Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0513

 

 

 

 

 

 

 

оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0513

Улаанбаатар хот

Л.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч “Нийслэлийн Орон сууны корпораци” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 518 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Л.Д-ын нэхэмжлэлтэй, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 518 дугаар шийдвэрээр: “Орон сууцны тухай хуулийн 8 дугаар 8.1, 8.1.1, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д-ын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-д холбогдуулан гаргасан “57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Дт квот олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Иргэн Д миний бие хөдөлмөрийн чадвараа 76 хувиар алдсан бөгөөд байнгын асаргаа шаардлагатай гэж тодорхойлогдсон ам бүл 5-уулаа амьжиргааны түвшинээс доогуур орлоготой . Түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргасан боловч “...512 иргэн хамрагдсанаас иргэн Л.Д нь 1430 дугаартай бүртгэл үүсгэн 57-д эрэмбэлэгдсэн байна” гэсэн хариуг Нийслэлийн орон сууцны корпорациас өгсөн.

2. Нэхэмжлэгч миний хувьд тулгуур эрхтний бэрхшээлтэй, хугацаагүй хөдөлмөрийн чадвар алдалттай, эрх бүхий байгууллагаас өдөр тутмын үйлдэлдээ бусдын тусламж шаардлагатай байнгын асаргаанд байна гэж тодорхойлогдсон зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын ямар төрөлд хамаарч ямар үндэслэлээр 57-д эрэмбэлэгдсэн талаар тодорхой хариу өгөөгүй.

3. Тулгуур эрхтний хөдөлмөрийн чадвараа 76 хувиар алдаж байнгын асаргаа шаардлагатай гэж тодорхойлогдсон хэдэн хүмүүсээс ямар үндэслэлээр 57-д орсон талаар мэдэгдээгүй зэрэг гэдэг шалгуураар авч үзвэл өвчлөлийн хугацаа биед үйлчилж байгаа нөлөөлөл өвчлөлийн зэрэг гэх шалгуурын алинд хамаарч байгаа нь тодорхой бус.

4. Ижил түвшиний тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдээс миний бие ямар шалгуураар 57-д эрэмбэлэгдсэн гэдэг талаар хариу өгөөгүй.

5. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гэх 114 дүгээр тогтоол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийг “... энэхүү зохицуулалт нь нийт зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн нийтлэг хэм хэмжээ бөгөөд эрх зүйн үйлчлэл нь нэхэмжлэгч Л.Д-т шууд чиглээгүй, нийтлэг хэм хэмжээ тогтоосон байх тул уг журмын заалтад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх Л.Д-т үүсэхгүй ...” гэсэн дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нэхэмжлэгчид илэрхий чиглээгүй, түүнд ямар нэгэн хамааралгүй болох нь илэрхий тодорхой, мөн тухайн асуудлаар маргах эрхийг тусгайлан зааж хуульчлаагүй тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Нэхэмжлэгч Л.Д анх шүүхэд “... түрээсийн орон сууцанд хамрагдах тухай өргөдлөө өгсөн боловч уг журмын 5.2.7.1 дэх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр нь эрэмбэлнэ гэсэн заалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 76 байх тул нийт хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн 57-д эрэмбэлэгдсэн гэсэн хариуг өгсөн ... дээрх заалт ... миний хөдөлмөрийн чадвар алдалтын ямар хувь, хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн ... эрэмбэлсэн болох нь тодорхой бус байгаагаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх ... заалтыг зөрчиж байна ... миний 2020 оны 05 дугаар сарын 25-нд НИТХ-ын ажлын албанд гаргасан хүсэлтийг ... Нийслэлийн Орон сууцны корпорацид уламжилсан бөгөөд тус байгууллагын зүгээс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “эрэмбийг ахиулах боломжгүй” албан ёсны хариу гэж ... мэдэгдсэн ... эрэмбийг ахиулах боломжгүй гээн албан ёсны хариу өгөх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаагүй учраас захиргааны үйл ажиллагаа хуульд нийцээгүй ... “эрэмбийг ахиулах боломжгүй” гэж шийдвэрлэснээ албан ёсоор танилцуулаагүй, ... “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын иргэдийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг, төрлөөр эрэмбэлнэ гэх заалтууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших эрхийг зөрчсөн, сөрөг үр дагавар бүхий гадагш чиглэсэн захиргааны акт ...” гэсэн үндэслэлээр “Л.Д миний 2020 оны 05 дугаар сарын 25-нд НИТХ-ын ажлын албанд гаргасан хүсэлтэд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр НИТХ-ын ажлын албаар дамжуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн “эрэмбийг ахиулах боломжгүй” гэсэн хариу өгөх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн байх тул 2020 оны 07 сарын 20-ны өдөр НИТХ-ын ажлын албаар дамжуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн “эрэмбийг ахиулах боломжгүй” гэсэн  хариу өгөх үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын иргэнийг сонгон шалгаруулах 5 дугаар зүйлийн 5.2.7 буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 5.2.7.1-д зааснаар буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг төрлөөр гэсэн эрэмбэлсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байх тул дээрх заалтуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гарган маргаж байжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2848 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Д-ын “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн хэрэгжүүлж буй “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ зэрэг төрлөөр эрэмбэлнэ гэсэн 5.2.7.1 дэх заалт, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын иргэнийг сонгон шалгаруулах 5 дугаар зүйлийн 5.2.7 буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 5.2.7.1-д зааснаар буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ зэрэг төрлөөр гэсэн эрэмбэлсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны акт болж байх тул дээрх заалтуудыг хүчингүй болгох” нэхэмжлэлээр “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн хэрэгжүүлж буй Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ зэрэг төрлөөр эрэмбэлнэ гэсэн 5.2.7.1 дэх заалт, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын иргэнийг сонгон шалгаруулах 5 дугаар зүйлийн 5.2.7 буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 5.2.7.1-д зааснаар буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ зэрэг төрлөөр гэсэн эрэмбэлсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны акт болж байх тул дээрх заалтуудыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, “57-д эрэмбэлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хязгаарлаад байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх бөгөөд мөн “Түрээсийн орон сууцад хамруулах журмын 5.2.7.1-г хэрэглээд 57-д жагсаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах ... хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд ... журмын дагуу 512 иргэн хамрагдсанаас иргэн Л.Д яагаад 57-д эрэмбэлэгдсэн талаар тодорхой хариу өгөөгүй ... уг актыг иргэн Л.Д-т гардуулж өгөөгүй учраас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй ... ямар учраас 57-д эрэмбэлэгдсэн бэ гэдэг нь тодорхой бус ... ийм учраас хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзэж нэхэмжлэл гаргасан ...  ” /хх-208/ гэж тайлбарлажээ.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах”-аар маргаагүй буюу уг нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэж, нэхэмжлэгч Л.Д “уг асуудлаар маргаж байгаа буюу энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага байгаа” гэж тайлбарлан маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Д-ын “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн “... Эрэмбийг ахиулах боломжгүй” гэсэн хариу өгөх үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын иргэнийг сонгон шалгаруулах 5 дугаар зүйлийн 5.2.7.1-д зааснаар буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ зэрэг төрлөөр гэсэн эрэмбэлсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байх тул дээрх заалтуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг “...  Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам нь зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчлэх зохицуулалттай байх тул ... давж заалдах шатны шүүхийн хуулиар харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй ... “Эрэмбийг ахиулах боломжгүй” гэсэн хариу өгөх үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь ... захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн “Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журмын бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах гэсэн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 5.5.1-д заасан “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр” гэсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байгаа тул дээрх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр Барилга, хот байгуулалтын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч дээрх журмын зохицуулалттай маргаж байгаа эсэх нь тодорхойгүй байхаас гадна нөгөөтээгүүр нэхэмжлэгч уг зохицуулалтын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж тайлбарласан, өмнө давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журмын бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах гэсэн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 5.5.1-д заасан “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр” гэсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байгаа тул дээрх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын иргэнийг сонгон шалгаруулах 5 дугаар зүйлийн 5.2.7.1-д зааснаар буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ зэрэг төрлөөр гэсэн эрэмбэлсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байх тул дээрх заалтуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг тухайн шүүхийн харьяаллын бус буюу давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байхад шүүх “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, уг журмын зохицуулалтыг нэхэмжлэгчид илэрхий чиглээгүй, түүнд ямар нэгэн хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй, адил агуулга бүхий Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журмын холбогдох зохицуулалттай маргаж байх үед нь давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр” гэсэн зохицуулалттай холбогдуулан маргах эрхгүй гэж үзээгүй байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг  “нийт зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн нийтлэг хэм хэмжээ, эрх зүйн үйлчлэл нь нэхэмжлэгч Л.Дт шууд чиглээгүй, нийтлэг хэм хэмжээ тогтоосон” гэсэн дүгнэлт хийж, хүлээн авахаас татгалзсан нь буруу.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэл үндэстэй эсэхэд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

2. Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-д холбогдуулан гаргасан “57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Д-т квот олгохыг даалгах” нэхэмжлэлийн тухайд:

Шүүх нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийг “... Л.Д-ын тухайд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0126774 дүгээр актаар хөдөлмөрийн чадвар алдалт нь 76 хувиар тогтоогдсон, ... эрэмбийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тооцсон нь илэрхий байх тул нэхэмжлэгчийн “хөдөлмөрийн чадвар алдалтын ямар хувь, хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн 57 дугаарт эрэмбэлсэн болох нь тодорхой бус” гэх тайлбар үгүйсгэгдэж байна ... хариуцагч ... хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр эрэмбэ тогтоосныг буруутгах үндэслэлгүй, ... журамд заасны дагуу эрэмбийг тогтоож, нэхэмжлэгч Л.Д-ыг 57 дугаар эрэмбэлсэн нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул ...” гэсэн дүгнэлт хийж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-д заасан шийдвэрийг гаргах бөгөөд мөн хуулийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

Хуульд зааснаар “Даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс хариуцагч захиргаанд буюу шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд тодорхой асуудлаар шийдвэр гаргуулахаар хандсан боловч захиргаа хууль бусаар татгалзсан, эсхүл огт шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргасан байх тохиолдол бодитоор бий болсон, шүүх тэрхүү татгалзал, эсхүл эс үйлдэхүй хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой. 

Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч анхнаасаа 57-д эрэмбэлэгдэх ёсгүй байсан гэж маргасан, эсхүл  холбогдох журмын ямар зохицуулалтыг хэрхэн хэрэглээд 57-д эрэмбэлэгдсэн талаар хариуцагчаас тодорхой хариу өгөөгүй буюу хариуцагчийн хариу өгөөгүй эс үйлдэхүйтэй маргаж байгаа эсэх, эсхүл хариуцагчийн “57-д эрэмбэлэгдсэн” гэх хариу нь хууль бус түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргасан эсэх, эсхүл хариуцагч ямар, хувь хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн 57-д эрэмбэлсэн болох нь тодорхой бус гэж маргаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх “хариуцагч холбогдох журамд заасны дагуу эрэмбийг тогтоосон, 57-д эрэмбэлсэн нь хууль бус болох нь тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн тус шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэлээс хамаарч хариуцагчийн шийдвэр үйл ажиллагааг хянах шүүхийн хяналтын хүрээн тодорхойлогдох бөгөөд шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж тус тус зааснаар шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Л.Д-ын ... “Л.Д-ыг 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Д-т квот олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ... “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв ...” гэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт “...” журмын 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д холбогдуулан гаргасан “57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Д-т квот олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг зөрүүтэй, үүний улмаас шүүх ямар шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 2848 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Д-ын шүүхэд нэхэмжлэл гаргах улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70,200 төгрөгөөс чөлөөлсөн атлаа шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ