| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00048/Э |
| Дугаар | 00050 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.БЭ
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Бд холбогдох 1932002330002 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 * тоотод оршин суудаг, урьд нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлэхийг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №799 дугаартай шийтэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/*/ Боржигон овогт Алтанцэцэгийн Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Галсанбулагийн ам гэх газар “Зил-131” загварын “03-84” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн татагчийг ажиллууласны улмаас Л.Ббын дээрээс мод унаж, улмаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: ... 2019 оны 12 сарын 02-ны өглөө эндээс дөрвүүлээ гарсан. 9 өнгөрөөд шатахуун түгээх станцаас бензин аваад уул руу гараад Цтг аваад, Цвийг аваад Ср эгчийн дэлгүүрээс хүнсээ авчихаад ууланд очоод дугуйндаа гинжээ хийгээд модондоо хүрэхийн алдад машин хий эргээд явахгүй байсан. Зун ч гэсэн өлгөдөг байсан мод байдаг. Тэндээс тороос татаж сунгаад өлгөөд татаад удаагүй, тороос чангараагүй байтал мод унасан. Би дохио дуугаргасан. Араас нь Цт хашгирсан гэсэн. Би тэр хашгирсаныг машин дотроос сонсоогүй. Тэр үед мод нь яг бид хоёрын дээрээс чиглээд ирсэн, би доошоо суучихсан, тэгээд талтийгаачийн хаана цохисныг би хараагүй. Үзүүр нь яг машины копуданд таарах шиг болсон. Би тэгээд буугаад иртэл талийгаачийн хамраас цус гарчихсан. Цг яг эргүүлчихсэн барьчихсан байсан. Тэгээд бид хоёр дуудаад талийгаач дуугараагүй. За, за эмнэлэг, цагдаа дуудъя болохоо байлаа гээд бид хоёр цагдаа дуудсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.БЭ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би энэ мэдээг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагт сонссон. Зл гэдэг эгчээс сонссон. Би хүүхдүүдээ аваад сургууль цэцэрлэгээс нь аваад явж байхад Зл эгчээс сонссон. Танай нөхөр чинь ууланд явж байгаад өнгөрчихлөө гэж хэлсэн. Би 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрөөд хүүтэй болсон. Тэр үед 5 сартай жирэмсэн үлдсэн. Би Дарханд төрсөн. 2013 оны 10 дугаар сарын 25-нд охин Ббын Нм, 2016 оны 10 дугаар сарын 26-нд Ббын Анударь, 2020 оны 04 дүгээр сарын 06-нд хүү Ббын Тогтуун төрсөн. Би одоо оршуулгын зардлаа, банкны зээлийг нэхэмжилж байгаа. Нөхөр маань ажиллаж байсан бол энэ мөнгөнүүдийг хийчих байсан. Би өөрөө орлогогүй, ажилгүй хүүхдээ харж байгаа болохоор чадахгүй байгаа. Оршуулгын зардал 8,154,965 төгрөг, банкны зээл болохоор 20,192,517 төгрөг гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: ... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн нутаг дэвсгэр Галсанбулагийн ам гэх нэртэй газар байх ба уг газар нь уулын ам өгсөөд 2 км орчим яваад Зил-131 маркийн 03-84 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урд зүгт уул өөд өгссөн байдалтай, зүүн урд дугуйны дэргэд 30 гаруй насны эрэгтэй хүний цогцос байснаар үзлэгийг эхлүүлэв. ... Уг унасан мод нь 13 метрийн урттай 31 см-н голчтой хуурай шинэс төрлийн мод байх ба уг мод нь дотор талаас өгөршсөн байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ... Модны суурьнаас бэхлэгдсэн тросс буюу төмөр уяа нь Зил-131 маркийн 03-84 СЭА тээврийн хэрэгслийн урд байрлах татагчтай холбогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Талийгаачийг анх цохиж гэмтээсэн хэсгийг А цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг цэгийг модны хагарч бутарсан байдал болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн сонгов. ... Уг тээврийн хэрэгслийн копудны зүүн урд хэсэгт 60х52 см-н талбайг хамарсан хонхорхой үүссэнийг “1” тоогоор, бүхээгний дээвэр дээр байх 3 гэрэлний зүүн талын гэрэл хагарсан байсныг “2” тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас зүүн тийш метрийн 30 орчим насны эрэгтэй хүний цогцос толгой хэсэг нь урд зүгт харсан, дээш харсан, дээгүүрээ хүрэн өнгийн хантааз, цэнхэр өнгөтэй цамц, доогуураа хар өнгийн өмд, хөлөндөө түрийтэй хар гутал байх ба нүүр толгойны орчим цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. “Б” үсгээр тэмдэглэв. Үзлэгийн явцад талийгаачийг цохиж гэмтээсэн гэх модны аль хэсгээр цохигдсоныг тогтоох зорилгоор үзлэг хийхэд цусаар бохирлогдсон модны хэсэг байгаагүй бөгөөд уг 13 метр урт модыг эд мөрийн баримтаар хураан авахад овор хэмжээний хувьд том байсан тул хурааж аваагүй болно. Үзлэгийн явцыг “Nikon” маркийн гэрэл зургийн аппаратаар 29 хувь гэрэл зураг авч, 123 секундын дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлэв /ХХ-ийн 4-10 дугаар хуудас/.
Хохирогч Г.БЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 12 сарын 02-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 03-84 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй модонд явна гээд гарсан. Тухайн өдөр Цл, Б, Цвээ нарын хамт модонд явна гэж байсан. Тэгээд л явсан орой нь би түүнийг нас барсан талаар нь мэдсэн. Надад уг хэрэгтэй холбоотой өөр шалгуулах зүйл байхгүй. Талийгаачийн оршуулгын зардал нь 7-8 сая орчим төгрөг болсон байх баримтыг нь хэрэгт хавсаргахаар өгөх болно. Мөн би ажил хөдөлмөр хийдэггүй. Л.Бб л ажил хийж хоёр хүүхэд бид 3-г тэжээдэг байсан. Хаан банкнаас 20 гаруй сая төгрөгний цалингийн зээл авсан. Уг зээлийг одоо хэн төлөх тодорхойгүй байна. Үүнийг бас нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/
Иргэний хариуцагч, гэрч Ч.Хс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгээд дахиж яваагүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр явахдаа ийм асуудал гарчихлаа уг асуудалд маш их харамсаж байгаа. Гэхдээ би талийгаач Л.Ббын ар гэрийнхэнтэй уулзаж ярилцсан. ... 2019 оны 08 дугаар сард Л.Бб манай аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ хийсэн. Л.Бб манай аж ахуй нэгжид жолоочоор ажиллаж мод бэлтгэж өгөх үүрэгтэй. ... 2019 оны 08 дугаар сард ганц нэг удаа явж байгаад ой хаасан, ой хааснаас хойш яваагүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай хөрөө рамд явахаар ирээд манай нөхөр Хүслэнтэй уулзсан байсан. Тэгээд явуулахаар болоод гоожинг нь өгсөн юм байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 41, 46 дугаар хуудас/
Гэрч Т.Цл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Л.Бб ах өөрийнхөө Зил-131 маркийн 03-84 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ А.Б ахыг хажуудаа суулгасан манай гэрт ирж намайг авсан. Бид 3 Цвийг гэрээс нь очиж аваад шатахуунаа аваал гарах гэтэл нөгөө колонк нь өгөхгүй өөр колонкоос аваад гарах гэсээр 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсанбулаг гэх газрын Галсанбулагийн амнаас мод бэлтгэхээр гарсан. Уулын амны эхэнд очоод уул өгсөх тул машины дугуйнд гинжээ хийгээд дээшээ өгссөн. Тэгээд нөгөө үйл явдал болсон газар очоод машины дугуй хий эргээд дээшээ гарахгүй байхаар нь модонд татагчныхаа троссыг бэхэлж татахаар болсон. Ингээд машины харалдаа байсан модноос троссоо бэхлээд татсан. Л.Бб ах машины татагчийн дэргэд татагчныхаа троссыг хувилаас нь гаргахгүй гээд троссноос бариад байж байсан. Тэгээд татагчны троссыг чангалаад дамар нь ганц хоёр эргэсэн үү яасан тэгсэн нөгөө мод унасан. Цв модны доор байж байгаад хажуу тийшээ үсэрсэн. Л.Бб ах машины урд зогсож байсан хараагүй. Тэгсэн дээрээс нь унасан. Ослын дараа яваад очтол хамар, амнаас цус гараад ярьж чадахгүй хэсэг байж байснаа нэг амьсгаа авах шиг болоод нас барсан. ... Зил-131 маркийн 03-84 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.Б ах жолоодож явсан татагчаар татах үед мөн А.Б ах татсан. Тэгээд мод унасан даа. ... Машины жолооч Л.Бб ах компанитай ярьсан байх “Итгэлт Ой” ХХК-ийн ойн сангаас хуурай шинэс төрлийн мод бэлтгэхээр явсан. Ажлын хөлсөө би Л.Бб ахтай хийнэ нэг явахад 60.000 төгрөг байдаг юм. Жолооч нь компанитай тооцоо хийж мөнгөө авчихаад бид нарт ажлын хөлсийг өгдөг юм гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/
Гэрч Н.Цв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Ингээд 10 цаг өнгөрч байхад уулын амны эхэнд очоод машиныхаа дугуйнд гинжээ хийгээд уул өөд өгссөн. Энэ үед машиныг А.Б ах барьж явсан. Ингээд хэрэг болсон газар ирэхэд машины дугуй хий эргээд зогссон. Бид нар машины татагчаар модноос бэхэлж татахаар болоод машины харалдаа байсан хоёр модны арын нойтон модноос би троссоо хийх гэсэн чинь талийгаач Л.Бб наад мод чинь машинаас ташуу юм байна. Татахаар машин эвдэрчихнэ урд талынх нь модноос бэхэл гээд нөгөө унасан модноос бэхэлсэн. Тэгээд жолооч татаж эхэлсэн чинь мод хугарч унах гээд дуугарахаар нь би үсэрч холдоод хөөе мод унаж байна гэж хэлтэл А.Б ах машиныхаа дуут дохиог дуугаргасан. Тэгсэн Л.Бб анзаараагүй модонд цохиулсан. ... Би энэ нутгийн хүн бишээ мод сайн мэдэхгүй. Талийгаач Л.Бб наад талын модноос бэхэл гэхээр нь бэхэлсэн. Тэгээд машиныг жолоодож явсан А.Б ах татагчийг нь татсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 44 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №38 дугаартай дүгнэлт: ...
1. Талийгаач Л.Ббын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, хуйханд язарсан шарх, хуйхны доод гадаргуу, зүүн чамархайн булчинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.
4. Учирсан гэмтэл нь үхэлд хүргэсэн бөгөөд талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
5. Л.Ббын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Хими, билогийн шинжилгээний хариуг хавсаргах /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 53-61 дүгээр хуудас/
Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээ /ХХ-ийн 12 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 3 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 78 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 82 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 85-91 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Итгэлт ой ХХК-ны модыг татахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Галсанбулагийн ам гэх газар “Зил-131” загварын “03-84” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа ууланд очоод дугуйндаа гинжээ хийгээд модондоо хүрэх замд машин дугуй хий эргээд явахгүй байсан тул урьд нь троссоо өлгөдөг модноос тросс татаж машины татагчийг ажиллууласны улмаас Л.Ббын дээрээс мод унаж, улмаар амь хохирсон гэм буруутай болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-10 дугаар хуудас/, Хохирогч Г.Болор-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/, Иргэний хариуцагч, гэрч Ч.Хсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 41, 46 дугаар хуудас/, Гэрч Т.Цлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/, Гэрч Н.Цвпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №38 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 53-61 дүгээр хуудас/, Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээ /ХХ-ийн 12 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 3 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос шүүгдэгч А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.
Шүүгдэгч А.Б нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ... Эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдууллаа.
Шүүхээс үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хор уршигийн байдал зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Бын үйлдсэн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” дээрх гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон нь шууд учирсан хохирол 31 настай иргэн, эрэгтэй Л.Бб нь амь хохирч , түүнийг оршуулахад гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаварт буюу хор уршигт тооцогдох юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохиролд цалингийн зээл 20 сая төгрөг, оршуулгын зардалд 8154965 төгрөг ннэхэмжилсэн бөгөөд цалингийн зээл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэлэлцэхгүй үлдээж, оршуулгын зардал 8154965 төгрөгнөөс иргэний хариуцагч Итгэлт–ой ХХК-иас төлсөн 700,000 төгрөг, шүүгдэгч А.Бас төлсөн 1100000 төгрөгийг хасч үлдэх 6354965 төгрөгийг иргэний хариуцагч Ч.Хс захиралтай “Итгэлт ой” ХХК-иас гаргах зүйтэй байна. ХХ-ийн 12 талд “Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээг” Итгэлт-Ой ХХК-ийн захирал Чулуунбат овогтой Хстэй байгуулсан гэрээ авагдсан уг гэрээнд нас барагч Л.Ббын гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 938 тоот дүгнэлтэнд “Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээнд зурагдсан гарын үсэг нь Л.Ббын гэх гарын үсэгтэй тохирохгүй байна /ХХ-158-165/ дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг гэрээг болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Д.Бямбасүрэн нь /ХХ-69-70/ .. Шаардлага хангаагүй татагчийг ашигласан нь осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа зөрчигдөөгүй тул ямар нэгэн ажилтан хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт үгүйсгэгдсэн ба ХХ-ийн 172 талд авагдсан улсын байцаагч Д.Бямбасүрэнгийн дахин гаргасан дүгнэлтээр ... ажил олгогчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хянаж гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чадаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ зөрчигдсөн байна гэсэн дүгнэлтээр иргэний хариуцагчаар /ХХ—ийн 13/ улсын бүртгэлийн 1311004090 дугаартай Итгэл-Ой ХХК-ийг хариуцагчаар татсан нь хуулийн үндэслэлтэй бөгөөд гэм хорын хохиролыг хариуцан төлүүлэх нь зүйтэй болно.
Иргэний хариуцагч “Итгэлт-Ой” ХХК нь эрүүгийн хэрэгт нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн асуудалд Прокурор анхааралдаа авч хариуцлага тооцох нь зүйтэй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Бас тэтгэвэр, цалингийн зөрүү /2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны/ болох 649925 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.БЭд олгох мөн шүүгдэгч А.Бас тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон цалингийн зөрүүд тооцоолбол /цалин 1066568 төгрөгийг 5 ам бүлд хуваахад нэг хүнд 213314 төгрөг 3 хүүхдэд 639940 төгрөг түүнээс тэтгэвэр 509955 төгрөгийг хасч тооцоход зөрүү 129985 төгрөг /Нэг хүүхдэд 43328 төгрөг, 3 хүүхдэд буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Нм, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Анударь, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Тогтуун нарт сар бүр 129985 төгрөгийг гаргаж, бага хүүхэд болох 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Тогтууныг 18 нас хүртэл тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Ч.Хс захиралтай “Итгэлт ой” ХХК-иас оршуулгын зардалд 6,354,965 төгрөгийг гаргуулж хохирогчийн хуль ёсны төлөөлөгчид олгох нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цалингийн зээл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэлэлцэхгүй үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцэцэгийн Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “Итгэлт ой” ХХК-иас оршуулгын зардалд 6,354,965 төгрөг гаргуулж, шүүгдэгч А.Бас тэтгэвэр, цалингийн зөрүү болох 649925 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.БЭд олгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 4.1-д зааснаар Шүүгдэгч А.Бас тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон цалингийн зөрүүд хүүхдэд тус бүрт 43328 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Нм, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Анударь, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Тогтуун нарыг 18 нас хүртэл бүгд 129985 төгрөгийг сар бүр гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.БЭд олгосугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг мөн хохирогчийн цалингийн зээл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэлэлцэхгүй үлдээсэнг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.Бын эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.