Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Актив капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01228 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Актив капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ц.Баярсайхан, Б.Төгөлдөр нарт холбогдох

 

09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашин гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бенз эс /s/550 маркийн автомашиныг биетээр болон бичиг баримтыг, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашины бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхбаяр,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ц.Баярсайхантай мөнгөний асуудал асуудлаас болж Ц.Баярсайхан нь 09-09 УБЯ улсын дугаартай “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашиныг манай компанийн өмчлөлд шилжүүлэн өгсөн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02402 тоот захирамжийн дагуу талууд эвлэрснээр “Актив капитал ББСБ” ХХК нь Ц.Баярсайханд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлээ татан авсан. Уг автомашиныг нэхэмжлэгчид биет байдлаар хүлээлгэж өгөхөөр болсон ч хариуцагч энэ үүргээ биелүүлэхгүй байгаа тул дахин гаргаж байгаа болно. Иймд 09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашиныг хариуцагчаас албадан гаргуулж биет байдлаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Ц.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие О.Баасансүрэнтэй урьд нь гэрээ байгуулж, мөнгө төгрөгийн өр авлагатай байсан нь үнэн бөгөөд энэ асуудлаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02402 тоот захирамжаар бидний эвлэрлийг баталсан захирамж гарсан байсан. Би тухайн үед хорих 461-р ангид хоригдож байсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хийсэн байсан. “Актив капитал ББСБ” ХХК-иас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй бөгөөд гэрээ байгуулж ч байгаагүй. Гэтэл “Актив капитал ББСБ” ХХК нь ямар ч үндэслэлгүйгээр миний хүү болох Б.Төгөлдөрийн өмчлөлийн машиныг өөрийн өмч гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед хүү Б.Төгөлдөр надад итгэмжлэл олгосон хэдий ч би уг машинуудыг О.Баасансүрэн өөрийн авлагад барьцаалсан гэж ойлгож байтал,  “Актив капитал ББСБ” ХХК нь уг машины эзэн гэж нэхэмжилж байгааг гайхаж байна гэжээ.

 

   Хариуцагч Б.Төгөлдөр шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 09-09 УБЯ улсын дугаартай “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашин нь Ц.Баярсайханы хүү Б.Төгөлдөрийн өмчлөлийн машин бөгөөд тухайн үед уг машиныг барьцаалан зээл авах, холбогдох гэрээ хэлцлийг байгуулах итгэмжлэлийг 2015.9.11-ний өдөр Б.Төгөлдөр нь Ц.Баярсайханд олгосон байдаг. Гэтэл “Актив капитал ББСБ” ХХК нь уг 09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ автомашиныг ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр авсан нь тодорхойгүй байж, манай өмч гэж нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн Ц.Төгөлдөрийн эзэмшлийн 84-44 УБЕ дугаартай Бенз эс550 маркийн автомашиныг нь бас өөрийн нэр дээрээ авсан байдаг. Иймд уг шаардлагуудыг зөвшөөрөхгүй бөгөөд О.Баасансүрэнгийн Ц.Баярсайханд холбогдох хэрэгт талууд эвлэрсэн бөгөөд энэ үед уг машиныг буцааж шилжүүлж өгнө гэж тохирсон боловч өгөөгүй бөгөөд ямарч хамааралгүй байгууллага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагч Ц.Баярсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь “Актив капитал ББСБ” ХХК-иас нэг ч төгрөгийн зээл аваагүй бөгөөд иргэн О.Баасансүрэнгээс зээлж авсан төлбөрийг төлөхтэй холбоотойгоор зээл олгоно, барьцаалж болох эд хөрөнгө байна уу гэхээр нь хүү Б.Төгөлдөрийн эзэмшлийн 2 авто машиныг барьцаалах итгэмжлэлийг авсан бөгөөд  09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ автомашин, 84-44 УБЕ дугаартай Бенз эс550 маркийн автомашинуудыг 145 000 000 төгрөг өгнө хэмжээн эзэмшлийг өөрийн нэр дээр болгосон. Гэвч нэг ч төгрөг өгөөгүй атлаа 84-44 УБЕ дугаартай Бенз эс550 маркийн автомашиныг дур мэдэн авч өнөөдрийг хүртэл өгөөгүй, 09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ автомашины бичиг баримтыг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн ч үүргээ биелүүлэхгүй хохироож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцлийн үндсэн дээр хөдлөх эд хөрөнгүүд “Актив капитал ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжсэн байгаа тул Бенз эс550 маркийн автомашиныг биетээр болон бичиг баримтыг, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашины бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ц.Баярсайхан нь фидуцийн гэрээний дагуу 09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашиныг “Актив капитал” ББСБ-д шилжүүлэн өгч, улмаар 2015 оны 9 сарын 14-ний өдөр №01027422 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл дээрх машинуудыг биет байдлаар хүлээлгэн өгөөгүй бусдын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашигласаар байна. Иймд дээрх автомашин нь нэхэмжлэгч “Актив капитал” ББСБ-ийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийнхээ дагуу шүүхэд хандсан болохыг анхаарч, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Баасансүрэн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 172/ШШ2016/02402 дугаартай шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч О.Баасансүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 115 200 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Ц.Баярсайхан нь 223 000 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Баасансүрэнд төлж барагдуулахаар тохиролцсон. Мөн тус эвлэрлийн гэрээг байгуулахын урьд өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ц.Баярсайханы эхнэр, өөрийн дүү нотариатч н.Таванбаярын хамт манай өмгөөлөгчийн оффис дээр ирж уг эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд 100 000 000 төгрөгийг эвлэрлийн гэрээг батлагдмагц нэхэмжлэгч талд шилжүүлэх бөгөөд “Актив капитал” ББСБ-н зүгээс “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ автомашиныг Б.Төгөлдөрт буцаан шилжүүлэхээр тохирсон ч хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд 100 000 000 төгрөгийг өгөөгүй байна. О.Баасансүрэнгийн хувьд “Актив капитал” ББСБ-н тодорхой хувийг эзэмшдэг бөгөөд манай байгууллага өөрийн өмчлөлийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардаж байгааг бүрэн дэмжиж байгаа бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.Баярсайхан, Б.Төгөлдөр нараас 09-09 УБЯ улсын дугаартай “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Баярсайханы сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярсайханы сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030346 тоот данснаас гаргуулж Ц.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

      Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хэргийн нөхцөл байдалд бодитойгоор дүгнэлт өгөөгүй гэж үзэхийн сацуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... “Актив капитал" ББСБ ХХК нь хариуцагч Ц.Баярсайханд холбогдуулан гаргасан 09-09 УБЯ улсын дугаартай “Ренжровэр-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлээ ямар үндэслэлээр татан авсан нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж тодорхойлсон ба харин татан авч байгаа үндэслэлийг заавал тусгах тухай хуулиар зохицуулаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Хэрэгт авагдсан баримтаар 09-09 УБЯ улсын дугаартай “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн болон 84-44 УБЕ улсын дугаартай Бенз эс550 маркийн автомашинууд нь Б.Төгөлдөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна" гэжээ. Дээрх дүгнэлтээс харахад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ нэг талын эрх ашгийг хамгаалсан, мөн нотлох баримтуудыг нэг мөр үнэлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх автомашины өмчлөгч нь Б.Төгөлдөр байсан хэдий ч 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01027422 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 0909 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашины өмчлөгч нь "Актив капитал" ББСБ бүртгэгдсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... нэхэмжлэгч байгууллага нь уг итгэмжлэлийн дагуу, талуудын хооронд байгуулагдсан ямар гэрээгээр уг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, түүнчлэн талуудын хооронд харилцан тооцох ямар үүрэг үүссэн, хариуцагчийн уг эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа талаар нотлоогүй, энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй байна" гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бусдын хууль бус эзэмшилд байгаа өөрийн өмчлөлийн автомашинаа гаргуулах гэж тодорхойлсон боловч шүүх дүгнэхдээ уг автомашин ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр хэрхэн шилжсэн талаар хэрэгт хамааралгүй нөхцөл байдалд дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ уг маргаан бүхий автомашины бичиг баримтыг нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн нь уг автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа гэдгээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн нэг хэлбэр гэж үзэхийн сацуу хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр өмчлөгч нь "Актив капитал'' ББСБ болох нь хангалттай нотлогдож байгаа. Шүүх дүгнэхдээ 09-09 УБЯ улсын дугаартай “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашиныг хууль ёсны өмчлөлдөө авсан, хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтаар дээрх авто машины өмчлөгчөөр бүртгэсэн эрх бүхий байгууллагаас гаргасан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдсоор байтал уг нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1228 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Баярсайхан, Б.Төгөлдөр нарт холбогдуулан 09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Бенз эс /s/550 маркийн автомашиныг биетээр болон бичиг баримтыг, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашины бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээний үндсэн дээр хариуцагч нар 09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашиныг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул уг автомашиныг биет байдлаар гаргуулна” гэж тайлбарласныг хариуцагч нар эс зөвшөөрч, автомашины өмчлөх эрх нэхэмжлэгчийн өмчлөлд ямар гэрээгээр шилжсэн эсэх талаар маргасан байна.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02402 дугаар захирамжид зохигчдын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримтыг дурдаагүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

            Иймд анхан шатны шүүх талуудын хооронд ямар гэрээгээр автомашины өмчлөх эрх “Актив капитал ББСБ” ХХК бүртгэгдсэн, тэдгээрийн хооронд харилцан тооцох ямар үүрэг үүссэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Өөрөөр хэлбэл 09-09 УБЯ улсын дугаартай, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашин нь нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч хариуцагч нар энэхүү үйл баримтад маргасан тул нэхэмжлэгч тал тухайн автомашиныг хэрхэн, ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр өөрийн өмчлөлд бүртгүүлсэн эсэхээ нотлох үүрэг хүлээдэг. Гэвч нэхэмжлэгч нь энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн хариуцагч Ц.Баярсайхан нь автомашинуудын өмчлөгч болохоо өөрөө баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан Бенз эс /s/550 маркийн автомашиныг биетээр болон бичиг баримтыг, мөн “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашины бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

            Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Ц.Баярсайханы хэнд холбогдуулж гаргасан, ямар шаардлагатай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах нь зүйтэй.

 

            Гуравдагч этгээд О.Баасансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж гомдол гаргасан байх боловч шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “102/ШШ2016/02402 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Актив капитал ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Баярсайханд холбогдох нэхэмжлэлээ ямар үндэслэлээр татан авсан нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн нь буруу байх бөгөөд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй болно. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болох талаар заасан. Гэвч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.   

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК-д холбогдуулан гаргасан, Бенз эс /s/550 маркийн автомашиныг биетээр болон бичиг баримтыг, “Ренжровэ-вөэг” /rangerover-vogue/ маркийн автомашины бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай хариуцагч Ц.Баярсайханы сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ   

 

                  ШҮҮГЧИД                                              Э.ЗОЛЗАЯА     

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ