| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07414/И |
| Дугаар | 5757 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 5757
| 2016 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2016/05757 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, .. дугаар байрны ..тоотод оршин суух, ... регистртэй, ... настай, эмэгтэй, Ц ургийн овогт Э овогтой М гаргасан,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.М, түүний өмгөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Намайг бага байхад аав ээж хоёр маань салж, тэр үеэс хойш би өөрийн төрсөн аав Т.Д-ийнхээ хамт амьдарч байгаад 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр аав маань өвчний улмаас нас барсан. Тэр үед асран хамгаалах хүнгүй, ганцаар үлдэж, аавын төрсөн эгч Т.Ч-ын гэр бүлд, тэдний хүсэлтээр асрамжинд нь үрчлэгдсэн. Өнөөдөр би нас биед хүрч, 18 настай болсон. Хэдийгээр үрчлэн авсан аав Я.Э, ээж Т.Ч нартаа маш их талархаж байгаа боловч би өөрийн төрсөн аавынхаа нэрээр дахин овоглуулахыг хүсч байгаа учраас энэ хүсэлтийг гаргаж байна. Бид гэр бүлээрээ, ах дүүгээрээ ярилцаад зөвшилцөлд хүрсэн учраас намайг миний төрсөн эцэг Т.Д-гээр дахин овоглох боломж олгож өгнө үү гэв.
Үрчлэн авагч Я.Э нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний үрчлэн авсан М нь энэ оны 9 дүгээр сард насанд хүрж, өөрийнхөө төрсөн эцэг Д-ээр овоглохл, үрчлэлийг болих хүсэлт тавьж байгаад миний зүгээс татгалзах зүйлгүй, дэмжиж байна. Иймд мишээлийн хүсэлтийг хүлээн авч, зохих шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Т.О шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би Э.М-ийн төрсөн аав болон үрчлэн авсан ээж Т.Ч нарын хамгийн том эгч нь юм. Миний дүү Т.Д нас барсан учир охиныг нь охин дүү Т.Ч амьдралын боломжтой учраас түүний зөвшөөрлийн дагуу М-ийг үрчлэн авсан. Т.Ч, Я.Э нар одоо Монгол улсад байхгүй, Япон улсад эмчилгээ хийлгэж, ирэн очин байдаг. Бид гэр бүлээрээ ярилцаад үрчлэлт хүчингүй болгохыг зөвшөөрсөн. Манай гэр бүлийн зүгээс хамгийн том эгч нь учир намайг төлөөлүүлж явуулсан юм. Мишээл 18 нас хүрээд ийм шийдвэр гаргасан учир түүний зөв гэж бодож байна. Энэ шийдвэрийг нь мөн хүндэтгэж байна. Үрчлэн авсан аав, ээж хоёрынх нь хувьд М-ийн сайн сайхны төлөө бүх зүйлээ зориулсан, сайн сургуульд сургаж, бусад хүүхдүүдээс дутах биш илүү гарахаар анхааран халамжилж байсан гэдгийг М анхаарах хэрэгтэй. Төрсөн ээжийнх нь хувьд бол бага байхад нь хаяад явсан, холбоогүй байдаг байсан гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.М нь өөрийгөө Я.Э, Т.Ч нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасны дагуу шүүх уг хүсэлтийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Үрчлэгдсэн охин М нь 199. оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрж, эцэг Т овогтой Д-гээр овоглож, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Т овогтой Ч, Я овогтой Э нарт үрчлүүлэн, Э овогтой М болж өөрчлөгдөж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан г-... дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, Баянгол дүүргийн . дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-4/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн үрчлэн авагч Я.Э, Т.Ч нар нь Монгол улсад байнга амьдардаггүй бөгөөд үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч, хүсэлт гаргагч Э.М-ийн хүсэлтийг дэмжсэн тухай өргөдлийг ирүүлсэн байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн, Э.М-ийг Я.Э, Т.Ч нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 199. оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Э.М-ийг Я.Э, Т.Ч нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА