| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0454/Э |
| Дугаар | 445 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 445
2020 05 12 2020/ШЦТ/445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Энхжин;
улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;
шүүгдэгч: Б.С, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт урьд:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/734 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 384 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тогтоосон, уг ялаа эдлээгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.С
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.С нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Платинум” төвд хохирогч З.Халиундарийн цүнхнээс “Айфоне-8 Плас” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.295.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Чика” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Х.Ганчимэгийн халааснаас “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 580.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” дэлгүүрийн автобусны буудлаас нийтийн тээврээр үйлчлүүлж явсан хохирогч Ц.Батжаргалын цүнхнээс “Айфоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 7 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд Зүүн салаа-Халдварт чиглэлийн автобусанд суугаад явж байхдаа М.Дуламцэцэгийн куртикны халааснаас “Самсунг А50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Би яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргүүдийг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Би цаашид шударгаар хөдөлмөрлөж амьдарна. Би өөрийн үйлдсэн хэргийн хохирлыг төлж барагдуулсан. Иймд тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Халиундарь /1хх-ийн 15, 192/, гэрч Г.Ганзориг /1хх-ийн 16/, хохирогч Х.Ганчимэг /1хх-ийн 73-75/, хохирогч Ц.Батжаргал /1хх-ийн 108-109/, гэрч С.Гүррагчаа /1хх-ийн 114-115/, гэрч Л.Хосбаяр /1хх-ийн 116-117, 131-132/, иргэний нэхэмжлэгч Б.Нямбаяр /1хх-ийн 233-234/, хохирогч М.Дуламцэцэг /1хх-ийн 238/, гэрч П.Алтанбагана /2хх-ийн 1/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 28-29, 83-84, 120-121/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 3-5/ эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 57, 98, 201/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 67-70, 223-225/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 118-119, 228, 231/, эд зүйл, баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргах мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 217-220, 222/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 229-230/, Б.Сын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 32, 90-91, 128-130, 138-140, 2хх-ийн 14-15, 44/, Б.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 141-145, 147-153, 155-158, /зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Платинум” төвд иргэн З.Халиундарийн цүнхнээс “Айфоне-8 Плас” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
-2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” дэлгүүрийн автобусны буудлаас нийтийн тээврээр үйлчлүүлж явсан иргэн Ц.Батжаргалын цүнхнээс “Айфоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
-2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 7 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо “Зүүн салаа-Халдварт” чиглэлийн автобусанд зорчиж явахдаа иргэн М.Дуламцэцэгийн куртикны халааснаас “Самсунг А50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
-2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Чика” хүнсний дэлгүүрийн гадаа иргэн Х.Ганчимэгийн халааснаас “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсанүйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч З.Халиундарийн /1хх-ийн 15/: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад Сүхбаатар дүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100-д ... “Платинум” центр лүү орсон. ...Тус дэлгүүрийн шатаар доош буух үед миний цүнх бага зэрэг хөдлөх шиг болохоор нь эргээд цүнхээ хартал дотор талд нь байсан миний гар утас алга болсон байсан. ...Одоо гомдол санал санал байхгүй” гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх-ийн 28-29/,
Б.Сын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 32/: “...яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ц.Батжаргалын /1хх-ийн 108-109/: “...Би 2019 оны 08 дугаар арын 22-ны өдрийн 15 цагийн үед “Мөнгөн завьяа”-гийн автобусны буудал дээр автобусан дотор утсаар ярьчихаад “ТБД” андуудын автобусны буудал дээр буухдаа үүрч явсан хар өнгийн цүнхнээсээ “Айфоне-6 плас” загварын гар утсаа хулгайд алдсан. ...Би алдсан гар утсаа олж авсан...” гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх-ийн 120-121/,
гэрч С.Гүррагчаагийн /1хх-ийн 114-115/: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Мөнгөн завъяагийн автобусны буудлаас автобусанд суугаад баруун 4 зам руу ажил руугаа явж байтал халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд болох Жижгээ хочит Б.С нь тус автобусанд явж байгаад баруун 4 замын автобусны буудал дээр бууж хойд талд явж байсан автобус руу гүйн орсон. Б.Сыг дуудаж ажил дээр авч ирж шалгасан. Гэтэл хулгайн эд мөрийн баримт болох гар утас биенээс нь гарч ирсэн...” гэх мэдүүлгээр,
эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /1хх-ийн 118-119/,
Б.Сын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 129-130/: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их дэлгүүрийн урд явж байгаад Мөнгөн завъяагийн автобусны буудлаас баруун 4 зам орох автобусанд сууж явахдаа 40 гаран настай эмэгтэй хүний гар цүнхнээс нь “Айфоне-6 плас” загварын гар утсыг авсан...” гэх мэдүүлгээр,
хохирогч М.Дуламцэцэгийн /1хх-ийн 238/: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа явах гээд 07 цаг 15 минутад “Зүүн салаа” чиглэлийн автобусанд өндөр настны автобусны буудлаас суугаад ...21 дүгээр хорооллын автобусны буудал явж байхдаа куртикны зүүн халаасанд байсан гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-ийн 223-225/,
гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-ийн 229/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /2хх-ийн 3-5/,
эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /1хх-ийн 228, 231/,
иргэний нэхэмжлэгч Б.Нямбаярын /1хх-ийн 233-234/: “...2019 оны 12 дугаар сарын 20-доор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Бум-Од” авто плаза дээр ажлаа хийж байхад ...Баганаа гэх манай найз өөрийн машиндаа засвар үйлчилгээ хийлгүүлээд намайг “гар утас авах уу” гэхээр нь би “утас авъя” гэж бодож байсан учир “хэдээр өгөх вэ” гэхэд 400.000 төгрөгөөр бодоод засвар үйлчилгээний төлбөрийг тооцохоор болсон. Тэгээд цэнхэр өнгийн “Самсунг А50” маркийн гар утастай болсон...” гэх мэдүүлгээр,
хохирогч Х.Ганчимэгийн /1хх-ийн 73-75/: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүүхдээ ...Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар цэцэрлэгээс аваад зам гараад ... “Чика” гэх нэртэй хүнсний дэлгүүр орох гээд явж байсан. ...дэлгүүр рүү орсон даруйдаа утсаа халааснаасаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. ...гадагш гараад хартал явж байгаа хүн байхгүй байхаар нь тус дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг үзэхэд нэг залуу миний халааснаас гар утсыг маань авч байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлгээр,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-ийн 67-70/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх-ийн 83-84/,
Б.Сын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 90-91/: “... “Тэнгис” кино театраас хойшоогоо байдаг шатаар өгсдөг нэг дэлгүүр рүү орох гэж байсан нэг 3-4 орчим насны хүүхдээ дагуулсан урт куртиктэй эмэгтэйн баруун талын халааснаас “Самсунг-8” загварын хар өнгийн гар утсыг нь хулгайлж авсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч нар гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэдийн хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар олон удаагийн үйлдлээр бусдын хөрөнгийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар өөрийн эзэмшилд авч буй Б.Сын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч З.Халиундарийн “...гомдол саналгүй...” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 192 дугаар талд,
иргэний нэхэмжлэгч Б.Нямбаяр хэргийн материалтай танилцаад “...гомдол санал байхгүй...” гэх тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар талд,
хохирогч Ц.Батжаргал, М.Дуламцэцэг нарт хулгайд алдсан гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 118-119, 228, 231 дүгээр талд авагдсан,
шүүгдэгч Б.С нь хохирогч Х.Ганчимэгт гэмт хэргийн улмаас учруулсан 580.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/734 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 384 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хйилгэх ялаар тогтоосон, уг ялаа эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Б.Ст энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/734 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 384 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 48 /дөчин найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.Сын нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 48 /дөчин найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 117 /нэг зуун арван долоо/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай данснаас нийт 580.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ганчимэгт олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ