| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2017/0090/Э |
| Дугаар | 866 |
| Огноо | 2017-11-05 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 10.1.2, |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 866
Л.Б, Д.Д, Х.Х нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Л.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Д.Д /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч А.Ганбат,
шүүгдэгч Х.Х /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч Л.Б, шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Д, Л.Б, Х.Х нарт холбогдох 201626011140 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ................... овогт .....................гийн ....................., 1971 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ........................... оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................../,
- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Нийслэлийн шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 3 сар 26 хоног хорих ялаар,
- Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сар 7 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 236 дугаар зүйлийн 236.1, 96 дугаар зүйлийн 96.2.1, 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
2. ......................... овогт ....................гийн ......................, 1964 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................../,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 334 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 1 жил 3 сар 28 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 71а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 841 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 10 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 7 жил 10 сар 29 хоног хорих ял шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас 2 жил 2 сар 13 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
3. ......................... овогт ..........................гийн ......................, 1976 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “...................” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .........................../,
- Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
- Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
- Октябрийн дүүргийн шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 214 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тэнсэн суллагдсан,
- Нийслэлийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 24 хоногийн өмнө тэнсэн суллагдсан.
1. Д.Д, Л.Б нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд хохирогч Л.Аыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг,
2. Л.Б, Х.Х нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Оёдолын хоёрын задгай тоотод байрлах хүн байнга амьдрах монгол гэрт нэвтэрч “Элко” загварын 21 инчийн зурагтыг хулгайлж хохирогч Н.Ариунтариад 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Л.Бын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Д.Дийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11, Х.Хын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Д.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч .................... овогт .................... гийн .................... г хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, мөн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч .................... овогт .................... гийн .................... ийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч .................... н овогт .................... гийн .................... ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Л.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Шүүгдэгч Д.Дийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Шүүгдэгч Х.Хыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 17 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Д.Д нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Х.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 426 хоногийг, шүүгдэгч Д.Дийн цагдан хоригдсон 522 хоногийг, шүүгдэгч Х.Хын цагдан хоригдсон 3 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Баас 2.774.000 төгрөг, Д.Даас 6.471.825 төгрөг, нийт 9.245.825 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хд олгож, Л.Хын нэхэмжилсэн хохиролоос 2.162.360 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Л.Б, Д.Д, Х.Х нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б, Х.Х нар нь хохирогч Н.Ариунтариад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан
цагаан хээтэй иштэй 23.7 см урттай хутга, 33 ширхэг гарын мөр, 0.75 литрийн
Сархад архины шил, 0.75 литрийн Монгол стандарт архины шил, 0.5 литрийн
Монгол стандарт архины шил, 6 ширхэг шаазан аяганы хэлтэрхий, амь хохирогч
Л.Аын хэрэг болох үед өмсөж явсан улаан өнгийн ноосон майк, бор хүрэн
өнгийн хагас хунцуйтай цамц, бонгино ханцуйтай хар өнгийн фудволк, хар өнгийн
цахилгаантай цамц, саарал дотуур өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн
ботинк, оймс 2 хос, Л.Бын хэрэг гарах үед өмсөж байсан гэх цэнхэр өнгийн
майк 1 ширхэг, саарал өнгийн куртик, цахилгаантай хар өнгийн цамц 1 ширхэг,
боос захтай цамц, саарал эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн брюкэн өмд, 10
хурууны хумсны дээж, Д.Дийн хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан гэх
саарал өнгийн кепик малгай, саарал өнгийн куртика, хар хөх өнгийн ноосон цамц,
хар саарал өнгийн ноосон өмд, бор өнгийн даавуун өмд, бор өнгийн дотуур өмд,
хагас түрийтэй хар өнгийн ботинк, оймс 1 хос, 10 хурууны хумсны дээж зэргийг
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмцогц устгаж,
Д.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Б, Х.Х нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би анхан шатны шүүхэд хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй, хувийн байдлыг минь харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс надад ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг хэрэглэлгүй хорих ял оногдуулсан. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б миний бие өөрийн хийсэн гэмт үйлдлийг шүүхийн өмнө ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл надтай хамтран үйлдсэн гэх Д.Д нь энэ гэмт хэрэгт ямар ч оролцоо байхгүй байсаар байтал хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа хийсэн. Д.Д дээр цусны толбо илэрсэн. /Хэнийх нь тогтоогдоогүй/ Мөн гэрчүүд болох эхнэр нөхөр Д.Чойжил, Э.Батсайхан болон Э.Батсайханаас дам сонссон цагдаа Батсүх нарын мэдүүлгээр Д.Д нь хутга барьж байсан /хутгыг олоогүй/ гэж мэдүүлсэн нь хоорондоо илтэд зөрүүтэй, эх сурвалжаа зааж чадалгүй гэрчүүдийн худал мэдүүлгийг нотлох баримтаар авсан. Гэтэл Д.Чойжил, Э.Батсайхан нар нь Д.Дтай өмнө таарамжгүй харьцаатай, өмч хөрөнгийн зөрчилтэй хүмүүс байдаг. Тэгсэн атлаа Л.Б миний ганц нэг урд хойно нь оруулж ярьсан мэдүүлгийг нэг нэгнээ үгүйсгэсэн гэж үзэж байгаа нь иргэн хүний эрх зүйн байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Миний бие хүний амь хохироосон гэмт үйлдэлдээ туйлын харамсаж байна. Ийм учраас би гагцхүү үнэнийг хэлж ирсэн. Цагаадаад батлан даалтад байхдаа ч үнэнээ хэлж байсан. Гэтэл дээрх гэрчүүдийн худал гүтгэлгээс болж хэрэгт холбогдолгүй гэм зэмгүй бас нэг хүний амьдралыг сүйтгэж буй энэ шийдвэрийг хянаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Д гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хорихоос суллагдсан цагаас хойш өөрийн урьд гаргаж байсан алдаандаа дүгнэлт хийж цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй үлдсэн амьдралдаа хүн шиг хүний дайтай амьдрах гээд зүтгэж явсан. Би энэ хэрэгт ямар ч оролцоо холбогдолгүй атлаа урьд өмнө гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлсэн гэдэг нэрэндээ ингэж гүтгэгдэж шийтгүүлсэндээ гомдолтой байна. Цагдаа, прокурорын байгууллага хэргийн үнэн зөвийг тал бүрээс нь хөдлөшгүй баримтаар нотлох ёстой атлаа миний өмнөх ял шийтгэл, надад дургүй, хувийн ашиг сонирхолын зөрчилтэй, сэтгэцийн хувьд шалгуулах шаардлагатай гэрч Э.Батсайханы өгсөн мэдүүлгийг гол мэдүүлэг болгож, тэр гэрчийн маш олон удаа янз бүрээр ярьсан зүйлсийг нь /мэдүүлгүүд нь нэг нэгнээ илт үгүйсгэсэн/ тоохгүй атлаа түүний хэлсэн гэх нэг үгийг нь үндэслэж, цаашлаад Э.Батсайханаас сонссон цагдаа М.Батсүхийн үгийг /энэ 2 хоорондоо агуулга нэгтэй зүйл ярьсан/ гэж нотлох баримтыг зохиож байгаад нь, энэ хэрэгт прокурор, мөрдөн байцаагч нар зөвхөн ганц намайг яллах гэж илт улайрч нотлох баримтыг миний эсрэг чиглүүлэн хэт нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна. Энэ хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хэрэг үйлдсэн хүний өөрийнх нь мэдүүлэг зэргийг нягтлан шалгаад хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
Гэрч Э.Батсайхан нь энэ хэргийг шөнөжин шахуу харж, сонсож байсан гэх юм. Э.Батсайхан яг ямар учиртай хүн бэ, яагаад тэр хүн миний эсрэг ингэж улайрч худал үнэн юм ярих болсон бэ. Энэ хүн миний ахтай хамт амьдраад хэдэн жил болж байгаа. Э.Батсайхан нь 30 гаруй настай, Д.Чойжил ах 60 гаруй настай. Намайг шоронд явуулчихвал тэдэнд ямар ашигтай вэ. Энэ бүгдийг би анхнаас нь мөрдөн байцаагчид маш олон удаа хэлсэн боловч авч үзээгүй. Энэ Э.Батсайханы удаа дараа хэлсэн зүйл нь илтээр зөрүүтэй байдаг. Э.Батсайхан нь мэдүүлэгтээ “Тэр хохирогчийг сүүлд нь газар хэвтэж байхад нь Л.Б хамт байсан хүмүүсээ “гар гар” гээд хөөж байсан” гэж удаа дараа хэлсэн байдаг. Тэгэхээр тэр хөөгдөж гарсан хүмүүс нь энэ хэргийг хэн үйлдсэнийг нүдээр харсан гэрч болж таарна. Яагаад тэр хүмүүсийг энэ гэрч Батсайханы үгээр /нотолж байгаагаар/ шалгахгүй байгаа юм бол. “Тэр үед нөгөө хүмүүс нь бүгд хашаанаас гарч байсан.” гэж мэдүүлсээр байтал тэр талаар огт шалгахгүй байгааг гайхаж байна. Мөн Э.Батсайхан хэлэхдээ “Батбаяр тэр газар хэвтэж байгаа хүний цамц, гар утсыг нь авсан” гэх түүний энэ үгнүүдийг шалгахгүй мөртлөө, намайг гартаа хутга барьж байсан гэж хэлсэн түүний үгээр намайг яллаж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Хэргийн газар огт байгаагүй хүн буюу цагдаа М.Батсүх нь Э.Батсайханаас сонссон худал үгээрээ “үүрээр 5 цагийн үед хоорондоо маргалдаж, нөхрийн дүү Д.Д хутга барьж танхайраад байсан. Нэг мэдэхэд тэр хүн үхсэн байсан. Хамт байсан хүмүүсээрээ зөөлгөөд гарсан. Цагдаад хэлвэл ална шүү гэж хэлээд явсан.” гэсэн. Энэ хэргийг гэрчилж байгаа нь тэр хүний дам сонссон хэлж байгаа үгээр нотлох баримт болгож байгаа нь сонин байна. Э.Батсайхан, Д.Чойжил нарын харсан гэж гэрчилж байгаа тэр миний барьсан байсан гэх хутгануудыг /тэр хоёр 2 өөр хутга хэлсэн/ сүүлд танай гэрээс хурааж аваад шалгахад шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэр хутганууд хэрэгт ямар ч ач холбогдолгүй нь тогтоогдсон байдаг. Гэрч Д.Чойжил, Э.Батсайхан хоёрын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо илт зөрүүтэй байдаг. Энэ хоёр гэрчийн өгсөн мэдүүлгээс харахад: Э.Батсайханы “хэрэг болсоны дараа Л.Б хамт ирсэн хүмүүсээ “гар гар” гэж хөөж гаргаад, тэр үед нөгөө хүмүүс нь бүгд гарч байсан.” гэх, Д.Чойжил нь “Чойжоо ахаа гээд дуудаад намайг гарахад Дамба ганцаараа зогсож байсан.” гэх, эхнэр нь хамт унтаж байснаа дуудахад нь хамт босоод дагаж гарах гэхэд нь авгайгаа буцаагаад гэр рүү нь оруулсан гэх атлаа тэр Э.Батсайхан хэдийд нь босоод юу харчихаад хэлж байгаа юм болоо. Энэ байдлаас харахад бие биенийгээ илт үгүйсгэсэн худал мэдүүлгийг нь огт тоохгүй атлаа ганцхан Э.Батсайханы “тэр хутга бариад зогсож байсан” гэх үгийг л авч үзээд байгаа нь илт хууль бус хэт нэг талыг буюу ганц намайг яллах талыг барьж хэргийг шийдвэрлэж байгаа нь тодорхой байна.
Гэрч Ариунсанаа гэх хүн хэлэхдээ “Миний зогсож байсан газраас 3 бил үү 4 айлын хаалгаас хүн гарч ирээд “Батбаяраа” гэж дуудсан. Тэгтэл миний автомашины хажуугаар гарч явсан хүн “аа яасан” гээд буцсан. Энэ байдлыг л зүгээр хар ухаанаар бодоод үзэхэд 3-4 айлын хашаа гэхэд 30-40 метр хол гэсэн үг. Тэр жолооч хажуугаараа өнгөрсөн хүний хувцасыг таниагүй атлаа 30-40 метр хол байсан миний хувцасыг автомашины толинд маш тодорхой таньж “Буурал толгойтой 60 гаран насны саарал өнгийн кепик малгайтай, малгайныхаа урд хэсэгт буурал үс нь цухуйсан байсан, малгайгаа хойшлуулж өмссөн байсан.” гэж миний өмсөж байсан хувцасыг нэг нэгэнгүй харсан байгаа нь сонин байна. Ариунсанаа гэх хүний хэлж байгаа тэр Батбаяртай хамт зогсож байсан 25-30 орчим насны залуу хэн байв. Миний үс сүүлийн 20 жил огт ургаагүй. Ийм байхад худал хэлж байгаа нь илт мэдэгдсээр байхад энэ хүний ийм үгээр хүний амьдрал шийдэгдэх хүнд гэмт хэрэгт гэрчээр байцааж, худал, үнэн, огт амьдралгүй ярьсан зүйлийг нь хэргийн нотлох баримт болгож байгааг шалгуулах хүсэлтэй байна. Энэ бүгдийг харгалзан үзэж энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь хэлж байгаа хүн байсаар байхад хувийн ашиг сонирхлын зөрчилтэй худал үнэн янз бүрийн юм яриад байгаа хүмүүсийн үгээр заавал намайг хамтатгаж хүний амь нас хохироосон гэж шийдвэр гаргасанд би маш их гомдолтой байна. Би шүүх болон хуулийн байгууллагын өмнө нэг ч зүйл худал яриагүй. Миний амьдралыг ингэж урьд өмнөх буруутай үйлдлээр минь шалтаглаж, үлдсэн амьдралыг минь илт хууль бус, хүн чанаргүй хүмүүсийн үгэнд итгэж тэдний үгээр үг хийж намайг буруутгаж байгааг үнэн зөвөөр шалгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Хын өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолд дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн ялтан Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ял оногдуулсан. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд Х.Хын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн түүнд ял шийтгэл оногдуулсан. Ялтан Х.Х анхан шатны шүүхийн ял оногдуулах шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хуульд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулах санал хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байдаг. Анхан шатны шүүх Х.Хын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэсэн боловч түүнд ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг 2 жил байхаар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан ял оногдуулахаар хууль тогтоогч хуульчилсан. Анхан шатны шүүх Х.Хт оногдуулах ялын доод хэмжээ 2 жил байхад Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэн ял оногдуулахдаа 2 жилээс бага ял оногдуулах, эсхүл, тэнсэн харгалзах ял оногдуулалгүй эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Соигинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялтан Х.Хт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэн харгалзахаар өөрчлөн ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв.
Шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Дийг эргэлзээгүйгээр Л.Аийн амь насыг нь Л.Бтай бүлэглэн ийм байдлаар хохироосон талаар нотлож чадаагүй, хувийн байдалтай нь уялдуулан дүгнэж хэт яллах талын байр суурьтай мөрдөн байцаах ажиллагаа явагдсан нь онолын хувьд маргаантай байдал үүсгээд байна.
Учир нь: Л.Б нь “би хохирогч Л.Аийг хутгалж амь насыг нь хохироосон” гэж тодорхой мэдүүлээд байхад заавал Д.Дийг энэ хэрэгт хамтран үйлдэгчээр ямар нэгэн эргэлзээгүй нотлох баримт байхгүй байхад татан оруулж яллаад байгаа нь туйлийн хамсалтай байна.
Гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэгт Д.Дийг “овоолсон шорооны хажууд хутга бариад зогсож байсаныг харсан” гэдэг болохоос яг ингэж хутгалаад унагасан гэсэн зүйл огт байдаггүй билээ. Уг мэдүүлэгт “Д.Дийг хутга бариад зогсож баихад Д.Д, Л.Б нараас гадна 3-4 хүн байсан тэр хумүүсийг Л.Б хөөж явуулсан” гэдэг тэр хүмүүс хэн байсныг болон үйл явдал хэрхэн өрнөсөн зэргийг тогтоогоогүй, тогтоохийг ч хүсээгүй. Тэгээд ч Э.Батсайхан нь сэтгэцийн хувьд эрүүл гэсэн дүгнэлт гарсан боловч чухам “юу ярьж байгаагаа үнэлэж дүгнэх чадваргүй” шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулахад бэрхшээлтэй байдал үүссэнийг өмгөөлөгч миний бие асуусан асуултнаасаа татгалзаж энэхүү байдлаас гаргасан билээ.
Гэрч Т.Ариунсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “60 гаруй настай буурал толгойтой хүн Батбаяраа гэж дуудсан” энэ нь Л.Б, Д.Д нарыг хэлээд байх шиг байгаа юм гэтэл Д.Дид буурал үс байхгүй, сүүлийн 20 гаруй жил үс үргаагүй халзан толгойтой байдаг. Энэхүү мэдүүлгээр Д.Дийг Л.Бтай бүлэглэж Л.Аийн амь насыг хохироосон талаар ямар ч гэрчилсэн зүйл байдаггүй.
Гэрч М.Батсүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт нас барсан хүн байгаа талаар дуудлага авч хэргийн газрыг хамгаалж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн тухай л яригддаг. Гэтэл Э.Батсайхан, Т.Ариунсанаа, М.Батсүх гэсэн гэрчүүдийн мэдүүлэгийг үндэслэн Д.Дийг Л.Бтай бүлэглэн Л.Аийн амь насыг онц харгис хэрцгий аргаар хохироосон гэж яллаад байгаа нь онолын хувьд учир дутагдалтай бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаан гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч Л.Б өөрийн гомдлоо танилцууллаа. Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэг дээр гомдол гаргаж байна. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдын үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол гэж байдаг. Шүүхийн шийтгэх тогтоол дээр гаргасан дүгнэлт дээр гэрч Ариунсанаагийн хувьд Батбаяр гэж дуудсан хүн саарал өнгийн нимгэн куртик, кепгэн малгайтай байсан гэх мэдүүлэг байдаг. Дамбасанжаас хураан авсан хувцас тохирсон болох нь хувцасны үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тохирч байна гэсэн мөртлөө гэрч Ариунсанаагийн мэдүүлэг дээр хойш болсон малгайных нь хэсэгт буурал үс харагдаж байсан гэдэг сүүлд гаргасан дүгнэлтээр гэрч Ариунсанаагийн мэдүүлгийг яаж үгүйсгэж байгаа нь харагдахгүй байна. Д.Д хохирогчийн гар утас цамц зэрэг хэргийн газарт байсан зарим нэг зүйлийг гаргаж, амь хохирогчийг бусадтай нийлэн өргөх зэргээр хашаанаас зөөвөрлөж гаргасан, урд айлын хашааны үүдэнд аваачиж тавих зэргээр дэмжлэг үзүүлсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлтэй болно гэсэн мөртлөө үүнийг үгүйсгэхгүй байгаа нотлох баримт нь Батсайхан, Чойжил нарын мэдүүлэг байдаг. Батсайхан “манай гэр бүлийн хүн зөөлцөөд чирээд гарч явсан” гэдэн зүйлийг ярьдаг. Зөөлцөж чирээд гарч явсан үйлдэл нь субъектив санааны хувьд нэг зорилго байхгүй болсон бол хэлбэрийн хувьд харахад хамт зөөлцөж байгаа харагддаг. Хамтран оролцох хэлбэр харагдаж байна. Тухайн саадыг арилгаж өгөөд хашаанаас нь гаргаад байна гэдэг зүйл харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй хоёр өөр нотлох баримт дээр дүгнэлт гаргасан байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналыг гаргаж байна.” гэв.
Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн хувьд Д.Д нь үйлдсэн хэргээ хүлээдэггүй. Шүүгдэгч Л.Б үйлдсэн хэргээ хүлээдэг. Л.Б би алсан гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан давхар нотлох баримтаар нотлогдоогүй. Тухайн хэрэг учрал болоход байсан үйл явдлыг харсан мэдүүлгүүдээр, өөр бусад бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтаар Л.Бын мэдүүлэг давхар нотлогдож гарч ирдэггүй. Л.Б нь удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Яллагдагчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдохгүй бол яллах үндэслэл болохгүй гэдэг зарчмаар Л.Бын мэдүүлгийг үнэлэх боломжгүй байгаа. Гэрч Батсайханы мэдүүлэг нь давхар нотлох баримтаар нотлогддог. Батсайхан мэдүүлэг өгөх чадваргүй сэтгэцийн өвчтэй гэж Д.Д мэдүүлдэг боловч сэтгэцийн өвчний талаар дүгнэлт гаргуулахад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт гарсан. Батсайхан пингийн завсраар харсан талаар мэдүүлдэг. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхэд пингийн завсраар харах боломжтой, тэр үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэдэг нь батлагдсан. Мөн Батсайханы мэдүүлэг нь Ариунсанаагийн мэдүүлгээр давхар нотлогддог. Батсайханыг энэ хэрэгт харилцан сонирхолтой мэдүүлэг өгөх чадваргүй, Чойжил эдийн засгийн сонирхолтой гэж үзэж байгаа бол Ариунсанаа нь хэрэгт ач холбогдолгүй гудамжинд зогсож байсан хүн юм. Батсайханы мэдүүлгийг давхар нотлоод Ариунсанаа энэ талаараа өөрөө мэдүүлэг өгсөн. Автомашины толинд харахад кепкэн малгайтай хүн Батбаяраа гэж дуудаад хашаа руу орчихоод буцаж гарч ирээд нэг зүйл тавьсан гэж мэдүүлдэг. Батсайханы өгч байгаа мэдүүлэг Чойжилын мэдүүлгүүдтэй давхар нотлох баримтаар нотлогдож байгаа. Дамбасанж тухайн цаг хугацаанд хашааны дотор талд байсан овоолсон шорооны дэргэд байгаагүй гэдэг боловч энэ нь Батсайханы мэдүүлгээр няцаагдаж байгаа. Хувцас нь цус болсон байгаа. Гуравдугаар бүлгийн цустай гэж шинжилгээ гарсан, Дамбасанж тайлбарлахдаа би сахарын өвчтэй тухайн өвчний улмаас миний биеэс гарсан цус гэж тайлбарладаг. Дотор талын хувцсанд нь цус байхгүй. Гадна талын малгай, оймс, куртик, гутал зэрэгт цус илэрсэн байгаа. Энэ байдлаас харахад гадны хүчин зүйлийн улмаас цус илэрсэн байна гэж харагдах үндэслэл болж байна. Энэ байдлаар давхар нотлогдож байгаа. Дамбасанжийн биед гэмтэл учирсан түүнийгээ өөр хүмүүст 2, 3 хоногийн өмнө зодуулаад авсан гэдэг боловч энэ мэдүүлэг нь няцаагдаж гарч ирдэг. Тухайн цаг хугацаанд буюу 6-наас 7-нд шилжих шөнө энэ гэмтлийг авсан байна гэдэг нь шинжээчийг байцаасан тэмдэглэлээр нотлогдож гарч ирж байгаа. Л.Б, Д.Д нарын өгч байгаа мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдохгүй байна. Гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж гарч ирж байгаа. Л.Быг хүн алсан гэж үзэх үндэслэл гарч ирэхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан Л.Быг хамжигчаар энэ гэмт хэрэгт оролцсон гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй юм. Өмгөөлөгч Л.Батаа хэлэхдээ Чойжил энэ хэрэгт оролцож байгаа юм биш үү гэдэг зүйлийг ярьж байна. Чойжил тухайн цаг хугацаанд талийгаачийг нүүрний хэсэгтээ гэмтэл авсан гэдгийг мэдсэнээс өөр бусад гэмтэл авсанийг мэдээгүй. Д.Д согтуу хүн байгаа юм гаргаад тавьчих гэсний дагуу гаргаж тавьсан гэдэг мэдүүлгийг өгсөн учир оролцсон оролцоо санаа сэдэлт харагдахгүй байгаа. Мөрдөн байцаалтад хэргийг буцааж өгнө үү гэж А.Ганбат өмгөөлөгч ярьж байгаа боловч хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад ямар ажиллагаа хийх талаараа гомдол болон шүүхэд өгсөн тайлбартаа тодорхой ярьсангүй. Мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдэж шүүх хэргийг үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байна. Х.Хын хувьд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь 2 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай байгаа. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Л.Б, Д.Д, Х.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.
Д.Д, Л.Б, Х.Х нарт холбогдох 201626011140 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.
2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд амь хохирогч Л.А цээжин тус газартаа бусдад хутгалуулж нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэхүү гэмт хэргийг шүүгдэгч Д.Д, Л.Б нарын чухам хэн гардаж үйлдсэн, хэн нь хамжсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, гэрч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байх бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа “...шүүгдэгч Д.Д, Л.Б нар нь бүлэглэн ...хохирогч Л.Аыг цээжин тус газарт нь хутгалж онц харгис хэрцгийгээр санаатай алсан, ...Д.Д нь ир үзүүртэй зүйлээр амь хохирогчийн цээжин тус газар, мөн зүүн нүдний дотор болон гадна буланд зүссэн, цус хуралт, зулгаралт бүхий бусад гэмтлүүдийг ...учруулсан, Л.Б нь үйлдлээрээ хамжилцсан, мөн амь хохирогчид учирсан шарх гэмтэл, амьд эсэхийг тодруулах зорилгоор хохирогчийн хувцас хунарыг дээшлүүлж Д.Дид харуулах, хохирогчийн гар утас, цамц зэргийг авах, хэргийн газар байсан зарим эд зүйлийг гаргаж хаях, мөн амь хохирогчийг бусадтай нийлж чирэх, өргөх зэргээр хашаанаас зөөвөрлөж гарган урд айлын хашааны үүдэнд аваачиж тавих зэргээр дэмжлэг үзүүлсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн хамтран оролцогч, тус хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно” гэж хэт ерөнхийлсөн, үндэслэл муутай дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д, Л.Б нарын хэн алинд нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Д нь “Би хохирогчийг алаагүй” гэж, шүүгдэгч Л.Б нь “Би хохирогчийг хутгалж алсан” гэж удаа дараа мэдүүлж ирснийг анхан шатны шүүх няцааж “Д.Д, Л.Б нар нь бүлэглэн, ...Д.Д нь амь хохирогчийг алсан, харин Л.Б нь үйлдлээрээ хамжиж оролцсон” талаар дүгнэхдээ ямар нотлох баримтуудад үндэслэсэн, шүүгдэгч нарын удаа дараагийн мэдүүлгүүдийг ямар учраас үгүйсгэж байгаагаа хангалттай тодорхойлоогүй, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтээ бүрэн хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б, Д.Д, Х.Х нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б, Д.Д, Х.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Л.Б, Д.Д, Х.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ц.ОЧ