Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 5753

 

 

 

 

    2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/05753

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар-Хад ... дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 27\1 дүгээр байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Б ургийн овогт С овогтой Д,

Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, ... дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “Ачлал Трейд” ХХК-д холбогдох,

Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, байрны орчин тойрныг нөхөн сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Н.Н, Ц.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 онд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 27\1 дүгээр байрны ... тоот орон сууцыг худалдаж авсан. Гэтэл 2014 оны 6 дугаар сараас эхлэн “Ачлал Трейд” ХХК нь дээрх орон сууцны барилгын баруун талд, манай .... өрөө орон сууцны баруун тал руу харсан цонхыг хаан, цонхноос 15 метр орчим зайд манай гэрийн болон тус байрны айлуудын цонхыг халхалж байгалийн нарны тусгал болон үзэгдэх орчинг хязгаарлан ... давхар өндөр барилга барьж эхэлсэн. Манай байрны оршин суугчид уг байдлыг эсэргүүцэж “Ачлал Трейд” ХХК-ийн удирдлагууд болон төрийн эрх бүхий байгууллагад хандсан боловч үр дүн хүрээгүй ба барилгын ажил үргэлжилсээр байна. Ийнхүү тус компани нь Монгол улсын Барилгын тухай хууль, барилгын норм ба дүрмийг зөрчиж барилга барьж байна. Тухайлбал: Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан”, мөн 9.1.4-т “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх”, мөн Барилгын норм ба дүрмийн 23-01-07-ийн 3.1-д “нарын шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгааны нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана” гэсэн шаардлагуудыг хуульчилжээ. Мөн хот тосгоны барилгажилтын норм ба дүрмийн 4 дүгээр хавсралтад 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай 15 метрээс багагүй, 4 давхар бол 20 метрээс багагүй, 9-12 давхар бол 32-45 метрээс багагүй, 12-16 давхар бол 62 метрээс багагүй байх гэж, мөн орон сууцны барилгын өрөөний цонхтой тууш болон хөндлөн талын хооронд 2-4 давхар бол 10 метр, 5-9 давхар бол 12-18 метр, 12-16 давхар бол 24-32 метрийн зайтай барилга барих тухай заажээ.

Гэтэл “Ачлал Трейд” ХХК-ийн барьж буй барилга нь 17 давхар, 70 метр өндөр гэх ба манай байрнаас 12 метр орчим зайд барихаар суурь цутгалтаа хийж, барилга угсралтын ажлаа эхлүүлсэн нь дээрх хууль дүрмийг бүхэлд нь зөрчиж байна. Хэрэв тус компанийн барилга бүрэн баригдах аваас миний болон манай байрны оршин суугчдын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Учир нь тус барилгаас үүдэн байрны оршин суугчдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учрах аюултай юм. Тухайлбал, уг барилга олон давхар төдийгүй манай байрны баруун тийш харсан цонхтой айлуудын нарны тусгалыг бүхэлд нь хязгаарлах тул өдрийн турш нар үзэхгүй болох ба уг байдлаас үүдэн орон сууцанд хөгц мөөгөнцөр үүсч барилгын насжилт, эдэлгээнд сөргөөр нөлөөлж оршин суугчдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулах нь тодорхой байна. Мөн уг барилгыг өдөр, шөнөгүй барьж байгаа тул оршин суугчдын тайван амрах тав тухыг алдагдуулж байна. Ийнхүү “Ачлал Трейд” ХХК-ийн барьж буй барилга нь Иргэний хуулийн 135.3 дахь хэсэгт зааснаар оршин суугчдын эрх ашиг, сонирхлыг “ноцтой хохироож болох барилга байгууламж” тул “Ачлал Трейд” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, манай байрны орчин тойрныг нөхөн сэргээлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ачлал Трейд” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Барилга хоорондын зайг “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.1.04-ийн 2.11 дэх хэсгийн “барилгын тууш олон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой” гэсэн заалтыг баримтлан төлөвлөсөн бөгөөд нэхэмжлэлд дурдсан орон сууцнаас 14-30 метрийн зайд баригдах барилга төлөвлөгдсөн байгаа. Нэхэмжлэгч “... Хавдрын эмнэлэг барьж байгаа нь манай байрны оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна” гэжээ. Гэтэл тус нэхэмжлэлд дурдаад байгаа 27\1 тоот орон сууцны байр нь Монгол улсад ганцхан байдаг, одоогоос 30 гаруй жилийн өмнө барьж ашиглалтанд орсон Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн чанх урд талд салхин дор нь байрлуулан 30 гаруй метрийн зайд 2011-2013 онд баригдсан орон сууцны байранд тус байрны оршин суугчид өөрсдөө сонголт хийж амьдарч байгаа мөртлөө байрных нь баруун талд зэргэлдээ байрлалтай баригдаж эхлэж байгаа Хавдрын эмнэлгийн барилга нь оршин суугчдын эрүүл аюулгүйорчинд амьдрах эрхийг зөрчиж байна, энэ нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлд заасан хөршийн эрх зөрчигдсөн гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компаниас Монголынхоо эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар өндөр зорилго тавьж, хавдрын өвчлөлийг эрт оношлох, төгс эмчлэхэд дэлхийд тэргүүлэх технологи менежменттэй Япон улсын эмнэлгийн салбарын төлөөлөлтэй хамтран ажиллаж, дэлхийн өндөр хөгжилтэй орны эмнэлгийн орчин үеийн стандартыг хангасан 300 ортой эмнэлгийн цогцолборын барилгыг барьж бёайгуулах “Ачлал Оточ” төслийг 2011 оноос хэрэгжүүлж, 120 ортой эмнэлгийн барилгаа барьчихсан байгаа бөгөөд өргөтгөл үргэлжлэл болох 180 ортой эмнэлги йн барилга угсралтын ажлаа 2014 оны 6 дугаар сарын 16-наас эхлүүлсэн. Энэ эмнэлгийн барилга нь нэхэмжлэлд дурдсан 27\1 орон сууцны байрнаас 30 метрийн зайд хөндлөн байрлалтай төлөвлөсөн байгаа тул тус байрны баруун тийш харсан цонхтой айлуудын нарны тусгал нь орой 18.00 цаг хүртэл тус баригдаж байгаа барилгаас хамаарахгүй. Иймд шаардлагатай гэж үзвэл барилгын салбарт баримтлах стандарт норм дүрмийг тогтоодог, хэрэгжилтэнд нь хяналт тавьдаг төр захиргааны холбогдох байгууллагуудад нь хандаж, албан ёсны дүгнэлтийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Бид энэхүү эмнэлгийн барилгыг барихдаа эрх бүхий байгууллагуудаас барилга барихтай холбоотой бүхий л зөвшөөрлүүд, техникийн нөхцлүүдийг авсан тул барилгын ажил Иргэний хуулийг зөрчин, хууль бусаар явагдаж байна гэж нэхэмжлэгч маргах ямар ч үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Ачлал Трейд” ХХК-ийн барьж буй барилгыг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар оршин суугчдын эрх ашиг сонирхлыг ноцтой хохироож болох байгууламж тул хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, манай байрны орчин тойронг нөхөн сэргээж өгнө үү гэсэн тодорхой бус шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахгүй байгаа тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Ачлал Трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн Хавдар судлалын эмнэлгийн хашаан дотор “Ачлал Мед” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Хавдар судлалын хүрээлэнгийн барилгын ажил явагдаж байсан. Энэ нь Монгол улсын Засгийн газар, Япон улсын засгийн газар болон холбогдох яамдын харилцан тохиролцсоны дагуу  явагдаж буй төсөл юм. Төслийн зорилго бол Японы нарийн технологийн эмнэлэг, мөн мэргэшсэн мэргэжилтнүүдийг Монголд оруулан ирж ажиллуулах, мөн Японы өндөр чанар, технологитой хавдар судлалын эмнэлгийг Монголд байгуулах зорилготой. Энэ барилгатай холбоотой иргэн С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Барилга хоорондын зай нь Нормд заасан хэмжээнд хүрэхгүй байна гэдэг бөгөөд уг нэхэмжлэлд барилгын хөндлөн болон тууш тавилтын талаар дэлгэрэнгүй бичсэн байсан. Манай компанийн барьж байгаа барилга нь нэхэмжлэгчийн 27\1 тоот барилгатай тууш тавилттай биш юм. Тууш тавилттай барилга гэдэг нь хоёр барилга уртаашаа паралель тавилттай байхыг хэлнэ. Манай хоёр барилгын тухайд хөндлөн болон тууш тавилтгүй, харин зэрэгцээ барилгууд юм. Хэдий зэрэгцээ барилгууд боловч 27\1 тоот барилга нь “цамхаг” хэлбэрийн барилгад тооцогддог. Цамхаг хэлбэртэй барилгын хувьд зэрэгцээ барилгатай ойрхон байж болдог ба галын норм дүрмээр стандартчилагддаг. Галын норм дүрмийн хувьд галын машин явах үйл ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй бөгөөд нэг барилга нь цамхаг хэлбэртэй бол зэрэгцээ барилгууд хоорондын заа стандартчилагддаггүй. Иргэн С.Д-ийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасан хөрш залгаа газрын эзэмшигчдийн нэгнийхээ газарт нөлөөлж болох барилгын үйл ажиллагааг зогсоолгох хуулийн шаардлагыг үндэслэдэг. Хуулийн энэ зүйл заалтыг авч үзэхээр “хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж заасан байна. С.Д нь манай хөрш залгаа газрын эзэмшигч мөн үү, үгүй гэдгийг тогтоох ёстой гэж бодож байна. Газрын тухай хуулинд газар эзэмших, ашиглах хууль зүйн ойлголтуудыг тодорхой заачихсан байгаа. Газрын тухай хуульд заасан болзол журмын дагуу эрх бүхий засаг даргын шийдвэрээр газар эзэмших, өмчлөх эрх олж авсан этгээдийг тухайн газрын эзэмшигч, өмчлөгч гэж үзнэ. Нэхэмжлэгч С.Д-гийн хувьд манай хажуу талын барилгын орон сууцанд амьдарч байгаа болохоос тэрхүү хөрш залгаа газрын эзэмшигч, өмчлөгч биш. Харин Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хүлээн зөвшөөрнө” гэж заасан байгаа. Зайлшгүй нөлөөллийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь С.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл барилгын ажил явуулаад, тоос шороо гаргаж, дуу чимээ ихээр үүсгэх гээд байгаа учраас манай эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж магадгүй гэсэн. Тэгэхээр Улаанбаатар хотод амьдарч байгаа тохиолдолд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл байдаг нь хуучин баригдсан барилгуудтай ойролцоо барилга баригдахад хөрш залгаа газар нь тодорхой хугацаанд нөлөөллийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг. Харин барилгын компани нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тоос шороо, дуу чимээтэй ажлаа тэдээс тэдэн цагийн хооронд, ямар стандарт шаардлагын дагуу хийх ёстой дүрэм журмуудынхаа дагуу хийх үүргийг хүлээдэг. Бидний хувьд аль болох оршин суугчдад хүндрэл учруулахгүйгээр, норм дүрмийнхээ дагуу явуулна. Тэгэхээр хуульд заасны дагуу хажуугийн орон сууцны оршин суугч нь тодорхой хэмжээгээр нөлөөллийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үүрэгтэй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс цонхоор тусах нарны тусгал багассанаар мөөгөнцөр үүсч барилгын насжилт, эдэлгээнд сөргөөр нөлөөлнө гэж тайлбарладаг. 27\1 дүгээр байр анхнаасаа төлөвлөлт нь цамхаг хэлбэрээр төлөвлөсөн, тэр тусмаа нэхэмжлэгч С.Д-ийн байр 3 цонхтойгоос 2 цонх нь хойшоо харсан, 1 цонх нь баруун тийшээ харсан байрлалтай, энэ байрлалаараа бол тухайн цонхнуудад нар тусах хэмжээ их бага юм билээ. Түүнээс биш манай барилга баригдсанаар эдний барилга мөөгөнцөртөх нөлөөлөл үүсэхгүй. Түүнчлэн тийнхүү барилгад нар тусаагүйгээс мөөгөнцөр үүснэ гэдгийг нэхэмжлэгч нь ямар нэгэн баримтаар нотлоогүй байгаа. Мөн Иргэний хуулийн 135 дугаар зүйл нь “ноцтой хор хохирол учруулахаар нөлөөлөл үзүүлнэ” гэсэн ойлголт яваад байна. С.Д-ийн хувьд ирээдүйд манай цонхыг хааж магадгүй, ирээдүйд аюул учирч магадгүй гэсэн нэхэмжлэл гаргаад байдаг. Гэтэл одоогоор С.Д гуайд яг ноцтой хохирол учруулчихсан байдал болоогүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнүдэслэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх бөгөөд С.Д нь манай хөрш залгаа газрын эзэмшигч биш, мөн бид нар С.Д гуайн эрх ашигт ноцтой хохирол учруулсан үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлээ дэмжин ирээгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч “Ачлал Трейд” ХХК-ийн барьж буй барилга нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар оршин суугчдын эрх ашиг, сонирхлыг “ноцтой хохироож болох барилга байгууламж” тул тус компанийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны .. байрны орчин тойрныг нөхөн сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Ачлал Трейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тус компанийн барьж байсан Хавдрын эмнэлгийн барилга нь нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг болон барилгын норм дүрмийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхгүй этгээд бөгөөд өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлож чадаагүй гэж тайлбарлан маргасан.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь хариуцагч талаас шинээр гаргасан нотлох баримтуудтай танилцах хугацаа хүссэний дагуу шүүх түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхээр товлогдсон энэ өдрийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 234/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж   заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр шийдвэрт дурдсанаар: хариуцагч “Ачлал Трейд” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/596 дугаар захирамжаар “Инэл” ХХК-иас 2,340 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний орон сууцны зориулалтаар шилжүүлэн авч, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгогдсон байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/993 дугаар захирамжаар дээрх эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн, 2,340 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулан, 000305032 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. /хх 43-49, 222 арын хуудас/

Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу олгогдсон 2,340 м.кв талбай бүхий газарт 43,5х25,0 хэмжээтэй, 16 давхар, төмөр бетон каркасан /цутгамал/ эмнэлгийн барилга барих №0000836 202/2014 тоот 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Ачлал Трейд” ХХК-д олгож, барилгын ажлыг эхлүүлсэн байх боловч иргэний болон захиргааны хэргийн шүүхэд үүсгэгдсэн маргааны улмаас зогссон болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр шийдвэр болон фото зургууд, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хэг/476 тоот албан бичиг болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогджээ. /хх 206, 187-191, 215/

Нэхэмжлэгч С.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “Ачлал Трейд” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилга нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар “оршин суугчдын эрх ашиг, сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламж” гэж тодорхойлон, тус компанийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хажуугийн буюу 27\1 тоот орон сууцны барилгын орчин тойрныг нөхөн сэргээлгэх тухай шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтад “хөрш залгаа газрыг зээмшигч” гэж тодотгон зааснаар хөрш залгаа газрын өмчлөгч өөрийн газар дээр барилга байгууламж барьсан нь нөгөө өмчлөгчийн ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа үед тэр үйлдлээ зогсоохыг шаардах эрхийг тусгайлан зохицуулсан бөгөөд газар өмчлөгч өөрийнх нь өмчлөлийн газарт нөлөөлж байгаа барилга, байгууламжийг бүхэлд нь зайлуулахыг шаардах эрхтэй. Энэхүү шаардах эрх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах, мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхийн нэгэн адил өмчлөх эрхийг хамгаалсан заалт юм.

Гэтэл нэхэмжлэгч С.Д нь маргаан бүхий эмнэлгийн барилга баригдаж буй газрын хөрш залгаа газрын эзэмшигч болохоо нотлоогүй, тодруулбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 27\1 дүгээр байрны эзэмшигч, өмчлөгч мөн болохоо, эсвэл уг байрны 301 тоотод оршин суугч мөн болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн, хариуцагч “Ачлал Трейд” ХХК-ийн барихаар төлөвлөж буй барилгын улмаас түүний амьдарч буй орон сууцны барилгын оршин суугчдад ямар байдлаар ноцтой хохирол учрах, тус байрны орчин тойрныг нөхөн сэргээлгэхээр ямар хэмжээний хохирол учирсан болохыг тодорхойлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч С.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ачлал Трейд” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, байрны орчинг нөхөн сэргээлгэх тухай нэхэмжлэгч С.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА