| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00051/Э |
| Дугаар | 00051 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа
Шүүгдэгч Г.Г, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Г, Б.Н нарт холбогдох 2032000000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшны операторь мэргэжилтэй, Дорноговь аймагт “Ачир” ХХК-д ковшны операторь ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Дэнжийн №23 тоотод оршин суух хаягтай. Ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг. Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Бямбабаярын Н.
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэр 5 дугаар баг, Сайрын №14 тоотод оршин суух хаягтай. Ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг. Ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /*/ Эрхий мэргэн овогт Гантөмөрийн Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Н, Г.Г нар нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт байрлах гүүрний орчим харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Түнхэл тосгоны халуун усны газар дүү Өсөхбаярыг тосох гэж очтол Н надтай таараад машиныхаа цонхыг онгойлго гэхээр нь машиныхаа цонхыг онгойлготол, чи муу их том болчихжээ дээр дуудахад ирдэггүй юм уу? Гээд намайг машинаас буулгаж энгэрээс заамдаж аваад хаана чинь цохих бэ? чамайг гэж хэлчихээд өнөө орой надтай уулзаарай гээд яваад өгсөн. ... Би 2 дүүгээ хараад гарч ирэхээр нь суулгаад харих гээд явж байгаад Хараа голын ойролцоо Нтай таарсан. Н машины гэрлээрээ дохиод зогсоосон. Намайг машинаасаа буугаад Н дээр очиход Н машинаасаа бууж ирээд ирсэнээ намайг шууд барьж авч боогоод толгойн зүүн хэсэгт эхлээд хальт цохисоноо хавирч унагаснаа татаж босгож ирээд намайг боогоод чи унана шдээ гээд байсан. Би Ны өөдөөс нүүрийг нь хальт самардахад Өсөхбаяр салгасан. ... Тэгсэн Н дахин барьж авч баруун чих рүү цохиход миний нүд харанхуйлаад явсан намайг доош тонгойход Н толгой дээрээс хэд хэдэн удаа цохисон. ... Мөнх-Ирээдүй толгойн арын хэсэгт нэг л удаа гараараа цохисон. ... Н надад гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дугаар хуудас/
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16-аас 17 цагийн орчим Түнхэлийн төвд Халуун усны газрын ойролцоо Гтой тааралдсан. ... Дараа нь 20-30 минутын дараа намайг Хараа голын том гүүрний уулзвар дээр туслах замаас орж ирэхэд Г төв замаар ирээд миний урдуур хөндлөн зогссон. Тэгээд машинаасаа дүү Өсөхөө, Хас нартай бууж ирээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлж заамдаад хэсэг маргалдсан. ... Г шууд миний хамар луу гараараа цохисон. Намайг хамраа дараад доош болоход араас толгой руу гараараа цохисон. Би Гыг заамдаж аваад баруун гараараа зүүн чих, шанаа тус газар нь 2-оос 3 удаа цохисон. Халуун усны гадаа Г машины төмрөөр гар луу хальт цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч А.Хас мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Түнхэл тосгонд 17 цагийн үед найз Өсөхбаярын хамт нийтийн халуун усанд ороод гарч ирээд найз Гонтогтох руу залгаж яриад ирээд авахыг гуйсан. ... Удалгүй Г өөрийн машинтай ирээд бид хоёрыг суулгаад гэрт хүргэж өгөхөөр хөдлөөд явж байтал “Toyota Prius-20” маркийн машинтай Н замд таараад гэрлээрээ дохиж зогсоосон. ... Н Гыг заамдаж байгаад хавсарч унагаад дээрээс нь боогоод дарсан. Тэгтэл Г, Ны нүүр лүү самардах шиг болсон. Ны хамраас бага зэргийн цус гарсан. ... Н Гыг заамдаад толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь бид гурав очоод салгасан. Н бид нар луу машины түлхүүр шидчихээр нь Мөнх-Ирээдүй хамт аваад явсан. ... Мөнх-Ирээдүй бид нарыг цохиж зодоогүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Н.Өсөхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний орой Хас бид хоёр халуун усанд орчихоод Гоор машинтай нь ирж авахуулсан. ... Явах замд Хараа голын гүүрний ойролцоо Н машиныхаа гэрлээр дохиж зогсоосон. Н Гыг заамдаж аваад цохиод хавсарч унагасан. ... Энэ үед Гын царай улайгаад сонин болж ирээд Ны нүүрийг самардсан. Тэгэхэд Ны хамраас цус гарсан. ... Энэ үед Мөнх-Ирээдүй ирээд Г руу гүйж очоод дайрах шинжтэй болохоор нь би араас очоод Мөнх-Ирээдүйг тэвэрч аваад зууралдах үед хажууд Н Гыг дээрээс нь дарсан байдалтай толгой руу цохиод байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №58 дугаартай дүгнэлт: ...
1. Б.Ны биед хамрын ясны хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №56 дугаартай дүгнэлт: ...
1. Г.Гын биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цоорлын эргэн тойрны ирмэгээр, мөн алхны бариул хэнгэргийн хальсны хүйсэн дээр цусархаг тав, хүзүүний доод хэсэгт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/
Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Ны нүүрийг нь хальт нэг л удаа самардсан. Тэгэхэд хамраас нь цус гарсан. ... Хүргэн ахаас болж нэг удаа утсаар маргалдаж байсан. ... Намайг энд тэнд явж байхад Н байнга дээрэлхэж цохих гээд гараараа зангаж далайж байдаг. ... Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 45 дугаар хуудас/
Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 04 дүгээр 01-ний өдөр 16-аас 17 цагийн үед Түнхэлийн төвд Халуун усны газрын ойролцоо Г бид хоёр машинтай явж байгаад тааралдсан. ... Тэгээд машинаасаа бууж ирээд уулзахдаа би эхлээд Гыг чи их том болчхож ээ гэхэд Г чи өөрөө яагаад байгаа юм бэ гэсэн. ... Г машинаа миний машины урдуур оруулж зогсоогоод машинаасаа машины чагтан голын төмөр гаргаж ирээд намайг цохихоор нь би зүүн гараараа хальт хаасан. ... Дараа нь 20-30 минутын дараа намайг Хараа голын том гүүрний уулзвар дээр туслах замаас орж ирэхэд Г ертөнцийн зүгээр баруун зүгээс төв замаар ирээд миний урдуур хөндлөн зогссон. ... Бид хоёр заамдалцаад хэсэг маргалдсан. Тэгж байгаад би Гыг цааш түлхсэн чинь Гын дүү Өсөхөө хажуунаас ирээд намайг тэвэрч авсан чинь Г босч ирээд шууд миний хамар луу гараараа цохисон. Тэгэхээр нь би Түвшинбаяр луу утасдаж найз нь хүмүүст зодуулчихлаа хүрээд ир гэхэд за би алхаад очъё гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Мөнх-Ирээдүй гэх манай найз хүрээд ирсэн. ... Би Г руу очоод заамдаж аваад баруун гараараа зүүн чих, шанаа тус газар нь 2 удаа цохисон. ... Г урд өмнө нь манай хүргэн ах Ганцоожийг согтуу байхад нь машиныг нь бариулаад юманд аваад яв, ээж, дүү нар нь ирчихсэн байна гэхэд нь би мэдэхгүй гээд утсаа салгаад байсан. Дараа нь халуун усны гадаа таарахад би Гыг чи овоо том болчихсон байна. Утастахаар утсаа салгаад байсан гэж энэ талаар хэлсэн юм. Тэгээд л бид хоёр халуун усны гадаа хэсэг маргалдсан. ... Гын зүүн чихний ард болон шанаа орчим нь 2-оос 3 удаа гараараа цохисон. ... Г миний толгойн ар хэсэгт 2-оос 3 удаа цохисон. Мөн хамар луу 1 удаа цохсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Ны талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 50 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, Г.Гын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 56 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа /ХХ-ийн 57 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Н, Г.Г нар нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт байрлах гүүрний орчим харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дугаар хуудас/, Хохирогч Б.Ны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/, Гэрч А.Хасын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/, Гэрч Н.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №58 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №56 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 45 дугаар хуудас/, Б.Ны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Н, Г.Г нарт бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Н, Г.Г нар нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт байрлах гүүрний орчим харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н, Г.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбабаярын Н, Эрхий мэргэн овогт Гантөмөрийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Н, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.