Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 383

 

  

 

    2020         04         23                                     2020/ШЦТ/383     

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;

улсын яллагч: Г.Түвшинбаяр;

хохирогч “Бишрэлт трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Чинбат;

шүүгдэгч: Ж.Д, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, хадам эх, эхнэр, 4 хүүхдийн хамт   урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 448 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ж.Д

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ж.Д нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Болд-Эрдэнийг “15.000.000 төгрөгийг бэлнээр өгөхгүй бол “Бишрэлт Вэлл март” сүлжээ дэлгүүрт зарагдаж байгаа хугацаа дууссан барааны гэрэл зураг, дуу дүрсний бичлэгийг хэвлэл мэдээлэлд тараах болно” хэмээн “Бишрэлт Трейд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчим над руу 80191868 дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “чи  “Велл март”-ын төлөөлөх хүн мөн үү, надад танай дэлгүүр дээр зарж байгаа бараатай холбоотой цуврал бичлэг байна, уулзах уу” гэж хэлсэн. 17 цагийн үед Улсын Их дэлгүүрийн урд “Хаштаг” руу ороод ир гэсэн. Тухайн үед “Хаштаг” руу ороход үл таних 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Өөрийнхөө утасны хавтаснаас Сандагдорж гэсэн иргэний үнэмлэх харуулсан. Утсан дээрээ байсан манай дэлгүүрээр явсан зураг бичлэг үзүүлсэн. “Бичлэг зураг зэргийг олонд тараана, мэдээлэл хийнэ” гэж хэлж байсан. Мөн “Улсын Их Хурлын гишүүн Ундармаа гишүүний эсрэг мэдээлэл хийнэ гэж над руу хэдэн телевизээс санал тавьсан” гэж хэлээд манай дэлгүүрт байсан хэд хэдэн барааны зураг бичлэгийг үзүүлсэн. “Улсын Их Хуралтай холбоотой мэдээлэл тавьдаг сайтад энэ мэдээллийг дэлгэж тавьна, телевизээс 10.000.000 төгрөг амласан” гэж байсан. Би “энэ мэдээлэл үндэслэлгүй байна, яагаад  мэргэжлийн байгууллагад хандаагүй юм бэ” гэж асуухад “эхлээд танайд мэдэгдэе гэж бодсон” гэж хэлсэн. Би “компаниас 15.000.000 төгрөг маргааш гаргаж өгвөл хоёулаа учраа олъё” гэж хэлсэн. “Иймэрхүү харилцаа итгэлцэл дээр болдог, ахдаа итгээрэй, яаралтай мөнгө гаргуулж өгөөрэй” гэж хэлсэн. Би “удирдах албан тушаалтнаасаа асууя” гэж хэлээд бид хоёр 18 цагийн орчим тэндээс гарч явсан. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс над руу энэ асуудлыг өнөөдөр дуусгая гэх мэтчлэн мессеж бичиж эхэлсэн. 12 дугаар сарын 17-ныг хүртэл мессеж бичиж байсан. Энэ хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд Ж.Днь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай Нисэхт байрладаг салбарт орж бичлэг хийж байгаад баригдсан. Тухайн үед манай салбарын зохион байгуулагч цагдаа дуудаад үзэхэд биднээс авсан шампунь харшил өгсөн гэх мэдүүлгээр цагдаагийн албан хаагч утсыг нь үзэхэд бичлэг хийж зураг дарсан байсан. Цагдаагийн албан хаагч бичлэгийг устгуулсан. Бэлнээр “15.000.000 төгрөг өг” гэж хэлсэн. Утсан дээр дэлгүүрт зарагдаж байгаа гоймон, барааны зураг бичлэг байсан. Зарим нь лацдаж байсан бараа бүтээгдэхүүний, зарим нь агуулахаас хураагдаж байсан барааны зураг, бичлэг байсан. Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн зардаг гэдгийг олон нийтийн сүлжээгээр цацна гэсэн. Энэ үйлдэл хийгээгүй бол өмгөөлөгчийн хөлс гаргахгүй байсан. Өмгөөлөгчийн хөлсөө нэхэмжилж байна. Ж.Дыг 12 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн 2 төлөөлөгч баривчлаад авч явж байхад надад “ахын дүү эр хүний замын хүзүү урт шүү, хоёулаа дараа ямар нэгэн асуудлаар уулзах байх” гэж хэлж байсан. Цагдаад баригдаад явж байхдаа намайг заналхийлж байсан...” гэв.

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ /хх-ийн 8-9, 18-19/, гэрч В.Энхцэцэг /хх-ийн 13, 14/, гэрч О.Уранчимэг /хх-ийн 15, 16/, гэрч Б.Отгонжаргал /хх-ийн 17, 34/, гэрч П.Мөнхцэцэг /хх-ийн 29/, гэрч Л.Баяржаргал /хх-ийн 30-31/, гэрч Ц.Одгэрэл /хх-ийн 33/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 42/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-90/, Ж.Дын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22-27, 104/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 106/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 107-109/, Юнител ХХК-иас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 131-133/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 111/, Ж.Дын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 115-117, 121, 124-128/, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Ж.Днь 2019 оны 12 дугаар сарын 09-16-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “15.000.000 төгрөгийг бэлнээр өгөхгүй бол “Бишрэлт Вэлл март” сүлжээ дэлгүүрт зарагдаж байгаа хугацаа дууссан барааны гэрэл зураг, дуу дүрсний бичлэгийг хэвлэл мэдээлэлд тараах болно” хэмээн “Бишрэлт Трейд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнийн /хх-ийн 8-9, 18-19/: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 80191868 дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “Бишрэлт Вэлл март”-ыг төлөөлөх хүн мөн үү, надад танай дэлгүүр дээр байдаг хэд хэдэн хугацаа дууссан барааны бичлэг, зураг байна, олон нийтэд цацах гэсэн боловч түрүүлээд танайд мэдэгдье гэж бодлоо, өнөөдөр 17 цагт Улсын Их дэлгүүрийн урд талд уулзъя” гэж ярьсан. Би 17 цагийн орчим Их дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах “Хаш Таг” нэртэй ресторанд очиход 40 орчим насны үл таних эрэгтэй ганцаараа сууж байсан. ...Гар утсан дээрээс манай сүлжээ дэлгүүрийн оруулж ирдэг бараа, материал болох чанадаг, чанадаггүй гоймон, шүүс, шоколад, чипс зэргийн зураг, бичлэгийг харуулж “надад ийм материал байна. Надад хэд хэдэн телевизээс санал ирүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Ундармаагийн бичлэг хийнэ гэсэн санал тавьж, хамгийн багадаа 10 сая төгрөг амласан. Юуны түрүүнд танай энэ асуудлыг танай байгууллагад хэлье гэж бодлоо. Хэрвээ чи байгууллагаасаа 15.000.000 төгрөг гаргаж өгвөл бичлэг зургийг устгах болно. Харин тэгэхгүй бол би үүнийг маргааш олон нийтэд цацаж, телевизэд зарна” гэж хэлсэн. Би “наад бичлэг, зураг чинь үндэслэлтэй гэхэд итгэхгүй байна, Ундармаа гэх хүн манай компанид ямар ч хамааралгүй, энэ асуудлыг өөрийн удирдах албан тушаалтанд хэлж танилцуулъя” гэж хэлсэн. Тэгтэл “чи надад итгэ, би өмнө мөнгө хүүлэгч хийж байсан, ийм ажил зөвхөн итгэлцэл дээр үндэслэж хийдэг юм, мөнгөө яаралтай олж өг, эсвэл би телевизэд зарна” гэж хэлсэн. Би өөрөө удирдах албан тушаалтанд танилцуулахад “энэ асуудал үндэслэлгүй байна, манайхыг заналхийлж, мөнгө нэхэх асуудлаар шантаачилж байна, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шийдвэрлэх хэрэгтэй” гэсний дагуу өргөдөл гаргасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч В.Энхцэцэгийн /хх-ийн 13-14/: “...Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Велл март” сүлжээ дэлгүүрийн бөөний төвд худалдагч хийдэг. 2019 оны 12 дугаар сарын эхээр манай дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд бараа бүтээгдэхүүн судлаад дүрс бичлэг хийгээд яваад байсан. Ямар ч байсан сарын эцсийн тооллого хийж байхад нэг эмэгтэй хаалга тогшоод “хаалгаа нээ” гэхээр нь хаалгаа нээсэн. Тэр эмэгтэй “Ти-Ви 8 дуудна, яагаад ийм бараа зараад байгаа юм, наад бараагаа буулга” гэж их зандарсан байдалтай хэлээд гараад явсан. Манай “Велл март” сүлжээ дэлгүүрүүдийн аль ч салбарт хугацаа дууссан бараа бүтээгдэхүүний он, cap, өдрийг дарсан зүйл огт байхгүй. Харин хугацаа дуусах гэж байгаа бараа бүтээгдэхүүнийг 1-2 сарын өмнө хямдруулж зардаг...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Уранчимэгийн /хх-ийн 15-16/: “...Манай салбарт хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн байхгүй. Салбар болгоны зохион байгуулагч өөр өөр хүн байдаг. 2019 оны 12 сарын эхээр ...эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирээд бараа худалдаж авахгүй судалгаа маягийн юм хийгээд яваад байсан. Нэг эмэгтэй “танай бөөний төвд хугацаа дууссан бараа байна” гэж хэлэхээр нь “хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн байхгүй” гэхэд орилж байгаад гараад явсан. Түүний дараа 30-35 насны туранхай залуу дахин манай Нисэхийн салбарт байрлах салбар, мөн өөр өөр салбараар яваад бараа авахгүй мөртлөө бичлэг хийгээд “хугацаа дууссан байна” гэж явж байгааг сонссон...” гэх мэдүүлгээр,

гэрч Б.Отгонжаргалын /хх-ийн 17/: “...Би Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа нисэх буудал дээр байрлах салбарт ажилладаг. Би cap, өдрийг нь сайн санахгүй байна. Манай худалдагч охин “та гоймон авсан мөнгөө өгөөч” гэж хэлсэн. Би касс руу очиход нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй нь “та нар хугацаа дууссан гоймон лангуун дээр тавьсан байна” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэхэд мөнгөө касс руу шидчихээд гараад явсан. Хугацаа дуусахаас 3 сарын өмнө аж ахуй нэгжид мэдэгдэл бичээд бараагаа татаад авдаг...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Баяржаргалын /хх-ийн 30-31/: “...Би “Ти Ви 8” телевизэд сэтгүүлч хийдэг. Манай телевизийн дугаар руу эрэгтэй хүн залгаад манай ажил дээр ирж уулзсан. Уулзах үеэр “Бишрэлт”-ийн сүлжээ дэлгүүрүүд өргөн хэрэглээний барааны шошго хаягийг өөрчилж, хугацаа дууссан бараануудыг лангуун дээр зарж байна” гэж хэлсэн. Тэр эрэгтэй хүнээс ярилцлага авсан. Бид нар өөрсдөө “Бишрэлт” сүлжээ дэлгүүрүүдээр судалгаа хийхэд “хугацаа дууссан, эсхүл хаяг шошго өөрчилсөн зүйл илрээгүй учир эх сурвалж үндэслэлгүй байна” гэж үзсэн.  Нөгөө хүнээс авсан ярилцлагыг устгасан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Одгэрэлийн /хх-ийн 33/: “...Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 тоот удирдамжаар олон улсын шинж чанартай цаг үеийн ба нийтийг хамарсан баярыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний дагуу “Велл март” сүлжээ дэлгүүрт 2019 оны 12 сарын дундуур эрүүл ахуйн халдвар хамгаалалтын хяналтын улсын байцаагч Б.Ариунаагийн хамт тухайн супер маркетэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн. Тухайн “Велл март”-ын хүүхдийн бэлэгт хяналт шалгалт хийхэд зөрчил гараагүй. Шаардлагатай тохиолдолд болон гомдлын дагуу хяналт шалгалт хийдэг. 2019 онд “Велл март” дэлгүүрийн талаар иргэдээс гомдол, хүсэлт ирээгүй...” гэх мэдүүлгээр,

 

Ж.Дын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22-27, 104/: “...би 88115621 дугаарын утас руу яриад “та нар хугацаа дууссан бараа материал зарсан, удаа дараа шаардлага тавиад байхад яагаад зараад байдаг юм, энэ талаар олон нийтэд цацна” гэж хэлэхэд “та битгий олон нийтэд цацаач, яавал цацуулахгүй байж болох вэ” гэж хэлсэн. ...12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагт уулзахаар тохиролцсон. ...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Велл март” сүлжээ дэлгүүрийн 6 салбараар явсан. Би хувь хүнийхээ үүднээс мэргэжлийн хяналтын байгууллагад итгээгүй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар авилгал авсан нь телевиз радиогоор яригдаж байсан. Мөн энэ байгууллага дээр УИХ-ын Ундармаа гэх гишүүн байдаг учир нөлөөлөх байх гэж бодсон. ...Э.Болд-Эрдэнэ гэх хүнтэй 2019 оны 12 дугаар сарын 10-ны хавьцаа уулзсан. Би тэр хүнд бичлэг үзүүлээд 15.000.000 төгрөг өгөх юм бол энэ бичлэгийг цааш нь цацахгүй гэж хэлсэн. Тэр залуу удирдах албан тушаалтан нартай уулзаж байгаад хариу өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-90/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 107-109/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь “Бишрэлт Вэлл март” сүлжээ дэлгүүрт зарагдаж байгаа хугацаа дууссан барааны гэрэл зураг, дуу дүрсний бичлэгийг хэвлэл мэдээлэлд тараах болно” хэмээн сүрдүүлж, 15.000.000 төгрөгийг шаардсан” зэрэг үйл баримтуудыг нотлож байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд аж ахуйн нэгж байгууллагын нэр хүндийг гутаасан, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц мэдээллийг тараана хэмээн амаар сүрдүүлж, мөнгөн эд хөрөнгө өөрт нь шилжүүлэн өгөхийг шаардаж буй Ж.Дын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Дээрх байдлаар шүүгдэгч нь бусдыг сүрдүүлсэн мэдээлэл нь бодит үнэн байх, эсхүл хуурамч байх эсэх нь хэргийн  зүйлчлэлд ач холбогдолгүй бөгөөд мөнгөн эд хөрөнгө өөрт нь шилжүүлэн өгөхийг шаардаж, сүрдүүлснээр гэмт хэрэг төгсгөл болохыг дурьдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Бишрэлт трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

 

 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хэмээн үзэхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас бодит учирсан хохирол төлбөр тогтоогдоогүй  тул түүнээс гаргуулах төлбөргүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд  эд мөрийн баримтаар хураагдсан

CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дт оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ж.Днь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч “Бишрэлт трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнийн “өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ