| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0431/Э |
| Дугаар | 432 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 432
2020 05 07 2020/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: П.Бямбасүрэн /томилолтоор/;
шүүгдэгч: А.Д/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, А.Д
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч А.Днь 2020 оны 03 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маяами” зочид буудлын урд талд хохирогч Э.Болдтой маргалдсаны улмаас түүний оочинд шарх, доод уруулын дотор салстад шарх, зүүн доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, зүүн бугуйд шарх, хүзүү тавхайд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Болд /хх-ийн 2/, гэрч Г.Буяннэмэх /хх-ийн 6-7/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3969 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/, А.Д-гийняллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, А.Д-гийнхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-30, 32-35/, Э.Болдын хүсэлт /хх-ийн 36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Д нь 2020 оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Маяами” зочид буудлын урд талд иргэн Э.Болдыг шалтгаангүйгээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Болдын /хх-ийн 2/: “...Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны оройн 23 цагийн үед Модны 2-оос такси бариад Улаанбаатар Их дэлгүүрийн хажуу талд байдаг “Маяами” зочид буудал дээр танил дүү болох Баттөр дээр ирсэн. Тухайн үед такситайгаа үүдэнд Баттөрийг хүлээж байтал “Маяами” зочид буудлаас үл таних 2 залуу гарч ирээд миний сууж байсан таксиг “явах уу” гэхээр нь би “хүнтэй явж байна” гэж хэлэхэд А.Д гэх залуу “пизда минь таксинаас буу, найзыгаа суулгаж явуулна” гэж хэлсэн. Би А.Д-д “зам ойрхон байгаа болохоор тэндээс найзыгаа суулгаад өгчих” гэхэд найзыгаа аваад явсан. Буцаж ганцаараа ирээд миний сууж байсан хаалганы цонхоор шууд миний нүүр рүү цохисон. Би таксинаас буутал намайг заамдаж аваад дахин нүүр рүү цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Буяннэмэхийн /хх-ийн 6-7/: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Маяами” зочид буудалд байж байгаад А.Д Төгсбатыг таксинд суулгаж өгөхөөр гарсан. Би удалгүй араас нь буудлын гадаа гартал А.Д үл таних хүний мөр лүү нь гараараа цохиж байсан. Би дундуур нь орж салгаад нөгөө хүнийг “таксинд суугаад өөрөө явчих” гэж хэлсэн. Маргаан болох үед Төгсбат гэр лүүгээ явсан байсан. Харин Ууганбаяр хаана байсныг мэдэхгүй. Миний хувьд зодоонд оролцоогүй, хэн нэгнийг цохиж зодоогүй, хэн нэгэнд зодуулж цохиулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
А.Д-гийн яллагдагчаар мэдүүлсэн / хх-ийн 18-19/: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний орой Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Маяами” зочид буудалд найзуудын хамт архи ууж байгаад найз ах Төгсбатыг таксинд суулгаж өгөх гээд буудлаас гарсан. Үүдэнд машин байхаар нь “явах уу” гэтэл “явахгүй, би хүүхнүүдээ хүлээж байна” гэж хэлсэн. Төгсбат бид 2 төв зам руу алхаад Төгсбатыг таксинд суулгаж өгөөд явуулсан. Би буцаад “Маяами” зочид буудлын үүдэнд ирээд таксинд сууж байсан Э.Болдтой “хүүхнүүд зардаг хүн юм уу” гээд маргалдсан. Нэг мэдсэн Э.Болд гэх залуу бид 2 хоорондоо газар зууралдаад ноцолдож байхад Явуухүү, Г.Буяннэмэх хоёр салгаад намайг буудал руу авч орсон. Удалгүй буудлын өрөөнд цагдаа орж ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлгээр,
Э.Болдын биед “оочинд шарх, доод уруулын дотор салстад шарх, зүүн доод үүдэн 1-2-р шүдний сулрал, зүүн бугуйд шарх, хүзүү, зүүн тавхайд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3969 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан А.Д-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Болдын “...эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч А.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Днь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч А.Д нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ