| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06806/И |
| Дугаар | 5730 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 5730
| 2016 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/05730 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, ... регистртэй “СББ трейд” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ..дугаар бичил хороолол, .. дугаар байрны.. тоотод байрлах “Хаус макс” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух ... регистртэй, Б овогт Б.Ц нарт холбогдох
Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 6,574,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь “Улаанбаатар палас” ХХК-ийн харьяа “Хаус макс” ХХК-ийн МАХ клубд 2015 оны 1 дүгээр сард 6,574,080 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг зээлээр худалдсан. 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж, акт үйлдэж зээлээр авсан бүтээгдэхүүний төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх баталгааг гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт нийт 6,574,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “СББ трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Хаус Макс” ХХК-ийн захирал Макс клубын эзэн Д овогтой Ц (РД), “ССБ Трейд” ХХК нар нь 2012-2014 оны хооронд 6,574,080 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авч, зарж борлуулсан байдаг. Миний бие “Хаус Макс” ХХК-ийн үүсгэн байгуулагч биш, уг асуудалтай огт хамааралгүй ба би 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс Макс клуб-ыг түрээслэж эхэлсэн. 2015 оны 2 дугаар сараас эхлэн “ССБ Трейд” ХХК-ийн борлуулагч байнга ажил дээр ирж, утсаар байнга залгаж төлбөр тооцоо нэхэх болсон би тухайн үед тайлбарлаж байсан боловч сүүлдээ тооцоо нийлсэн актад гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би гарын үсэг зурчихсан юм гэжээ.
Хариуцагч “Хаус макс” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өөрийн “Женерал теч” ХХК-ийн нэрээр “Улаанбаатар палас” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан, шөнийн клуб ажиллуулж эхэлсэн. “СББ трейд” ХХК-иас 2007-2015 оны 1 сар хүртэл бараа, бүтээгдэхүүн зээлээр авч тооцоог нь хийхдээ ямар нэг асуудал гаргаж байгаагүй. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ц түүний эхнэр Б.Э нарт уг клубыг түрээсэлсэн. Тухайн үед манайд ажиллаж байсан ажилчид Б.Ц, Б.Э нарыг 6,574,080 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг ажлын байрны хамт хүлээн авсан болохыг гэрчилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК хариуцагч Б.Ц-ос татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 1,750,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,24,080 төгрөгийг хариуцагч “Хаус макс” ХХК төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК нь хариуцагч “Хаус макс” ХХК, Б.Ц нарт холбогдуулан зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 6,574,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “СББ трейд” ХХК хариуцагч Б.Ц татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 1,750,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,24,080 төгрөгийг хариуцагч “Хаус макс” ХХК төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“СББ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хаус макс” ХХК, Б.Цог нарт холбогдох зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 6,574,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “СББ трейд” ХХК хариуцагч Б.Ц-с татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 1,750,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,24,080 төгрөгийг хариуцагч “Хаус макс” ХХК төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,136 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ...тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 74,069 төгрөг, хариуцагч “Хаус макс” ХХК-иас 46,067 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА