Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 379

 

 

 

2020        04         23                                    2020/ШЦТ/379

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Мөнхтөр;

улсын яллагч: Б.Мөнгөншагай;

шүүгдэгч: Г.Т, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ууган Орхон” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 1,   урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Т

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Т нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Даариймааг “Үндэсний техникийн их сургуулийн диплом гаргаж өгнө, манай ээжийн хамаатны эгч захирлыг нь хийдэг, дундын дансанд таван сая төгрөг байршуул, диплом гарсны дараа мөнгийг би авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Централ Тауэр” төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны салбарт өөрийн эзэмшдэг 2015128860 тоот дансны хамтран эзэмшигчээр Б.Даариймааг бүртгүүлж, тус дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-ийн 10/, баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-21/, хохирогч Б.Даариймаагийн мэдүүлэг /хх-ийн 25-26, 27-28/, Б.Даариймаа, Г.Т нар данс хамтран эзэмшдэг гэх Голомт банкны албан бичиг /хх-ийн 48/, Г.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-38, 43-45/, Г.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-50, 59-60, 61-63, 66/, Б.Даариймаагийн хүсэлт /хх-ийн 73/  зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Үндэсний техникийн их сургуулийн диплом гаргаж өгнө, манай ээжийн хамаатны эгч захирлыг нь хийдэг, дундын дансанд таван сая төгрөг байршуул, диплом гарсны дараа мөнгийг би авна” гэж иргэн Б.Даариймааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Централ Тауэр” төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Голомт” банкны салбарт өөрийн эзэмшдэг 2015128860 тоот дансны хамтран эзэмшигчээр Б.Даариймааг бүртгүүлж, тус дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Б.Даариймаагийн /хх-ийн 25-26, 27-28/: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр фэйсбүүкт Tuvshuu Gursed гэсэн нэртэй хүн “диплом гаргана” гэсэн зар тавьсны дагуу холбогдож уулзсан. ...Тэгээд теллерт “энэ хүнээс юм авах юм, барьцаа болгож 5.000.000 төгрөг байршуулах юм” гэж хэлсэн. ...хугацаагүй хадгаламж нээж өгсөн ба хоёулаа байж зарлага гаргана гэж хэлэхээр нь зөвшөөрөөд гарын үсэг зурсан.  ...дипломоо асуухад очертой байна гэж шалтаг хэлдэг байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр банк орж хадгаламжаа шалгаж үзэхэд данс нээсэн өдөр бүх мөнгийг интернет банкаар авчихсан байсан. Би дансаа үзсэн чинь 2019 оны 05 сарын 28-ны өдөр интернэт банкаар Г.Т данснаас мөнгийг бүгдийг нь гаргаж авсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Даариймаа, Г.Т  нар нь дундын данс эзэмшдэг гэх Голомт банкны албан бичиг /хх-ийн 48/,

 

Дундын дансанд мөнгө байршуулсан гэх дансны хуулга /хх-ийн 21/,

 

Г.Тын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 36-38, 43-45/: “...Би өөрийн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г.Тын “диплом гаргаж өгнө” гэсэн үг, үйлдэлд хууртагдан дундын данс нээлгэж 5.000.000 төгрөг байршуулснаа тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчид хэлэлгүй дундын данснаас 5.000.000 төгрөгийг авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү дээрх байдлаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Г.Тын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыгдараах байдлаар шийдвэрлэв.

            Хохирогч Б.Даариймаагийн “...хохирлоо барагдуулж авсан тул гомдол саналгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 73 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Тыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавиан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Т нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ