| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0381/Э |
| Дугаар | 378 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 378
2020 04 23 2020/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;
улсын яллагч: Л.Мажигсүрэн;
шүүгдэгч: С.А/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.А-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Зорчигч тээвэр 3” компанид засварын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.А нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зорчигч тээвэр-3” үйлдвэрийн газрын хашаанд Б.Шинэбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж улмаар түүний толгой тус газарт гараараа цохих, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Амэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Шинэбаатарын мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Ж.Батбаяр /хх-ийн 21/, гэрч Ж.Отгонбаатар /хх-ийн 22/, гэрч С.Эрдэнэбаатар /хх-ийн 32/, гэрч Т.Батмөнх /хх-ийн 33/, гэрч Ж.Төртогтох /хх-ийн 34/ нарын мэдүүлэг, Б.Шинэбаатарын хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 24-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3648 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-15/, С.А-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, С.А-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-45/, Б.Шинэбаатарын хүсэлт /хх-ийн 49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ань 2020 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Зорчигч тээвэр-3” үйлдвэрийн газрын хашаанд иргэн Б.Шинэбаатартай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Шинэбаатарын /хх-ийн 19-20/: “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын 3 хүний төрсөн өдөр болоод ажлынхантайгаа циркийн зүүн талын “Гаруда” ресторанд сууцгаасан. Бид нар архи ууж байгаад бөөндөө гарцгаасан. Би найз Алтансүхийг “ирж аваач” гээд дуудчихсан байсан. Бид нар машин дотроо архи хувааж уухаар болсон. ...С.А орж гарч байгаад сүүлд нь хамт суусан. Би машин дотор архинаас уугаагүй. ...С.А намайг гарч зодолдъё гэсэн. Би С.А-т “юм нэгээр дуусдаггүй юм, би явлаа” гэж хэлсэн. Гэтэл С.Анамайг газарт хавирч унагаагаад дагз, чих, зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. Манай найз Алтансүх, Энхзориг нар С.А-ыг салгасан. С.А дахиад намайг зуураад газарт унагаагаад хөлөөрөө цээж, нуруу руу өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Отгонбаатарын /хх-ийн 22/: “...Б.Шинэбаатарын найз машины гадна ирчихсэн байсан. ...С.А, Б.Шинэбаатар хоёр зодолдох юм болоод машинаас буусан. Би машинаас буугаад Б.Шинэбаатарын найзтай уулзаад “чи яасан, бид нарыг зодох гэж ирсэн юм уу” гэж асуухад “би машин барих гэж л ирсэн” гэж хэлсэн. Тэр хооронд Б.Шинэбаатар, С.А хоёр машины ард нэгнийгээ заамдаад барьцалдаад авчихсан байсан. Намайг харж байхад Б.Шинэбаатар нь газарт уначихсан, С.А нь дээр нь гарчихсан нэгнийгээ боогоод байсан. Би гүйж очоод салгасан. ...С.А, Б.Шинэбаатар хоёрыг салгасны дараа ...хэсэг хэрэлдэж маргалдсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Төртогтохын /хх-ийн 34/: “... 2020 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад манай ажил тарсан. Байгууллагын хашаагаар гараад явж байхад хашааны үүдэнд засварын инженер С.А Б.Шинэбаатартай муудалцаад байж байсан. ...Сүрэнжав, Батмөнх бид 3 тэр хэд дээр очоод “юу болоод байна” гээд очиход Б.Шинэбаатар, С.А хоёр маргалдаад Б.Шинэбаатар нь зугтаасан байдалтай, С.Ань хөөсөн байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Батмөнхийн /хх-ийн 33/: “...2020 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад байгууллагын хашаагаар гарч явахад байгууллагын ажилтан Б.Шинэбаатар, С.А нар хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ тойроод хэрүүл хийгээд байсан. Намайг очиход ...Б.Шинэбаатарын нүүр, амнаас нь цус гарсан юм байхгүй, С.А-н ам, хамарнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,
Б.Шинэбаатарын биед “тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн шарх, доод эрүү, зүүн бугуйн үе, шууны зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, хамрын ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3670 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 13-15/,
С.А-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 28-29/: “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ...ажлынхаа Отгонбаатартай уулзах гээд холбогдсон. Байгууллагынхаа хашаа руу явж байгаад Отгонбаатар, Эрдэнэбаатар, Б.Шинэбаатар, Батбаяр нартай тааралдсан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууж байтал яриан дунд Б.Шинэбаатартай санал зөрсөн. Б.Шинэбаатар бид хоёр хэрэлдэж муудалцаад зодолдох болсон. Би Б.Шинэбаатарын араас машинаас буух үед миний уруул, хамар хэсэгт 2-3 удаа цохисон. ...Б.Шинэбаатар бид хоёр харилцан бие биенээ цохисон. Би. Б.Шинэбаатарын нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.А-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Шинэбаатарын “...хоорондоо тохирч маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч С.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ