Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 361

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Г.Сундуй;

нарийн бичгийн дарга: Б.Мөнхдэлгэр;

шүүгдэгч: Т.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-д холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1997 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Анима” коллежийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт   урьд ял шийтгэлгүй, Т.М

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11 -нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фокус” зочид буудалд иргэн Б.Батшагайтай маргалдаж улмаар түүний толгой тус газар пивоны шилээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.  

 

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Б.Батшагайгийн мэдүүлэг /хх-ийн 6, 7-8, 50, 102/, гэрч О.Төрболд /хх-ийн 11/, гэрч Б.Цэнгүүн /хх-ийн 13/, гэрч Э.Бямбадорж /хх-ийн 14/, гэрч Ч.Бямбасүрэн /хх-ийн 103/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11051 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17, 59-63/, хохирогчийн эрүүл мэнд, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 67-73, 86-101/, шинжээч М.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 82/, Т.Мы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 80-81/, Т.Мы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23, 30, 31-32, 38/, Б.Батшагайгийн шүүхийн шатанд гаргаж өгсөн хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 10-11 -нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Фокус” зочид буудалд иргэн Б.Батшагайг “унтуулахгүй, хаалга өшиглөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, пивоны шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Б.Батшагайн /хх-ийн 6, 7-8, 50, 102/: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө “Фокус” зочид буудалд найз Бямбадорж, Очирмөнх хоёртой орсон. Би 04 цагт ресейпшн дээр очоод “өглөө сэрээгээд өг” гэсэн чинь араас дуугарахгүй байхаар нь уурлаад тек дээр нь цохичихоод буцаад явсан. ...Намайг 2 давхар руу шатаар гарч явахад нэг өрөөнөөс “архичин пизда минь унтаж амраач, дуугүй бай” гэж хэлэхээр нь хаалгыг нь 1 удаа өшиглөсөн. Тэгтэл дотроос нь нэг залуу гарч ирээд нүүр лүү гараараа цохисон. Араас нь 3-4 залуу гарч ирсэн. Тэгээд зодоон болсон. ...Т.М нь эхэлж гарч ирээд хэрэлдээд нүүр лүү гараараа цохисон. Тэгтэл араас нь нэг залуу гарч ирээд бөөн бужигнасан юм болсон чинь нэг нь нүүр лүү нэг юмаар цохисон. Би манарсан. Түүнээс цааш юу болсныг санахгүй байгаа. Миний хохирлыг Т.М бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Бямбадоржийн /хх-ийн 14/: “...тэр өдөр ажлаа тараад Б.Батшагай бид 2 Очирмөнхтэй уулзсан. Очирмөнх маргааш өглөө нь эрт ажил руугаа явах байсан учир бид 3 буудалд орсон. ...Өглөө 07 цагийн үед Б.Батшагай намайг сэрээсэн. Тэгтэл Б.Батшагайн нэг нүд нь хавдсан, нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Б.Цэнгүүний /хх-ийн 13/: “...2019 оны 09 сарын 10-ны өдөр сургуулийн арга хэмжээ болсон. Тараад бөөнөөрөө юм идчихээд Сансар орж уух юм аваад 11 дүгээр хороололд байрлах нэг буудалд орсон. Нэг шил архи, 2 шилтэй пиво ууцгаасан. Би согтоод унтсан. Унтаж байхад Наранбаатар намайг дуудаад өрөөнөөс гарсан. Коридорт бужигнасан юм байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Бямбасүрэнгийн /хх-ийн 103/: “... 202 тоотод 3 залуу үүрээр орсон. Өрөө рүү орохдоо хөдөө явна гэж хэлж байсан. Нэг цаг орчмын дараа өндөр залуу нь согтсон байдалтай дээшээ, доошоо шатаар яваад байхаар нь “чи яагаад үүгээр түүгээр яваад байгаа юм, хүний эд зүйл алга болвол яах юм” гэж хэлэхэд “утсаар ярьж байна” гэж хэлсэн. Би “та нар архи уухгүй гэж хэлчихээд яагаад архи уугаад байгаа юм, өрөөндөө ороод утсаар ярь, өрөөндөө ор” гэхэд орохгүй байсан. Тэгээд араас ирээд ширээ цохиж аваад “чамайг би өглөө сэрээгээрэй гэж хэлж байна” гээд агсраад байхаар нь “цагдаа дуудна” гэж хэлэхэд “дууд” гээд дахиад ширээ цохисон. ...дээшээ яваад өрөө рүүгээ орохгүй 207 номерын өрөөний хаалгыг нүдээд байсан чинь тэр өрөөний хүүхдүүд “энэ хүн хаалга нүдээд унтуулахгүй байна” гээд хашгирахаар нь дээшээ гараад “чи болиоч ээ, наад хүмүүс чинь унтаж амрах ёстой” гэж хэлэхэд үгэнд орохгүй агсраад байсан. ...207 номерын өрөөний хаалга хагас онгорхой, тэр согтуу залуу хаалгыг нь эвдэх гээд нүдээд, өшиглөөд, энэ муу сайн новшнуудыг алаад хаячихъя гээд байсан. Дотроос нь 1 залуу гарч ирээд “яагаад байгаа юм бэ, унтаж амармаар байна” гэж хэлэхэд “бацаанууд минь ална” гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Би зохион байгуулагч болон 102-д дуудлага өгөөд буцаад дээшээ гарахад 2 пивоны шил хагарсан байсан. Би шүүрдэж цэвэрлэсэн. Тэр согтуу залуу урт үстэй бандийг заамдсан байдалтай барьцалдаад зогсож байсан. Намайг энэ залуу цохичихлоо шүү дээ гээд хашгираад байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Батшагайгийн биед “гавлын суурь ясны зөрөөгүй хугарал, баруун нүдний ухархайн дээд, гадна хана, хацар ясны духны сэртэн, хамар ясны нум, баруун талын хоншоор ясны их бие буюу гайморын хөндийн урд хананд зөрүүтэй, арын хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, мөрөнд цус хуралт, баруун шуу, зүүн гарын сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11051 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 17/,

 

Т.Мы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 80-81 дүгээр хуудас/ “... 2019 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө “Фокус зочид” буудалд найзуудын хамт ороод унтах гээд байж байтал өрөөний хаалга өшиглөсөн. Би гарахад Б.Батшагай ганцаараа согтуу зогсож байсан. Намайг гараад очтол шууд үсдээд өрөөнийхөө үүдэнд очоод найзуудыгаа дуудсан. Өрөөнөөс нь 2 хүн гарч ирсэн. Тэр үед манай өрөөнөөс Төрболд гарч ирээд салгасан. Би зөрж ороод пивоны шил авч гарч ирээд шилээрээ толгойн дух орчим нь 1 удаа цохисон. Тэгээд зууралдаж байгаад газар унаад босож ирээд дахиад нүүр лүү нь 1 удаа цохисон. Тэгээд салцгаасан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг пивоны шилээр цохисон болохыг өөрөө болон хохирогч мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг пивоны шилээр цохиж, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн Т.Мы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Батшагай “...Г.Мөнхчулуунаас хохирол төлбөрт нийт 6.000.000 төгрөг авч хохирлоо бүрэн төлүүлсэн, шүүгдэгчтэй эвлэрсэн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан

бөгөөд шүүгдэгч Т.М-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 11.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь  хэсгийн 6.6, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ