Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00290

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цагдаагийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын  18-ны өдрийн 181/ШШ2016/01002 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Цагдаагийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэж дуусгавар болсонд тооцуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Онон,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Алтангадас,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргаар ажиллаж байсан Т.Өлзийхутагийг цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж, 35 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 40, мөн оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 89 дүгээр тушаалуудын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2007 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Өлзийхутагийг өмнө эрхэлж байсан үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг 2007.3.16-2007.7.30-ны өдөр хүртэл тооцон нэхэмжлэгчид олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 40 дүгээр тушаалаар Т.Өлзийхутагийг 2007 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон тэтгэвэрт гаргах үед тэрээр 54 нас 11 сар 25 хоногтой байсан бөгөөд давж заалдах шатны шүүх түүнийг 55 нас хүрээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Шүүх Т.Өлзийхутагийг цэргийн тэтгэвэрт гаргаж, тэтгэмж олгох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 40, 89 дүгээр тушаалууд хууль бус болохыг тогтоосон тул дээрх тушаалуудын Т.Өлзийхутагт холбогдох хэсгийг мөн газрын даргын 2008.3.12-ны өдрийн 127 дугаар тушаалаар хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8.1, 19.1-д заасныг тус тус баримтлан 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, 35 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа тогтоож алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул тэтгэвэрт гаргахаар шийдвэрлэсэн. ЦЕГ-ын даргын 2008 оны 127 дугаар тушаал гарах үед Т.Өлзийхутаг 56 нас хүрч, хуульд заасан цэргийн алба хаах насны дээд хязгаар хэтэрсэн байсан. Т.Өлзийхутаг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан 35 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг 2007 онд авч, мөн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэврийг 2008 оноос хойш өдийг хүртэл авч байгаа нь ЦЕГ-ын даргын 2008 оны 127 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш тус байгууллагаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар удаа дараа бичгээр тайлбар хүргүүлсэн бөгөөд 2016.1.19-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/358 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн үндэслэлгүй талаар хариу ирүүлсэн. Цагдаагийн ерөнхий газраас захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 167 тоот магадлал, хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 111 дүгээр тогтоол, Монгол Улсын дээд шүүхийн 2008.2.04 ний өдрийн 07 дугаар тогтоол, шийдвэрийг биелүүлсэн байна. Шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалинг өгсөн, мөн 127 дугаар тушаалаар 40, 89 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож тэтгэмж олгосон, 2008 оноос тэтгэвэрээ тогтоолгосон байгаа нь шүүхийн шийдвэр биелсэн, Т.Өлзийхутаг өөрөө энэ бүхнийг зөвшөөрсний илрэл юм. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелэгдэж, дуусгавар болсонд тооцож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 358 дугаар захирамж, мөн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай тогтоолоор Цагдаагийн ерөнхий газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2008.2.04-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007.1.29-ний өдрийн 40, 2007.3.07-ны өдрийн 89 дүгээр тушаалуудын Т.Өлзийхутагт холбогдох хэсгийг хүчингүй болгох, мөн ажилгүй байсан хугацааны цалинг 2007.3.16-ны өдрөөс 2007.7.30-ны өдөр хүртэл тооцон Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж Т.Өлзийхутагт олгох, Т.Өлзийхутагийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэжээ. Цагдаагийн ерөнхий газарт дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа шааардаж 2008.5.07-ны өдрийн 2/4994, 2013.10.02-ны өдрийн 1/12374, 2013.11.11-ны өдрийн 1/15244, 2015.2.10-ны өдрийн 2/3495, 2015.4.28-ны өдрийн 5/720 албан тоот мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Т.Өлзийхутаг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Цагдаагийн ерөнхий газрыг иргэний хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Улсын Дээд шүүхийн 2015.9.15-ны өдрийн 579 дүгээр тогтоолоор хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаатай холбоотой юм. Т.Өлзийхутаг хэдийгээр тэтгэвэрт гарах насанд хүрч байгаа ч ажил олгогч Цагдаагийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтныг урьдах албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг хариуцагчид мэдэгдэхэд хариуцагч урьд нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдахь ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно гэж заасан байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Өлзийхутаг шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг 2008.5.05-ны өдрөөс эхлүүлсэн. Цагдаагийн ерөнхий газар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Т.Өлзийхутагийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажилд нь эргүүлэн тогтоосугай гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.5.05-ны өдрийн 101/Ш32016/18671 дугаартай захирамжаар Т.Өлзийхутагийн нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газарт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.Өлзийхутаг нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан хугацааны олговорыг дараа дахин нэхэмжилнэ. Шүүхийн шийдвэр биелүүлэх алба нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 358 дугаар захирамж, мөн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусаагүй гээд ажилтан /төлбөр авагч/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэлээд байхад ажил олгогч дууссан гээд зүтгээд байгаа нь ойлгомжгүй байна. Т.Өлзийхутаг нь шүүхийн шийдвэрт заагдсан ажилгүй байсан хугацааны олговорыг бол авсан, харин урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь буцаан тогтоолгүйгээр тэтгэвэрт нь гаргачихаад шүүхийн шийдвэр биелүүлсэн гээд байгаа нь хэтэрхий доромжилсон явдал юм. Цагдаагийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоочихоод дараа нь ажилтантайгаа яриад тэтгэвэрт нь гаргасан бол өнөөдрийн энэ байдал үүсэхгүй байж болох байсан. Иймд Цагдаагийн ерөнхий газрын гаргасан Цагдаагийн ерөнхий газарт холбогдох 2008.5.05 өдрийн 200 дугаартай Т.Өлзийхутагийн нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэж дуусгавар болсонд тооцуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 40, 89 дүгээр тушаалын Т.Өлзийхутагт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосноор Уулзалт, байцаалтын хэсгийн даргаар томилсон тушаалын үйлчлэл хэвээр хадгалагдахгүй" гэж дүгнэжээ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Т.Өлзийхутагийг цэргийн тэтгэвэрт гаргаж, тэтгэмж олгох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 40, 89 дүгээр тушаалууд хууль бус болохыг тогтоосон тул дээрх тушаалуудын Т.Өлзийхутагт холбогдох хэсгийг мөн газрын даргын 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Дээрх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 зүйлд зааснаар Т.Өлзийхутагт ажилгүй байсан хугацааны цалинг 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тооцон олгож, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлсөн нь Т.Өлзийхутагийг уулзалт байцаалтын хэсгийн даргын түүний албан тушаалд томилсон тушаалын үйлчлэл хэвээр хадгалагдсаныг, тодруулбал, албан тушаалдаа ажилласныг илтгэн баталж байна. Мөн Т.Өлзийхутагийг 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гэж үзэх тул тэрээр хүсэлт гаргаж урьд авсан тэтгэмж дээр нэмж дээрх хугацаагаар тооцуулан тэтгэмжийн зөрүү мөнгө авсан. Т.Өлзийхутаг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан 35 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг 2007 онд авч, мөн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэврийг 2008 оноос хойш өдийг хүртэл авч байгаа нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 127 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэж дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 40, 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалуудын Т.Өлзийхутагт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Т.Өлзийхутагийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тооцон Цагдаагийн ерөнхий газраас  гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 6-14 дүгээр тал/

 

            Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үүсгэжээ. /хх-ийн 18-20 дугаар тал/

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхээс өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 127 тоот тушаалаар 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 40, 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалуудын Т.Өлзийхутагт холбогдох хэсгийг  хүчингүй болгож,

             2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Т.Өлзийхутагийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын уулзалт, байцаалтын байрны хэсгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 35 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бодож олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 22 дугаар тал/

 

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 127 тоот тушаалаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж өмнө гаргасан тушаалын Т.Өлзийхутагт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалаар түүнийг дахин үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байх боловч тэрээр уг тушаалын үндэслэлд эрх бүхий этгээдэд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх ажилтныг үүрэгт ажилд нь эгүүлэн томилоогүй тул шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Тодруулбал, хариуцагч байгууллага нь 2008 оны 127 дугаар тушаалаараа 40, 89 дүгээр тушаалуудын Т.Өлзийхутагт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 35 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бодож олгохоор шийдвэрлэсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцох үндэслэл болж байна.  

           

            Иймд Цагдаагийн ерөнхий газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.3-т заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын  18-ны өдрийн 181/ШШ2016/01002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын  “… шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэж дуусгавар болсонд тооцуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдсэн болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ   

 

                  ШҮҮГЧИД                                              Э.ЗОЛЗАЯА     

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ