| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0396/Э |
| Дугаар | 390 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 390
2020 04 24 2020/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: Ж.Энх-Амгалан;
шүүгдэгч: Ш.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Центерион” харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, Ш.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ш.Бнь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 34-432 тоотод 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүргэн дүү С.Гантөмөрийг шалтгаангүйгээр заазуураар цохиж эрүүл мэндэнд “зүүн зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 13-16, 17-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3970 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, Ш.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-6/, Ш.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-33, 38/, С.Гантөмөрийн хүсэлт /хх-ийн 43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 34 дүгээр гудамжны 432 тоот гэртээ тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд буюу хүргэн дүү С.Гантөмөрийг тодорхой шалтгаангүйгээр заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч С.Гантөмөрийн /хх-ийн 13-16, 17-20/: “...Би 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Дамбадаржаагийн 34 дүгээр гудамжны 432 тоот гэртээ унтаж байтал 16 цагийн орчимд гаднаас хадам ах Ш.Б согтуу орж ирээд хөгжлийг минь хуу татсан. Би хартал баруун гартаа заазуур барьчихсан над руу дайрсан. Миний толгойн зүүн талд заазуураар цохисон. Бид хоёр барьцалдаад заазуурыг нь булаагаад автал хадам ах Ш.Б гараад зугтаасан. Миний толгойноос цус гарсан. Удалгүй гаднаас эхнэр Сэлэнгэ орж ирээд түргэн тусламж болон цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
Ш.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-6/: “...Би 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ангийнхаа хүүхэдтэй Сансарын колонкийн тэнд айлд архи уусан. ...гэртээ ирээд С.Гантөмөрт хандаж “танай хоёр хүүхдийг салхилуулах уу, гадаа дулаахан байна” гэж хэлэхэд “гаргахгүй” гэж хэлэхээр нь уур хүрээд зуухны өмнө заазуур барьчихсан зогсож байгаад очоод хүргэн С.Гантөмөртэй барьцалдсан. ...Заазуураар толгой хэсэг рүү нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
С.Гантөмөрийн биед “зүүн зулайн хуйханд шарх” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3970 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийн бие махбодод хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ш.Б-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч С.Гантөмөрийн “...эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар
шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ш.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ