| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0131/Э |
| Дугаар | 412 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 412
2020 04 30 2020/ШЦТ/412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
шүүгдэгч: Г.А, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Баянгол” уурхайн ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар урьд:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 capын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон,
-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 10 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 6 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосон, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, ялаа эдэлж дууссанд тооцож суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Г.А
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод оршин суудаг хохирогч Ш.Доржсүрэнгийн байнга амьдрах байшинд нэвтэрч “мөнгөн тоногтой хуучин хийцийн эмээл, хазаарыг” хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамж 163 тоотод оршин суугч Б.Ууганболдын гэрт хонож амарч байхдаа хамт байсан хохирогч Ж.Зөнбилэгийн эзэмшлийн “Самсунг Жи 2” маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөг, “Тоёота приус 10” маркийн автомашин зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч бусдад 4.099.000 төгрөг, нийт 16.479.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/, эд зүйлст үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/, хохирогч Ш.Доржсүрэн /хх-ийн 16-18/, гэрч Т.Рэнчин /хх-ийн 19/, хохирогч Ж.Зөнбилэг /хх-ийн 79-81, 82-83/, гэрч Б.Ууганболд /хх-ийн 84-85/, гэрч Б.Оюунтогтох /хх-ийн 86-87/, Б.Цэцэгсайхан /хх-ийн 88/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 119-120/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 123/, хохирлын мөнгө шүүхийн дансанд байршуулсан баримт /хх-ийн 193/, Г.А-няллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-32, 98-100, 114-117, 165-167/, Г.А-нхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36, 45, 61-68, 104, 209-210/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах иргэн Ш.Доржсүрэнгийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч “мөнгөн тоногтой хуучин хийцийн эмээл, хазаар” зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
-2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамж 163 тоотод байрлах Б.Ууганболдын гэрт хонож байхдаа иргэн Ж.Зөнбилэгийн эзэмшлийн “Самсунг Жи 2” маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөг, “Тоёота приус 10” маркийн автомашин” зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ш.Доржсүрэнгийн /хх-ийн 16-18/: “...миний бие Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд оршин суудаг. ... 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 08 цагт хот орчихоод 10 цагт ирэхэд манай байшингийн 2 дугаар давхарт байсан “мөнгөн тоногтой эмээл” алдагдсан байсан. ...өөр ямар нэгэн эд зүйлийг хөндөж ухаж уудалсан зүйл байхгүй байсан. Манайх 1 дүгээр давхарт засвар хийж байгаа учир хаалга цоож байхгүй, хүн ороход нээлттэй үлдсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Рэнчингийн /хх-ийн 19/: “...Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах Мэндээ гэх хүний удирдлаганд зуслангийн байшин барьж байгаа. ...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зуслангаас хотын төв рүү орж ...Аагийгийн хамт 1 цаг караокед пиво уусан. ...00 цагийн үед зусланд байрлах ажил руугаа явахаар болсон. 7 буудлаас такси барьж Гоодойн зуслан хүргүүлэхэд төлбөр нь 10.000 төгрөг болсон. Аагий машинаас буугаад эмээгээс мөнгө аваад ирье гэж хэлээд буусан. Удалгүй Аагий ирээд “болчихлоо, та буу” гэж хэлэхээр нь машинаас буугаад амрах байр руугаа орж амарсан. ...Уг байшингаас мөнгөн эмээл авч таксины жолоочид өгсөн байсан. Аагий өөрөө тэр жолоочийн дугаарыг мэдэж байсан бөгөөд утсаар нь ярьж мөнгөн эмээлийг цагдаа нарын хамт очиж хурааж авсан...” гэх мэдүүлгээр,
Г.А-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 30-32/: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ...7 буудлын эцэст байрлах “Од” нэртэй караокед ...Рэнчин ахын хамт орсон. ...такси бариад ажиллаж байсан ажлынхаа байранд очихоор явсан. ...Уг газартаа очиход таксины мөнгө 10.000 төгрөг гарсан. ...Рэнчин ах бид хоёрт таксины мөнгө байхгүй байхаар нь Ш.Доржсүрэн ахын ээжээс мөнгө зээлэхээр байшинд нь орсон. ...ээж нь байхгүй байхаар нь 2 давхар руу нь гараад зочны өрөөнд байсан мөнгөн эмээл, хазаарыг аваад таксины жолоочид мөнгөнийхөө оронд барьцаанд тавиад маргааш нь таксины жолоочоос авахаар болсон...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ж.Зөнбилэгийн /хх-ийн хх-ийн 79-81, 82-83/: “...Би “Од” нэртэй караоке ажиллуулдаг. ...Аагий манай караокены байнгын үйлчлүүлэгч болохоор итгэн үйлчилсэн. ...манай найз Б.Ууганболд ирчихсэн эхнэр Оюунцэцэг бид хоёр тэднийд хонох гэж байсан. Аагийг хонох газаргүй гэхээр нь ...Б.Ууганболдын гэр рүү аваад явсан. Бид дөрөв 2018 оны 10 дугаар сарын 13-ны үүрийн 05 цагийн үед Б.Ууганболдын гэрт очин 750 граммын “Хараа” нэртэй архи дөрвүүлээ хуваан уун 06 цагийн үед унтаж амарсан. ...Өдөр 12 цагийн үед сэртэл Аагий байхгүй байсан. Би хувцсаа өмстөл тэлээнд зүүлтээстэй байсан тээврийн хэрэгслийн түлхүүр байхгүй болохоор нь гараад хартал миний тээврийн хэрэгсэл байхгүй байсан. ...манай эхнэр цүнхэн доторх эд зүйлсээ үзтэл орлогын бэлэн 300.000 төгрөг, миний “Самсунг Жи-2” гар утас алга болсон байсан. ...7 буудлын эцэс дээр Г.А өөр хүнээр машин бариулчихсан, өөрөө шал согтуу байсан. ...автомашин болон “Самсунг Жи-2” гар утсаа авсан. Одоо орлогын 300.000 төгрөгөө авах дутуу байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Ууганболдын / хх-ийн 84-85/: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19-20 цагийн үед найз Ж.Зөнбилэгтэй уулзахаар 7-н буудлын “Од” нэртэй караокед очсон. ...өглөө үүрээр 06 цагийн үед унтаж амарцгаасан. ...өглөө 10-11 цагийн үед сэрэхэд Аагий гэдэг залуу байхгүй байсан. Ж.Зөнбилэгийн эхнэр нь ...цүнхний амсар дээр байгаа хайрцгийг аваад үзээдэхдээ гэсэн чинь дотор нь мөнгө байхгүй байсан. ...Ж.Зөнбилэг “миний утас, эхнэрийн цүнхэнд байсан мөнгө төгрөг байхгүй болчихсон байна, нөгөө залуу аваад явчихаж” гэж хэлсэн. ...дараа нь машинаа алга болсноо мэдсэн...” гэх мэдүүлгээр,
Г.А-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 98-100/: “...намайг сэрэхэд Б.Ууганболд зүүн талын орон дээрээ, Ж.Зөнбилэг эхнэртэйгээ баруун талын орон дээр унтаж байсан. Би босож аяга ус уучихаад Ж.Зөнбилэгийн тайлаад тавьчихсан байсан өмдний тэлээнд байсан машины түлхүүрийг нь авсан. Ширээн дээр ил байсан Ж.Зөнбилэгийн “Самсунг Жи-2” маркийн гар утас, бас Ж.Зөнбилэгийн эхнэрийнх нь цүнхэнд байсан 300.000 төгрөгийг аваад гарсан. ...Хашааны гадна байсан Ж.Зөнбилэгийн ногоон өнгөтэй “Тоёота приус 10” загварын машиныг нь асаагаад унаад явсан. ...7 буудлаас хөдлөөд хойшоо дөнгөж явж байтал Ж.Зөнбилэг зам дээр гараад ирсэн. Тэгээд би Ж.Зөнбилэгт баригдаад, цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг болон “Дамно” ХХК, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-ийн 119-120, 123/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/, эд зүйлст үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэдийн хөрөнгийг гэрт нь нэвтэрч нууцаар, зөвшөөрөлгүйгээр авч явсныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад нийт 16.479.000 төгрөгийн хохирол учруулж буй Г.А-нгэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Ш.Доржсүрэнгийн хулгайд алдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан,
хохирогч Ж.Зөнбилэгийн “...автомашин болон “Самсунг Жи-2” маркийн гар утсаа авсан, одоо орлогын 300.000 төгрөгөө авах дутуу байна” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 82-83 дугаар талд авагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 300.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ад хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.А-г1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гшийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын данснаас нийт 300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Зөнбилэгт олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ