| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0418/Э |
| Дугаар | 422 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 422
2020 05 05 2020/ШЦТ/422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч: П.Бямбасүрэн;
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
иргэдийн төлөөлөгч: Ц.Одмаа;
хохирогч: Э.Мөнх-Алдар;
шүүгдэгч: Т.А, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-т холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод
аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4,
эхнэр, 2 хүүхдийн хамт урьд:
Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүнд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Т.А
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Т.А нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 156 тоот гэртээ аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох 32см уртай, бор өнгийн иштэй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Э.Мөнх-Апдарын хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон бэрхшээлтэй, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний цээжин тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Э.Мөнх-Алдар бид хоёр багийн найзууд. Өмнө нь Э.Мөнх-Алдар хэд хэдэн удаа хулгайн шинжтэй үйлдлүүд гаргадаг байсан. Иймэрхүү асуудлаас болоод муудалцдаг байсан. Тухайн өдөр өглөө босоод нэг хүнтэй уулзах гээд гарах гэж байтал манай хадам эгч ирээд “бууз хийлцээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүнтэйгээ уулзах гээд явж байгаад Э.Мөнх-Аладартай уулзсан. Бид хоёр манай гэрт ирээд би “мах чанах уу” гэхэд “идэхгүй” гэхээр нь стүжин идээд жаахан юм уусан. Би 14 хоногийн өмнө гар утсаа алдсан байсан. Би гар утас авсан хүнтэй яриад муудалцсан. Бас хэдэн найзуудтайгаа видео колл хийсэн. Э.Мөнх-Алдар бид хоёр тэтгэврийн зээл тэглэсэн талаар ярилцсан. Э.Мөнх-Алдар “эмчилгээнд орох гэсэн мөнгө төгрөггүй байгаа, хөл дээрээ явж чадахгүй болохоор сэтгэл санаагаар унаж байна, надад мөнгө төгрөгөөр тусла” гэж хэлсэн. Би “чадахгүй” гэдгээ хэлээд муудалцаж байгаад нэг удаа хутгалсан. Зарим зүйлийг нь тодорхой санахгүй байгаа. Тухайн үед эхнэрээ дуудсан. Удалгүй түргэний эмч ирээд Э.Мөнх-Алдарыг аваад явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мөнх-Алдар мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг Т.А ирж авсан. Би Т.Ааас 100 төгрөг ч авч байгаагүй. Тухайн үед ямар ч мөнгө төгрөг нэхээгүй. Гар утасны асуудлаасаа болж нэг хүнтэй хэрэлдэж байгаад уурандаа намайг хутгалсан. Би түргэн дуудаад өгөөч гэж байж дуудуулсан. Тэгээд намайг хөл муутай гээд гэмтлийн эмнэлэг рүү явуулсан байсан. Над руу стакан шидэхээр нь “чи намайг өмнө нь зодсон, одоо дахиж зодуулна гэж байхгүй шүү” гэхэд хутгалчихсан. Би “илүү дутуу мөнгө нэхэхгүй, миний гаргасан зардлыг өгчих” гэхэд “чадахгүй” гэж байсан. Надад 2.000.000 төгрөг өгсөн. Одоо 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байгаа...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 11/, хохирогч Э.Мөнх-Алдарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 16-22/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 25-29/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 31/, хохирогч Э.Мөнх-Алдарын мэдүүлэг /хх-ийн 35-40/, Э.Мөнх-Алдарын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2397 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45/, эд мөрийн баримт, гарын мөрөнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 50-53, 59-67, 84-86/, гэрч Ж.Туяадэлгэр /хх-ийн 93-96/, гэрч С.Энхцэцэг /хх-ийн 97-100/ нарын мэдүүлэг, Т.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 118-122, 125-129/, Т.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 130-131, 133-136, 143-144/, Э.Мөнх-Алдарын өвчний түүх /хх-ийн 154-180/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 246 дугаартай дүгнэлт /хх-ийн 181-182/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Т.Аын хувийн байдал, хохирол төлсөн баримт, Э.Мөнх-Алдарын хохирол төлбөрийн баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.А нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 156 тоот гэртээ “бусдад уурласан уурандаа” иргэн Э.Мөнх-Алдарыг хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжинд нь хутгалж түүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Мөнх-Алдарын /хх-ийн 35-40/: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ ээжтэй хамт байхад багийн найз Т.А ирсэн. Намайг дагуулаад Сүхбаатар дүүргийн Хангай хотхонд гэртээ очсон. Би “...жаахан ярилцаж сууя, усанд оръё, 2 шил архи ууя” гэж бодоод хамт явсан. Т.Аын гэрт 2 шил архи хувааж уусан. Тэр үед Т.А нэг хүнтэй утсаар яриад хэрэлдээд байсан. Тэр уурандаа миний зүүн хөмсөгний дээд тал руу нэг хатуу зүйлээр цохисон. ...Би Т.Ат “намайг урьд нь 2 удаа зодсон асуудлыг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулаагүй, одоо дахиад намайг зодох юм бол хэлдэг газар нь хэлнэ шүү” гэхэд “чи муу хэлээд яадаг юм бэ” гээд гал тогооны хэсгээс авсан бололтой хутгаар миний цээжин хэсэг, зүрхэн хэсэгт 1 удаа хутгалж зоосон. Би хутгалуулаад ухаан балартаад байсан. ...нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн, хагалгаанд орох гээд байж байсан. ...Т.А урьд нь ...над руу зурагт авч шидээд миний нуруу бөөр өвдөж байгаад өөрөөрөө эдгэрсэн. Дараа нь 2019 оны12 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт ирээд хоолны шанагаар толгойд цохиж хагалж байсан. Би түнхний дунд чөмгийн толгой солиулах хагалгаанд орох шаардлагатай таяг тулж явдаг болохоор биеэ хамгаалах чадваргүй. Энэ явдлууд урьд болоод өнгөрсөн учраас гомдол, санал байхгүй, ...хутгаар гэмтээсэнд гомдолтой байна. Т.А намайг хутгалах үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний мэдэж байгаагаар 1 удаа миний зүрхний хэсэг газар руу хутга зоосныг бол мэдэж байгаа...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Энхцэцэгийн /хх-ийн хх-ийн 97-100/: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...эмийн сан руу явчихаад ирэх хооронд хүү Э.Мөнх-Алдарын найз Т.А манай гэрт ирчихсэн байсан. ...Удалгүй Т.А миний хүү Э.Мөнх-Алдарыг “би машинтай явж байгаа, ойрхон яваад ирье” гэж хэлээд дагуулаад гэрээс гараад явсан. ...Би хүүгээ хүлээгээд байхад хүү маань гэртээ ирээгүй. ...охин Онон над руу залгаад “Э.Мөнх-Алдар хүнд хутгалуулаад цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа гэнээ” гэж хэлсэн. Эмнэлэг дээр очоод эмчтэйн уулзахад “маш хүнд хагалгаа хийнэ, амьд гарах эсэх нь эргэлзээтэй, цус их хэмжээгээр алдсан” гэж хэлээд яралтайгаар хагалгаанд оруулсан. ...Миний хүү Э.Мөнх-Алдар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэнэт суумгай болсон. ...түүний дунд чөмгийн толгой нь арзайж гэмтсэн байсан учир түүнээс хойш суга таягтай явдаг болж хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар группт орсон. Т.А урьд нь нэг удаа Э.Мөнх-Алдарыг гэрээс нь ирж аваад өөрийнхөө гэрт аваачаад хоорондоо маргалдаж муудалцаж байсан. Э.Мөнх-Алдарын нуруу нь хөхөрсөн байхаар нь “юу болсон бэ” гэж асуухад Т.А намайг зодсон гэж хэлж байсан. ...яагаад хоорондоо муудалцаад байдгыг нь мэдэхгүй, уг нь их сайн найзууд шиг байдаг. ...Хамт архи уучихаад хоорондоо муудалцдаг, байгаа газарт нь хаяад явчихдаг. ...эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Туяадэлгэрийн /хх-ийн 93-96/: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны 12 цагийн үед манай эгч Ж.Туяацэцэг утсаар яриад “...бууз хийлцээд өгөөч” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Т.А болон 2 хүүхдийнхээ хамт эгчийнхээ гэр рүү явсан. Т.А Солонгос Улс руу явахаар бүрдүүлж байгаа материал, лавлагааныхаа хариуг хөөцөлдөнө гэж хэлээд явсан. Т.А нь 14 цагийн үед ...утсаар яриад “бичиг баримтаа хөөцөлдөх ажил болчихлоо, одоо
гэр рүүгээ харилаа” гэж хэлсэн. ...би ...залгаж ярихад Т.А “хайр нь архи уучихлаа” гэж хэлэхээр нь ...“чи хэнтэй байгаа юм” гэж асуухад “...Алдараас цус гараад байна” гэж хэлсэн. ...би гэртээ ирэхэд цагдаа нар манай гэрт ирчихсэн, түргэн тусламжийн эмч ирээд Э.Мөнх-Алдарыг аваад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
Э.Мөнх-Алдарын биед “цээжинд зүүн эгэмний дунд шугамаар 6, 7-р хавирганы завсараар нэвтэрч өрцийг нэвт гарч хэвлийн хөндий рүү орж ходоодны ханыг хатгаж төгссөн хутгалагдсан шарх” бүхий хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2397 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 43-45/,
Т.Аын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 118-122, 125-129/: “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, найзыгаа ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Би Э.Мөнх-Алдартай хаяа нийлж архи уудаг. ...Э.Мөнх-Алдарын хөлний хагалгаанд удахгүй орох талаар ярилцсан. Би ...Э.Мөнх-Алдарт байр зарсан мөнгөөрөө хийх ажлынхаа төлөвлөгөөг ярьсан. ...Э.Мөнх-Алдар “намайг хагалгаанд ороход чи надад хэдэн төгрөгөөр туслах юм” гээд миний шарыг хөдөлгөх шинжтэй яриа өрнөсөн. ...намайг хүн өдөж барихгүй бол гайгүй. Гэхдээ жаахан агсам зантай. Эхнэр маань надад хандаж “чамд архи ерөөсөө зохихгүй байна, архи уухаа боль” гэж хэлж байсан. ...Би Э.Мөнх-Алдарыг хутгалсныхаа дараа гэрийнхээ ...утаснаас 103-т залгаж дуудлага өгснөө санасан...” гэх мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 11/, хохирогч Э.Мөнх-Алдарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 16-22/, Э.Мөнх-Алдарын өвчний түүх /хх-ийн 154-180/ зэрэг хэрэг бүтгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг цээжин тус газар нь хутгалсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нь бусдад хутгалуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэрэг гарах болсон шалтгааныг бодитой тогтоогоогүй, хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зан авир муу бөгөөд хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэхгүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг хүнд гэмтээсэн тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зэрэг санал, гомдлыг гаргав. Үүнд шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд няцаалт өгөв.
“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсхүл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгох бөгөөд энэхүү хэргийн хохирогч нь өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.
Мөн хохирогчийн биед учирсан гэмтэл (зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт оёдол бүхий шархтай), шүүгдэгч гар утсаа алдсан талаар утсаар ярьж байхдаа бусдад уурлаж байсан нөхцөл байдал зэргээс дүгнэхэд болсон үйл явдлын талаар хохирогч үнэн зөв мэдүүлсэн гэж үзэв. Тэгэхээр Т.Аын “...намайг хагалгаанд ороход чи надад хэдэн төгрөгөөр туслах юм, мөнгө төгрөг алга гэх зэргээр дарамталснаас үүдэн хэрэг гарсан” гэсэн нь дээрх байдлаар няцаагдаж Т.А энэ асуудлаар бодитой биш мэдүүлэг өгч байна гэж шүүх дүгнэх үндэслэл болов.
Санаа сэтгэлийн хүчтэй цочролд орсон субъект өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодож ямар нэгэн хүсэл зорилго бүхий үйлдэл гаргах боломжгүй агшин зуур болж өнгөрдөг мэдрэл-сэтгэл зүйн ачаалал юм. Гэтэл Т.А нь бусдад уурласан уурандаа гал тогооны шүүгээн дээр байсан хутга авч хүнийг гэмтээе гэсэн хүсэл зорилго бүхий, өөрийн үйлдлийг ухамсарлаж удирдсан, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг санаатай хутгалсан үйлдэл хийсэн байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “…хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” гэсэн санал, гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар бусдад уурласан уурандаа хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүнийг хутгалж, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн Т.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаан, мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон 938.784 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.А нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч Э.Мөнх-Алдар цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан төрөл, хэмжээний дотор 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан “Arkhi” гэсэн бичигтэй шилэн сав 2 ширхэг, цэнхэр өнгийн хээтэй, цагаан өнгийн орны даавуу 1 ширхэг, “Mevius” нэртэй тамхины иш 3 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Т.Аыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аын урьд цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч Э.Мөнх-Алдар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Arkhi” гэсэн бичигтэй шилэн сав 2 ширхэг, цэнхэр өнгийн хээтэй, цагаан өнгийн орны даавуу 1 ширхэг, “Mevius” нэртэй тамхины иш 3 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.ОЮУНЧИМЭГ
Х.ИДЭР