Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

2020               02            10                                    2020/ШЦТ/141

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Иргэдийн төлөөлөгч А.Б,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Бурмаа

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905024610489 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Зүүн ард аюушийн 0 дугаар гудамж,00 тоотод оршин суух урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.О

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч М.О нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод “зуухны дэгээ” төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Г.Т-ын толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод иргэн Д.О-ийн биед халдсаны улмаас зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг ороход Т согтуу байсан. Надад архи өгсөн. Би архи уухгүй гэж хэлсэн. Т архи уухгүй гэхэд над руу мод аваад шидэхэд Я эгч болиоч гэж хэлсэн. Тө намайг нөхрөөсөө салсан билүү гээд асуугаад агсрах гээд байхаар нь явах гэтэл орон дээр дарж унагаасан. ...Харин 6 дугаар сарын 21-ний өдөр бол Ө гэх хүнийг сохор доголон авгай гээд элдвээр хэлээд байсан...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн наранд байдаг эмээгийн гэрт очсон. Эмээгийнд очиход М.О болон танихгүй 3, 4 хүн байсан. Тухайн үед би гудамжинд 2 шил архи уусан бөгөөд нэлээн согтуу байсан. Би зарим юмаа сайн санахгүй байгаа. Тэгээд ороод сууж байснаа санаж байгаа нэг мэдсэн Око зуухны дэгээ төмрөөр толгой руу цохиод би манараад ухаан алдсан. Тэгээд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. ...Би эсэргүүцэж зодоон хийсэн зүйл байхгүй. Око бүтэн нэр нь О. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 14-17 тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Г.Т-ыг хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхыг нь мэднэ. Тухайн үед эмнэлэгт би өөрөө сахиж байсан. Нэг эмэгтэй л зодсон гэж хэлдэг. Өөр зүйл би мэдэхгүй. ...Гэмтэл согог судлалын үндэсний төв, мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төв дээр эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлыг барагдуулаагүй, ойролцоогоор хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн талаар мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Өөр гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх 48-54, 2 хх-ийн 9 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Болсон асуудлыг мэдэхгүй. Хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Зүүн нарангийн 6-138 тоотод Око, Б нартай архи уугаад сууж байхад гаднаас Төөгөө орж ирсэн. Бид 4 нийлээд 2 ширхэг 0.75 литрийн Хараа архи уугаад нэлээн согтсон. Сүүлд санаж байгаа зүйл гэвэл бид нар нэлээн юм яриад сууж байсан. Нэг сэрсэн Око байхгүй, Б Төөгөө нар орон дээр унтаж байсан би тэгэхээр босоод шууд харьсан. ...Сүүлд сонсож байхад Төөгөө Оког цохиод байхаар нь зөрүүлээд галын дэгээ төмрөөр толгой, нуруу руу нь цохисон гэж байсан. Би яг нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. ...зуухны дэгээ төмөр болгон адилхан байлгүй дээ манайх лав 30-40 см урттай, 500 гр жинтэй, урд үзүүр хэсэг нь Г үсгийн хэлбэр шиг тахир өргөн нь 1 см радиустай байдаг шүү дээ. Тухайн үед гэрт ийм л зуухны дэгээ төмөр байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2 хх 5-7 тал/,

 

Хохирогч Г.Т-ын өвчний түүх /хх-ийн 56-75 тал/,

 

Шинжээч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6975 дугаартай дүгнэлтийн тархин дахь гэмтлүүд нь задлангийн 1690 дугаартай дүгнэлтэд шалтгаант холбоогүй, талийгаач даралт ихсэх өвчний улмаас тархины гүүр хэсэгт уртавтар тархинд цус харвасны улмаас нас барсан. Энэ нь 2019 оны 6 дугаар сард авсан гэх гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй...” гэх мэдүүлэг /1 хх 77-78 тал/,

 

Шинжээч О.Б-ийн “...Шүүх эмнэлгийн 6975 дугаартай дүгнэлтээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”  гэх мэдүүлэг /1 хх 79-81 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 6975 дугаартай “...Г.Т-ын биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт, толгойн хуйхны шарх, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн бугалганд цус харвалт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн шуу, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1 хх 29 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1690 дугаартай “...Талийгаачийн цогцост дух, нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь унах, шүргэлцэх, нидрэгдэх, цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ.

Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчний хүндрэлийн улмаас тархинд цус харваж нас баржээ.

Талийгаачийн цус АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.

Талийгаач нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нас барсан гэж тогтоол дээр бичигдсэн байна...” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1 хх-ийн 82-83 тал/,

 Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 53-54,  1 хх-ийн 103-104 тал/,

 

Шүүгдэгч М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Тө-ыг зуухны дэгээ төмрөөр цохисон. Харамсаж байна...” гэх /1 хх-ийн 107 тал/ мэдүүлэг, нотлох баримтуудаар шүүгдэгч М.О нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод зуухны дэгээ төмрөөр хохирогч Г.Т-ын толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөн шүүгдэгч М.О нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод Д.О-ийн биед халдсаны улмаас зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “...хэргийн газрын үзлэгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 3 ширхэг, архины шил 3 ширхэг, хүний үс мэт зүйл 2 хэсгийг тус тус хураан авав...” гэх /1 хх-ийн 119-126 тал/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд,

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр миний дүү О Баянгол дүүрэгт байрлах Гэмтэл согог үндэсний төвд нас барсан. Учир нь амь хохирогч нөхөргүй, эцэг эх нь нас барсан. Ганц охин нь Бүгд найрамдах Турк улсад сурч байгаа. Талийгаачтай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хамгийн сүүлд 00000000 дугаарын утсаар ярьсан. Ярихдаа би Партизаны сангийн аж ахуйд байна миний бие тааруу байна хүнээс мөнгө авах гэсэн чадахгүй байна та 20.000 төгрөг явуулчих би удахгүй яваад очно гэхээр нь утсаар загнаж байгаад 20.000 төгрөгийг өдрийн 11 цагийн үед явуулсан. Үүнээс хойш ямар нэгэн холбоо байхгүй болсон. Ингээд би 96528599 дугаар луу залгаж талийгаачийг асуухад Партизанаас явчихсан гээд байсан. Би Зүүн нарангийн хороолол болон Партизан орчмоор хайсан боловч олоогүй. Ингэж хайж байгаад нэг хүнээс асуусан чинь хүнд зодуулсан бие нь муу гэмтлийн эмнэлэг рүү 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явсан талаар ярихаар нь гэмтлийн эмнэлэг рүү 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр очиж цаг хугацаагаар нь шүүлгэж үзсэн чинь Д.О гэх хүн нас барсан бүртгэл байхаар нь цогцсыг нь хартал миний дүү О байсан. Миний дүүг зодож амь насыг нь хохироосонд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх 131-132 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай дүү маш их ажилсаг хүн байсан. Би эхээсээ наймуулаа байсан. Нэгийгээ алдчихлаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт бол буруу гарсан байна. Надад байцаагч хэлэхдээ шинэ гэмтэл гэж хэлж байсан. Манай дүү улсад ажиллаж байсан. Нөхрөөсөө салаад уудаг болсон. Би маш их гомдолтой байна. Миний дүүгийн духны үс унасан байсан. Миний дүү хууч өвчин байгаагүй. Дүүгийнхээ амь хохирсон явдалд энэ хүнийг буруутай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах М гэх нэртэй дэлгүүрээс Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 0 тоотод байрлах Б-ийн гэрт очиход гэр нь тог байхгүй гээд У, Ж, Я эгч, Т нар сууж байсан бөгөөд би тэндээсээ А.Л-ийн гэрт ороод архи уугаад сууж байсан тэгтэл Өнөрөө гаднаас орж ирээд Бондгор О намайг сохор доголонгоор нь дуудаад О намайг өмөөрөөд зодоод үсийг нь аймаар болгочихсон гэж хэлж байсныг би санаж байна. Өөр зүйл мэдэхгүй. О өмөөрөөд Б О-ыг модоор хэд хэдэн удаа цохисон гэж яригдаж байсан...” гэх /1 хх-ийн 134-135 тал/ мэдүүлэг,

 

            Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод Б-н гэрт очиход О, З, О, Ө нар архи уугаад сууж байсан. Тэгээд миний араас Отгонжаргал гаднаас орж ирсэн бөгөөд бид нартай нийлээд архи уугаад сууж байсан. Тэгээд нэг мэдэхэд О, О нар хоорондоо маргалдаад үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгаж байснаа санаад байна тэрнээс хойш бол мэдэхгүй. Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед Б-н гэрт сэрэхэд Ор, З, О, О нар байсан бөгөөд О бөөлжөөд огтоосоо болохгүй байсан. Тэгэхээр нь Б ахыг Я эмгэний гэр лүү очоод цай чануулаад хүрээд ир гэж хэлээд явуулсан. Тэгээд Я эгч гаднаас хар цай оруулж ирээд О-д өгөхөд уучихаад бөөлжөөд байсан. 17 цагийн орчимд О-н хажуу айлын Төмөрөө ахын гар утаснаас Б яаралтай түргэн тусламж дуудаж О-г үзүүлэхэд эмч нар архины гүн хордлоготой болчихсон байна, заавал эмнэлэг авч явах шаардлагатай гэж байсан. Тэгтэл О явахгүй гээд зөрүүдлээд байхаар эмч сүүлдээ цагдаа дуудна гэж хэлээд нацилкин дээр хэвтүүлээд аваад явсан. ...Миний анзаарахад О-н үсний баруун дээд хэсэг халзарчихсан байдалтай байсан. Мөн духан дээрээ шархтай болчихсон баруун, зүүн эсэхийг сайн мэдэхгүй байна. О миний мэдэхээр архины эмчилгээнээс гарч ирээд байнгын архи уугаад байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 137-139 тал /,

 

            Гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Б-ийн гэрт архи ууж байхад Д.О намайг сохор доголон гээд хараалын үгээр хараагаад огтоосоо болохгүй байсан. Тэгтэл М.О тэр үед намайг өмөөрөөд муудалцсан. Тэгээд үсдэж аваад хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн тухайн үедээ бид нар салгацгаасан юм. Бид нар 21, 22-ны өдрүүдэд архи уусан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 139-140 тал/,

 

            Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “Зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хугарлууд эгэмний шугамаар гэмтсэн байх тул зүрхэнд массаж хийх үед үүсэж болно. Мөн цээжний зүүн талд гадна ямар нэгэн хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой. Дүгнэлтэд дурдсан бусад гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 148-149 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1407 дугаартай “...талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух баруун тохойн, шуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Талийгаачийн цогцост тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

Талийгаач нь элэгний   архаг   үрэвсэл,   хатуурал   өвчтэй байх ба үхлийн

шалтгаанд нөлөөлөөгүй.

Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ.

Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй, хүчил шүлт илрээгүй. Цусанд мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаач нь О/1/ бүлгийн цустай байна...” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /1 хх-ийн 154-156 тал /,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1414 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирга дунд шугамаар хугарал гэмтэл нь амьлуулах суурь тусламжийн үед зүрхэнд шууд бус массаж хийхэд үүсэх боломжтой.

            Зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, дарах, шахах, өшиглөх зэрэгт үүсэх боломжтой.

            Зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /2 хх-ийн 42-45 тал/,

            Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1 хх-ийн 169 тал/,

 

            Эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх эмчийн тодорхойлолт /1 хх-ийн 170 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 990 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн 1193305111830” сериал дугаар бүхий сиди бичлэг шинжилгээнд тэнцэнэ.

Дээрхи ирүүлсэн сиди нь аарцаг, цээж, гавал яснуудын рентген зураг байх бөгөөд яснуудын хугарал гэмтэл тогтоогдсонгүй

Цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зурагт хавирга ясанд гэмтлийн

өөрчлөлт тогтоогдсонгүй...” гэх материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1 хх-ийн 173-174 тал/,

Шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Шинжилгээнд ирүүлсэн сидинд хавирганы хугарал байхгүй байна. Цээжний рентген зурагт хавирганы зураг орно. Зүрхэнд шууд бус иллэг хийх үед хавирганы хугарал үүсэх боломжтой бөгөөд анхны зурганд 4 хавирганы хугарал харагдахгүй байх боломжгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 61-63 тал/,

            Эд зүйл, баримт бичиг /талийгаач Д.О-ийн анхны рентген зураг бүхий Сиди/ хүлээн авсан, хавтаст хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / 2 хх-ийн 57-58, 72 тал/,

Цээж, гавал яс, аарцаг ясны рентген зургууд /2 хх-ийн 65-67 тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолууд /1 хх-ийн 109-110, 205-206 тал, 2 хх-ийн 20, 78-79 тал/,

Шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хийсэн үйлдлээсээ айгаад цагдаагийн байгууллагад ирээгүй зугтаасан байгаа...” /1 хх-ийн 207-208 тал/ гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогдож байна.

   Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 227 тал/, асап сангийн лавлагаа /1 хх-ийн 228-231 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 18-20, 24-25, 142-144 талд шүүгдэгч М.О-аас гэрчийн мэдүүлэг авсан байх ба энэ нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:      

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.О-ыг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зуухны дэгээ төмрөөр хохирогч Г.Т-лын толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний орой Д.О-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1905024610489 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.О нь 2019 оны 6 дугаар сарын 03, 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод буюу иргэн Г.Бат-Эрдэнийн гэрт нэр бүхий хохирогч, гэрч нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурхсан байх ба 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Т-тай маргалдан түүнийг зуухны дэгээ төмөр ашиглан зодож, эрүүл мэндэд хүнд хохирол буюу амь насанд нь аюултай тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт, толгойн хуйхны шарх, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн бугалганд цус харвалт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн шуу, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.О-ийг хүн дээрэлхэж, доромжлолоо гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тус тус нотлогдон тогтоогдож байна.  

          Шүүгдэгч М.О-ын хохирогч Г.Т, Д.О нарын цохиж, зодсон дээрх үйлдэл нь хохирогч нарын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл ба уг үйлдлийг хийснээр хохирогчдод хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

Харин хохирогч Г.Т, Д.О нарын амь хохирсон шалтгаан нь шүүгдэгч М.О-ын тэдгээрт хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй байна.

Тодруулбал, хохирогч Г.Т нь хэрэг учрал болсноос хойш 2 сарын дараа ерөнхий судас хатуурах өвчний хүндрэлийн улмаас тархинд цус харваж нас барсан болох нь шинжээч эмч Б.Д-ийн “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6975 дугаартай дүгнэлтийн тархин дахь гэмтлүүд нь задлангийн 1690 дугаартай дүгнэлтэд шалтгаант холбоогүй, талийгаач даралт ихсэх өвчний улмаас тархины гүүр хэсэгт уртавтар тархинд цус харвасны улмаас нас барсан. Энэ нь 2019 оны 6 дугаар сард авсан гэх гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй...” гэсэн /1 хх 77-78 тал/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1690 дугаартай “...Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчний хүндрэлийн улмаас тархинд цус харваж баржээ...” гэсэн дүгнэлтээр,

Хохирогч Д.О нь хэрэг учрал болсны маргааш спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1407 дугаартай “...Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба эдгээр  тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, эдгээр нь хэргийн үйл баримттай нийцсэн байна.

Иймд амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.М, Д.А, түүний өмгөөлөгч нарын “...хохирогч Г.Т, Д.О нар нас барсан шалтгаан нь шүүгдэгч М.Оын зодож гэмтэл учруулсан үйлдэлтэй холбоотой...” гэсэн агуулгаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж мэтгэлцсэнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн өмгөөлөгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...1 дүгээр хавтаст хэргийн 205, 2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудаст авагдсан нотлох баримтаар М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 78 дахь талд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилсэн байна. Талийгаач Д.О-ийн цогцост задлан хийсэн хэргийн 154-156 дахь талд авагдсан дүгнэлтэд цээжний хэнхрэг шалгахад зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн дунд шугамаар хугаралтай, цус хуралттай гэсэн байгаа. Гэтэл хаанаас хураан авсан, хэнийх гэдэг нь тодорхойгүй, рентген зураг гаргаж ирсэн. Энэ рентген зураг О-х гэдгийг яаж нотолж байгаа юм. Үүнийг дахин нягталж шалгуулах шаардлагатай. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэх хүсэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэргийн үйл баримтаар талийгаач Д.О-ийн биед учирсан байсан зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух баруун тохойн, шуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүдийн “...зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал...” гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх ба уг гэмтэл талийгаачид амьлуулах суурь тусламжийн үед зүрхэнд шууд бус массаж хийхэд үүссэн нь хэрэгт авагдсан “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” 1407 дугаартай дүгнэлт,

“...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирга дунд шугамын хугарал гэмтэл нь амьлуулах суурь тусламжийн үед зүрхэнд шууд бус массаж хийхэд үүсэх боломжтой. ...Зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 1414 дугаартай дүгнэлт,

“...согтуу амнаас их хэмжээний архи үнэртэнэ. ...Хэвлийгээр өвдөнө, толгой өвдөнө гэнэ. Рентген зураг, хэвлийн эхо шинжилгээ, эмчилгээ хийв. ...өвчтөний биеийн байдал гэнэт муудаж амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон сэхээн амьдруулах эмчилгээ хийсэн боловч 22 цагт ...өвдөн нас барав...” гэсэн эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчийн тодорхойлолт,

“...Дээрхи ирүүлсэн сиди нь аарцаг, цээж, гавал яснуудын рентген зураг байх бөгөөд яснуудын хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зурагт хавирга ясанд гэмтлийн өөрчлөлт тогтоогдсонгүй...” гэсэн 990 дугаартай дүгнэлт,

 “...Шинжилгээнд ирүүлсэн Сидид хавирганы хугарал байхгүй байна. Цээжний рентген зурагт хавирганы зураг орно. Зүрхэнд шууд бус иллэг хийх үед хавирганы хугарал үүсэх боломжтой бөгөөд анхны зурганд 4 хавирганы хугарал харагдахгүй байх боломжгүй...” гэсэн шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэг бүхий баримтуудаар нотлогджээ.

Мөн рентген зураг бүхий сиди, рентген цээж, гавал, аарцаг ясны зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Рентген зураг бүхий сидиг хуульд заасан журмын дагуу Гэмтэл согог үндэсний төвөөс хураан авч, хэрэгт хавсаргасан байхаас гадна уг сиди дэх рентген зурагнууд нь хохирогч Д.О бусдад зодуулж, эмнэлэгт ирсэн даруйд авсан буюу ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй талаарх шинжилгээний баримт болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “…6/22/2019 …7:41:35...” гэсэн овог, нэр, он, сар, өдөр нь тодорхой тэмдэглэгдсэн Сиди дээрх бичлэгээр тогтоогдсон.

Иймд прокуророос шүүгдэгч М.О-ын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.О биед халдаж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл учирсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Шүүгдэгч М.О-ын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хохирогч Г.Т-ын биед халдаж зуухны дэгээ төмрөөр цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт, толгойн хуйхны шарх, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн бугалганд цус харвалт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн шуу, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан хүнд гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 6975 дугаартай дүгнэлт, шинжээч эмч О.Б-гийн мэдүүлгээр тогтоогдож байна.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж дүгнэнэ.

            Энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хуульчилжээ.

            Шүүгдэгч М.О нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ зуухны дэгээ төмөр хэрэглэж, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.

            Шүүгдэгч зуухны дэгээ төмрийг хохирогчид хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал байхгүй боловч гэрч  П.Я-ийн “...зуухны дэгээ төмөр болгон адилхан байлгүй дээ, манайх лав 30-40 см урттай, 500 гр жинтэй, урд үзүүр хэсэг нь Г үсгийн хэлбэр шиг тахир, өргөн нь 1 см радиустай байдаг шүү дээ...” гэх мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд амь насанд нь аюултай “...тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт, толгойн хуйхны шарх, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн бугалганд цус харвалт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн шуу, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт...” бүхий хүнд гэмтэл учирсан зэрэгт шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж, тухайн зуухны дэгээ төмөр нь аливаа биетийг устгах, гэмтээх хүчин чадалтай эд зүйл буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарна гэж үзэв.

  Өөрөөр хэлбэл, прокуророос шүүгдэгч М.О-ын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хохирогч Г.Т-ыг зуухны дэгээ төмрөөр цохиж, зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч О.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд маргах зүйл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг зөвшөөрөхгүй. Зуухны дэгээ төмрийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл гэж дүгнэх боломжгүй. Тусгайлан засч бэлдээгүй...” гэж мэтгэлцсэнийг хүлээн аваагүй болно.  

Иймд шүүгдэгч М.О-ын гэмт үйлдэл буюу хохирогч нарыг цохиж, зодсон үйлдэлтэй хохирогч Г.Т, Д.О нарын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд шууд шалтгаантай холбоотой байх тул шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

              Г.Т Д.О нарын амь хохирсон нь шүүгдэгч М.О-ын гэмт үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь амь хохирогч Г.Төгсжаргалын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл, амь хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл болно.

   Иймд эрүүл мэндэд учирсан хүнд, хөнгөн хохиролтой холбоотой зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн амь хохирогч Д.О-ийн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжилсэн 13.842.349 төгрөгийн шаардлагыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж дүгнэлээ.

   Харин амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А, Б.М нар тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.О нь хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.О-ын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж, улсын яллагчийн санал болгосон ял шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирно гэж дүгнэн, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон, нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 5 /таван/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч М.О нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 140 /зуун дөч/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шил 3 ширхэг, хүний үс мэт зүйл 2 хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас мэт зүйл 3 хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентгений зурагтай сиди нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй тус тус дурдаж, шүүгдэгч М.О-д хорих ял оногдуулсантай холбоотойгоор өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /таван/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийн торгох ялыг хорих ялын 1 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 /таван/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.О-д оногдуулсан 5 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.О-ын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 140 /зуун дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шил 3 ширхэг, хүний үс мэт зүйл 2 хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас мэт зүйл 3 ширхэгийг тус тус устгаж, рентгений зурагтай Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтсугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, Д.А нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА

                                              ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

                                              ШҮҮГЧ                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ