Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 444

 

 

   2020        05         12                                    2020/ШЦТ/444

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжин;

улсын яллагч: Г.Батбаяр;

шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, зочид буудлын менежмент мэргэжилтэй, “Рекон менежмент” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй, Б.М

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.М нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу 2019 оны 09 дүгээр сарын 06-аас 2019 оны 09 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” зөрчил гаргасан гэдгээ мэдсээр байж зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байхын тулд Тээврийн цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч П.Энхтөрд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг холбогдох албан тушаалтанд шилжүүлэх албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандал даатгалын орчим 800.000 төгрөг бэлнээр өгч, Тээврийн цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч П.Энхтөрд 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Би тухайн мөнгийг торгууль гэж бодоод өгсөн. Гэтэл мөнгийг замын цагдаа хувьдаа завшсан

гэж үзэж байна. Би хахууль өгөөгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд П.Энхтөрийн тайлбар /хх-ийн 4-5/, Б.Мгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 12, 165, 209/, ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа М.Мягмарсүрэнгийн илтгэх хуудас /хх-ийн 24/, гэрч П.Энхтөр /хх-ийн 29-30/, гэрч Б.Бөхбат /хх-ийн 31-32/, гэрч Ц.Соёлмаа /хх-ийн 33/, гэрч М.Батсайхан /хх-ийн 34-35/, гэрч Б.Сарнай /хх-ийн 51/, гэрч Д.Мянганбуу /хх-ийн 52/, гэрч М.Мягмарсүрэн /хх-ийн 53-54/, гэрч Д.Батчимэг /хх-ийн 75/, гэрч Г.Ган-Очир /хх-ийн 76/ нарын мэдүүлэг, Б.М-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 64-66, 231-232/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 67/, П.Энхтөр, Б.М нарын арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77-79/, Б.Мгийн “Голомт” банкны дансны хуулга /хх-ийн 94, 169-205/, эрүүгийн  хэргийг тусгаарлах тогтоолын хуулбар /хх-ийн 223-224/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 226-230/, шинээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоол зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” зөрчил гаргасан гэдгээ мэдсээр байж зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байхын тулд Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч П.Энхтөрд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал даатгал” байрны орчим 800.000 төгрөгийг бэлнээр хахуульд өгсөн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

            гэрч П.Энхтөрийн /хх-ийн 29-30/: “...Би тухайн “Лексус 570” маркийн автомашины жолоочийг албаны машины арын суудалд суулгаад бичиг баримтыг  нь шалгахад Баатарын Мөнхсүрэн гэгч эмэгтэй байсан. Согтолтын хэмжээг тогтоохоор согтолт хэмжигч багаж үзэхэд 1 бүхэл гаруй хэмжээний согтолттой байсан. ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон талаар тайлбар авч, согтолтыг хэмжсэн тэмдэглэл үйлдээд түүнийг “маргааш Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр ирж уулзаарай” гэж хэлээд бичиг баримтыг нь хураан авч, тээврийн хэрэгслийг нь журмын хашаа буюу ТС-5 ачиж явуулсан. ...Б.М над руу зогсоо зайгүй залгаад байхаар нь утсаа аваад түүнтэй Замын цагдаагийн хажууд албаны машин дотор уулзахад “би 3 хүүхэдтэй, нөхрөөсөө салсан байгаа, би гурван хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг...” гэж нилээн удаан гуйсан. ...би түүнийг ойлгоод бичиг баримтыг өгөөд ТС-5 руу хамт явж журмын хашааны үүдэнд очиход Б.М “...ёстой их баярлалаа” гэж хэлээд машины урд талын хайрцаг руу мөнгө хийсэн. ...ажлаас буухдаа машины урд хийсэн мөнгийг тоолж үзэхэд бэлэн 800.000 төгрөг байсан...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Б.Бөхбатын /хх-ийн 31-32/: “...2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Энхтайваны гүүрний доод хэсэгт замын баруунаасаа зүүн чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийг нэг бүрийг ахлагч М.Батсайхан бид хоёр тус тусын тандагч багажаар шалгасан. Ахлагч М.Батсайхан нь саарал өнгөтэй “Лексус-570” маркийн 0104 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг шалгаад “замаа чөлөөлөөд баруун тал руугаа зогс” гэж хэлэхэд нь би зөрчил илэрсэн гэж ойлгосон. Ахлагч М.Батсайхан нь офицер П.Энхтөрд “Лексус-570” маркийн 0104 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийн материалыг хүлээлгэж өгөөд шалгалтаа үргэлжлүүлэн хийсэн” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Батсайханы /хх-ийн 34-35/: “...“Лексус-570” маркийн 0104 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйг тандагчаар шалгахад тандагчийн шар гэрэл ассан. Тандагч багажны шар гэрэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолтын зэрэг өндөр байгааг заадаг бол ногоон гэрэл нь согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг илрүүлж заадаг. Жолооч Б.Мгээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хураан авч, тээврийн хэрэгслийг зам чөлөөлж зогсоогоод хариуцсан зохицуулагч дэслэгч П.Энхтөрд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Соёлмаагийн /хх-ийн 33/: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найзынхаа хуримд оролцоод тухайн өдрийн орой 02 цаг орчим өөрийн эзэмшлийн 5739 УНЧ дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож гэр лүүгээ харихаар Энхтайваны гүүрний ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй ганцаараа явж байтал замын хоёр талаас цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслүүдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байсан. Би тухайн цагдаагийн алба хаагчийн хэлсний дагуу багаж руу үлээхэд цагдаагийн алба хаагч “... замаа чөлөөлөөд зогс...” гэж хэлээд миний бичиг баримтыг хураан авч намайг машинаас буулгаж согтолт хэмжигч драгер багажаар согтолт хэмжихэд 1.14 хэмжээтэй байгааг хэлээд цагдаагийн албаны машинд орж суусан. Намайг машинд ороод суухад цагдаагийн дэслэгч цолтой П.Энхтөр А5 хэмжээтэй цаасан дээрх маягт бөглүүлж гарын үсэг зуруулж машинаас буулгахад хуримд хамт оролцож, ард явж байсан С.Наранбаяр, Б.Сарнай, Мянганбуу, Түвшинбаяр нар машинтайгаа ирэхэд нь би “юу болсон талаараа” хэлээд С.Наранбаярын машинд суусан. ...намайг Ахмадын хорооллын зүг рүү хүргэж өгөөд гэрийн гадаа ирээд С.Наранбаяр нь Б.Сарнай бид хоёрын хажууд Б.М рүү залгаж чанга яригч дээр тавьж ярихдаа “... би пиджакаа авъя, хаана явж байна....” гэхэд Б.М “...би Хөүм плазагийн АТМ-ээс мөнгө аваад явж байна. Цагдаагийн ажилтан П.Энхтөр намайг ганцаараа хүрээд ир гэсэн. Би түүнд 500.000 төгрөг өгье гэхэд дуугарахгүй байсан учраас 800.000 төгрөг өгөх гэж байна. Миний юм асуудалгүй болсон ОК...” гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Сарнайгийн /хх-ийн 51/: “...бид нар хөдлөөд Энхтайваны гүүрний доод хэсэгт явж байхад Соёлоо эгчийн машин цагдаа нарт саатуулагдсан байхаар нь зогсоод уулзсан. ...С.Наранбаяр бид нарыг гэр, гэр лүү хүргэж өгөх гээд Түвшинбаярыг цагдаагийн академийн зүг рүү хүргэсэн, Ц.Соёлмаа эгчийг Ахмадын хорооллын ойролцоо гэрийнх нь гадаа ирээд С.Наранбаяр нь Ц.Соёлоо эгч бид хоёрын хажууд Б.М рүү утсаар залгаж чанга яригч дээр тавьж “...би пиджакаа авъя, хаана явж байна” гэхэд Б.М “...би цагдаагийн ажилтантай уулзах гээд явж байна. Би түүнд 800.000 төгрөг өгөхөөр болсон. Миний юм асуудалгүй болсон, ОК” гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 67/, П.Энхтөр, Б.М нарын арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77-79/, Б.Мгийн “Голомт” банкны дансны хуулга /хх-ийн 94, 169-205/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “…өөртөө давуу байдал бий болгох зорилго байгаагүй, хахууль өгөөгүй, цагдаагийн алба хаагчид торгуулийн мөнгө төлсөн, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, зарим гэрч нарыг асуугаагүй” хэмээн үгүйсгэж буй боловч П.Энхтөр, Б.М нарын хооронд ямар ашиг сонирхол байсан, хэрхэн ямар шалтгааны улмаас цагдаагийн алба хаагчид мөнгө өгсөн талаар баримтат мэдээллээр эргэлзээгүй батлагдсан, гэрч Ц.Соёлмаа, Б.Сарнай нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, болсон асуудлын талаар адил мэдүүлцгээсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Б.М, П.Энхтөр нарын хооронд ямар нэгэн дарамт, тулган шаардалт байсан гэх эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүйг, хахууль авагч, өгөгч талуудын харилцан ашиг сонирхол буюу  Б.Мгийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх, албаны шалгалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байх зэргээр өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхолын үүднээс цагдаагийн алба хаагчид 800.000 төгрөг өгсөнийг, П.Энхтөрийн хувьд Б.Мгийн дээр дурьдсан ашиг сонирхлын үүднээс зөрчлийг баримтжуулах арга хэмжээ авахгүй байх, Замын цагдаагийн холбогдох албан тушаалтанд зөрчлийн талаар мэдэгдэхгүй, шилжүүлэхгүй байх зэргээр албаны чиг үүргийг хэрэгжүүлээгүйн төлөө 800.000 төгрөг авсаныг, тэдний харилцан ашиг сонирхолын нэгдлийг илэрхийлэн дүгнэх нотолгооны үндэслэл болно.

 

Хахууль авагч, өгөгч талын ашиг сонирхол дээр дурьдсанаар илэрхийлэгдсэн, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх тул Наранбаяр гэгчээс  мэдүүлэг авах ажиллагаа онцын ач холбогдолгүй.

 

Иймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан “…хэргийг прокурорт буцаах…” гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.М нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан гэдгээ мэдсээр байж зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байхын тулд Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч П.Энхтөрийн албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мөнгөн хөрөнгө өгч буй санаатай үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийн шинжийг  бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг

дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй (1 нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                    

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ