогч Т.ЭОын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Манайх Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар баг, Мангирт гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрийн гадна байсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр алга болсон байсан...... Надад гомдол байхгүй ээ. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэхээр би үхрээ буцаагаад авсан гэх мэдүүлэг /Хх-н 125-126, 130-131 дүгээр хуудас/
Гэрч С.Ожгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг нь би сайн санахгүй байна. Тэр өдөр манай төрсөн ах С.П 95051667 дугаараас над руу залгаад ах нь хүнээс 2 адуу худалдаж авсан юм чи ирээд цуг төхөөрөөд өгөөч гэхээр нь би гэрт нь очоод цуг янзалж өгсөн юм. Ийм асуудал болсон гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/
Гэрч Б.Нхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 09 дүгээр сарын дундуур С.П миний гар утас руу залгаад би өөрийн 2 адуугаа янзлаад хот руу авч орох гэсэн юм та зав байвал машин бариад яваад өгөөч гэж ярьсан. Тэр үед нь би одоохондоо завгүй байна чи адуугаа янзлаад гарал үүслээ аваад хэл тэгээд явъя гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн оройн 23 цагийн үед С.П Ниссан блүберд маркийн цагаан өнгийн 60-59 ТӨА улсын дугаартай машинтай манай гэрийн гадаа ирээд бид хоёр Улаанбаатар хот руу яваад өглөө үүрээр Дэнжийн мянгын зах дээр очиж махаа ченж гэх хүнд өгсөн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 18-19 дүгээр хуудас/
Гэрч Т.БЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд Птай уулзахаар гэрт нь очсон юм. Намайг очиход хашааны баруун буланд 2 тооны үхэр уяатай байсан ба хөлс болж цантсан хонгор алаг зүсмийн морь уяатай байсан. Тэгээд Паас ямар учиртай үхэр болох талаар асуухад манай үхэр байгаа юм гэсэн. Тэгээд Пыг Цагдаагийн хэсэг дээр авчирч шалгахад 2 тооны үхэр нь хулгай үхэр болсон. Мангирт гэх газраас авсан болж таарсан. Тэгэхээр нь маргааш өдөр нь үхэр алдсан хохирогчийг олж тогтоон үхрийг нь хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 135 дугаар хуудас/
Хулгайд алдагдсан хүрэн зүсмийн хязаалан насны үрээг 12 сая төгрөгөөр, бор зүсмийн шүдлэн насны үрээг 9 сая төгрөгөөр, хүрэн халзан зүсмийн шүдлэн насны байдсыг 1.5 сая төгрөгөөр, халтар зүсмийн шүдлэн насны байдсыг 1.5 сая төгрөгөөр, нийт 24 сая төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний үнэлгээ хийсэн дүгнэлт /Хх-н 30 дугаар хуудас/
Хүрэн зүсмийн хязаалан насны үрээ, бор зүсмийн шүдлэн насны үрээнүүдийг өргөмжлөл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 59-71 дүгээр хуудас/
Хохирогч М.Дбд унагатай 4 гүү, нэг азарга, 1 морь, 1 портер маркийн машиныг 22500000 /хорих хоёр сая таван зуун мянга/ төгрөгөнд тооцон хохирол төлсөн баримт /Хх-н 88 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 118-123 дугаар хуудас/
Сартай хүрэн зүсмийн үнээг нэг сая төгрөгөөр, хүрэн зүсмийн үнээг нэг сая төгрөгөөр, нийт 2 сая төгрөгөөр үнэлсэн Капитал зууч ХХК-ний үнэлгээний дүгнэлт /Хх-н 142-143 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн 24 сая төгрөгийн хохирлын үлдэгдэлд нэг тооны адуу авч хохирол бүрэн төлөгдсөн гэсэн хохирогч М.Дбын тодорхойлолт зэрэг болно.
Шүүгдэгч С.П нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг хүнхэр хүр гэдэг газарт бэлчиж байсан иргэн М.Дбын 4 тооны адууг хулгайлж 24000000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газраас иргэн Т.ЭОын 2 тооны үхрийг хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Пыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ... гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгү .. гэж заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарын 2 дахь хэсэгт олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд... Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарын хоёр дахь хэсгийн хорин дөрвөн бог, найман бодоос дээш гэснийг найман бог, хоёр бод, түүнээс дээш гэж, нэг бодыг гурван богоор гэснийг нэг бодыг дөрвөн дөрвөн богоор гэж тус тус өөрчилсөн байна.
Иймд шүүгдэгч С.П нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө буюу Эрүүгийн хуульд өөрчлөлт орохоос өмнө 2019 оны 09 дүгээр сарын 12, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд бусдын 4 тооны адуу, 2 тооны үхэр хулгайлсан нь олон тооны мал хулгайлсан гэж үзэхгүй буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлсан гэж үзэх үндэслэл болж байна гэж үзэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд өөрчлөлт орохоос өмнөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэн прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Пын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Хохирогч М.Дб, Т.ЭО нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Содномцэрэнгийн Пыг бусдын 4 тооны адуу, 2 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан мах худалдаалах төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.П нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар С.Пд авсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Пд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.