Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 5690

 

 

 

     2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/05690

 

           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод оршин суух, ... регистртэй, О овогт Н.Э ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Э оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Монгол энерги строй трестийн авто конторт авто машинистаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байсан баримтыг шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй учир тогтоохгүй гэсэн. Иймд дээрх хугацаанд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э нь “Монгол Энергострой” трестийн авто конторт 198.. оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 199. оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд авто машинистаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Н.Э-ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Н.Э нь “Монгол Энергострой” трестийн авто конторт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд авто машинистаар ажиллаж байсан болох нь түүний 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5-6/, түүнтэй хамт ажиллаж байсан Ж.Н, Г.Ө  нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, тэдгээрийг нотлох бичмэл баримтууд /хх 8-13/, гэрчээр асуугдсан тэмдэглэлүүд /хх 19, 20/, архивын сан хөмрөгт “Монгол Энергострой” трестийн баримт шилжээгүй учир лавлагаа гаргах боломжгүй тухай Үндэсний төв архивын тодорхойлолт /хх 4/, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-7/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н.Э-ын дээрх албан тушаалд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, ... регистртэй, О овогт Н.Э-г “Монгол Энергострой” трестийн авто конторт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд авто машинистаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Эрдэнэжавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.САРАНТУЯА