| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2016/01030/И/ |
| Дугаар | 00292 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 00292
“Фалкрам” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/01054 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Фалкрам” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарт холбогдох
Түрээсийн гэрээ болон нэмэлт 1, 2, 3 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн байрыг засан сайжруулахад гарсан зардал 300 996 300 төгрөг, түрээсийн төлбөрт төлөгдсөн 103 031 022 төгрөг нийт 404 027 322 төгрөг гаргуулах, түрээсийн байрны ашиглалтын зардал 3 960 075 төгрөг төлөхийг хариуцагч Ж.Содномцэрэнд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Түрээсийн төлбөрт 111 747 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Одбаяр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Онон,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэнханд,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ё.Ринзаан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр А.Зоригтбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Фалкрам” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил 6В байрны 2 тоот хаягт байрлах 593.47 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай түрээслэхээр 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн А.Сүхбаттай гэрээ байгуулсан. Бидний зүгээс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд түрээслэгч А.Сүхбат уг гэрээг нотариатаар батлуулж, бүртгүүлэх шаардлагагүй гэж хэлсэн тул талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Өөрөөр хэлбэл 318.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй гэрээ юм. Иймд “Фалкрам” ХХК болон иргэн А.Сүхбат нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлөдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна. Үндсэн гэрээ хүчин төгөлдөр тул нэмэлт 1, 2, 3 дугаар гэрээг мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна. “Фалкрам” ХХК нь дээр дурдсанчлан 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн А.Сүхбаттай түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсаны дараагаар 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлээд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 19 удаагийн үйлдлээр 103 031 022 төгрөгийг түрээслэгч Ж.Содномцэрэн болон А.Сүхбат нарт төлсөн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Ийм учраас нэгэнт анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр үүрэг шаардсан учраас түрээсийн төлбөрийг манайхаас шаардах эрхгүй. Иймд 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу А.Сүхбатад төлсөн нийт 103 031 022 төгрөгийг түрээслүүлэгчээс буцаан шаардаж байна. 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр буюу 3 хоногийн өмнө улсын бүртгэлийн 000273876 дугаарт бүртгэгдэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Уг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй, хоосон цутгамал бүхий хийцийг нь босгосон барилга байсан. Тийм учраас “Фалкрам” ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусгахад хана, тааз, шал, обой, сантехникийг бүх ажлыг хийж бүтээн босгосон. Гэрээнд “Фалкрам” ХХК-ийн зүгээс засан сайжруулалт, тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж, үүнд гарсан зардлыг түрээслүүлэгч нь түрээслэгчид буцаан олгохоор харилцан тохиролцсон. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлцэл хийгдсэн. Энэ хэлцэлээр 432 000 000 төгрөгийн засан сайжруулалтыг тэр объектод хийснийг талууд харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт заасны дагуу талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслөгчийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсоны дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу түрээсийн зүйлийн засан сайжруулалт, тохижуулалтад орсон нийт 432 000 000 төгрөгийг түрээслэгчээс буцаан шаардах хүсэлтэй байгаа. Баримтаар 300 996 300 төгрөг нь засан сайжруулалтын зардал байгаа. Ингээд нийт 404 027 322 төгрөгийг А.Сүхбат болон Ж.Содномцэрэн нараас гаргуулж өгнө үү. Талууд 1 болон 2 давхарыг хувааж түрээслэдэг. 2 давхарын түрээсийн ашиглалтын зардлын 50 хувийг хариуцах ёстой гэж заасан боловч Ж.Содномцэрэн нь 2015 оны 5 дугаар сараас хойш ашиглалтын зардлаа төлдөггүй байсан учраас Ж.Содномцэрэнг үүнийг төлөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Фалкрам” ХХК болон А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарын хооронд 5 жилийн хугацаатай 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил 6В байрны 2 тоот хаягт байрлах 593,47 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалтай талбайг түрээслэхээр гэрээ хийсэн. Түрээсийн гэрээ хийсний дараа “Фалкрам” ХХК нь түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласаар байгаад гэрээний дагуу түрээслэгч 103 031 022 төгрөгийг төлсөн хэдий ч гэрээнд заасны дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлж байгаагүй. Харин нэхэмжлэгч “Фалкрам” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, цааш нь гуравдагч этгээдэд давхар түрээслэн ашиг олж байсан. Энэ нь 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдоно. Ер нь нэхэмжлэлийн шаардлагыг нийтэд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түрээсийн гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу “Фалкрам” ХХК болон А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарын хооронд сайн дураар, чөлөөтэй байгуулагдаж, гэрээний агуулыг өөрсдөө тохирсон. Энэ гэрээний эх файл “Фалккрам” ХХК-д байгаа. Үүн дээр А.Сүхбат гарын үсэг зурсан. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийг үндэслэж байна. Гэтэл А.Сүхбат энэ гэрээнд нэг ч үг, үсэг, өгүүлбэр хийгээгүй. Эдний компани энэ гэрээг авчирч гарын үсэг зуруулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт түрээсийн гэрээнд талууд гарын үсэг зурж, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан. Үүнийг хоёр тал адил биелүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Энэ гэрээ бол хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулагдсан. Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.7, 326 дугаар зүйлийн 326.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үүдэж энэ түрээсийн гэрээ дуусгавар болж байгаа юм. Тэгээд “Фалкрам” ХХК нь түрээсийн зүйлийг манайд хүлээлгэж өгөх ёстой. Хуульд зааснаар түрээсийн гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ нэг зохицуулалтай байж болно. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6 дах хэсэгт зааснаар салгаж болох эд зүйлээ аваад явах хэрэгтэй. Мөн зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгээс шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу 430 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Анх энэ байр ашиглалтанд ороод дотор талын шавардалтыг нь хийгээгүй байсан. Гэрээний 1.2 дэх хэсэгт зааснаар өөрийнхөө зардлаар хийнэ гэсэн. Энэ хугацаанд 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл түрээс авахгүй гэж гэрээгээр зохицуулж өгсөн. Түрээсийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш шаардаж байгаа. Өрсөн тоосго нь тоосго чигтээ, ханыг шавардаж будаагүй байшинг засаад бид нар авна. Энэ хугацаанд түрээс авахгүй гээд өөрсдөө зассан. Гэтэл одоо тэрийгээ нэхэж байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд гэрээ цуцлагдаж байна. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байраа чөлөөлүүлж, 24 548 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 51 620 000 төгрөг гаргуулъя гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сөрөг нэхэмжлэлээ нэмэгдүүлж нийтдээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 10 сарын төлбөр 111 747 000 төгрөгийг гаргуулъя гэсэн. Салгах зүйл байвал салгаад аваад яв гэдгээ хэлсэн. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Фалкрам” ХХК-ийн зүгээс одоо түрээсийн зүйлийг түрээслэхгүй байгаа. Түрээслээгүй тул төлнө гэдэг зүйл яригдахгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нараас 250 393 555 /хоёр зуун тавин сая гурван зуун ерэн гурван мянга таван зуун тавин таван/ төгрөг гаргуулан “Фалкрам” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 153 633 772 /нэг зуун тавин гурван сая зургаан зуун гучин гурван мянга долоон зуун долоон зуун далан хоёр/ төгрөгийг, түрээсийн байрны ашиглалтын зардал 3 960 075 төгрөг төлөхийг хариуцагч Ж.Содномцэрэнд даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн түрээсийн төлбөрт 111 747 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлөхийг Фалкрам ХХКомпанид даалгуулах тухай байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил 6в байрны 2 тоот хаягт байрлах 593.47 м.кв хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалт бүхий, улсын бүртгэлийн Ү-2206025468 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарт буцаан хүлээлгэн өгөхийг Фалкрам ХХКомпани үүрэг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 256 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 409 918 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 032 550 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж олгуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бадамгарав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хангаагүй хэсэгт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Учир нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “Фалкрам” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс түрээсийн байрыг үндэслэлгүйгээр эзэмшиж байсан байх тул түрээсийн төлбөрт төлсөн 103 031 022 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ" гэсэн байна. Шүүх маргааны үйл баримт болон Иргэний хуулийн заалтыг зохистой тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч болон хариуцагчдын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон. Иргэний хуульд заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 болон 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу түрээсийн төлбөрт төлсөн үнийг хариуцагчдаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасан. Тиймээс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрт төлсөн 103 031 022 төгрөгийг дээрх зохицуулалтын дагуу хариуцагчдаас гаргуулах үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрт түрээсийн төлбөрт төлсөн 103 031 022 төгрөгийг хариуцагчдаас гаргуулах тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, өмгөөлөгч Ё.Ринзаан нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч нэхэмжлэлийн заримыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ, гээд “тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 07 сарын 22-ны өдөр 183/Ш32016/01600 дугаартай шүүгчийн захирамжаар томилсон шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн засан сайжруулалтын өртөг 276 860 200 төгрөг гэж шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд үнэлэлт өгч, Бадамгаравын Япон улс руу явсан онгоцны зардал 1 048 700 төгрөг, Б.Номинтуяа, Франсис Габриель, Н.Бадамгарав нарын БНХАУ-ын Бээжин хот руу явсан замын зардал 1 452 300 төгрөгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй болон засан сайжруулалтад зориулсан бараа материалыг худалдан авахаар явсан эсэх нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр БНХАУ-руу гуйвуулсан 25 850 юань буюу 7 430 600 төгрөг, 8 000 юань буюу 2 320 600 тегрөгийн баримтууд нь ямар бараа бүтээгдэхүүний төлбөр, алдангийг төлсөн нь тодорхойгүй үндэслэлээр мөн тус улсаас авсан гэх плита, паркетан шал, угаалтуур суултуур зэрэг нь гадаад хэл дээрх баримт ирүүлсэн зэрэг үндэслэлүүдээр тус тус хэрэгсэхгүй болгож үлдэх 250 393 565 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв" гэжээ. Үүнээс үзэхэд шүүх хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлсэн юм шиг харагдаж буй боловч 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 363 тоот шинжээчийн дүгнэлтээр 160 508 400 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт /4-р хх- 28-45 талд / авагдсан байгаа. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Шийдвэр нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээний 1, 8-д түрээсийн гэрээнд талууд гарын үсэг зурж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж талууд хүлээн зөвшөөрсөн боловч биелүүлээгүй байх тул уг гэрээ Иргэний хуулийн 318.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ болно. Иймд Иргэний хуулийн 25 дугаар бүлгийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар энэхүү маргаан хянан шийдвэрлэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү түрээсийн гэрээ буюу эд хөрөнгө хөлслөх гэрээгээр өмчлөгч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нар нь өөрийн өмчлөлийн Ү-2206025468 дугаар бүхий бүртгэлтэй 000273876 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй 593.47 м.кв талбайгаасаа “Фалкрам” ХХК-д 218.47 м.кв талбай бүхий ажлын байр талбайг түүний эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, хөлслөгч “Фалкрам” ХХК уг байр талбайг ашигласны хөлсийг төлөхийг тус тус гэрээгээр үүрэг хүлээсэн. А.Сүхбат 543.47 м.кв талбайгаасаа 218.47 м.кв байр талбайг 2013 оны 09 сарын 15-нд гэрээ байгуулан шилжүүлсэн. “Фалкрам” ХХК энэ өдрөөс 2016 оны 11 сарын 01 хүртэл түрээс төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл “Баян сагсай аудит” ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 06/01 тоот тайлангаар тогтоогдсон 2013 оны 09 сарын 15-наас 2015 оны 12 сарын 31 хүртэл 671 645 604 төгрөг, хугацаа хожимдуулсан торгууль 40 535 409 төгрөг бүгд 712 181 014 төгрөг үүн дээр 2016 оны 11 сарын 01 хүртлэх энэ оны төлөх хөлс 111 747 000 төгрөгийг нэмээд бүгд 823 928 014 төгрөгийн хөлс төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй юм. Үүнээс 2013 оны 09 сарын 15-наас 2015 оны 12 сарын 31-ны хооронд ердөө 103 033 022 төгрөг төлсөн гэрээний үүргээр 720 896 992 төгрөгийг “Фалкрам” ХХК нь дутуу төлсөн байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй. Хөлслөх гэрээ нь хиймэгц биелэх гэрээ биш тул талууд гэрээний 1, 2-т түрээслэгч /хөлслөгч/ 2013 оны 09 сарын 15-ны өдөр хүртлэх хугацаанд хөлслөх талбайн засвар тохижилтын ажлыг “Фалкрам” ХХК өөрийн үйл ажиллагааныхаа онцлогт тохируулан өөрийн зардлаар хийнэ. Мөн гэрээний 1, 3-т хөлслөгч нь /түрээслэгч нь/ хөлслөх байр талбайн засвар тохижилтын ажлыг гэрээний 1, 2-т заасан хугацаанд хийж, үйл ажиллагаагаа эхэлтэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж талууд тохирлцсон байхад талуудын хүсэл зоригын илэрхийлэлд дүгнэлт хийхгүйгээр шүүх 250 393 555 төгрөгийг А.Сүхбат, Ж.Содномцэрэн нараас гаргуулсан нь Иргэний хуулийн 289.2.5, гэрээний 1, 2 дахь заалтанд нийцэхгүй байна. Яагаад гэвэл талууд тохиролцсон тул засан сайжруултын зардлаас хариуцагч нар татгалзах эрхтэй юм. Гэрээний дагуу нийт нэхэмжлэх хөлс 823 928 014 төгрөгөөс урд нь төлөгдсөн хөлс 103 031 022 төгрөг энэ оны 10 сарын хөлс 111 747 000 төгрөгийг тус тус хасаж төлөгдөөгүй байгаа 609 149 992 төгрөгийн хөлсийг нэхэмжилж төлүүлэхээсээ татгалзаад байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийхгүйгээр 250 393 555 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжллэлээр шаардсан энэ оны хөлс болон 111 747 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгорж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй, Фалкрам ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн, өмчлөгчийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч “Фалкрам” ХХК нь энэхүү гэрээний үйлчлэл 2 жил 4 cap хэрэгжиж зохих хэмжээний өөрсдөө ашиг олсоны дараагаар шүүхэд нэхэмжлэл
гаргаснаас үзэхэд энэхүү гэрээ бодитойгоор хэрэгжиж байсан нь нотлогдож
байгаа болно. Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээнийхээ үүргийг удаа дараа
биелүүлэхийг шаардсаны улмаас хөлс төлөхөөс зайлсхийж Иргэний хуулийн 56.5-д
заасныг удирдлага болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг эрмэлзэлж урд
төлсөн хөлс болох 103 031 022 төгрөгийг буцааж авах эрх зүйн боломжтой гэж
ойлгож нэхэмжлэл гаргасан нь илэрхий юм. Гэрээний 1, 5-д заасан зохицуулалтанд А.Сүхбат 2016 оны 01 сарын 15-ны өдөр гаргасан “Фалкрам” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад 2016 оны 02 сарын 05-нд тайлбар өгсөн, 2016 оны 01 сарын 25-нд өмчлөх эрх, гэрээгээр хүлээсэн үүргээ Ж.Содномцэрэнд шилжүүлсэн нь уг гэрээний заалтыг зөрчөөгүй гэрээний эрх үүрэг Ж.Содномцэрэнд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шилжсэн байгаад дүгнэлт хийхгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийн эрхийг дордуулж, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн нь хууль ёсонд нийцэхгүй байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... түрээсийн төлбөрт 2013 оны 09 сарын 15-ны өдрөөс 2015 оныг дуустал 103 031 022 төгрөг төлсөн бөгөөд энэ
талаар зохигч маргадаггүй ..." гэжээ. Гэтэл “Фалкрам” ХХК нь засан сайжруулт хийсэн гэх цаг хугацаанд цааш нь буюу гуравдагч этгээдэд давхар түрээсэлж ашиг олж байсан нь иргэн Д.Эрдэнэтуултай 2014 оны 11 сарын 20-ны өдөр ажлын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээг хийж 130 м.кв талбайг 1 м.кв талбайг 50 000 төгрөгөөр мөн “Эйр транс” ХХК-д 36 м.кв талбайг 40 ам доллараар төлөхөөр хөлс тохирсон гэрээ гэх нотлох баримтаар нотлогдож байхад шүүх 2015 оныг дуустал гэж буруу дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан байна гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Фалкрам” ХХК нь хариуцагч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарт холбогдуулан түрээсийн гэрээ болон нэмэлт 1, 2, 3 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн байрыг засан сайжруулахад гарсан зардал 300 996 300 төгрөг, түрээсийн төлбөрт төлөгдсөн 103 031 022 төгрөг нийт 404 027 322 төгрөг гаргуулах, түрээсийн байрны ашиглалтын зардал 3 960 075 төгрөг төлөхийг хариуцагч Ж.Содномцэрэнд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт 111 747 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Зохигчид 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч А.Сүхбат нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Стадион оргил” 6В байрны 2 тоот хаягт байрлах, 593.47 м.кв хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч “Фалкрам” ХХК нь 1 давхарын 218.47 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 9 сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 1 м.кв-ыг 25 ам.доллараар, 2014 оны 1 сарын 01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд 1 м.кв-ыг 35 ам.доллараар, 2 давхарын 375 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 9 сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 сарын 31-нийг дуустал 20 ам.доллар, түүнээс хойш 5 жилийн хугацаанд 21-25 ам.доллар хүртэл төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Талууд уг гэрээнд 3 удаагийн үйлдлээр нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон байна. / 1-р хх-ийн 14-26 дугаар тал/
Анхан шатны шүүх түрээсийн байрыг засан сайжруулахад гарсан зардалд хариуцагч нараас 250 393 555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарлагын баримтуудыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь барилгын материалын болон ажлын хөлс төлсөн гэх баримт, ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримтуудыг нотлох баримтаар цуглуулж өгсөн байх боловч тухайн баримтууд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Стадион оргил” 6В байрны 2 тоот хаягт байрлах 593.47 м.кв хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулахад зориулагдсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. Мөн талууд 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан ба түрээсийн гэрээний зүйлд засвар хийсэн гэх зарлагын баримтууд, ажил гүйцэтгэх зарим гэрээ нь 2013 оны 9 сарын 15-ны өдрөөс өмнөх огноотой байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулахад гарсан зардлын үнэлгээг тогтоолгохоор 2 удаа шинжээч томилсон ба шинжээчээр ажилласан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 160 508 400 төгрөгийн, мөн шинжээчээр ажилласан “Итгэлт эстимэйт” ХХК нь 276 860 200 төгрөгийн дүгнэлтийг тус тус гаргасан ба эдгээр дүгнэлтүүд нь хоорондоо илт зөрүүтэй гарчээ. / 4-р хх-ийн 118-138, 239-250 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус заасан ба анхан шатны шүүх дээрх хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа тохиолдод шинжилгээ хийхээр томилогдсон этгээдийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, талуудтай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, шинжилгээ явуулахад харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах хуульд заасан журмыг баримтлаагүй байна.
Түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба өмчлөгчөөр 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр А.Сүхбат, Ж.Содномцэрэн, С.Борхур, С.Эрхур нар бүртгэгджээ. /4-р хх-ийн 110, 142 дугаар тал/ Үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл өөр этгээдэд шилжсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “… А.Сүхбат нь түрээсийн гэрээ байгуулагдах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан боловч 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өмчлөх эрхээ Ж.Содномцэрэнд шилжүүлэн өгсөн” гэх тайлбарыг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай тус тус нийцээгүй болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/01054 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673 120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 409 980 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ