Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох 2016000690037 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Х овогт Г-н Б. 

Шүүгдэгч Г.Б-н 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй “Миний нутаг” телевизийн сэтгүүлч Р.Т-тэй уулзаж шторк хийлгэхээр  ирсэн иргэн А.Г-н санамсаргүйгээр орхисон гээгдэл “Iphone-8” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Б-н шүүхийн хуралдаанд өгсөн “...Би миний нутаг телевизийн байранд ажилладаг байсан. А.Г нь манай байгууллага дээр ирээд манай байгууллагаар шторк хийлгэхээр тохиролцоод гарсан. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд миний утас байхгүй байна. Энд орхисон байна уу? гэж асуусан. Тухайн үед би камерийн бичлэг шүүхэд утас нь байхгүй байсан. Зогсоол орчмоор 10 минут орчим хайгаад буцаад явсан. Тухайн үед ажлын цаг дуусах дөхсөн байсан. Би ажлаасаа гараад гэрлүүгээ явж байхдаа утсыг нь олсон. Утсыг нь олсон боловч эзэнд нь өгөөгүй. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тухайн үед хуулийн ийм заалт байдаг гэж мэдээгүй... Энэ гаргасан гэмт үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Цаашид ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч А.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Миний нутаг телевизийн гүйцэтгэх захирал Т-тэй уулзахаар 17 цагийн үед очсон юм. Тухайн байгууллага дээр очиход ажил дээрээ байхгүй, утас руу нь өөрийнхөө гээгдүүлсэн утсаар залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд хамт яваа найруулагч гэх хүний дугаарыг авч Т-тэй ярихад одоо ажил дээрээ очлоо хүлээж бай гэж хэлэхээр нь хүлээж байх хоорондоо шинээр найруулагчаар орсон гэх залуу байсантай уулзаад хийлгэх гэж байгаа зүйлээ өөрийнхөө гар утсан дээрээс бичлэг, зураг үзүүлж байсан юм. Тэгээд Т удалгүй ирээд манай салбар луу хүн явуулъя та ажил дээрээ очоод залгаарай гэж хэлсэн. Тэгээд би тухайн телевизээс гараад жолооч Э хүлээж байсан тул машиндаа суугаад өөрийнхөө ажил дээр шууд ирсэн. Тэгээд ажил дээрээ ирсэн талаараа Т-т хэлэх гэтэл миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь хүний утсаар Т-тэй холбогдоод танай ажил дээр утсаа орхисон байна гэж хэлсэн чинь алга байна. Та ирээд үз гэж хэлсэн ... удалгүй яваад очиход утас байхгүй. Намайг анх очиход шинээр орсон гээд найруулагч гэх залуу камерийн хяналтын өрөө рүүгээ дагуулж ороод шалгаж үзээд бичлэг алга байна гэж хэлсэн. Тухайн газарт хайсан болов ч олдоогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ16-17/,

Иргэний нэхэмжлэгч Л.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед би ломбарднаас өгсөн Хаан банкны 000000000 гэсэн данс руу өөрийн 00000000 Хаан банкны данснаас 515.000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг/ХХ-23/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ4/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /ХХ5/, гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ7/, 0011538 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /ХХ12/, Ашид билгүүн            ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ТХҮ-720/250 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ37-39/, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /ХХ52/  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчид Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй “Миний нутаг” телевизийн сэтгүүлч Р.Т-тэй уулзаж шторк хийлгэхээр ирсэн иргэн А.Г-н санамсаргүйгээр хаяасан “Iphone-8” загварын гар утсыг хууль ёсны өмчлөгчид буцаан өгөлгүйгээр “Банбан” барьцаалдан зээлдэх газар зээлийн барьцаанд тавьж 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур буюу санамсаргүй байдлаар гээгдэж түүний эзэмшлээс гарсан эд хөрөнгийг олсон хүн бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж тухайн эд хөрөнгийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх эсхүл эзнийг нь олж өгөх үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн өмч хөрөнгө мэт эзэмших, ашиглах, захиран зарцуулснаар энэ төгссдөг. Харин учруулсан хохирол бага хэмжээнээс дээш буюу 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөс илүү гарсан тохиолдолд гэмт хэргийн бүрдэл хангагдана.

Шүүгдэгч Г.Б-н үйлдэл нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олсон атлаа түүнийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх, эзнийг нь олж өгөх үүргээ биелүүлэлгүй, шунахай сэдэлтээр ашиг хонжоо олох санаа зорилгоор барьцаалдан зээлэх газраас авсан зээлийн барьцаанд тавьснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ142/, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “ХААН” банкны орлогын мэдүүлэг /ХХ9/, мөрдөн байцалтад гаргаж өгсөн Л.З-н хүсэлт /ХХ19/, гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ7/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Б-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шинжээчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон   шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдвол холбогдох баримтыг үндэслэн гаргуулахаар зохицуулжээ.

Иймд гээгдэл эд зүйлийн үнэлгээг гаргуулахаар шинжээчид төлсөн 32.000 төгрөгийн төлбөр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар байх тул төлбөрийн баримтыг/ХХ36/ үндэслэн шүүгдэгч Г.Б-с гаргуулж, хохирогч А.Г-т олгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.  

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө” завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-с эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 32.000 /гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Г-т олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА