Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 5752

 

 

 

   2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/05752

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4-р хороолол ...-р байранд байрлах, ... регисртэй, “Сити Энержи” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ..-р дугаар байранд байрлах, ... регистртэй, “Өлмийн тулгуур” ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сити Энержи” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь “Өлмийн тулгуур” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр SMARTSOFT програм хангамжийг үндсэн 6 сарын хугацаанд нэвтрүүлэх, суурилуулах нийт 10.000,000 төгрөгийн үнэ бүхий хамтран ажиллах гэрээг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, урьдчилгаа болох 6.000,000 төгрөгийг “Өлмийн тулгуур” ХХК-д өгсөн. Хариуцагч нь гэрээний 2.1-д заасан заалтыг биелүүлж чадаагүй учир 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тус гэрээнд хавсралт үйлдэн гэрээний үндсэн хугацааг 18 хоног буюу 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулахаар тохиролцсон. Гэрээний нэмэлт хавсралтын 2.2-т заасан заалтын дагуу ажил үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай байгууллагын төлөвлөсөн ажил хугацаандаа биелэхгүй байх нөхцөл үүссэн. 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцлах тухай ярилцаж тохиролцсоны дараа “Өлмийн тулгуур” ХХК-ийн захирал Н.А гэрээний урьдчилгаа болох 6.000,000 төгрөгийг буцаан олгохоор тохиролцсон боловч одоог хүртэл төлбөрийн буцаалт хийгээгүй байна. Иймд хамтран ажиллах гэрээний урьдчилгаа болох 6.000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Өлмийн тулгуур” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь “Сити Энержи” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан Улаанбаатар Мэд эмнэлгийн програм хангамжийг хийж гүйцэтгэхээр болсон. Бидний зүгээс гэрээ байгуулмагц програмист н.А-ыг “Сити Энержи” ХХК-ийн харъяа Улаанбаатар Мэд эмнэлэгт байрлуулан ажиллуулж 3 хүний бүрэлдэхүүнтэй баг гарган тухайн хийж гүйцэтгэхээр болж нэхэмжлэгчээс өгсөн сxем зургийн дагуу ажлаа хийж гүйцэтгэж байсан болно. Тухайн байгууллагад хийгдэх програмын бүтэц зураг нь удаа дараа өөрчлөгдөж нэхэмлэгчийн зүй бус, тогтворгүй байдлаас болж бид ажилаа хэвийн гүйцэтгэх боломжгүйд хүрч, нэг хийсэн ажлыг өөрчлөн дахин хийлгэж хугацаа алдуулсан. Улаанбаатар Мэд эмнэлэг нээлтээ хийж, үйл ажиллагаа эхлээгүй байсан тул бидний хийх ёстой ажлыг тухай бүрт нь зааж чиглүүлэх эмч болоод мэргэжилтэн, ажилтан байхгүй улмаас хэвийн жигд явуулах боломжийг бүрдүүлээгүй. Манай байгууллагын 3 ажилтан тус байгууллагын програм дээр 4 сар гаруй хугацаанд ажилласан бөгөөд тус мөнгө нь ажилтны цалин хөлс бусад зардал зарцуулагдсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж бид дараах хэсгийг программуудын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн болно. Бидний зүгээс анхны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах хүч болон бусад зардлыг гаргаж тус ажлыг хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх байна гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч  “Сити Энержи” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,00 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор хариуцагч “Өлмийн тулгуур” ХХК нь төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Сити энержи” ХХК хариуцагч “Өлмийн тулгуур” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Сити Энержи” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,00 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор хариуцагч “Өлмийн тулгуур” ХХК нь төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Сити энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Өлмийн тулгуур” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,00 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч “Өлмийн тулгуур” ХХК 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ... тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 55,475 төгрөг, хариуцагч “Өлмийн Тулгуур” ХХК-иас 55,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               А.САРАНТУЯА