Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 409

 

 

  2020          04         29                                      2020/ШЦТ/409

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: П.Бямбасүрэн;

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

            шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 517 дугаар тогтоолоор “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан...”, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Бийг яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709008100440Т дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, авга эгч, хоёр дүүгийн хамт   урьд ял шийтгэлгүй, С.Б

 

 Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

         Яллагдагч С.Б нь А.Батдорж, О.Наранбат нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кибер” зочид буудлын 3 давхарын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Д.Дашдонойгийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн довтолж “Самсунг галакси Жи 7” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”  гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дашдоной /1хх-ийн 14-15, 116-117/, гэрч Б.Сэржмядаг /1хх-ийн 21/ нарын мэдүүлэг, О.Наранбатын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 42-44/,  А.Батдоржийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 45-47/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 16/, С.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 119-123/, С.Бийн хувийн байдалтай холбоотой баримт /1хх-ийн 104/, хохирогчийн хүсэлт /1хх-ийн 139/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч С.Б нь дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал эргэлзээтэй.

 

Харин шүүгдэгч С.Б нь А.Батдорж, О.Наранбат нарын хохирогч Д.Дашдонойгоос хүч хэрэглэн, довтолж дээрэмдэж авсан “Самсунг галакси Жи 7” загварын гар утсыг мэдсээр байж А.Батдоржийн хамтаар худалдан борлуулж, олсон мөнгөө хувааж хэрэглэсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Д.Дашдонойгийн /1хх-ийн 14-15/: “...Найзуудтайгаа уулзчихаад “Багшийн дээд”-ийн тэнд явж байх үед нэг үл таних эмэгтэй тааралдсан. Надад “миний таньдаг нэг зочид буудал байгаа, тэнд ороод хамт жаахан юм яриад сууя” гэж хэлсэн. Нэг өрөөнд хамт ороод байж байхад тэр үл таних эмэгтэй нь “гарчихаад ирье” гэж хэлсэн бөгөөд буцаж орж ирээгүй. Гэтэл  хоёр залуу орж ирээд хар савхин куртиктэй жижигэвтэр биетэй нь хумсны хутга гаргаж ирээд хоолойнд тулгаад миний өмдний арын халаасанд байсан дотроо 200.000 төгрөгтэй түрийвчийг авсан, нөгөө цагаан өнгийн малгайтай цамцтай залуу нь миний утас орон дээр байхад утсыг шүүрээд аваад гараад явсан. Хар савхин куртиктэй залуу миний нүд руу цохиод би дараа нь Итгэлт хамба руу явахдаа хөх алаг нүдтэй явсан. Тэр хоёр залуу “пизда минь эд зүйлээ гаргаад ир ална шүү” гэж байсан. Тухайн үед зүүн нүд хөхөрч хавдсан, одоо гэмтэл шарх байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Сэржмядагийн /1хх-ийн 21/: “...Энэ өдөр болсон явдлыг Б.Мөнгөнсувдаас асуухад “санаа зовох юм байхгүй ээ, гаднаас Д.Дашдоной нь согтуу нэг хүүхэнтэй орж ирж өрөө авсан. Хэсэг хугацааны дараа 30 минутын орчим болоод өрөөндөө маргалдаад байсан. Тэгж байтал гаднаас нэг залуу орж ирээд шууд мэдэж байгаа юм шиг Дашдонойгийн өрөө руу шууд орсон. Оруулахгүй гэтэл “найз маань дуудсан энэ өрөөнд ороод ир гэсэн” гээд орсон. Оронгуутаа эрэгтэйтэй нь маргалдаад зодолдохоор нь манайх цагдаа дуудсан” гэсэн. Хэрэг болсноос хойш 21 хоногийн дараа Дашдоной өөрөө “надад камерийн бичлэг хуулж өг танайд дээрэмдүүлсэн хүн байна” гэж ирсэн. Тэгэхээр нь зочид буудлын эзэн байхгүй, код мэдэхгүй гэж бичиг хийж өгөөд явуулсан...Манай бичлэг 14 хоног л хадгалагдаад устдаг...” гэх мэдүүлгээр,

 

С.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 119-123/: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тусгаар тогтнолын ордны урд талын сааданд байж байтал нэг үл таних эрэгтэй “биеэ үнэлэгч авъя” гээд  бид 2 1 цагийн 30.000 төгрөгөөр тохироод ...Кибер зочид буудлын нэг өрөө аваад орсон...30.000 төгрөгөө өгчих гэж хэлсэн чинь “гараад картнаас аваад өгнө” гээд мөнгөө өгөхгүй байснаа “байгаа нь 17.000 төгрөг”  гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гараад бэлгэвч аваад ирье” гээд худлаа яриад гарч ирээд Батдорж, Наранбат нарт “байгаа нь 17.000 төгрөг гэж байна шдээ” гэж хэлсэн. Би тухайн үед өрөөнд куртикээ үлдээсэн байсан ба Батдорж, Наранбат хоёр дотогш намайг гадаа үлдээгээд миний байж байсан өрөө рүү орчихоод гарч ирсэн. Батдорж тэр залуугийн “Самсунг Жи-7” маркийн гар утас байсныг аваад гараад ирсэн байсан. Тэгээд Наранбат салаад багшийн дээд рүү очоод байж байя гээд явсан. Батдорж бид хоёр Монтел руу очоод Батдорж дотогш ороод гар утсыг нь “120.000 төгрөгөөр зарчихлаа” гээд гарч ирсэн. Бид хоёр тэр мөнгөөр архи уугаад буудалд хоносон. Надад 20000 төгрөгөөр пүүз авч өгсөн. ...Тэр 2 миний куртикийг авна гээд л орсон. ...гарч ирэхдээ гар утсыг нь авсан байсан. Хэн авсныг нь мэдэхгүй. Тэр залууд 200.000 төгрөг байгаагүй, ...17.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 16/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, А.Батдорж, О.Наранбат нар бусдын хөрөнгийг хүч хэрэглэн илээр авсныг, С.Б нь А.Батдорж, О.Наранбат нарын хохирогч Д.Дашдонойгоос хүч хэрэглэн, довтолж дээрэмдэж авсан “Самсунг галакси Жи 7” загварын гар утсыг мэдсээр байж А.Батдоржийн хамтаар худалдан борлуулж, олсон мөнгөө хувааж хэрэглэсэн зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүгдэгч С.Б нь бусдын хөрөнгийг дээрэмдэж олсон хөрөнгө буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн гар утсыг худалдан хариу төлбөрт өгсөн мөнгийг ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Наранбат, А.Батдорж нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүхээс шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч С.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлбөрт төлөх төлбөргүй зэргийг дурьдаж байна.

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч С.Б энэ хэрэгт 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

          10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                          

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ