Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5672

 

 

     2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/05672

                 Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын. .. дугаар баг, ...тоотод оршин суух, ... регистртэй, З овогт Д.У,  

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ...байрны ..тоотод оршин суух,  регистртэй, Т овогт Д.Г холбогдох, 

 

39,397,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Улаанбаатар хотод орон сууц худалдах авахаар болж, Д.Г-той уулзахад “Надад хотын төвд талбай томтой шинэ байр олоод өгнө, 2 жил түрээслээд, түрээсийн мөнгөөрөө оюутны төлбөрөө бэлд, 2 жилийн дараа хүүхдийг чинь ирэхэд байр чинь бэлэн байх болно” гэж хэлээд 25,000,000 төгрөгийг 2013 оны 7 сарын 30-ны өдөр авсан. Дахин 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдө мөнгэ дутаж байна гэж хэлээд 5,010,000 төгрөг авсан. Байр авлаа, та нар ирж үзээрэй гэж хэлээд 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 2,010,000 төгрөг тус тус авсан. Авсан байрыг очиж үзэхэд хуучны орон сууц байсан тул бид авахгүй гэж хэлээд өгсөн мөнгөө буцааж авна гэтэл байрыг чинь зараад мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байна. Ингээд 2015 оны 8 дугаар сард оюутан охиноо аваад Улаанбаатар хотод очиход байргүй, мөнгөгүй болсон. Хариуцагч нь сүүлдээ утсаа авахгүй болж сүүлдээ чаддаг юм бол шүүхээр яваад аваарай гэсэн. Иймд хариуцагчаас алданги 7,937,096 төгрөг, өгсөн мөнгө 32,000,000 төгрөг нийт 39,937,096 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгчийн нөхөртэй садан төрлийн холбоотой бөгөөд тэдний хүсэлтээр Голден парк хотхонд 30 м.кв талбайтай, 1 өрөө байрыг худалдан авахыг санал болгож, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 68,000,000 төгрөгийг 204 сарын хугацаатай, сар бүр 611,000 төгрөг төлөхөөр  ...дугаартай орон сууц зээлээр худалдан авах гэрээг ХААН банктай байгуулан авч өгсөн. Тухайн үед Д.Уранчимэг нөхрийн хамт  ирж уг байрыг үзээд бэлнээр 30,000,000 төгрөг өгч, үлдэх 38,000,000 төгрөгийг зээлд хамруулахыг хүсч, байраа түрээслэн түрээсийн мөнгөөрөө зээлээ төлөхөөр болсон. Би хөдөө амьдардаг 2 дүүдээ тус болох үүднээс дээрх орон сууцыг авч, түрээслүүлсэн.  Би өөрийн зүгээс зээлийн хүүний зөрүүд нийтдээ 9,135,000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 7,937,096 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 10,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бэлнээр өгч, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч Д.Г-т холбогдуулан 39,397,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 7,937,096 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 10,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид бэлнээр өгч, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон           

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Д.У-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-т холбогдох 39,397,096 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 7,937,096 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 10,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бэлнээр өгч, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,585 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 89,635 төгрөг, хариуцагчаас 267,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА