| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0216/Э |
| Дугаар | 397 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 397
2020 04 28 2020/ШЦТ/397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: Г.Цогтгэрэл;
шүүгдэгч: С.С, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1953 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 66 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, арьсны технологич мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, нөхөр, зээ хүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.С
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханддорж вангийн өргөөний ертөнцийн зүгээр баруун талд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн А.Батсүхийн “Говь Эрдэнэс групп” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ажлыг хөөцөлдөж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний 2.000.000 төгрөгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирол төлбөрийг төлж барагдуулна. Тэтгэврийн зээл авчихсан байсан учраас мөнгийг зарцуулчихсан” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Батсүхийн мэдүүлэг /хх-ийн 12, 75/, С.Сгийн ХААН болон Төрийн банкин дах дансны мэдээлэл /хх-ийн 24, 30-31/, С.Сгийн Төрийн банкин дах зээлийн дансны хуулга, бусад баримтууд /хх-ийн 32-50/, гэрч С.Сэргэлэнбаатар /хх-ийн 76-77/, гэрч Л.Наранцэцэг /хх-ийн 89/ нарын мэдүүлэг, С.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 80-81/, С.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 83-86/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С нь ““Говь Эрдэнэс групп” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ажлыг хөөцөлдөж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханддорж вангийн өргөөний ертөнцийн зүгээр баруун талд иргэн А.Батсүхээс 2.000.000 төгрөгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч А.Батсүхийн /хх-ийн 12, 75/: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр найз С.Сэргэлэнбаатартай утсаар яриад “барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулах гэсэн боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихлаа, чи завтай байвал миний бичиг баримтыг хөөцөлдөөд өгөөч” гэж хэлэхэд “найз нь ажилтай амжихгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй Сэргэлэнбаатар над руу залгаад “миний хажууд байгаа хүн бичиг баримтыг чинь бүтээгээд өгнө, тусгай зөвшөөрөл гаргадаг хүнийг нь таних юм байна, бичиг баримтаа аваад хүрээд ир” гэж хэлсэн. ...маргааш өглөө нь бичиг баримтаа аваад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ханддорж вангийн өргөөний баруун талд машин дотор С.Сэргэлэнбаатар болон С.С нартай уулзсан. С.С “7 хоногийн дотор бүтээгээд өгнө бичиг баримт бүтээхэд 3.000.000 төгрөг хэрэгтэй” гэж хэлэхээр нь бэлнээр 3.000.000 төгрөгийг тоолоод өгсөн. Би нийт 3.000.000 төгрөг өгсөн. ...3.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг нь Сэргэлэнбаатар авсан гэдгийг мэдэж байсан. Одоо би С.Сгаас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Сэргэлэнбаатарын /хх-ийн 76-77/: “...Би Батсүхтэй хуурай ах дүүсийн холбоотой. ...2019 оын намар А.Батсүх манай гэрийн гадаа ирээд надаас “барилга барих зөвшөөрөл хэрэгтэй байна” гэж асуусан. ...Би А.Батсүхтэй хамт байж байгаад С.С рүү утсаар ярьтал С.С бид хоёр дээр ирсэн. ...С.С ...барилгын компани дээр барилга барих зөвшөөрөл авч өгөхөөр болоод компанийн бичиг баримтыг А.Батсүхээс аваад явсан. ...2 хоногийн дараа А.Батсүх ...С.С эгчид 3.000.000 төгрөг өгсөн. Нөгөөдөр нь С.С надад 1.000.000 төгрөг өгсөн. ...С.С нь өмнө надаас “жолооч нарын цалинд хэрэглэх гээд байна гээд 780.000 төгрөг авсан” байсан. Удаагүй байж байтал А.Батсүх “...нөгөө зөвшөөрөл чинь худлаа юм байна” гээд С.С эгчээс мөнгөө нэхэж эхэлсэн...” гэх мэдүүлгээр,
С.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 80-81/: “...Би А.Батсүх гэх хүнээс 2.000.000 төгрөг авсан нь үнэн. Би энэ 2.000.000 төгрөгийг А.Батсүхэд эргүүлж төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар С.Сгийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгсөнийг хохирогч, гэрч нар хэн аль нь мэдүүлдэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Сгийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд тусгай зөвшөөрөл сунгах нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ба С.Сгаас үл хамаарахаар байтал “барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө” гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.
Ийнхүү шүүгдэгч С.Сгийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь үндэстэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.С нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч А.Батсүхийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ