Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00746

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02950 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр магадлалтай,

Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, тус сургуулийн Дархан-уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд холбогдох,

2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/ 10, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тушаалын Н.Б-т холбогдох хэсэг, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2006 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын тушаалын дагуу  биеийн тамирын багшаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлаа хийж байтал 2015 оны 03 дугаар сарын эхээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын тушаалаар түр гэрээт ажилтнаар ажиллуулахаар болсон, байнгын  ажилтны гэрээгээр ажиллуулахгүй гэж мэдэгдсэн. Гэвч тушаалыг албан ёсоор сургуулийн захиргаанаас танилцуулаагүй бөгөөд ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байсан.

2015 оны 10 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирал өөрчлөгдөж, түр орлон гүйцэтгэгчээр өөр хүн томилогдсон бөгөөд сургуулийн захиргаанаас таныг түр хугацаагаар халж байна. Сургуулийн захирал албан ёсоор томилогдож жинхлэхээр ажилд эгүүлэн авна гэж мэдэгдсэн боловч ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулаагүй, нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн талаар бичилт хийгээгүй, ажил хүлээлцээгүй болно. 2017 оны 06 дугаар сард Б.Баясгаланмөнх нь тус сургуулийн захирлаар томилогдсон тул очиж уулзахад ажилд авах боломжгүй гэж мэдэгдсэн. Дээрх  ажилд түр томилсон гэх тушаал нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай тушаалыг үндэслэсэн гэх атлаа дээрх тушаал гарахаас 1 хоногийн өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гарсан байдаг.

Иймд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/ 10 дугаар, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тушаалын Н.Б-т холбогдох холбогдох хэсэг, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч АШУҮИС болон тус сургуулийн Дархан-уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Б- нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн биеийн тамирын багшаар ажилласан ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуульд нийцсэн. Ажилтан  ажил үүргээ гүйцэтгэж байхдаа багшийн ёс зүйн болон сахилгын зөрчлийг удаа дараа гаргадаг байсан, захирлын зөвлөлийн хурлаар түүнд холбогдох асуудлыг хэлэлцэн удаа дараа сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч тэрээр гаргасан алдаагаа засахгүй дахин зөрчил гаргасаар байсан тул арга буюу ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийг  АШУҮИС-д хүргүүлснээр 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 тоот тушаал гарч Н.Б-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон амралтыг 24 хоногоор тооцсон байдаг. Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот ажилд түр томилох тушаалаар түүнийг гэрээт багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч Дархан-Уул аймгийн аудитын газрын  албан шаардлага ирсэн. Энэхүү албан шаардлагад Н.Б-ыг ажлаас чөлөөлсөн байхад түүнийг гэрээт багшаар томилсон зөрчил илэрлээ.. гэж дурдан хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн тул 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 81 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Энэхүү тушаалыг Н.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Отгонбаяраар дамжуулан хүлээн авсан,  харин эд хөрөнгийг хүлээлцэх гэхэд хол явж байна гээд ирээгүй тул тусгай тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02950 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд холбогдох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн 09 дүгээр тушаалын Ажилд түр томилох тухай тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн тэнхимийн биеийн тамирын багш албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Н.Б- /РД:ТЕ60090914/-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн 75.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Б-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 179 дүгээр шүүхийн магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Б- ажилд орох хүсэлтийг хэлэлцсэн гэх атлаа энэхүү хүсэлт гэх зүйлийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөөгүй, зөвхөн хариуцагч амаараа л ийм хүсэлт “бичгээр гаргаж өгсөнг” хэлэлцсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс ийм хурал болсонг ч мэдэхгүй бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас энэхүү хуралдааны тэмдэглэлийг хариуцагч нь нөхөж хийсэн гэж анхнаасаа маргадаг. Дээрх баримт “хавтаст хэрэгт байхгүй” гэж хариуцагч хэлдэг. Мөн тус хавтаст хэргийн 49 дүгээр хуудаст буй хуралдааны тэмдэглэлийн эхэнд: 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт Эрдмийн өргөөнд хуралдав. “Хуралд” гээд ирцийн нэрс дунд Н.Б- багшийн нэр ч байхгүй бөгөөд гарын үсэг зуралцсан хүмүүсийн гарын үсэг дунд ч түүний гарын үсэг зурагдаагүй болно. “Хэлэлцсэн” гэх хүсэлт нь хавтас хэрэгт байхгүй, тэмдэглэл дээрх байлцсан гэх нэрс дунд нэхэмжлэгчийн нэр байхгүй байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийг хүсэлт гаргасан, хуралд оролцсон энэхүү хуралд оролцсоноороо ажлаас халсан тушаалаа мэдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогчийн шийдвэрийг “хүлээн авсан” өдрөөс хойш гэж тодорхой заасан болохоос “мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно” гэж хуульчлаагүй. Болсон гэх Дархан-Уул аймгийн АУШУС-ийн хурал дээр хэн хэрхэн яаж төв сургуулийн хамгийн анхны ажлаас халах тушаалыг мэдэгдэх, гардуулах билээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хөөн хэлэлцэх хугацааг дандаа мэдсэн гэх өдрөөр эхлэн тоолж, шийдвэрээ үндэслээд байгаа. Ажлаас халсан тухай шийдвэрээ гардаж аваагүй, ажил олгогч нь гардуулахгүй байхад ажилтныг мэдсэн гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг тоолдог бол ажил олгогч нар ажлаас халсан ажилтнууддаа тушаалаа гардуулалгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгадаг, ажилтан нь тушаалаа гардаж аваагүй атлаа юуг нь мэдэхгүй тушаалыг буруутгаж шүүхэд хандах нь тодорхойгүй ийм л нөхцөл байдал үүсэх бөгөөд анхан шатны болон давж заалдах шүүх нь ийнхүү хуулийг буруу тайлбарлаж байна. Тушаалын хүснэгт /хх-53 хуудас/ гэх баримт дээр Н.Б- багшийг АШУИС-ын Дархан АУС-ын захирлын “2015 оны 10 дугаар сарын 28-ны тушаалыг 2015 оны 10 сарын 30-ны өдөр гардуулсан” гэх мөртлөө, 2015 оны 10 дугаар сарын 30-ны тухайн өдөр Н.Б-ыг дуудахад “би хол явж байна, очих боломжгүй” гэх тэмдэглэл/хх-54/ үйлдэгдээд байгаа юм. Ийнхүү нэг өдрөөр огноолсон 2 өөр утга бүхий баримт хавтаст хэрэгт байгаа нь хариуцагч нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн энэ бүхий л баримтыг өөрсдөө дараа нь үйлдсэн болох нь харагдаж байна. Ажлаас халсан гэх АШУҮИС-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаал дээр Н.Б-ыг ямар үндэслэлээр халсан тухай агуулга, хуулийн заалт болон ажил хүлээлцэх өдөр зэрэг байхгүй. Гэтэл энэ тушаалаа хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 24 болон 25-ны өдрүүдийн “сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлсүгэй” гэх хурлын тэмдэглэлийг үндэслэж, шийдвэрлэсэн гэх атлаа тушаалаа 2 сар, 5 хоногийн дараа гаргасан болно. 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаараа ажлаас нь халж, тухайн тушаалаараа түр ажилтнаар томилсны дараагийн өдөр 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр түүнийг ажлаас нь дахин халсан бөгөөд дахин 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр салбар сургуулийн захирал нь дүрэм болон дотоод журмаа зөрчиж 3 дахь удаагаа халсан шийдвэрийг гаргасан бөгөөд энэ бүх тушаалаа гардуулалгүй, нийгмийн даатгалын дэвтэр дээр аль ч тушаалаа бичиж, тэмдэглэл хийгээгүй анхан шатны шүүх нь энэхүү эрх хэмжээгүй, олон ажлаас нь халсан шийдвэрүүдийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Ажилд аваагүй атлаа 3 дараалж нэхэмжлэгчийг ажлаас нь халсан байгаа юм.

Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тулд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 179 дүгээр шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Н.Б-ын “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, тус сургуулийн харьяа Дархан-уул аймаг дах Анагаах  ухааны сургууль эс зөвшөөрөхдөө “...шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэжээ. 

АШУҮИС-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн Б/10 дугаар тушаалын 10-т “ажлаас чөлөөлөгдсөн Дархан-уул аймаг дах салбар сургуулийн багш Н.Б-ын амралтыг 24 хоногоор тооцох”оор заажээ.

Түүнчлэн  Дархан-уул аймаг дах Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн 09 дүгээр тушаалаар Н.Б-ыг гэрээт багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, мөн оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 81 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан сургалтын гэрээг 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байх ба нэхэмжлэгч дээрх тушаалуудыг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан эсэх талаар талууд маргажээ. 

Ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч ажилд орох өргөдөл гаргасан, түүний уг хүсэлтийг сургуулийн захирлын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн хурлаар хэлэлцсэн нь тус хурлын тэмдэглэлд тусгагдсаныг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй тул  ажлаас халагдсанаа мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02950 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ