Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 454

 

 

   2020         05         14                                    2020/ШЦТ/454

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Я.Мөнхзаяа;

шүүгдэгч: Б.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-т холбогдох эрүүгийн   хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт   урьд:

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 447 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 195  дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2001 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 33 хоногийн хорих ялаар сольсон,

          -Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар

сарын 05-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1070 дугаар магадлалаар уг тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ЗШ/963 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 15 хоног баривчлах шийтгэл,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ЗШ/167 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 50 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэл шийтгүүлж байсан, Б.Х

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Х нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтед 84-406 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий эхнэр С.Саранцэцэгийг “чи хурдан үх” гэж дарамтлан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хөгжлийн бэрхшээлтэй эхнэр С.Саранцэцэгийг байнга зодож дарамтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:  “...Би архи уусан байсан тул өөрийн хийсэн үйлдлийг санахгүй байна. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/, С.Саранцэцэгийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 14/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 15-18/, хохирогч С.Саранцэцэг /хх-ийн 22-25, 26-27/, гэрч  С.Бүүвэй /хх-ийн 29/, гэрч Х.Золбаяр /хх-ийн 30-31/, арван найман насанд хүрээгүй гэрч Х.Золбоо /хх-ийн 33-35/, гэрч С.Чинцогт /хх-ийн 152-153/, гэрч С.Цэцэгмаа /хх-ийн 206-207/, гэрч Х.Золзаяа /хх-ийн 208-209/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2240 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1222, 1223 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1498, 1499 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 39-40, 41-43, 46, 49/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 55/, Б. Б.Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 70, 89-90, 107-113, 115-119, 123, 125, 147-149, 151, 191-192, 199, 210-211, 216-217/, Б.Хын асап сангийн мэдээлэл /хх-ийн 72-86/,  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 94-102/, 102 дугаарт дуудлага өгсөн лавлагаа /хх-ийн 130-134/, С.Саранцэцэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 136-137, 156-159/, яллагдагчаар татах тогтоол өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 224-225/, Б.Х-няллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-68, 226-227/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах Монтед 84-406 тоотод эхнэр С.Саранцэцэгийг “чи хурдан үх” гэж дарамтлан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2017 оны 10 дугаар сарын 04, 2018 оны 11 дүгээр сарын 20, 2018 оны 12 дугаар сарын 11, 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд эхнэр С.Саранцэцэгийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдсээр байж байнга зодсон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч С.Саранцэцэгийн /хх-ийн 22-25, 26-27/: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүүгийнхээ гэрт байж байхад нөхөр Б.Х 16 цагийн орчим ирсэн. ...халаасандаа 0,33-ын шилтэй архи хийчихсэн тэрнийхээ талаас илүү хувийг уучихсан байсан. ...хэсэг сууж байгаад над руу хэл амаар дайрч “чи хурдан үх” гэх мэтээр давшилж эхэлсэн. Манай нөхөр ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи уучихаараа их агсам тавьж намайг зоддог болохоор би цагдаа дуудаад баривчлуулдаг юм. Тэрэнд их хорсож уурладаг юм шиг байгаа юм. Над руу дайрч давшилж байснаа гал тогооны өрөөнөөс шар бордуу өнгөтэй модон иштэй заазуур гарган барьж байгаад миний хоолой руу заазуураараа иртэй хэсгээр цохиж зүсэж гэмтээсэн. ...заазуураараа миний хэвлий хэсэг рүү 2, 3 удаа далайж зүсч гэмтээсэн. Нэг мэдэхэд манай бага хүү цагдаа дагуулж ирсэн. ...Архи уусан л бол намайг зодож цохидог. ...өмнө нь цагдаад маш олон удаа хандаж байсан. Бид хоёр гэр бүл болоод 37 жил болж байна. ...намайг хөдөлмөрийн чадвар 79 хувь алдагдалтай гэж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалаас тогтоосон. ...Би тухайн үед биеэ хамгаалах чадваргүй байсан. Зөвхөн миний хоёр гар хөдөлж чаддаг байсан. ...Намайг урьд өмнө цохиж зоддог байсан. ...2017 онд өргөдөл гарган шалгуулж байсан. Чингэлтэй дүүргийн шүүхээр орж торгуулийн ялаар шийтгүүлж байсан. ...Би цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардал нь долоо хоногийн 330.000 төгрөг болсон. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Х.Золбаярын /хх-ийн 30-31/: “...Намайг жоохон байхаас л эхлээд манай аав архи ууж ирээд ээжид агсам тавьдаг байсан. ...2017 онд аав ээжийг зодоод бэртэл учруулсан. ...11 сард ээж түнхний хагалгаанд ороод хэвтэрт орчихоор нь хажуудаа аваад амьдарсан. ...ганц хоёр сар тусдаа байж байгаад ээжийг асрах хүнгүй болоод аавыг гэртээ авчирсан. ...2018 оны 09 сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Монтед 84-406 тоотод манай гэр нүүж ирсэн. Намайг ажилтай үед аав архи ууж агсам тавиад байхаар нь ээж цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэх байранд ордог байсан. ...Ээж 2017 оны 10 сард группэд 79%-аар орсон, хэвтэрт байдаг. ...биеэ хамгаалах чадваргүй, миний асаргаанд байдаг...” гэх мэдүүлгээр,

арван найман насанд хүрээгүй гэрч Х.Золбоогийн /хх-ийн 33-35/: “...Би тухайн өглөө 11 цагийн үед гэрээсээ гарсан. ...ээж С.Саранцэцэг гэртээ ганцаараа үлдсэн. ...12 цаг 30 минутын үед ээж над руу залгаж “аав чинь ирээд хаалга тогшоод байна” гэхээр нь “хаалгаа битгий тайлаа” гэж хэлсэн. ...14 цаг өнгөрч байхад ээж дахиад залгахдаа “ээж нь аавыг нь оруулчихлаа, архи уугаагүй гайгүй байна, одоо усанд орж байна” гэж хэлэхээр нь “яаж гэж оруулсан юм бэ” гэж уурласан. ...ээж “гайгүй байлгүй дээ” гэж  хэлээд утсаа тасалсан. 19 цаг өнгөрч байхад ээж дахиж залгаж “аав нь ээжийг чинь заазуурдчихлаа” гэж хэлээд утсаа тасалсан. Би такси бариад гэр лүүгээ очиход үүдэн дээр 2 цагдаа ирсэн байсан. ...гэр дотор аав орилоод байсан. Би ээжийн дүүгийнх рүү очоод илүү түлхүүр аваад гэр лүү ороход аав газар орилоод хэвтэж байсан. Харин ээж орон дээрээ толгойноос нь цус гарсан байдалтай цустайгаа холилдсон байсан. 2 цагдаа 103-т дуудлага өгөөд эмч нар ирж ээжид дусал хийгээд шархыг нь хөвөнгөөр арчиж цэвэрлээд ээж бид хоёрыг цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Цэцэгмаагийн /хх-ийн 206-207/: “...С.Саранцэцэг Б.Хтай нийлээд 35 жил болж байна. 4 хүүхдийн эцэг, эх хүмүүс юм. ...Б.Х гэх хүн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байна. Залуу байхдаа Б.Х нь С.Саранцэцэгийн чихийг хутгаар зүсэж байсан. С.Саранцэцэгийг байнга цохиж зодож байдаг. ...2020 оны 02 дугаар сарын 10-ны 16 цаг өнгөрч байхад С.Саранцэцэг над руу  залгаад “эгчээ Б.Х заазуур барьчихаад намайг гүйцээнэ гээд байна, та хүрээд ир” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед Б.Х согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Б.Х нь эрүүлдээ бол дуугай л хүн байдаг. Харин согтохоороо агсам согтуу тавьж “ална тална” гээд аашны хувьд бол хараал хэлнэ, мөн эд зүйлээ дандаа эвдэж хэмхэлнэ. Дандаа заазуур хутга бариад байдаг бүр нэг удаа сүх барьж дайрсан гэж С.Саранцэцэг надад хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Х.Золзаяагийн /хх-ийн 208-209/: “...намайг бага байхаас аав Б.Х нь ээж С.Саранцэцэгийг зодож, байнгын дарамт шахалт үзүүлдэг байсан. ...Б.Х нь байнга архи ууж агсам согтуу тавьж, шорон оронд орж байгаа.  ...хутга шөвөгний асуудал байнга шахуу гаргадаг байсан. ...цагдаагийн байгууллагад хандаж баривчилгаанд 4 удаа явсан...” гэх мэдүүлгээр,   

 

гэрч С.Чинцогтын /хх-ийн 152-153/: “...С.Саранцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан A/252, А/74 дугаартай тушаалаар батлагдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын өвчний жагсаалтын 1-10-33-д заасан /Том үе өвдөг, түнх, мөр, тохой, шагай, буруу байрлалд хөдөлгөөнгүй бороолж үйл ажиллагаа нь их хэмжээгээр алдагдсан, өвчний хүнд хэлбэр/ хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар тогтоогдсон байна. Дээрх иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нэр томьёонд /хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг/ иймд дээрх иргэн нь гэмтлийн хүнд хэлбэрээр тогтоогдсон авч нэр томъёонд хөгжлийн бэрхшээлтэй хүнд багтахаар харагдаж байна. Дээрх иргэний өвчний хэлбэрийг харж үзвэл гэмтлийн гаралтай олдмол өвчин байна...” гэх мэдүүлгээр,

 

С.Саранцэцэгийн биед  “зүүн зулай, цээж, хэвлий, баруун гарын ядам хуруу, эрхий хуруу, зүүн бугуй, дунд хуруунд шарх, зүүн мөр, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2240 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 36/,

              Б.Хын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 67-68, 226-227/: “...би буцаж гэр рүүгээ орохдоо “Ерөөл” нэртэй 0,5 литрийн нэг шил архи аваад дэлгүүрээс гарсан. Харих замдаа талыг нь уугаад гэр рүү орсон. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй. Нэг мэдсэн цагдаа ирсэн байсан. ...Тухайн өдөр гэрт эхнэр С.Саранцэцэг бид хоёроос өөр хүн байгаагүй. Би агсам тавьж байгаад эхнэр С.Саранцэцэгийг заазуурдсан, өөр зүйл болоогүй. ...хаяа нэг цохиж зоддог байсан. Намайг цагдаа дуудаад өгчихдөг байсан. Би архи уухаараа өөрийн мэдэлгүй сонин зантай болчихдог. Би урьд өмнө эхнэр С.Саранцэцэгт гар хүрж байсандаа одоо хүртэл харамсаж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж хэзээ ч архи уухгүй, агсам тавьж байхгүй...” гэх мэдүүлэг болон Б.Хын асап сангийн мэдээлэл /хх-ийн 72-86/,  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 94-102/, 102 дугаарт дуудлага өгсөн лавлагаа /хх-ийн 130-134/, С.Саранцэцэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 136-137, 156-159/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

              Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг байнга дарамтлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар олон удаагийн үйлдлээр өөрийн эхнэр С.Саранцэцэгийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдсээр байж бие махбодийн хүчирхийлэл үйлдэн байнга зодож, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй Б.Хын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг, мөн өөрийн эхнэр С.Саранцэцэгт бие махбодийн хүчирхийлэл үйлдэн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Хын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Прокурор яллах дүгнэлтдээ Б.Хыг “2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хөгжлийн бэрхшээлтэй эхнэр С.Саранцэцэгийг байнга зодож дарамтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” хэмээн гэмт хэрэг гарсан байдлыг хэт ерөнхийлөн ялласан байх боловч  шүүх хуралдааны явцад  Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага хүлээсэн үйлдлүүдийг ялгаж салган гэмт хэрэг гарсан байдлыг нотолсон болно.

 

Дээрх байдлаар шүүх хуралдааны явцад  гэмт хэрэг гарсан байдлыг нотолсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчөөгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болохыг тэмдэглэж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч С.Саранцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Хын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Хт оногдуулсан дээрх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Б.Хт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.   

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд,

 

 мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2   заасныг баримтлан шүүгдэгч Б.Хт оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 75 /далан тав/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг 1 /нэг/ жил 3 /гурван/ сар 75 /далан тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын нийт 58 /тавин найм/  хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ