| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 101/2016/06025/И |
| Дугаар | 5657 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 5657
| 2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2016/05657 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 90 дүгээр байрны ...тоотод оршин суух,..... регистртэй, Л ургийн овогт Б.З,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, .. дүгээр байрны .. дугаар давхарт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ... регистртэй “Мон Топ Трейд” ХХК-д холбогдуулан гаргасан,
Орон сууцны талбайн хэмжээний зөрүүнд 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Мон Топ Трейд” ХХК-тай өөрийн нөхрийн хамт “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулсан. Уг гэрээнд зааснаар 1 м.кв тус бүр нь 2,300,000 төгрөг бүхий 56,78 м.кв байрыг худалдан авахаар заасан. Бид 65,563,000 төгрөгийг бэлнээр төлж, Ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд 2 жил 9 сар орчим үндсэн төлбөр болон ногдох хүүг төлж байна. 2015 оны өвөл 12 дугаар сард байраа зарах гээд хүмүүст үзүүлэхэд хэмжээндээ хүрэхгүй байна гэхээр нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Уран Асар” ХХК барилга төслийн байгууллагаар мэргэжлийн багажаар өөрийн байранд хэмжилт хийлгэхэд 6 м.кв дутуу буюу 50,77 м.кв хэмжээтэй болохыг олж мэдсэн. Энэ тухайгаа “Мон Топ Трейд” ХХК-д мэдэгдсэн боловч “тийм зүйл байхгүй, бид өөрийн хамтран ажилладаг байгууллагаар дахин хэмжилт хийлгэнэ” гэж мэдэгдээд хийлгэсэн нь мөн 6 м.кв дутуу байсан. Хариуцагч компани энэ байдлыг мэдэж бид удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй байна. Манай нөхөр барилгын мэргэжилтэй бөгөөд анх байранд ороход л “хэмжээндээ хүрэхгүй байх шиг байна” гэж ярьж байсан. Тухайн үед биднийг байр авах үед барилгыг улсын комисс хүлээн авсан, ашиглалтанд орсон байсан. Нэгэнт гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа учир байрны зөрүү м.кв-ын 13,823,000 төгрөг, мөн энэ зөрүү хэмжээнд ногдох орон сууцны зээлийн хүүгийн төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаагаар тооцож 4,177,000 төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 18,000,000 төгрөгийг хариуцагч “Мон Топ Трейд” ХХК-иас шаардаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.З нь “Мон Топ Трейд” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Уг орон сууцыг худалдан авах үед зургийн компаниар хэмжилт хийлгэж, батлуулсан зургийг үндэслэн талууд гэрээ хийсэн. Гэтэл одоо хананаас ханын хооронд хэмжилт хийлгэж талбайн зөрүү тооцсон байна. Анх худалдах, худалдан авах гэрээ хийх үед хананаас ханын хооронд хийх боломжгүй хэмжилт байсан. Тохирсон ёсоор үнэ хөлсөө өгөлцөж авалцсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.З 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулсан боловч тухайн орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн, ашиглалтанд орсон байсан учир талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээний талаар үндэслэл заан маргахгүй, худалдан авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан учир гомдлын шаардлага гаргах эрхгүй. Мөн хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч “Мон Топ Трейд” ХХК-д холбогдуулан, орон сууцны талбайн зөрүү болон гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 17,140,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч “Мон Топ Трейд” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан о/с-35 дугаар “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулагдаж, захиалагч Б.З нь гүйцэтгэгч “Мон Топ Трейд” ХХК-иас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Тэнүүн апартмент”-ийн ... давхар орон сууцны .. давхарт тоот дахь 56,78 м.кв талбайтай ... өрөө орон сууцыг, 1 м.кв-ийг 2,300,000 төгрөгөөр тооцон нийт 130,594,000 төгрөгөөр худалдах, гүйцэтгэгч нь орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан үүрэг хүлээжээ. /хх 81-86/
Нэхэмжлэгч Б.З нь гэрээ байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны төлбөрийн урьдчилгаанд 65,594,000 төгрөгийг бэлнээр төлж, Худалдаа хөгжлийн банктай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан зээлснээр үлдэгдэл 65,000,000 төгрөгийг төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бол, хариуцагч “Мон Топ Трейд” ХХК нь Улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж ... дүгээр байрны . ..тоот дахь 56,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлснээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээ олгогдсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалгаар барих тухай гэрээ, орон сууцны зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 32-47/
Маргаан бүхий орон сууцны барилгыг 2012 оны 6 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусган, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/210 тоот актаар мөн өдрөөс үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ. /хх 116-117/
Талууд гэрээгээ “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууцыг гэрээ байгуулахаас өмнө улсын комисс хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд худалдах эд хөрөнгийн байрлах давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ зэргийг гэрээнд тодорхой заасан, тохирсон үнийг төлөх тохиролцоо хийгдсэн байгаа нь тэдний хооронд байгуулагдсан гэрээ “орон сууц худалдах, худалдан авах” гэрээний шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Зохигчид гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний үнэ болон хугацаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй боловч нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг гэрээнд заасан 56,78 м.кв талбай бүхий хэмжээнд хүрэхээргүй орон сууцыг, тодруулбал, 6 м.кв-аар дутуу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учир уг доголдолтой талбайн зөрүү 13,823,000 /2,300,000 төгрөг х 6 м.кв/ төгрөгийг, мөн гэрээнээс учирсан хохирол буюу талбайн зөрүүнээс банкинд илүү төлсөн зээлийн хүүгийн 3 жилийн хугацааны төлбөрийн зөрүү 3,317,520 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Харин хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Б.З нь орон сууцыг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нөхөр барилгын мэргэжилтэй, гэрээ байгуулах үед амаар хэлж байсан гэх боловч орон сууцыг хүлээн авч, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас буюу 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2014 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд ямар нэг шаардлага гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд, гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заажээ.
Талуудын байгуулсан гэрээнд маргаан бүхий орон сууцыг 56,78 м.кв талбайтай байхаар харилцан тохиролцсон байх боловч энэ хэмжээнд хүрэхгүй, тодруулбал, Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартын дагуу нийт 50,63 м.кв талбайтай болох нь шүүхээс шинжээчээр томилогдсон “Эм Эм Инженеринг” ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх 94-98 /
Гэвч худалдан авагч Б.З нь орон сууцаа хүлээн авч, өөрийн өмчлөлд шилжүүлэх үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар буюу гэрээнд заасан хэмжээнд хүрч байгаа эсэх талаар эргэлзээ төрсөн гэж тайлбарлах бөгөөд энэ үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдана.
Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Б.З-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мон Топ Трейд” ХХК-иас 17,140,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА