| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07006/И |
| Дугаар | 5627 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 5627
| 2016 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/05627 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал Таун хотхон, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ...регистртэй, Боржигон ургийн овогт Х.Б-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж... дугаар байрны ... тоотод оршин суух, .... регистртэй, Идэр Жинчин ургийн овогт БЗ холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 291,766,667 /хоёр зуун ерэн нэгэн сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ннар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.З нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, мөн 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр тус тус зээлэн авсан. Гэрээний хугацаанд зээлийн хүүгээ сар бүр төлөх үүрэгтэй байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 17-нд Б.З-тай уулзаж тооцоо нийлсэн бөгөөд тухайн өдрийн байдлаар гэрээний үүрэг нийт зээлийн үлдэгдэл болон төлөгдөөгүй хүүний үлдэгдэл 211,066,666.67 төгрөг байв. Тооцоо нийлснээс хойш одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүнээс огт төлөлгүй зугтан, элдэв шалтаг хэлэн итгэл эвдэн өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн холбогдох заалтууд болон зээлийн гэрээнд заасныг үндэслэн 2 зээлийн үндсэн өр 80,000,000 төгрөг, нийт зээлийн хүү 171,766,667 төгрөг, тооцсон алданги 40,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 1,616,783.34 төгрөгийн хамт иргэн Б.З-аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Иргэн Б.З нь иргэн Х.Б-оос 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, мөн 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан. Энэ нь нэгдүгээрт нэхэмжлэлд дурдсан баримт, түүнтэй хамт гаргаж өгсөн зээлийн гэрээ болон хариуцагч Б.З-аас ирүүлсэн хариу тайлбараар дээрх зээлийн гэрээ байгуулагдсан, зээлж авсан гэдэг нь нотлогддог. Гэрээний хугацаанд зээлийн хүүгээ сар бүр төлөх үүрэгтэй байсан ч Б.З гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талууд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 60,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг нийт 80,000,000 төгрөгийн гэрээн дээр талууд тооцоо нийлсэн бөгөөд 60,000,000 төгрөг зээлсэн гэрээний дагуу тооцоо нийлэхэд зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 60,000,000 төгрөг, төлөгдөөгүй хуримтлагдсан хүүний үлдэгдэл 96,700,000 төгрөг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 60,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн үлдэгдэл 156,700,000 төгрөг байна гэж тооцоо нийлсэн. Мөн өдрөө 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу тооцоо нийлсэн. Уг тооцоогоор зээлийн үндсэн төлбөр болох 20,000,000 төгрөг, төлөгдөөгүй, хуримтлагдсан хүү 44,266,667 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 74,266,667 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн байдаг. 2015 оны 11 дүгээр сараас хойш төлбөрөө төл гэдэг шаардлагыг Б.Зоригтсайханд тавьсан боловч утсаа салгаад алга болсон учир аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Алдангийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээ 3 сарын хугацаатай байсан бөгөөд уг хугацаанд үндсэн зээлээ төлөөгүй учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангиа тооцсон гэв.
Хариуцагч Б.З шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Х.Б нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн үндсэн төлбөр 80,000,000 төгрөг, хүүнд 171,766,667 төгрөг, алдангид 40,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,616,783.34 төгрөг, нийт 291,766,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 60,000,000 төгрөг, 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийг тус тус зээлж зээлийн гэрээг байгуулж, нийт 80,000,000 төгрөг зээлж авсан билээ. Уг гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд буюу 3 сарын хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацааны хүүг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.З би иргэн Х.Б-оос мөнгө зээлсэн болохоос Банк, эсхүл Банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлээгүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл хугацааны хүүг төлөх үндэслэлгүй юм. Миний хувьд бизнесийн үйл ажиллагаа дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалан доголдолтой байсан хэдий ч зээлийн гэрээний хүүнд 40 гаруй сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлж байсан. Тиймээс 2011 оны зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийн 3 сарын хүү, 2012 оны зээлийн гэрээний 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүг бүхэлд нь бүрэн төлсөн учир хүүнд нэмж мөнгө төлөх үндэслэлгүй юм. Түүнчлэн зээлийн гэрээнийх үүг бүхэлд нь төлсөн учир урьд төлсөн мөнгөнөөс зээлийн гэрээнүүдийн хүүгийн төлбөрийг хасч, үлдэх төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Үлдэх төлбөрийг боломжтой болмогцоо төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариу тайлбарыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 60,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж авсан. Мөн 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 20,000,000 төгрөгийг мөн 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Б.З нь 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүүгийн хамт 69,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийн хувьд хүүгийн хамт 23,000,000 төгрөг нийт хоёр зээлийн гэрээний дагуу 92,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь үнэн. Хүүг харин тогтсон хугацаандаа бүрэн төлсөн. Б.З зээлийн гэрээний дагуу увуулж, цувуулсаар нийт 56,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б өгсөн бөгөөд 92,000,000 төгрөг төлөхөөс төлсөн 56,000,000 төгрөгөө хасаад 35,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Талууд зээлийн гэрээгээр алданги төлөхөөр тохирсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоод үлдэгдэл 35,000,000 төгрөгийн 50 хувь 17,500,000 төгрөгийн алданги, үндсэн зээл 35,000,000 төгрөг нийт 52,500,000 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.З-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 80,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 171,766,667 төгрөг, алдангид 40,000,000 төгрөг, нийт 291,766,667 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.З болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлдүүлэгч Х.Б-той байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссанаас хойш дахин сунгаагүй учир хүүгийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу зээл болон зээлийн хүүд төлөгдсөн 57,000,000 төгрөгийг хасч, үлдэх зээлийн төлбөрийн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, бүгд 52,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Талууд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдэгч Б.З нь “Онлайн датен систем” ХХК болон “Өүлэн менч” ХХК-иудын түншлэлийн ХХААХҮЯ-нд “Хөдөлмөр хамгааллын хувцас нийлүүлэх” МЭТШ/2011/03-V багц тоот тендрийн ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэнд зориулж зээлдүүлэгч Х.Б-оос 60,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээнд заасан хугацаанд зээлээ тооцогдсон хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үндсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө 60,000,000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн байна. /хх 4/
Үүний дараа 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр дахин “Зээлийн гэрээ” байгуулан, Б.З нь “Баз-Асар” ХХК-ийн үйл ажиллагааны санхүүжилтэнд зориулж 20,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Х.Б-оос зээлж, гэрээг 3 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэй, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөөгүй үндсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. /хх 5/
Дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй байна.
Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний ерөнхий нөхцөл болон зээлдэгчийн гэрээний дагуу нийт төлсөн 57,000,000 төгрөгийн талаар маргахгүй боловч зээлийн гэрээнүүдийн хугацаа сунгасан эсэх, гэрээнд заасан хугацаа дууссанаас хойш хүүгийн төлбөр төлсөн эсэх талаар өөр өөрөөр тайлбарлан маргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талууд Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш амаар тохиролцсоны дагуу хугацаа сунгагдаж, хүү төлж явсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй 2015 оны 11 дүгээр сарын 17-нд тооцоо нийлснээр 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны хүүгийн төлбөр шаардсан гэж тайлбарлана.
Хариуцагчийн зүгээс Зээлийн гэрээг сунгасан талаар тодорхой баримтгүй бөгөөд гэрээнүүдийг сунгаагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш хийгдсэн төлөлт үндсэн зээлээс хасагдах ёстой, мөн зээлийн гэрээг Банк, банк бус санхүүгийн байгууллагатай биш, харин иргэд хооронд хийгдсэн учир зээл ашигласан хугацааны хүү шаардах эрхгүй гэж тайлбарлана.
2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.З нь зээлдүүлэгч Х.Б-д үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүүд 9,000,000 төгрөг, нийт 69,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бол,
2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг зээлийн хүү 3,000,000 төгрөгийн хамт, нийт 23,000,000 төгрөг тус тус төлөх үүрэг хүлээжээ.
Хариуцагч Б.З 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 21-ээс 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 9,000,000 төгрөгийг төлж, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 37,000,000 төгрөг төлж, нийт 46,000,000 төгрөгийн төлөлт хийсэн байна.
Мөн 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээний хугацаанд төлөгдвөл зохих зээлийн хүүнд 3,000,000 төгрөгийг төлж, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 8,000,000 төгрөг төлж, нийт 11,000,000 төгрөгийн төлөлт хийсэн болох нь талуудын хийсэн “Зээл, зээлийн хүүгийн тооцоо” гэх баримтаар тогтоогдож байна. /хх 6-7/
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талуудын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн “Зээл, зээлийн хүүгийн тооцоо” гэх баримтаар хариуцагч Б.З-ыг зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч уг баримтуудад зээлийн гэрээнүүдийн хугацаа сунгасан талаар талуудын тохиролцоо тусгагдаагүй, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөгдөх огноог 2012 оны 2 дугаар сарын 21 гэж, дараагийн буюу 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөгдөх огноог 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэж тус тус бичигдсэн байгаагаас дүгнэхэд талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байх тул зээлдүүлэгч нь гэрээнд зааснаас илүү хугацааны хүүгийн төлбөр шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...” гэж заасны дагуу талууд зээлийн гэрээнүүдийг бичгээр үйлдэж, хүүгийн төлбөрийг тохирсон байх бөгөөд гэрээний хугацааг амаар сунгахдаа тухайн сунгасан хугацаанд хүүгийн төлбөрийн нөхцлийн талаар бичгээр тохиролцоогүй бол зээлдүүлэгч нь хүү шаардах эрхээ алдана.
Зээлдэгч нь зээлдүүлэгчид нийт 92,000,000 /үндсэн зээл 80,000,000, хүү 12,000,000/ төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс 57,000,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар болон тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон тул үндсэн зээлээс төлөгдөөгүй 35,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээнүүдийн 5 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг 35,000,000 төгрөгт ногдох алдангид 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг зээлдүүлэгч Х.Б нь зээлдэгч Б.З-аас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэн, илүү нэхэмжилсэн 239,266,667 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... регистртэй, . ..жинчин ургийн овогт Б.З 52,500,000 /тавин хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 239,266,667 /хоёр зуун гучин есөн сая хоёр зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоон/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,616,783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 420,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА