| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07167/И |
| Дугаар | 5733 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 5733
| 2016 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/05733 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ...тоотод байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “Пэлдэндабу ББСБ” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Т.А,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж,... байрны . тоотод оршин суух, ... регистртэй, Г. овогт Б.Д нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 47,090,000 /дөчин долоон сая ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус ББСБ нь иргэн Т.А , түүний хамтран зээлдэгч Б.Д нартай харилцан тохиролцсоны дагуу ЗГ/13 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БГ/07 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, .. дугаар байрны... тоот дахь 20 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч нарт зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа утсаар болон гэрээнд заасан гэрийн хаягаар биеэр очин шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 14,150,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,940,000 төгрөг, нийт 47,090,000 төгрөгийн өр төлбөртэй байх тул дээрх төлбөрийг зээлдэгч Т.А болон хамтран зээлдэгч Б.Д нараас гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбартаа:
Бид шүүхэд зээлдэгч Т.А болон хамтран зээлдэгч Б.Д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч үндсэн зээлдэгч Т.А-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д-аас татгалзан цааш үргэлжлүүлэх болсон. Зээлдэгч Т.А нь тус ББСБ-аас зээл авснаас хойш үндсэн зээл болон зээлийн хүүг бүрэн төлөөгүй байгаа. Зээлийн хүүг 2, 3 удаа л төлсөн байдаг. Бид зээлийг төлүүлэхээр утсаар ярьдаг байсан боловч сүүлийн үед утсаа огт авахаа больсон. Бид шууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч тэрээр ирж уулзаагүй. Иймд нэхэмжлэлд дурдсанчлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй 47,090,000 төгрөгийг хариуцагч Т.А-аас гаргуулж өгнө үү. Хэрэв энэхүү мөнгийг сайн дураар гаргаж өгөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгөхийг хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК нь хариуцагч Т.А, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,150,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,940,000 төгрөг, нийт 47,090,000 /дөчин долоон сая ерэн мянган/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Б.Д-т холбогдох шаардлагаасаа татгалзжээ.
Хариуцагч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 21, 29, 33-34/
“Пэлдэндабу ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу Зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Т.А-ай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/13 тоот Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 /гучин сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө БГ/07 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, .. дугаар байрны ... тоотод байрлах Ү-2.... тоот улсын бүртгэлийн дугаартай, 20 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулахаар тохиролцон, 30,000,000 төгрөгийг олгожээ. /хх 9-16/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчид 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, барьцаа хөрөнгө нь хариуцагч Т.А-ын буюу нэг хүний өмч болох нь баримтаар тогтоогдсон байна. /хх 15/
Хариуцагч Т.А нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш мөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн хүүгийн төлбөрт 4 удаагийн төлөлтөөр нийт 1,600,000 төгрөгийн төлөлт хийжээ. /хх 16-18/
Харин дээрх зээлийн гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүүнд 14,150,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,940,000 төгрөг, нийт 47,090,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын кассын орлогын ордер, Зээл эргүүлэн төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдоно.
Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрх үүссэн байна.
Зээл болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 000187487 дугаарын гэрчилгээтэй, Ү-2205009367 тоот улсын бүртгэлийн дугаартай, 20 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....регистртэй, С овогт Т.А-аас 47,090,000 /дөчин долоон сая ерэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК-д олгосугай.
2.Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байрны... тоот хаягт байрлах Ү.... тоот улсын бүртгэлийн дугаартай, ... тоот гэрчилгээний дугаартай 20 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 393,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА